Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2023/ДШМ/815

 

 

 

     2023            8              10                                       2023/ДШМ/815

 

    А.Н, М.А, А.Ц нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч М.А, өсвөр насны шүүгдэгч А.Н нарын өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц-ий гаргасан давж заалдах гомдлоор А.Н, А.Ц, М.А нарт холбогдох 2310 000 000 104 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Ц, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандал эйр” ХХК-д бригад хариуцсан даргаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхт 20 дугаар гудамжны 3546 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

М.А , 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн дугаар хорооны Яармаг 12 дугаар гудамжны 322 тоотод оршин суух бүртгэлтэй ,/РД: 00000000/,

А.Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 2 ах, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 18-7 тоотод тоотод оршин суух бүртгэлтэй /РД: 00000000/

Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө М.А, өсвөр насны А.Н нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өсвөр насны А.Н-г “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 00-00 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,

Шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.Ц, өсвөр насны А.Н нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 00-00 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.Ц, М.А нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 00-00 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Ц-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ц, М.А, А.Н нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Өсвөр насны шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ц-ий энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, М.А эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарлаж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч А.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-д даалгаж, Эрүүгийн 2310000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Ц, М.А, өсвөр насны шүүгдэгч А.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт М.А гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 17.500.000 төгрөгийг шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Ц-с 5.833.000 (таван сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг, шүүгдэгч М.А-с 5.833.000 (таван сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч А.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нараас 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ц. М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа 2 зүйл ангиар нийт 3 жилийн ял оногдуулсан хэрнээ зөвхөн 1 зүйл анги дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглаж, нөгөө зүйл анги болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.1 дүгээр зүйл дээр ашиглаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх миний гомдлыг хүлээж авч ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний ээж элэгний хүнд өвчтэй олон жил эмчлүүлж байгаа, эхнэр маань саяхан төрсөн нялх биетэй, 2 сартай охины минь хамт амьдарч байгаа. Би өөрийн энэхүү алдаанаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ сэтгэл санааны хүнд байдалд оруулж, давхар тэднийгээ зовоож байгаад маш их харамсаж байна. Би гэрээсээ ганцаар ажил хөдөлмөр эрхэлж амьдарлаа авч явдаг байсан. Миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 1.5 дахт хэсэгт 18 наснаас дээш 21 нас хүрээгүй хүнийг өсвөр нас гэж тооцон 8 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэж болно гэжээ. Давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хамруулах боломжтой гэж үзвэл ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...Дөнгөж хорин настай амьдрал зохиож, анхны охин үрээ өлгийдөн аваад нэг сар ч хүрээгүй байхад энд орж ирсэн өөртөө харамсаж байна. Хуульд заасан боломж бололцоо байдаг бол эрхэм шүүгч та бүхэн надад зөвөөр хөдөлмөрлөж ар гэрийнхээ төлөө зүтгэх эцсийн боломж олгож өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ маш их ойлгон ухаарч, гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Өөр хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Ц, М.А, өсвөр насны шүүгдэгч А.Н нарын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлын хувьд миний үйлчлүүлэгчид мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг төлж барагдуулна гээд 16.800.000 төгрөгийн хохирлоос тус бүр 3.500.000 төгрөг болон эд зүйлээр буцаан өгч, хохирлыг барагдуулсан  А.Ц-ий хувьд гэм буруугаа ойлгож, хохирол төлбөрөө төлсөн бөгөөд охин нь 2 сартай, эх нь элэгний архаг хүнд өвчтэй зэрэг ар гэрийн байдал нь хүнд байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. Тэрээр “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гэм хорын хохирлыг өгч, гэм буруугаа хүлээсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй” гэсэн үндэслэлийг гомдолдоо дурдсан. Шүүгдэгч нар нь 17-19 насны гурван хүүхэд бөгөөд А.Ц-ий хувьд өөрийгөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүн гэдэгт хамаарна гэж үзэж байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг харгалзан үзнэ. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн өсвөр насны хүн гэж хэнийг хэлэх, яаж хөнгөрүүлэн үзэх вэ зэргийг тайлбарласан тогтоолыг үзэж хэрэглэж өгнө үү гээд давж заалдах гомдол гаргасан байсан. Энэхүү гомдлыг нь дэмжиж байна. Нөгөө хоёр үйлчлүүлэгч маань хуулийн дагуу ял шийтгэл оногдуулсан нь зөв гэж үзэж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч А.Ц-ий өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг учрал гарсан гэх 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө, 14-нөөс 15-нд шилжих шөнө гээд хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгай хийсэн гэж шүүгдэгч нарыг буруутгасан. Мөн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хүүхдийг гэмт хэрэгт татан оруулсан гэж давхар буруутгасан. А.Ц, А.Н нь 2004, 2005 онд төрсөн нэг насны зөрүүтэй хүүхдүүд бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас хойш “Мандал эйр” ХХК-д хамт ажиллаж байсан. “Ах аа” гэж харьцдаг болохоос нэгнийгээ хараад шууд нэг насаар дүү гэж мэдэх боломжгүй. Хэрэг учрал болох үед А.Н нь 17 нас 6 сартай байсан буюу арван найман насанд хүрэхэд 6 сар дутуу байсан, А.Ц-ий “Би насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй” гэх тайлбарыг үндэслэн тухайн гэмт хэргийн объектив, субъектив талын шинж хангагдаж байгаа эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Хулгайн гэмт хэргийг хамтран оролцож үйлдсэн гэж буруутган шийтгэл оногдуулж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт татан оруулсан гэж давхар зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд асуудалтай байх бөгөөд уг үйлдэл нь нотлогдсон эсэх нь тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Шийтгэх тогтоолд “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол” гэж заасан байх бөгөөд үүний үндэслэлийг “100.000 төгрөг өгье, ажил хий” гэж дуудсан хэмээн дурдаж мэтгэлцсэн байсан. Гэвч хулгайн гэмт хэргийг хоёр удаа үйлдэхдээ М.А гадаа үлдэж А.Н, А.Ц нар нэвтэрч орсон үйл баримт байх тул А.Н “Би мэдээгүй, ажил хийж байна гэж ойлгосон” гэж мэдүүлснээс хууртагдсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн А.Ц-ий үйлдэлд арван найман насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж гэмт хэрэгт татан оруулсан буюу өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх аргаа болгож ашигласан байх шинжийг хангасан байж дээрх гэмт хэргээр зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Насны 6 сарын зөрүү буюу насанд хүрээгүй гэдгийг нь мэдэх боломжтой байсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харагддаггүй. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж үйлдсэн байна. Шүүгдэгч А.Ц-ий хувьд давж заалдах гомдолдоо шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаар дурдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хамгийн боломжит хэмжээгээр ял оногдуулсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн заалтыг хэрэглэж болно гэсэн утга болохоос зайлшгүй хэрэглэх ёстой гэсэн утга биш юм. Тиймээс шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нийцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн гэдэг хамаарна гэх үндэслэлийн тухайд, улсын яллагчаас хоёр гэмт хэргийн субъектив санаа зорилгыг хангаж, шууд санаатай үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрсэн, мөн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдийг татан оруулсан гэж дүгнэсэн. Хуульд “Шүүх арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэсэн эрх олгосон заалт байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн шинж байдлыг харахад энэ зүйл, заалтад хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн прокурорын хувьд шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт татан оруулсан талаар хууль зүйн дүгнэлтийг хийсэн хэрнээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, 2 дахь заалтаар ял оногдуулж шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болно гэж харж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд : 

1. Шүүгдэгч А.Ц-г “хүүхдийг гэмт хэрэгт татан оролцуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцоогүй атлаа ял оногдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй”-г техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь гагцхүү анхан шатын шүүхийн эрх хэмжээнд хамааралтай.   

Түүнчлэн 18 настай шүүгдэгч А.Ц-ий хувьд тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед “17 настай байсан” А.Н-г “хүүхэд” болохыг лавтай сайн мэдэж байсан эсэх асуудлыг шүүгдэгч нарын мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжийг харьцуулан шалгаж улмаар талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр батлах эсхүл үгүйсгэх дүгнэлтийг бүрэн хийх шаардлагатайг анхаарах нь зүйтэй.    

2. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай буюу өсвөр насны шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5, 8.6 дугаар зүйлийг зөв хэрэглээгүй, дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, 2 дахин багасгах, мөн ял эдлүүлэх дэглэм тогтоох, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тохиолдолд 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох асуудлыг шийдвэрлэх байтал шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх үндэслэл, журмыг хэрэглээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйд тооцогдоно.             

3. Тус хэрэгт Г.Г, Т.Г нарыг иргэний нэхэмжлэгчээр татах асуудлыг орхигдуулсан байх ба хэрэв татах үндэслэлгүй гэж үзвэл шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон 5.650.000 төгрөгийн асуудлыг хураах эсэх зэрэг асуудлыг нэг мөр дүгнэлт хийж, шийдвэрлэх шаардлагатай.          

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар Г.Г, Т.Г нарыг гэрчээр асуусан, мөн тэдний шүүгдэгч А.Ц нараас удаа дараа худалдан авсан эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн /1хх-21-24, 43, 45/, харин Г.Г, Т.Г нараас шүүгдэгч нарт төлсөн мөнгөний хэмжээг тодорхойлж дүгнээгүй, шүүгдэгч А.Ц-ий мэдүүлгээр тухайн хулгайлсан эд зүйлийг худалдаж 5.650.000 төгрөг авсан /1хх-70-71/ гэжээ.      

Тухайн тохиолдолд “Г.Г, Т.Г нараас хураан авсан эд зүйлийг хохирогчид бүрэн хүлээлгэн өгснөөр эсхүл шүүгдэгч нараас нэмж ямар хэмжээний мөнгө төлснөөр хохирол барагдсан эсэх, шүүгдэгч нараас хохирогчид нөхөн төлсөн мөнгө ба тэдний гэмт хэргийн замаар олсон гэх 5.650.000 төгрөгийн хооронд зөрүү үүссэн эсэх, түүнчлэн Г.Г, Т.Г нарыг иргэний нэхэмжлэгчээр татах” зэрэг асуудалд бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй, нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх боломжгүй байна.      

Хэрэв эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан шинж бүхий тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзэхэд хүргэхийг тэмдэглэж байна.        

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан1.3дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”,  39.7 дугаар зүйлийн 1.3 ”хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 ”...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл, нотлох баримтын агуулга...” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй болохыг илэрхийлж байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.    

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Ц-ий “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үйлдсэн бүх хэрэгт хэрэглүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлууж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.      

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.           

Шүүгдэгч А.Ц, М.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн ба тус магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусч, анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу эхлүүлснээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүхийн эрх хэмжээнд хамааралтайг дурдах нь зүйтэй.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Ц, М.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР