| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06598/И |
| Дугаар | 192/ШШ2025/00413 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00413
2025 01 20 192/ШШ2025/00413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоот хаягт оршин суух, ***-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ***,
Хариуцагч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** би УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн *** нэр дэвшигч ***тай түүний сонгуулийн сурталчилгааны зураг, богино бичлэг, танилцуулга зэргийг хийх буюу сонгуулийн сурталчилгааны эх бэлтгэх Ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 6 сарын 7-ны өдөр байгуулж, 64,500,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээг бичгээр байгуулаагүй боловч төслийг **** хаяг руу илгээж, талууд утсаар ярьж нөхцөлийг харилцан зөвшөөрсөн. Гэрээний хугацаа 2024 оны 6 сарын 7-ны өдрөөс 6 сарын 26-ны өдрийг дуустал байх ба гэрээний 3.2-т "..., Захиалагч ажлыг эхлэхээс өмнө нийт төлбөрийн 60% / 38,950,000 / үлдэгдэл 40% 25,550,000/2024 оны 06 сарын 20-ны дотор ...., шилжүүлнэ." гэж заасан боловч Захиалагч ажил эхлэхийн өмнө бэлнээр 27,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед сонгуулийн хандив, санхүүжилт зэргээс шалтгаалж ажлын хөлс бүрэн төлөөгүйг нь ойлгож хүлээж авсан. Би тус ажлыг Зурагчин **** Зураглаач *** нартай хамтран гүйцэтгэхээр ярилцаж тохирсон юм. Бид гурав 2024 оны 6 сарын 10-13-ны өдрүүдэд ** болон түүний сонгуулийн багтай хамт **** аймгийн төв, хэд хэдэн сумдаар сонгогчидтой уулзахад нь хамт явж сонгуулийн сурталчилгааны зураг авах, бичлэг хийх, тэдгээрийн хэвлэлийн эхийг бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. Би 2024 оны 6 сарын 14-ний өдөр *** аймагт байхдаа 60 хувийн дутуу хөлсийг (11,950,000) авахаар ***ийн сонгуулийн санхүү хариуцсан хүнтэй 2024 оны 6 сарын 14-ний Улаанбаатар хотод ирээд уулзах гэсэн боловч өнөө маргааш гэсээр намайг гурван өдөр хүлээлгэсний эцэст надтай уулзаагүй. Ингээд би ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай хэрэгсэл авах зорилгоор өөрийн камер, компьютерийг** ломбарданд 5,500,000 төгрөгөөр барьцаалж, нэр бүхий 2-3 хүнээс мөнгө зээлж 10,000,000 төгрөг бүрдүүлж ажлын хэрэгсэл үйл ажиллагаанд зарцуулах санхүүгээ бүрдүүлж аваад төв аймаг руу буцаж, ****тай уулзан ажлаа үргэлжлүүлсэн. Сонгуулийн санхүү хариуцсан хүн надад 2024 оны 6 сарын 19-ний өдөр 23,000,000 төгрөг өгснөөр би нийт 50,000,000 төгрөгийн ажлыг хөлс авсан боловч үүнээс хойш үлдэгдэл 14,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. 2024 оны 6 сарын 21-ний өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан боловч бодит байдалд нийцэхгүй тайлбар хэлж, төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс шалтгаалж би Зураглаач, Зурагчны ажлын хөлсийг төлөх, зээл төлөх зорилгоор 2024 оны 6 сарын 15 ны өдөр -ыг ** ломбарданд 5,500,000 төгрөгөөр компьютер барьцаалсан мөн 2024 оны 8 сарын 7 ны өдөр ыг *** ломбарданд 6,000,000 камер барьцаалсан өнөөдрийг хүртэл 3,500,000 төгрөгийн хүү төлж хохирсон. Бид үүргийг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 343.1, ажлын хөлсийг бүрэн төлөх буюу гэрээний үүргийг зохих коор гүйцэтгэхийг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219.1, 227.3-т зааснаар тус тус шаардах эрхтэй. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ***аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14.500.000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 3,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн ***ын миний эсрэг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: *** миний бие 2023 оны 7- р сарын 08-ны өдөр **-д гишүүнээр элсэн орж улмаар ***өөр сонгогдож, ***-р тойрогт нэр дэвших эрх авсан юм. Иргэн ***тай ***-д элсэн орсны дараа танилцсан. ***хөдөлгөөнд оролцсоны улмаас эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж цахим гав зүүж байгаа тул цалин орлогогүй байгаа, контент хийх хамтарч ажиллах саналыг тэр өөрөө гаргасан юм. Ингээд 2024 оны 2-р сараас эхлэн миний бичсэн ***, *** номын агуулгын хүрээнд цуврал 20 реелс хийлгэж нүүр номын сошл хаягтаа байршуулсан. Энэ ажлыг бид гэрээгүйгээр амаар тохиролцож хийлгэсэн. Өөрөөр хэлбэл энэ ажлыг хийлгэснээр цаашид зуны эхэнд болох УИХ-ын сонгуулийн үеэр энэ хүнтэй хамтарч ажиллах уу, үгүй юү гэдгээ шийдэхийг бодсон юм. Харин *** эл ажлыг гүйцэтгэх хугацаанд олон удаа хариуцлагагүй хандсан. Ажилдаа хайнга хандаж байгаа байдал, түүний гаргасан цөөнгүй алдаа, ерөнхий боловсорсон байдлаас нь болоод төлөвлөж байсан өөр 2 номоороо реелсээ хийлгэж чадаагүй. Гэсэн 4 ажил гүйцэтгэсэн. Хөлсөнд 20 сая төгрөгийг *** болон ***нарын дансаар шилжүүлж төлсөн. Өмнөх ажил гүйцэтгэлдээ хариуцлагагүй хандсан тул УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар ***тай хамтарч ажиллахааргүйгээр шийдсэн. Учир нь өмнөх ажилд гэрээ хийгээгүй, мөн ярьж тохирч харилцсан зөвшилцсөн ажлуудаа хийгээгүй, хариуцлага алдсан. Санал болгож хэлж байсан ажлын хөлс нь ч өндөр байсан. ***-ын олон гишүүдээс намайг дэмжиж байсан. ***тай хамтран ажиллаж байсан манай намын нэр дэвшигч, манай клубын *** гишүүн надад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив босгох ажилд дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүн ***аас "Чи ***ийн ажлыг хийж байгаа юү, хэрвээ тийм бол манайтай ажиллаж байгаа гэрээн дээр чинь 50 сая төгрөг нэмж өгье. Чи түүнд хэрэгцээтэй контентуудыг хийж өг" гэхэд *** надтай ажиллаж байгаа гэж худал хэлж тэр саналыг зөвшөөрсөн байдаг. Нам доторх, үзэл санаа нийлдэг фракцын гишүүний хувиар намайг дэмжиж, би мөн түүний өмнө сошиал нэвтрэлтэд туршлагатай хүний хувиар тусалж дэмжиж өгөхийг хүсэж гуйсан байсан нь ч үүнд нөлөөлсөн. Манай тойрогт зарцуулагдах ерөнхий санхүүжилтээс зөвхөн надад зориуд оноож хуваарилсан энэ дэмжлэгийг ашиглахаас өөр сонголт надад үлдээгүй. Найз нөхрийн сайнаар хандсан сэтгэл, урмыг хүлээн авсан. Миний зүгээс болон манай санхүү хариуцан ажиллаж байсан ***аас 50.000.000 төгрөгийг ****д огт өгөөгүй. Өөрөөр хэлбэл манай клубийн дэмжлэгээр орж ирсэн хандивыг *** өөрөө очиж хүлээж авсан. Нэгэнт санхүүгийн эх үүсвэрийг авсан тул гүйцэтгэх гэрээг нарийвчлан хийх, хариуцлагаа өндөр байлгах талаар ***д удаа дараа хэлсэн, мөн ***ын хувийн сошл хаяг ру мессежээр 2024 оны 6-р сарын 4-ны өдөр сануулж байсан. Гэвч гэрээ хариуцаж байсан менежер ***эй албан ёсоор гэрээ хийгээгүй явсаар сонгуулийн сурталчилгааны үе эхэлсэн. Сонгуулийн дараа менежер***тэй очиж уулзаад ажил гүйцэтгэлийн дар бүрдүүлж тайлангаа өгөөд ажлаа дүгнэх, үнэхээр хийсэн ажил нь байгаа бол түүнээ нотлоод нэхээд буй мөнгийг өгч болох талаар хэлж, уулзъя гэхэд ирээгүй. Мессежээр над сүрдүүлсэн, мөн Твиттер хуудсаараа намайг олон нийтийн сүлжээнд гүтгэж нэр төрийг гутаасан. Миний хувьд шүүхэд хандаж шударга үнэнийг олох арга замаар энэ асуудалд хандах ёстойг хариу мэдэгдсэн. ***ын хавсралтаар хүргүүлсэн гэрээнд гарын үсэг зурж харилцан тохироогүй, гэрээ байгуулаагүй, гүйцэтгэхээр тохиролцсон ажлын сурталчилгааны 17 өдрийн 5 өдөрт нь огт ажиллаагүй, мөн хийхээр төлөвлөж байсан 10 дугаар бүхий видео богино нэвтрүүлгийг огт хийгээгүй. Энэ тухай бүх баримт нь **** нүүр номын хаягт байгаа. Шаардлагатай үзлэг хийлгэхэд бэлэн байна. Мөн хавсралтаар хүргүүлсэн банкны хуулбарт нь манай багийн санхүүгийн хүнээс мөнгө авсан нотолгоо огт байхгүй. Би Эрүүл мэндийн салбарт 24 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд **** болох ***их сургуульд магистр, Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, тус улсын ***аар ажилласан. 2011 оноос эхлэн ***-д багш, тэнхимийн эрхлэгч, **ийн захирлаар тус тус ажиллаж дэд профессор цол хүртсэн. Үүнийг бичихийн учир нь би хүний хөдөлмөрийг үнэлж гадарлах хүн болохоо тодруулах гэсэн юм. Хариуцсан ажлаа зохих ёсоор бүрэн хийсэн бол ***тай үл ойлголцох зүйл байхгүй. Харин ажлаа хийгээгүй хүнд түүний үлдэгдэл төлбөр гэж нэрлэж байгаа 14.500.000 төгрөгийн хөлс өгөх нь шударга бус зүйл гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ***ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэм шүүгч танаас хичээнгүйлэн хүсэж байна. гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтын хамт, ***ын эзэмшлийн ***тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны дансны хуулга, фото зураг зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариу тайлбар, фото зураг, ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ***ийн танилцуулга зэрэг баримтыг гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг, хохиролд 3,500,000 төгрөг нийт 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:
3.1. Нэхэмжлэгч *** нь 2024 оны 06 сарын 07-ны өдрийн огноотой Ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч *** фэйсбүүкийн чатаар явуулсан байх ба уг гэрээнд дурдсанаар нэхэмжлэгч *** нь 2024 оны 06 сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 сарын 26-ны өдрийг дуустал 20 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгааны эх бэлтгэх буюу гэрээний хавсралтад дурдсан цаг үеийн мэдээ видео, фото хэлбэрээр, шторк реклам, рийл, постер, богино нэвтрүүлэг, дрон бичлэгийн ажлыг гүйцэтгэхээр, хариуцагч 64,500,000 төгрөгийг төлөх, төлбөр төлөх нөхцөлийн хувьд ажлыг хийж эхлэхээс өмнө 60 хувь буюу 38,950,000 төгрөг, үлдэгдэл 40 хувь буюу 25,550,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна (хэргийн 5-8 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчдын тайлбар).
3.2. Хариуцагч нь ажил эхлэхийн өмнө 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн байх ба уг үйл баримт дээр зохигчид харилцан хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ***ны ***тоот дансаар 2024 оны 06 сарын 19-ний өдөр 23,000,000 төгрөгийг *** төлбөр гэсэн утгаар хүлээн авсан байна (хэргийн 9, 11 дэхь тал).
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ. Зохигчдын хооронд хийгдсэн гэрээг эрх зүйн үүднээс дүгнэвэл, нэхэмжлэгч сонгуулийн сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөхөөр, хариуд нь хариуцагч 64,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч нь Ажил гүйцэтгэх гэрээг фэйсбүүкийн чатаар хүлээн авч, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байх тул Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтын дагуу бичгээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ.
5. Ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан байх шаардлагыг хуулиар тавьдаггүй бөгөөд ийм хэлбэрийг хангаагүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
6. Хариуцагч нь Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийлбэр дүнгээр 50,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 14,500,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.
7. Зохигчид цаг үеийн мэдээ видео, фото, шторк реклам, рийл, постер, богино нэвтрүүлэг, дрон бичлэг хийх ажилд нэг бүрийн үнэлгээ гаргаагүй нийт дүнгээр буюу 20 хоногийн хугацаанд 64,500,000 төгрөг байхаар тохиролцсон байх тул шүүхээс нэг өдөрт ногдох ажлын хөлсийг тооцон гаргах боломжтой. Ийнхүү тооцвол сонгуулийн сурталчилгааны эх бэлтгэл хийх ажлын үнэлгээ өдрийн 3,225,000 төгрөг болох юм (64,500,000/20=3,225,000).
8. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 13,14,15-ны өдрүүдэд *** аймагт сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй, өөр газар байсан нь тогтоогддог (шүүх хуралдааны тэмдэглэл). Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 13, 14, 15-ны өдрүүдийн ажлын хөлс 9,675,000 төгрөгийг шаардах эрхгүй.
9. Харин нэхэмжлэгч 2024 оны 06 сарын 25 болон 26-ны өдрүүдэд сонгуулийн сурталчилгааны ажлыг гүйцэтгэх боломжтой байсан, хариуцагчаас зураг авч, бичлэг хийх гэтэл хариуцагч бэлтгэлгүй байгаа шалтгаанаар татгалзсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 351.1.4-т захиалагч нь ... ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэхээр бэлэн байсныг харгалзан 2024 оны 06 сарын 25-ны өдрийн ажлын үнэлгээг 20 хувиар буюу 645,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн хариуцагч өөрөө бичлэг хийлгэхээс татгалзсан гэх тайлбарыг харгалзан ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн ажлын хөлсийг 3,225,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлс хугацаандаа төлөгдөөгүйн улмаас сонгуулийн эх бэлтгэл хийх ажлыг гүйцэтгэхээр өөрийн өмчлөлийн Desktop брэндийн камер, зөөврийн компьютероо барьцаалж, *** газраас сарын 4,5 хувийн хүүтэй зээл авсан гэх ба үүнийгээ хохиролд тооцож 3,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ***ын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагад нийцээгүй тул шүүхээс эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан үзэж зөөврийн компьютерийг барьцаалж зээл авсны хүүд 597,258 төгрөг, Desktop брэндийн камерыг барьцаалж зээл авсны хүүд 141,600 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ (хэргийн 23-25 дахь тал).
11. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь 64,500,000 төгрөгийг Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, эхний төлөлтөд 38,950,000 төгрөг төлөхөөс 27,000,000 төгрөгийг төлсөн байх тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 738,858 төгрөг (597,258+141,600=738,858)-ийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан бодит хохиролд тооцох тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
12. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,391,142 төгрөг үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт 4,608,858 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
13. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ***аас 4,608,858 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,391,142 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,692 төгрөг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг