Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 83

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                         Хэргийн индекс:114/2016/0074/3

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Б.******* нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдох “Дархан-уул аймгийн Дархан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Миний бие Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор Ардчилсан намаас нэрээ дэвшүүлсэн юм. Сумын Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлэх ёстой баримт материалуудыг цаг хугацаанд нь бүрдүүлж намын хороогоороо дамжуулж өгсөн. Гэтэл сумын сонгуулийн хороо нь энэ хуульд заасан баримт бичиг дутуу гэсэн шалтгаанаар миний нэрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж тогтоол гаргасан байна. Миний хувьд сонгуульд нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ цаг хугацаанд нь өгсөн бөгөөд шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн болно.Иймд Дархан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* миний бие нь Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж сумын Сонгуулийн хороонд нэхэмжлэл гаргасан юм. Миний гаргасан нэхэмжлэл үнэн зөвөөр батлагдсан тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Надад нэхэмжлэлийн талаар гомдол санал байхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч  Б.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж заасан  эрхийн дагуу  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул

нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Дархан-уул аймгийн Дархан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА