| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0693/З |
| Дугаар | 128/ШШ2024/0985 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0985
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Р.*******ы нэхэмжлэлтэй Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/-ын улсын байцаагч П.*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийтгэх хуудсаар ногдуулсан мөнгөн дүнгээс хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гарсан зардал болох *** төгрөгийг, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн 7,000,000 төгрөгийг тус тус хасаж, нийт *** төгрөг дээр эвлэрэхээр талууд харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р.*******ы нэхэмжлэлтэй Монополын эсрэг газрын улсын байцаагч П.*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй,” 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно,” 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна,” 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч Р.*******аас Г.*******д 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр У.******* тус тус эвлэрэх эрх олгосон.
Иймд нэхэмжлэгч Р.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******гийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Р.*******ы нэхэмжлэлтэй Монополын эсрэг газрын улсын байцаагч П.*******д холбогдох “2021 оны 6 дугаар 29-ний өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Р.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН