| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04733/И |
| Дугаар | 192/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/00194
2025 01 14 192/ШШ2025/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***байранд байрлах, ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ийн байранд байрлах, ***-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 23,932,442.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Хариуцагчийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 23,932,442.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн утга: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай. Тус хэлтэстэй харилцагч "*** ХХК-нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна", Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр "Дүрэм батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"- ийн 3.3-т Нийгмийн даатгалын байгууллага нь дараах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. 3.3.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр" гэж заасны дагуу болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/199 дүгээр "Журам батлах тухай" тушаалын хавсралт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6.6.5-д 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ***ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 15,954,961.77 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай" зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дугаар зүйл "Хууль зөрчигчид хүлээх хариуцлага" 44.1.2. төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн "***" ХХ-с нийгмийн даатгалын шимтгэл 15,954,961.77 төгрөг, түүнд оногдуулсан алданги 7,977,480.89 төгрөг нийт 23,932,442.66 / Хорин гурван сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг жаран зургаан мөнгө/- г гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т "Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө" гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нийгмийн даатгалын шимтгэл болох үндсэн төлбөрийг зөвшөөрнө, хугацаа олгож өгөхийг хүсье, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй төв аймагт явуулдаг манай компанийн шохойн олборлолтын үйл ажиллагаа зогссон, компанийн зүгээс 13 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн, алданги төлөхөд хүндрэлтэй, алдангийг эс зөвшөөрч байна ... гэв.
Нэхэмжлэгч талаас ***ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ***ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын тайлангийн хуулбар, *** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, *** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, *** ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***ийн албан шаардлагын хуулбар, *** ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг түр зогсоох тухай албан бичгийн хуулбар, ***ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 457 дугаар хамтран ажиллах тухай албан бичгийн хуулбар, хавсралтын хуулбарын хамт, ***ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 560 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, хавсралтын хуулбарын хамт, *** ХХК-ийн алданги тооцсон хүснэгт зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд 15,954,961.77 төгрөг, алдангид 7,977,480.89 төгрөг нийт 23,932,442.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
3. Хариуцагч нь 2022 оны 03 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 15,954,961.77 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь *** ХХК-ийн 2023 оны 12 сарын тайлангаар тогтоогдож байх ба тус тайлангаар гарсан үлдэгдлийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан (хэргийн 10 дахь тал, хариуцагчийн хариу тайлбар).
4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-д энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ, 17 дугаар зүйлийн 1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заажээ. Ийм агуулга бүхий зохицуулалт Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-/ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэхь хэсэгт тусгагдсан.
5. Хариуцагч нь 2022 оны 03 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 15,954,961.77 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 17.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлд 15,954,961.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
6. Хариуцагч нь хугацаа хэтрүүлснээс үүдэлтэй алданги 7,977,480.89 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Хэрэгт авагдсан *** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хэтрүүлснээс үүдэлтэй алдангийн тооцооллын хүснэгтээр алданги 7,977,480.89 төгрөг болсон нь тогтоогдож байх ба хариуцагч уг тооцооллыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаагүй.
7. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул хэтэрсэн хугацаанд тооцогдсон алдангид 7,977,480.89 төгрөгийг төлөх үүрэгтэй.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заажээ. Шүүхээс нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын нөлөө, 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 01 дугаартай *** ХХК-ийн нэхэмжлэгчид хүргүүлсэн тайлбарыг харгалзан 7,977,480.89 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232.8 дахь хэсгийг баримтлан 40 хувиар буюу 3,190,992 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ. Үүний үр дүнд хариуцагч нь алдангид 4,786,488.89 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.
9. Нэгтгэн дүгнэвэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 15,954,961.77 төгрөг, алданги 4,786,488.89 төгрөг нийт 20,741,449.77 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
10. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 261,657 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч *** ХХК-аас 20,741,449.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,190,992 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 261,657 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.ы
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ