Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар  2023/ДШМ/818

 

 

 

 

 

 

       2023           8             15                                       2023/ДШМ/818

 

 

Х.К-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сарантуяа,

шүүгдэгч Х.К, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.К-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209008640543 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.К, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Номужин түлхүүр” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4 эх, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолллын 18-09 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:00000000/, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Х.К нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Х.Б-г “таны хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 9.500.000 төгрөгийг Худалдаа хөгжпийн банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Сүхбаатар дүүргийн прокуророос Х.К-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 647 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож буюу 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 6 сар 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-д оногдуулсан 6 /зургаа/ сар 80 /ная/ хоног хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-с 9.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б-т олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Х.К давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сар 80 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.К-н өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Шүүгдэгч Х.К-д өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байсан. Тухайн үйлдэл нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, сүүлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн хоёр гэмт хэрэг байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Х.К-д холбоотой хоёр шийтгэх тогтоолд дурдсан гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэдгийг хэлэх гээд байна. Хоёр шийтгэх тогтоол гарах шүүх хуралдаанд шүүгдэгч Х.К өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй байдаг. Үүнийг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох талаар хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Кийн хохирлоо төлсөн, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч чадаагүй, гэмт буруугаа зөвшөөрч мэдүүлсэн байдлыг харгалзаад эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.     

Прокурор Б.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгдэгч Х.К-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэхээр заасан. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэнийг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирлоо төлөөгүй байгаа байдлыг харгалзаад хорих ял оногдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч хохирол төлбөрийг төлсөн байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримтгүй, маргаан бүхий асуудал гараагүй байна.                

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Х.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,   

Шүүгдэгч Х.К-к нь хохирогч Х.Б-ыг “танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь : 

- хохирогч Х.Б-ын:“...К 1 сарын дотор манай хүүхдийг Нийслэлийн 23 дугаар сургуульд оруулж өгнө гэсэн. Би 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр К-ийн данс руу 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн холбоогүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-39, 15-16/,  

- шүүгдэгч Х.Кийн: “...Би Х.Б-аас хүүхдийг нь Нийслэлийн 23 дугаар сургуульд оруулж өгч чадна гэж өөрийн дансаар 9.500.000 төгрөг авсан, хөгжмийн багш Ариунтуяагаас хүүхэд оруулах талаар асуухад шалгалт ихтэй байна гэсэн. Би авсан 9.500.000 төгрөгөөр Луна, Ай эйч Си гэх 2 койныг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч амжилт олоогүй мөнгөө алдсан. ...” гэх мэдүүлэг /хх-46-47/,   

- гэрч Б.А-ийн: “...Би 23 дугаар сургуульд 2019 оноос хойш хөгжлийн багшаар ажиллаж байна. Би ажиллаж байх хугацаандаа тус сургуульд өөрийн хамаатан садан, ах дүү нарын хүүхдийг оруулж байсан удаа байхгүй. Би К гэх залууг танихгүй бөгөөд ямар ч төлбөр шан харамж авсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

- Х.К-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 дугаартай дансны хуулга /хх 66-67/, Хаан банкны дансны хуулга /хх 65-140/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан, түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, төөрөгдүүлэх буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар хохирогчийн 9.500.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-44-45, 46-47, 168-169/, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

3. Шүүгдэгч нь шийтгэх тогтоолд зааснаар хохирогчид төлөх 9.500.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг төлсөн баримт гаргасан байх тул хасаж тооцуулахыг дурдав.       

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-ид 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэж ялаар шийтгүүлсэн этгээд “...зөрчил гаргаж шийтгүүлсэн...” бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих үндэслэл болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд зөрчлийн ноцтой хэлбэр буюу гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн бол өмнөх эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солих үндэслэлд шууд хамаарах нь эргэлзээгүй ба тухайн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.          

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө” буюу Х.К нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 647 цагийн ял биелэгдээгүй байхад /хх-53-59, 61/ дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.К-ид сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 647 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон, нэмж нэгтгэж, биечлэн эдлэх ялыг 6 сар 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь үндэслэлтэй.           

Шүүгдэгч нь залилах гэмт хэрийг тус тусдаа эхлэл, төгсгөлтэйгээр, өөр өөр цаг хугацаанд үйлдэж, гэмт хэрэг тус бүртээ гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн байх тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журам хамааралгүй бөгөөд зөрчигдөөгүй байна.      

Харин анхан шатны шүүх нь “Х.К-ийн өмнөх тогтоолоор оногдуулснаас  эдлээгүй үлдсэн 647 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялд шилжүүлэх”-дээ “80 хоног”-ийг сард шилжүүлэхгүйгээр бүхэлд нь хоногоор бичсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй. Учир нь, хорих ялын үндсэн хугацаа сараар тоологдох тул анх тутамд сараар, харин сард хүрээгүй хугацааг хоногоор зааглан тоолох ёстой.        

Иймд шүүгдэгчийн гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Шүүгдэгч Х.К шийтгэх тогтоол гарсан 2023.5.03-ны өдрөөс хойш 2023.8.15-ны өдөр хүртэл нийт 104 /зуун дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.К-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-ийн цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3. Шүүгдэгч нь шийтгэх тогтоолд зааснаар хохирогчид төлөх 9.500.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР