| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00074/И |
| Дугаар | 314/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00123
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар багийн **** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ****** овгийн ******ийн ******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******ын ******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 34,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие нь ****** овогтой ******ийн охин. Миний ээж 75 настай. Миний ээжээс ****** овогтой ****** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг “Төрийн банкны” данснаас нь хамт дагаж очиж бэлнээр сарын 10 хувийн хүүтэй авсан. Дахин 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээс нь бэлнээр 9,000,000 сая төгрөг авсан. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 5 сая төгрөг зээлсэн. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 сая төгрөг дахин зээлсэн. Мөн тэр өдөр ээж өвлийн идэшний үеэр нэг үхэр авна гээд 1 сая төгрөг өгсөн. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ахиад нэг үхэр нэмж авъя гээд дахин нэг сая төгрөг өгөөд нэмж нэг захиад 1.000.000 сая төгрөг авсан. Нийт хоёр үхэр авна гэж харилцан тохиролцсон байдаг. Ээжийнхээ амнаас сонсож байгааг бодохоор настай хүнийг элэг барьж, удаа дараагийн давтамжтайгаар залилан хийж байна. Тухайн үед энэ мөнгөнүүдийг авахдаа сарын 10 хувийн хүүтэй авч хааяа нэг нэхүүлэн барин хүүг өгч байсан гэж хэлсэн. Сүүлийн 2 сарын хүүг бол өгөөгүй. Утасаа ч авахгүй байгааг гэр орондоо ирэхгүй байгаа. Настай хүнийг өвлийн идэшгүй, бэлэн мөнгийг нь авч элэг барин дооголж яваа нь ёс зүйгүй үйлдэл, залилан мэхлэх арга санааг гарган зугтаж миний бие хүртэл “чи настай хүнийг дэндүү элэг барьж байна. Хоол ундгүй, хэрэгцээний мөнгөгүй болгоод байна. Энэ мөнгөний асуудлаа дуусгаарай” гэсэн. Үүнээс хойш утасдахаар утсаа авахгүй байна. Сүүлдээ ээж маань хоол ундгүй, уур бухимдал ихтэй, нойргүй хонох, сэтгэлийн шаналгаатай байгаа нь бидэнд мэдэгдэж эцэст миний бие ээжийнхээ гомдлын мөрөөрөө миний бие төлөөлөн энэ хүнээс тухайн авсан мөнгийг нэхэмжилж байна. Нийт бэлнээр 29,000,000 төгрөгөөс өөрийн 2 үхэр захисан 2,000,000 төгрөгийг хасаад, өөрөө авсан баримтын дагуу 27,000,000 төгрөгийн хоёр сарын хүү 5,400,000 төгрөг нэмэгдээд 32,400,000 төгрөг, ээжийн үхэр авахаар өгсөн мөнгө нэмэгдээд 34,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.****** шүүхэд гаргасан тайлбартаа “...Би ****** овогтой ****** гуайгаас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 9,000,00 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Би өөрөө нийт 22,000,000 төгрөг зээлсэн. Үүн дээр ****** гуай 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг өгөөд 2 үхэр захисан. Тухайн үедээ үхрээ аваагүй, 12 сард авна гэсэн тул үхэр захисан 2,000,000 төгрөгийн хүүг бас давхар өгч байсан. 6, 7 сард 19,000,000 төгрөгийн хүүг сар бүр 1,900,000 төгрөг өгсөн. 09 сараас 24,000,000 төгрөгийн хүү өгөх байснаас 10 сард 2,400,000 төгрөг, 09 сард 2,400,000 төгрөг, 11 сард ээжийн бие өвдөөд хот руу явсан тул 11 сард хүүгээ бүтэн өгч чадаагүй, 1,200,000 төгрөгийн хүү өгсөн. ****** гуай надаас 34,400,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ дүнгээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авсан 9,000,000 төгрөг, ****** гуай өөрөө хоёр үхэр захисан 2,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авсан. 3,000,000 төгрөг, 11 сарын тал хүү 1,200,000 төгрөг, 12 ба 1 сарын хүү 4,800,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх 30,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие нь ****** овогтой ******гээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34,400,000 төгрөг нэхэмжилсэн боловч 4,400,000 төгрөгөөс татгалзаж байна. Энэ нь 06 дугаар сарын 09-ний өдрийн болон 08 дугаар сарын 14-ний бичиг давхардсан учир татгалзаж байна. Өөрийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг 2, 3, 4, 5 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төлж дуусгахаар харилцсан тохиролцсон. 2 дугаар сарын 25-ны дотор 3,000,000 төгрөгийг, үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 3, 4, 5 сард тус бүр 9,000,000 төгрөгөөр 5540186038 тоот дансанд хийхээр харилцан тохиролцож миний бие хүлээн зөвшөөрлөө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******, хариуцагч Г.****** нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******, хариуцагч Г.****** нар нь дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгөөс татгалзсан.
2.Хариуцагч Г.****** нь 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөг, 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 9,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** хариуцагч Г.******гээс зээлийн гэрээний үүрэг 34,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** нь 4,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.****** нь 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүнээс 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөг, 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******, хариуцагч Г.****** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******, хариуцагч Г.****** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****** нь 4,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Г.****** нь 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөг, 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,950 төгрөгийн тавин хувь болох 164,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 164,975 төгрөг, хариуцагч Г.******гээс 164,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ