| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00693/И |
| Дугаар | 191/ШШ2025/01361 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01361
2025 02 13 191/ШШ2025/01361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Х /РД/ нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Н" ХХК-с 207200491 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 870,900 /Найман зуун далан мянга есөн зуу/ төгрөгийн зээлийг 24 /Хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 5% хувийн хүүтэйгээр, гэр ахуйн бараа худалдаж авах зориулалтаар, SAMSUNG A50 маркийн утсыг барьцаалан зээл авсан болно.
"Н ХХК" Б.Х-д холбогдуулан 1,800,080.00 /Нэг сая найман зуун мянга ная/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч манай компанитай гэрээ байгуулах үед оршин сууж байсан тоот хаягт оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн, Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/10906 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд Б.Х /РД/-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НТ-01/029-2024 тоот итгэмжлэл, З.О, Б.М, Г.П, нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/10906 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207200491 тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207200491 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний хуулбар зэргийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар Б.Х-ын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Н ХХК нь Б.Х-той байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207200491 тоот Зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207200491 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Хыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/10906 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б.Х /РД/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Х /РД/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Х /РД/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б.Х /РД/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Н ХХК /утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАЯР