Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 398

 

П.Хт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалтай, П.Хт холбогдох 1839006010033 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шаргалжуут овогт П.Х нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Хыг бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр П.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ял болон торгох ялын хэмжээний талаар маргаагүй, гагцхүү торгох ялыг биелүүлэх хугацааг хууль зөрчиж тогтоож байгааг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт П.Хын үйлдлийг зөв зүйлчилж, түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний торгох ял оногдуулсан нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ... биелүүлэх, энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол ... 30 хоногоор сунгаж торгуулийг төлж барагдуулах хувиар тогтоож болохоор хуульчилсан байх тул дээрх хугацаанд торгуулийг шүүх хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй бөгөөд П.Х нь шийтгэх тогтоол гарснаас хойш 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 700.000 төгрөгийн торгуулийг төлж биелэгдсэн байх тул энэ талаар Хэнтий аймгийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй ... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хэдийгээр шүүгдэгч Д.Х нь шийтгэх тогтоолд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор торгох ялыг биелүүлсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй байж болох үндэслэл биш юм. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял биелсэн, эс биелснээс үл хамаарч Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх ёстой атал давж заалдах шатны шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай магадлалын тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “П.Х нь бусдын 2 тооны үхрийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид хуульд заасан торгуулийн ялыг үндэслэлтэй оногдуулсан атлаа торгох ялыг 1 сарын дотор биелүүлэх хугацааг хууль зөрчиж тогтоож байгааг зөвтгүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх зохицуулалттай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт 90 хоног дотор төлөх, 1 сар сунгаж болох хуулийн зохицуулалттай байхад 1 сарын дотор төлүүлэхээр шүүх шийдвэртээ тусгасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын 1 сар гэсэн заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газраас А.Нийн 2 тооны үхрийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Хыг бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан тул шүүх ялтанд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж болохгүй.

Энэ талаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай заалтыг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН