Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/819

 

 

 

     2023            8             15                                       2023/ДШМ/819

 

Т.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батзориг,

шүүгдэгч Т.Х,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2302001960154 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 23 дугаар байрны 75 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:00000000,  урьд Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Өршөөл үзүүлэх” комиссын 1444 дугаартай тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3, 5-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 8 жил, 9 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосон,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 жил хорих ял, 212 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил хорих ялыг нэмж, бүгд 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Нийслэлийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар захирамжаар эдлэх ялын хэмжээнд өөрчлөлт орж биечлэн эдпэх ялыг 10 жилийн хорих ял болгон өөрчлөн тогтоосон, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар, 13 хоногийн хорих ялын тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын замын зорчих хэсэгт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1126 грамм, цэвэр жин нь 0.0561 грамм, цэвэр жин нь 0.7330 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Х-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Х-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АТ4763481 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан талстлаг зүйл гялгар ууттай жин 0.3010 грамм, цэвэр жин 0.1126 грамм, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл гялгар ууттай жин 0.3356 грамм, цэвэр жин 0.0561 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлс гялгар ууттай жин 0.9305 грамм, цэвэр жин 0.7330 грамм зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие олон удаагийн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 5 хүүхдийн аав 4 зээгийн өвөө болсон. Таныг шүүгч биш, намайг ялтан биш энгийн хүний амьдрал эгэл ухаанаар надад хандан миний амьдрал хүүхдүүдийн минь хувь заяагаар хандаач гэж хичээнгүйлэн гуйж байна. Та бүхэн зөвөөр ойлгож надад болон үр хүүдүүдэд минь цаг хугацааны үнэ цэнэ болсон гэмшил ухаарал хүний хувь тавилан жаахан зүйлээс шалтгаалан өөрчлөгддөг гэдгийг би энэ амьдралд харж байна. Та бүхэн хувь хүнийхээ итгэл үнэмшлээр хүний амьдралд хандана гэдэгт итгэлтэй байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би хэрэглэхээ болиод эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдраад засарч байсан. Хүн гуйгаад байхаар нь авсан. Одоо ингэж болохгүй болохыг сайн ухаарсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эхнэр маань жирэмсэн дахин итгэлийг алдахгүй. ...” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Т.Х-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Иймд эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.               

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь :    

- гэрч Д.А-ын өгсөн:“...2023.3.10-ны орой 22 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлаас нэг танихгүй залуу гар өргөж суусан, гэмтлийн эмнэлгийн замын хойд талд буцаж эргээд зогссон. Тэр залуу машинаас мөнгө аваад ирье гээд буусан, гэтэл миний урд талд зогсож байсан машины хаалгыг хүмүүс цохиод, муудалцаад байгаа юм шиг үйл явдал болсон ба цагдаа нар байсан. Нэг халзан толгойтой залууг цагдаа нар баривчилсан. Тэнд байсан энгийн хувцастай цагдаагийн ажилтан газарт унасан байсан хуйлсан мөнгө, жижиг гялгар ууттай зүйлийг хурааж, надад харуулсан ба та гэрч шүү гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-42/,  

- гэрч П.Э-ын: “...Би 2023.3.10-нд Т.Х-аас мөнгөө авах гэж дуудаж уулзсан, Т.Х өөрийнхөө машиныг засварлуулсан хөлсний үлдэгдэл 300.000 гаруй төгрөгийг өгөхгүй алга болсон болохоор уулзаж мөнгөө нэхэж байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-40/,

- Т.Х-ы биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-20-21/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

- шинжээчийн 2023.3.24-ний өдрийн 1331 дугаартай дүгнэлт: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т.Х, ХП75082578 2023.03.11” хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно” /хх-59-60/,

- шинжээчийн 2023.4.04-ний өдрийн 1332 дугаартай дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АТ4763481 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртээс метамфетамин / methamphetamine / илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно. .../хх-67-68/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2023.3.17-ны өдрийн дүгнэлт: Т.Х нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Т.Х нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна /хх-73-74/,

- шүүгдэгч Т.Х-ы:“...Би хамуу хочтой Эрка гэдэг хүнээс /Эрка нь Турк улсад байгаа гэх/ гар утсаар холбогдож байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхбаярын зам дагуу нэг газарт локейшн тавиулж, очиж аваад тэр газраа 150.000 төгрөг үлдээгээд явсан. Ингээд авсан зүйлээ хэрэглэхээр нэг аптекаас нэг ширхэг тарианы ус /новкин/ аваад нэг байрны орцонд орж хэрэглэсэн, үлдсэн хэсгийг машинд хаалганы хавтаст хийсэн байсан. Ингээд явж байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх-93-95/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.    

Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /1хх-93-95, 247-249/ байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.     

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.   

Шүүгдэгч Т.Х нь урьд 1998, 2000, 2002, 2013, 2014, 2019 онуудад удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээсэн хэдий ч ял шийтгэлгүйд хамаарах баримтууд байх /хх-111, 113-148, 220/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглэв.     

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах баримт хэрэг цугларч, судлагдсан байна.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул оногдуулсан хорих ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.    

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солиулах тухай шүүгдэгч Т.-Хы давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан нийтлэг болон тусгайлан заасан үндэслэл, журмаас үзэхэд шүүхийн шийдвэрийг гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх чиг үүрэгтэй учраас тус эрүүгийн хэрэг дэх эд мөрийн баримт устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт биш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар өөрчлөх үндэслэлтэй байх ба тус газар дотоод журмаараа тухайн эд мөрийн баримтыг устгахад ямар байгууллагын төлөөллийг оролцуулах эсэхээ шийдэх боломжтой гэж үзнэ.  

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд шүүгдэгч Т.Х-ыг ”амфетамин”-ы хэтрүүлэн хэрэглээ, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй гэсэн байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих эмчилгээ хийлгэхийг ялыг эдлүүлж буй хорих ангийн захиргаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нар анхаарвал зохино.    

Шүүгдэгч Т.Х-ы 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад ”...Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст...” гэснийг ”...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Х-ы гаргасан “оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солиулах тухай давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ы цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР