| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00061/И |
| Дугаар | 314/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн ***** сумын ** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн *******гийн хүсэлттэй
*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...******* нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ингээд ******* нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас ажилласан жил нь тасарч өндөр настны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд *******г 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” малчнаар нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь шүүхэд *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, нотариатчийн тэмдэглэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/4594 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-08/6042 дугаартай лавлагаанууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1986-1990 онуудын цалингийн цэсийн хуулбарууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №120 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1988, 1988, 1989, 1990 оны цалингийн тооцооны хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******гийн ХААТР маягт, *******ийн нас барсны лавлагаа, иргэний үнэмлэх авахад бүрдүүлсэн материалыг нотлох баримтаар гаргуулсан.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. ******* нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Халтар овгийн Сангидоржийн ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаартай Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан *******ийн *******гийн 1988-1990 онд ажиллаж цалингийн тодорхойлолт гэсэн архивын лавлагаа (хх-ийн 11 хуудас),
Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1987 оны 10 сарын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн 13 дугаар мөрөнд *******, 15 хоногт олгогдсон хөлс 60.90, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн 15 дахь мөрөнд *******, үндсэн бүгд хөлс 90.30, 1989 оны 10 сарын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн 5 дахь мөрөнд ******* 137.55, 1990 оны 10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 19 дэх мөрөнд ******* хөлс 73.20 гэсэн бичилттэй хөдөлмөрийн хөлс олгох болон цалингийн тооцооны хүснэгтүүд (хх-ийн 12-13 хуудас),
1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******гийн “Өвөрхангай аймаг Тарагт сумын Сүхбаатарын зам нэгдэл, овог *******, нэр *******, төрсөн он 1969, сар 10, эрэгтэй, ажилд орсон 1983 оны 06 дугаар сарын 20, эрхэлсэн ажил: 5-р бригадад ямаачнаар ажиллуулав, нэгдлийн даргын 1983-6-20-ны тушаалаар, мөн 1981 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн15-16 хуудас),
Иргэний бүртгэлийн ХААТР маягтын иргэний хаягийн хуудас №7-д “******* *******, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг: Өвөрхангай аймаг Богд сум 5-р бригад, хаана ямар ажилтай: Өвөрхангай аймгийн Богд сумын 5-р бригадад ямаачин. Паспорт олгосон Өвөрхангай Ц.С анги, хуудас бичсэн 1987 оны 06 сарын 19 өдөр д/ч *******” гэсэн баримт,
Гэрч *******ы шүүхэд гэрчээр өгсөн “******* нь багаасаа ээжтэйгээ мал дээр байдаг байсан. Одоог хүртэл мал маллаж байгаа. Нүд муутай болохоор цэрэгт яваагүй.” гэсэн мэдүүлэг,
Гэрч *******гийн шүүхэд гэрчээр өгсөн “Би Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Далангийн 5-р бригадад 1980 оноос 2 жил тэмээ хариулж байгаад 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс ирсэн. ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Далангийн бригадад мал маллаад хөдөө байдаг байсан. 1980 онд намайг тэмээ хариулж байхад ******* нь ээжтэйгээ хамт ямаа малладаг байсан. Сургуульд суугаагүй. Намайг цэрэгт явахаас өмнө ямаагаа маллаад байж байсан. Цэргээс ирэхэд ямаагаа маллаад байж л байсан. Хувьчлал тартал мал малласан. Одоогоор тэндээ байдаг.” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лгийн “*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Халтар овгийн *******ийн *******гийн Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халтар овгийн *******ийн *******гийн Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ