Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00464

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00464

 

 

 

ШОХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2021/00013 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ШО ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЦА ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58 831 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ШО ХК нь хариуцагч ЦА ХХК-тай 2016.3 21-ний өдөр ШО-16-14 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4 648 тонн, тээврийн зардлын хамт 160 377 005 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авснаас 2015 оны төлбөрийн үлдэгдэл 20 454 075 төгрөг байсан.

ЦА ХХК нь нүүрсний төлбөр 180 831 080 төгрөгөөс 2016 оны 7, 8 дугаар сард нийт 122 000 000 төгрөгийг төлж, үлдэх 58 831 080 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.  ШОХК нь 2015, 2016 онуудын гэрээ, тооцоо нийлсэн акт, нүүрс нийлүүлж байсан гэх баримтын жагсаалтуудыг нотлох баримтаар өгсөн. ШО ХК-ийн зүгээс 2017 оноос 2020 онуудад ажлын хэсэг байгуулж, ЦА ХХК-тай тооцоо нийлэхээр ирсэн. 2018 онд 58 831 080 төгрөгийн үнээр тооцоо нийлсэн. Харин 2019, 2020 онуудад тооцоо нийлж чадаагүй. Бид чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлсэн. Хариуцагчтай 2017 оноос хойш ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Тодруулбал 2015 онд 65 454 075 төгрөгийн нийлүүлэлтээс 20 454 075 төгрөг, 2016 оны 160 377 005 төгрөгийн нийлүүлтээс 38 377 005 төгрөг, нийт 58 831 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2010 оноос эхлэн ШОХК-тай хамтран ажилласан. Энэ хугацаанд ШОХК нь манайтай байгуулсан аман болон бичгэн гэрээнд заасан нүүрсийг нийлүүлсэн гэдэгт маргахгүй. Харин бодит байдал дээр тодорхой хэмжээний нүүрс бэлтгэн нийлүүлдэг байсан ч тэр нь ачилт бүр дээр заасан хэмжээнд хүрдэггүй, мөн чанарын шаардлага хангагдаагүй байсан. Энэ талаар ШОХК-д мэдэгдэж байсан. Гэхдээ бичгээр мэдэгдэж байгаагүй. Утсаар хариуцсан инженер болон ажилчидтай нь байнга холбогдож гомдол, саналаа хэлдэг байсан.

ШОХК гэрээнд заасан хэмжээний нүүрсийг нийлүүлсэн гэдэг ч, нүүрсийг вагоны пүүгээр пүүлээд, хэмжээг нь баримт дээр тэмдэглээд явах ёстой байсан. Гэтэл ШОХК-д вагон пүү байдаггүй. Хэрхэн нүүрс хэмжиж өгдөг байсныг нь мэдэхгүй. Бид ШОХК-аас татсан нүүрсийг цэргийн ангиудад нийлүүлдэг. Нийлүүлсэн газруудаас нүүрсийг чанарын шаардлага хангахгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй байна гэж байнга гомдоллох болсон. Сүүлд 2015 оны гэрээг хавсаргасан байсан. Гэрээний хавсралтад бэлтгэн нийлүүлэх график гэж байхгүй. Зөвхөн гэрээ байгаа. Төдөн сарын төдний өдөр тийм нүүрс нийлүүлсэн гээд компьютер дээр бичээд гаргаад ирсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь компьютерээр энийг өөрчилж, засварлаад санхүүгийн тамга дараад ирүүлэх боломжтой. 2015 оны гэрээгээр 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сүүлд ирүүлсэн баримт дээр 2015 онд ШОХК нь ЦА ХХК-д хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн тонн нүүрсийг нийлүүлээд, хэдэн төгрөгийг нь аваад, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн бэ гэдэг нь бичгийн баримтаар нотлогдохгүй байгаа.

Тооцоо нийлсэн баримт дээр 2015, 2016 онуудын гэрээтэй холбоотой ямар ч тооцоо нийлсэн зүйл байдаггүй. 2018, 2019 оны тодорхой хугацаанд өгч, авалцсан зүйл дээр тооцоо нийлээд, тулгаж үзэхэд 58 000 000 төгрөгийн үлдэгдэл гарч байсан гэдэг. Ийм баримт дээр н.Ц захирал гарын үсэг зурсан байсан. н.Ц захирал тухайн үед эрүүл мэндийн асуудалтай байхад н.С гэх хүн ирээд энэ дээр гарын үсэг зурчих гэсээр байгаад зуруулчихсан байсан. Иймд тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй байна. Учир нь 2 талын нягтлан бодогч, нярав нар бүгд бүх бичиг баримттайгаа ирээд, бүгдийг нь тулгаад, хавсаргаж байж тооцоо нийлэх ёстой байсан. 2017 оноос хойш ШОХК-тай хамтарч ажиллаагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦА ХХК-иас 58 831 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ШО ХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 452 106 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 452 106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Нэхэмжлэгч 2015, 2016 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2020.8.12-ны өдөр хариуцагч талаас шаардсан. Нэхэмжлэгч сүүлд 2016.10.31-ний өдөр хариуцагчид нүүрс нийлүүлсэн бол хариуцагч мөн хамгийн сүүлд 2016.8.31-ний өдөр нэхэмжлэгч талд төлөлт хийсэн байна /XX-10-р хуудас/. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сард дуусгавар болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нэхэмжилж буй 58 831 080 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа, нэхэмжлэгч тал хуульд заасан хугацаанд багтаан шүүхэд шаардлага гаргасан эсэхийг нягталж үзээгүй.

2.Хариуцагч тал 2016 оноос хойш 2021 он хүртэл нэхэмжлэгч талд төлбөр төлөөгүй үндэслэл, шалтгаан нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан нүүрс нь тоо хэмжээндээ хүрдэггүй байсантай шууд холбоотой. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлэх нүүрсээ чингэлэгт ачихдаа хэдий хэр хэмжээний тн нүүрс ачигдаж байгааг жинэлдэггүй. Учир нь нүүрс ачсан чингэлэгийг жинлэж үзэх жин буюу пүү нэхэмжлэгч талд огт байдаггүй. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан нүүрсийг гуравдагч этгээдүүдэд шууд нийлүүлдэг. Гуравдагч эхгээд нь нүүрсийг хариуцагч талаас хүлээн авахдаа зориулалтын жин буюу пүүгээр хэмжиж акт үйлддэг. Гуравдагч этгээд нүүрсийг хүлээн авах үед нэхэмжлэгч талаас илгээсэн чингэлэг дэх нүүрсний тн бодитоор тодорхой болдог. Нэхэмжлэгчээс нийлүүлж буй 1 чингэлэг нүүрс нь дунджаар 10,7 тонноор зөрдөг буюу дутуу байдаг. Жишээ нь: 2015.8.31-ний өдрийн акхаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 1685 тн нүүрс хүлээн авсан хэмээн уг нүүрсийг гуравдагч этгээдэд нийлүүлэхэд бодих жин 1432 тн нүүрс байсан. /ХХ-35-40-р хуудас/ Уг алдагдлыг хариуцагч бие даан хариуцдаг. Энэ хухай хариуцагч нь худалдагчид тухай бүр мэдэгдэж, нүүрсний үлдэгдэл хөлбөрийг төлөхгүйгээр дутуу тн-д суутган авахаар тохирч байсан.

Нэхэмжлэгч 2020 он хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч 2020 оны 1 дүгээр сараас идэвхитэй тархсан тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч 5-6 жилийн өмнөх нотлох баримтуудыг гуравдагч этгээдүүдээс нэг бүрчлэн бүрдүүлэх боломж маш хомс байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ШОХК нь хариуцагч ЦА ХХК-нд холбогдуулан бэлтгэн нийлүүлсэн нүүрсний үнэд 58 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр бус. Нийлүүлсэн нүүрс хэмжээндээ хүрдэггүй байсан гэж маргажээ./хх 1,18 /

Зохигч 2015 он, 2016 онуудад Нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 он хүртэл нүүрс нийлүүлсэн, 2015 оноос өмнөх хугацааны нүүрсний төлбөрт маргаангүй болох нь бичгийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон./хх 5-7,74-76/

Хариуцагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Ц 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны төлөгдөөгүй нүүрсний үнийн үлдэгдэл гэх 58 831 079.89 төгрөгийн тооцооны баталгаанд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон, гарын үсгийн үнэн зөв эсэхэд зохигчид маргаагүй. /хх 31/

Харин нэхэмжлэгчийн нүүрсний төлөгдөөгүй үнэ 58 831 080 төгрөг үлдсэн гэх байр суурийг хариуцагч зөвшөөрөхгүй, тооцоо нийлсэн актын агуулгатай маргаж байна.

Хариуцагч нь нүүрс хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч нийлүүлсэн нүүрс жин, тонндоо хүрдэггүй байсан талаар тайлбарлажээ.

Хариуцагчийн Ачилтийн вагон бүрээс ойролцоогоор 10,7 тонн буюу 285 069 төгрөгний нүүрс дутуу нийлүүлж байсан. Энэ талаар манай компаний нягтлан, инженерүүдэд хэлсэн. Дутуугаа нөхөж явуулна гээд явуулаагүй гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч талд вагоны пүү байдаггүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Нэхэмжлэгч нь 65 тонн, 68 тонн, 70 тонны вагоноор нүүрсээ ачиж илгээдэг, хариуцагч нь уг нүүрсийг дараачийн хэрэглэгчдэд нийлүүлэхдээ вагон пүүгээр оруулахад жин тонндоо хүрдэггүй байсан гэх асуудлаар талууд маргасан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. Гэрээний 2.2-т нүүрсийг ачих техникийн паспортын дагуу даацыг бүрэн ашиглаж ачихаар заажээ./хх 5/ Талууд нүүрсийг даацыг бүрэн ашиглаж ачихаар тохиролцсон бөгөөд гэрээнд вагон пүүгээр оруулж жинэлэх талаар тохиролцоо байхгүй байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлохоор байна. Талуудын гэрээнээс үзэхэд гэрээний биелэлтийн явцыг улирал бүр харилцан бие биедээ ээлжлэн очиж дүгнэн протокол үйлдэхээр байх бөгөөд энэ талаарх баримтыг гаргаагүй.

 

Иргэний хуульд эд хөрөнгийг хүлээн авах үүрэг улмаар доголдлын талаар шаардлага гаргах эрхийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагчийн хувьд нарийвчилан зохицуулсан.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар .аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдах юм. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд ЦА ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд нүүрсний борлуулалт хамаарч байна./хх 21/ Нүүрс хүлээн авах үедээ вагон пүүгээр оруулж баталгаажуулах, гэрээнд заасанчлан улирал бүр харилцан бие биедээ ээлжлэн очиж дүгнэн протокол үйлдээгүй, нэн даруй шалган авах үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдах юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг. Нийлүүлэлт хийгдсэн 2015 он, 2016 онд хүлээн авсан нүүрсний чанар, тоо хэмжээний талаар хариуцагч нь гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагад албан бичгээр хандсан асуудал байхгүй гэдгээ шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.Дээрхээс үзэхэд гэрээний дагуу нүүрс хүлээн авсан хариуцагч нь тухайн цаг хугацаанд буюу 2015 он, 2016 онд нүүрсний чанар, тоо хэмжээтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид хандан гаргаагүй тул эд хөрөнгийн доголдлын талаарх гомдол гаргах, үүнд үндэслэн нэхэмжлэлээс татгалзах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг залруулан дүгнэх нь зүйтэй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар .аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч буюу хариуцагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул шаардлага гаргах эрхгүй юм.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн 2015 оноос 2018 он хүртэлх хугацааны нүүрсний доголдлын талаар ШОХК-д албан ёсоор мэдэгдэж байсан зүйл байна уу гэхэд хариуцагч байхгүй гэжээ. /хх 43 дугаар хуудасны ар тал/ Иймд хариуцагчийн доголдолтой, дутуу нүүрс нийлүүлсэн гэх татгалзал, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 95-96/

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй атлаа хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч 2015 он, 2016 оны гэрээний үүргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаас шаардсан. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид нүүрс нийлүүлсэн бол хариуцагч сүүлд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талд төлөлт хийсэн гэж гомджээ. /xx 10/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Хариуцагч компанийн удирдах албан тушаалтан 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өрийг хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурсан, нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэцлэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагчийн 2020 оны 1 дүгээр сараас идэвхитэй тархсан цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч тал 5-6 жилийн өмнөх нотлох баримтуудыг гуравдагч этгээдүүдээс нэг бүрчлэн бүрдүүлэх боломж маш хомс байсан гэх гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч ЦА ХХК-аас 58 831 080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2021/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД