| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 1810022680675 |
| Дугаар | 2023/ДШМ/837 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/837
2023 8 17 2023/ДШМ/837
Ч.Хад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа,
хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х, хохирогч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Хад холбогдох 1810022680675 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номуун хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 2-60-31 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:00000000;
Шүүгдэгч Ч.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 45 дугаар байрны 1 тоотод Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаал гарч “Богдхан Уул”-ын аман дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Д.Б-т мэдэгдэлгүйгээр уг газрыг түүнд зарна гэж урьдчилгаа 147,631,800 төгрөгийг авч залилан Д.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Х-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х-ын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-аас 48,000,000 (дөчин найман сая) төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Б-т олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялын хугацааг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, бага тэнгэрийн амны задгайд “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 1,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ авсан. Миний танил болох Д.Б нь уулзаад уг газар дээр хамтарч аялал жуулчлалын бааз байгуулж хамтран ажиллах санал тавьснаар Д.Б-ын танил ӨМӨЗО-ны иргэн О-той танилцуулж, О-ийн аж ахуй нэгж болох “Алтан Саятан” ХХК-тай хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ байгуулж, “А” тал Ч.Х, Д.Б нар, “Б” тал О-той гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж эхний ээлжинд 200 сая төгрөгийг байршуулснаар миний ашиглахаар авсан уг газарт зарцуулсан мөнгийг нөхөн гаргахаар тохирсон. Гэвч Д.Б нь миний ар худрагаар миний гарын үсгийн дуурайлган зурж, намайг он удаан жилээр гадаадад амьдрах болсон тул уг газрыг хуулийн хүрээнд өөрийн хүсэлтээр цуцалж өгнө үү гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өгч, өөрийн аж ахуйн нэгж болох “Алтан саятан бэст” ХХК-ийг шинээр нээж, уг газрыг шилжүүлэн авахаар дэмжлэг авсан. Мөн Д.Б-ын санаачилгаар бид хоёр харилцан тохиролцож шинэ аж ахуй нэгж болох “Дөрвөн хайрханы нөмөр” нэртэй ХХК-ийг нээж, захирлаар Ч.Х намайг томилж, Д.Б 50% хувьцаа эзэмшихээр болсон. Уг аж ахуй дээр ломбард нээж ажиллуулахар тусгай зөвшөөрөл гаргуулж авсан. Д.Б нь манайд ирж чиний гарын үсэг хэрэгтэй болоод байх юм, чи заримдаа согтуу, нэг бол байхгүй, чамайг олоход хэцүү юм гээд надаар 5-6 ширхэг бичгийн цаасан дээр миний гарын үсгийг зуруулж авсан. Тухайн үед би Д.Б-ын уг миний гарын үсэгтэй цаасыг миний эсрэг ашиглана гэж бодоогүй. Д.Б бид хоёр сайн найзууд, нэг айлын баз хүргэнүүд байсан. Би түүнд бүрэн итгэж гарын үсгээ зурж өгсөн. Би тухайн үед миний аавын бие нь маш муу, хорт хавдарын 4-р үед орж, 4 удаа мэс засал хийлгэж ходоод гэдсээ тайруулсан юм. Мөн төрсөн дүү маань зуурдаар нас барж, мөн жилд аав маань бурхан болсон, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Үүүнээс болж өндөр настай ээжийн бие нь муудаж, сэтгэл санаа нь тогтворгүй болж даралт нь байн байн ихсэж, хүний асрамжинд орсон. Энэ байдлыг Д.Б нь маш овжиноор ашиглаж, намайг байнга хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, чи өвчтэй асарч чадахгүй аавтайгаа уулзаж чадахгүй, би чамайг чиний гарын үсэгтэй цаасаар чинь шоронд хийж, суулгаж чадна шүү гэж сүрдүүлж, чи намайг мэднэ шүү дээ би үүгээр чинь мэргэшсэн хүн, чи энэ мөнгийг авсан гээд хэлээд хүлээн зөвшөөрчих, тэгвэл би өргөдлөө буцааж авъя гээд надаар хүлээн зөвшөөрүүлсэн. Гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Би тэр үед юу хийж байгаагаа ойлгох чадваргүй зөвхөн аавыгаа бодож байсан. Би Д.Б-аас 2017 онд нийт 48 сая төгрөгийг хэсэгчлэн зээлийн бичиг баримт бичиж, гарын үсгээ зурж авч байсан. Тус мөнгийг өөрийн ашиглахаар авсан газрын зардал мөнгөнд зарцуулсан. Уг мөнгийг би Д.Б-аас зээлж авсан, залилж аваагүй. Уг газрын цуцлагдсан бичиг баримт гэрчилгээг сэргээх ажилд зориулж 15 сая төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Н.А-ийн дүү А-д өгч хөөцөлдүүлэхээр болж эхний ээлжинд 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн 8 сая төгрөгийг маргааш ажил дээрээ очоод өгнө гэсэн боловч үлдэгдэл мөнгөө өгөөгүй учир уг ажил зогссон юм. Д.Б нь Ч.Ха чиний цуцлагдсан газрыг сэргээе гэж хөөцөлдөж байна, тийм болохоор чи надад 15 сая төгрөг авсан гэсэн баримт бичиж өг гэхээр нь би өөрийн гараар бичиж өгсөн, тус мөнгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг авсан гэж үзэж 48 сая төгрөг дээр нэмж, нийт 63 сая төгрөг залилж авсан гэж үзэн 2 жил 6 сарын хорих ял өгсөнд гомдолтой байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн прокуророос хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож, хааж байсан хэргийг Д.Б нь танил талаа ашиглан зохиомлоор гүжирдэж байгаад маш их гомдолтой байна. Миний өөрийн биеийн байдал муу даралт ихсэж, элэг муу эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Энэ хугацаанд би Д.Б-ын хохирлыг бүрэн барагдуулсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч ойлгож байна. Хохирогч Д.Б-аас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Х миний ар гэрийн байдал, ээжийн минь биеийн байдал маш муу, одоо 83 настай хүний асрамжинд байгаа болон миний өөрийн биеийн байдал муу, 61 настайг минь харгалзан үзэж надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. ... Би анх 147, 631, 800 төгрөгийг аваагүй. Би өөрийн гарын үсэг зурж авсан 48.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн “цуцлагдсан газрыг сэргээх юм чинь чи өөрөө гарын үсэг зур, 15.000.000 төгрөгийг авсан гэдгээ бичиж өг” гэхэд нь би өөрөө гарын үсэг зурж өгч байсан. Ингээд нийт 63.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, ухамсарлан ойлгож байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг асар их үнэ цэнтэй болохыг ойлгож байна. ...” гэв.
Хохирогч Д.Б давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Х-ын мэдүүлэгт болон яллах дүгнэлтэд Ч.Х нь 2021.08.25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “би Д.Баас 132.631.800 төгрөг авсан нь үнэн, би хэд хэдэн хүнээс хууль эрх зүйн зөвлөгөө авахад мөнгө авсан талаараа хэлж болохгүй гэхээр нь би урьдны мэдүүлгүүд дээр мөнгө аваагүй гэж явж байсан нь миний буруу. Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос авсан мөнгөө юунд зарцуулсан талаараа тодорхой тайлбарласан. Газар ашиглах эрх хүчингүй болсны дараа зарна гэж байсан газраа хүнд 15 сая төгрөгөөр барьцаалсан байж байгаад төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлж авч байсан, 54 сая төгрөгийг хүнээс зээлж авсан тул зээлийн төлбөрт төлсөн 8 сая төгрөгийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргахдаа төлж байсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний дүнд 6 сая төгрөг төлсөн, үлдэгдэл 49 сая төгрөгийг нь хэрхэн яаж зарцуулсанаа санахгүй байна гэсэн мэдүүлэг өгч байсан. Мөн гэрч Б.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-нд өгсөн мэдүүлэгт “...Ч.Х нь шаардлагатай үедээ Д.Баас мөнгө нэхээд авчихдаг байсан, Ч.Х нь Д.Б-с гарын үсэг зураад л хэд хэдэн удаа мөнгө аваад байдаг байсан, 2018.04.15-ны өдөр 117 сая төгрөг байх аа их хэмжээний мөнгийг авсан, энэ баримтан дээрхи гарын үсгийг Ч.Х нь өөрөө зурж баримт үйлддэг байсан” гэсэн. Энэ хэрэг бүтэн 5 жилийн турш шалгагдсан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримтанд Ч.Х нь гэм буруугаа видео дүрс бичлэгээр болон цаасан дээр өөрийн гараар бичиж хүлээсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, шинжээч нар 147.631.800 төгрөгөөр хохирсон болохыг тогтоож хэргийг нь хангалттай илрүүлсэн байтал шүүгч 48.000.000 төгрөгийг хохирогч Д.Б-с шилжүүлэн авсан, шүүгдэгч Ч.Х мэдүүлсэнтэй хохирогч маргаагүй гэж хэт нэг талыг барьж хохирогч намайг хохирсон дээр маань нэмж хохироосон нь үндэслэлгүй, шүүгдэгчид ял завшуулсан шийдвэр гаргалаа. Хохирогч миний бие нь энэ хэргийн араас 5 жил хөөцөлдөн байж шүүхийн шатанд ирэхэд шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж найдаж байтал хохирогч намайг хохирсон дээр маань нэмж хохироосон шийдвэр гаргасан учир Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Ч.Х нь надаас 147.631.800 төгрөгийг аваагүй мэтээр удаа дараа худал мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч Ч.Х-ын тайлбарыг сонсоход 2 өөр зүйл ярьж байгаа юм. Миний бодлоор анхан шатны шүүх яагаад 147.631.800 төгрөгийг хүчингүйд тооцож, 63.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Шүүгдэгч Ч.Х нь анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан 63.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гэсэн ч 147.631.800 төгрөгийг аваагүй гэж ярьж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Ч.Х-ын өөрийнх нь өгсөн мэдүүлэгтэй зөрж байгаа юм. Шүүгдэгч Ч.Х “...би 147.631.800 төгрөгийг авсан...” гэж задаргаагаа хүртэл маш сайн тайлбарласан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Х бид хоёрыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байдаг. Нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхдөө хүртэл Ч.Х өөрөө бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч, дахин худал мэдүүлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө Ч.Х нь манай ажил дээр ирж уулзсан. Бичлэг нь хавтаст хэрэгт байгаа. Ч.Х хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа яагаад өнөөдөр өөр зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Хын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шатнаас эхлэн эргэлзээтэй асуудлууд байгаа талаар дурдаж, шалгах хүсэлт гаргаж ирсэн. Анхан шатны шүүхийн шатанд цагаатгах байр суурьтай оролцсон. Учир нь, хохирогчийн мэдүүлгүүд маш эргэлзээтэй, байнга зөрүүтэй байдаг. Хавтаст хэргийн 33 дугаар хуудаст үнийн дүн зөрүүтэй байдаг. Тухайлбал, 147.631.800 төгрөг, 132.631.800 төгрөг гэх мэтээр зөрүүтэй хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанаар үнийн дүнгийнхээ задаргааг тайлбарла гэхэд Д.Б уурладаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад “…Ч.Х нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гадаад явж байгаа учраас газрыг цуцалж өгнө үү…” гэсэн байдаг. Гэтэл Ч.Х, Д.Б нарын хооронд уг газрын 700.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр, мөн хамтран ажиллахаар гэрээ байгуулагдсан нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хэрэв 700.000.000 төгрөгийн эзэмших, ашиглах эрхтэй газрыг худалдах гэж байгаа хүн газрыг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг өгөх боломжгүй. Ч.Х “...Д.Б бид хоёр “Дөрвөн уул хайрхан” ХХК-тай байсан, бид хоёр хамтран ажилладаг байсан. Тухайн үед Д.Б “чи гадуур их ажилтай учраас чиний гарын үсэг олдохгүй юм” гэж хэлээд, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. ...” гэдэг. Үүнийг нь гэрч Алтантүлхүүр “...хоосон цаасан дээр олон удаа гарын үсэг зуруулж авч байсан...” хэмээн гэрчилдэг. Мөн хохирогч Д.Б нь 147.631.800 төгрөгийг өгөхөд хажууд нь гэр бүлийнхэн нь байсан, нэг өдөр өгсөн, дансаар өгсөн гэх мэтээр байнгын зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Шүүгдэгч Ч.Хын хувьд анхан шатны шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан учраас хүлээн зөвшөөрч 63.000.000 төгрөгийг төлсөн. Газрын эрхийг хүчингүй болгосон асуудлын тухайд Ч.Х өөрөө хүсэж, гарын үсэг зурсан асуудал огт байхгүй, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. 2 хоногийн дараа “Алтан саятан вест” ХХК-иас харин ч Дархан цаазтай газрын захиргаанд “...1.4 га газрыг манайд эзэмшүүлж, ашиглуулах эрхийг олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Энэ асуудлаас болж маргаан үүсэж, Ч.Х Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...газрыг цуцлах хүсэлт гаргаагүй...” гэж хандсан байдаг. Дараа нь Ч.Х, Д.Б нь нар эвлэрч, буцааж газраа авахаар болсон асуудал шийдвэрлэгдсэн, албан тоот хүртэл хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч Ч.Х-ын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, торгох ялаар сольж өгнө үү гэсэн асуудалд нь анхан шатны шүүх хуралдааны дараа 15.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 8 дугаар сарын 4-ний өдөр 15.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 11.000.000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж, анхан шатны шүүхээс төлөхөөр гаргасан 63.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан баримтыг давж заалдах шатны шүүхэд өгье. Хэрэв анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзвэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Хын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Х болон өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдол, тайлбар зэргийг дэмжин оролцож байна. Хохирогчийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Анхан шатны шүүх хуралдаанаар мөнгийг ямар хэлбэрээр өгсөн бэ гэхэд доллар, юань, дансаар өгсөн гэх тайлбарууд нь нотлогддоггүй учраас анхан шатны шүүх нотлогдож байгаа хэмжээгээр буюу 63.000.000 төгрөгийг хохиролд тооцсоныг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээтэй холбоотойгоор талууд харилцан ярилцаж, тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч авалцсан асуудал байдаг. Ч.Х-с үл хамаарах асуудлаар газрын эрх цуцлагдсан байсныг залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг цуцлагдсан гэдгийг мэдэгдэхгүйгээр мөнгө авсан үйлдлийг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэнд маргаж, мэтгэлцэж оролцсон. Нэгэнт шүүгдэгч Ч.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэтгэврээсээ торгох ялыг төлөх боломжтой гэж байгаа тул хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Б нь хохирлын хэмжээнд гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад заасан 66.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, тухайн газрын эрхийг цуцалсан тушаал гарснаас хойш Д.Б-т мэдэгдэлгүйгээр түүнийгээ нуун дарагдуулж, Д.Б-аас 147.631.800 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр авсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт маш тодорхой авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудаст 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр газрын урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 15.000.000 төгрөг хүлээн авсан баримт байгаа. 109 дүгээр хуудаст уг газрыг 700.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаанд бэлнээр 117.631.800 төгрөгийг хүлээн авсан баримтууд авагдсан. Бэлэн мөнгө хүлээн авсан баримт дахь гарын үсгүүд Ч.Х-ынх мөн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Ч.Х өөрийнхөө мэдүүлгүүдээр удаа дараа мөнгө авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл, 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ 15.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...би Д.Б-с 132.631.800 төгрөгийг авсан нь үнэн. Би хэд хэдэн хүнээс хууль зүйн зөвлөгөө авахад мөнгө авсан талаараа хэлж болохгүй гэхэд нь би урьд өгсөн мэдүүлгүүддээ мөнгө аваагүй гэж явж байсан нь миний буруу, Д.Б-тай мөнгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. ...” гэсэн байдаг. Мөн цагдаа шүүхэд гаргаж өгсөн графикууд, 147.631.800 төгрөгийг хэрхэн төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ийм учраас хохирогч Д.Б-т 147.631.800 төгрөгийн хохирол учирсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан тайлбарын тухайд Ч.Х нь гэм буруудаа маргахгүй, гэмшиж байгаа талаараа мэдүүлдэг. Гэвч Д.Б-ыг хоосон цаас авч яваад гарын үсэг зуруулсан гэж ярьж байна. Энэ нь ямар ч нотолгоо байхгүй. Хэрэв компанийн бичиг баримт хэрэгтэй болсон бол бланк гэж бий. Бланк дээр гарын үсэг зуруулж авахаас биш хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авна гэсэн ойлголт байхгүй. Мөн хамтран ажиллах гэрээний А тал нь Ч.Х, Д.Б нар, харин Б тал нь “Алтан саятан вест” ХХК-ийн О гэх хүн байгаа. “Алтан саятан вест” ХХК-ийн О гэх хүн санхүүжилт хийх ёстой, хөрөнгө оруулах ёстой. Ч.Х нь өөрөө газрын гэрчилгээгээ нууж барьцаанд тавьснаас хойш уг гэрээ хэрэгжээгүй, хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулаагүй. ...” гэв.
Прокурор С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар захирамжийг хохирогч Д.Б-т мэдэгдэлгүйгээр 63.000.000 төгрөгийг авсан гэж шүүх дүгнэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Ч.Х-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй. Шүүгдэгч Ч.Х-ын хохирол, төлбөрөө нөхөн төлсөн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Х үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 45 дугаар байрны 1 тоотод Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаал гарч “Богдхан Уул”-ын аман дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Д.Б-т мэдэгдэлгүйгээр уг газрыг түүнд зарна гэж урьдчилгаа 147.631.800 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тус эрүүүгийн хэрэг дэх бүхий л нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр батлах эсхүл үгүйсгэн няцааж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй.
Тус хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн “Богдхан-Уул”-ын аман дахь тухайн газрыг ашиглахад хэрхэн хамтран ажиллах тухай гэрээ, гэрээний дагуух хөрөнгө оруулалтын асуудлаас гадна тухайн газрыг ашиглах эрх цуцлагдсантай холбоотойгоор өөр хооронд үүссэн өр төлбөр, бусад маргааны талаарх бүхий л нотлох баримтыг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь нягт, бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэхгүйгээр таамагласан байдлаар шийдвэрлэх ёсгүй.
Тухайлбал, анхан шатны шүүхээс “шүүгдэгч нь хохирогчийн 68.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хамаарахгүй цаг хугацаа ба хохирлын асуудлаар буруу дүгнэлт хийжээ.
- шүүгдэгчийн”...Газрын эрх цуцлагдахаас өмнө гэрээ байгуулсан, газар эзэмших эрх цуглагдсанаас хойш авсан мөнгө гэж яригдаад байгаа нь Д.Б 200 сая төгрөг дансанд орж ирж байна. Эндээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мөнгө, төсөл, скиз зураг, газрын төлбөр, анхан, дунд худалдааны мөнгө зэрэгт зарцуулагдсан. 48.000.000 төгрөг гэж байгаа нь бага багаар авсан мөнгө ба Д.Б надтай ярьсан хэлцлийн дагуу зарцуулсан, тус 48 сая төгрөгийг 2017-2018 онуудад бага багаар авсан. Үүнээс гадна 15.000.000 төгрөг гэж байгаа нь байр ломбардад тавьсан мөнгө. ...Мөн газрын цуцлагдсан бичиг баримт гэрчилгээг сэргээх ажилд зориулж /гишүүний дүүд өгч хөөцөлдүүлэхээр болсон/ 15 сая төгрөгийг өгөхөөр болж, ээлжинд 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн 8 сая төгрөгийг ажил дээрээ өгч байсан. ...” гэх мэдүүлэг /4хх-20-22/,
- Ч.Х-ын гэрчээр өгсөн ”...Д.Б-с авсан 48 сая төгрөг нь хамтран ажиллах гэрээний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ төсөл, аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, скиз зураг, газрын төлбөр зэрэгт зарцуулагдсан, надад хийсэн ажлын баримт байгаа. ...гэх мэдүүлэг /1хх-36, 37/, мөн түүний бичсэн баримт /1хх-60/,
- Ч.Х-ын хөрөнгө оруулагч гэх О, Д.Б-с авсан зарим мөнгөн дүнгийн жагсаалт /1хх-239/,
- Ч.Х-ын ”...Би Д.Б-с 2017 онд нийт 48 сая төгрөгийг хэсэгчлэн зээлийн баримт бичиж, гарын үсгээ зурж авч байсан. Тус мөнгийг өөрийн ашиглахаар авсан газрын зардал мөнгөнд зарцуулсан. Уг мөнгийг би Д.Б-с зээлж авсан, залилж аваагүй. ...Уг газрын цуцлагдсан бичиг баримт гэрчилгээг сэргээх ажилд зориулж 15 сая төгрөгийг “гишүүний дүүд өгч хөөцөлдүүлэхээр болсон” боловч уг ажил зогссон. Д.Б нь Ч.Х чиний цуцлагдсан газрыг сэргээе гэж хөөцөлдөж байна, тийм болохоор чи надад 15 сая төгрөг авсан гэсэн баримт бичиж өг гэхээр нь би өөрийн гараар бичиж өгсөн. ...” гэх гомдол /4хх-50/,
- мөн хохирогчийн бүхий л мэдүүлэгт тухайн 48 сая төгрөгийг залилуулсан гэх асуудлаар гомдол гаргасан үйл баримт байхгүй зэргийг бүхэлд нь харьцуулан шалгаж, дүгнээгүй байна.
2. Залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход залилах хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, зүйлчлэгдэх хохирол, тэдгээрийн эх сурвалж, мөн хохирогч ба шүүгдэгч нар “тухайн газар ашиглах” эрхийн хүрээнд хамтран ажиллаж эхэлснээс хойш газрын эрх цуцлагдах хүртэлх хугацааны хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгийн хэмжээ, баримт /байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мөнгө, төсөл, эскиз зураг, газрын төлбөр, анхан, дунд худалдааны мөнгө зэрэгт зарцуулагдсан/ тэдгээрийн ялгаа заагийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолж, дүгнэх зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, хохирогчийн гомдол ”...2018.5.01-ний өдөр 132.631.800 төгрөгийг авсан...байгаль орчны хүмүүст мөнгө өгөх, бага сага мөнгө хэрэгтэй гээд цуваргаж авсан. .../1хх-30/,
- гэрчээр өгсөн мэдүүлэг ”...Ч.Х аялал, зуучлалын зориулалттай 1.4 га газар байгаа гэж 2017 оны сүүлээр ярьж байсан, энэ газар дээр юм хийж чадахгүй байна, чи худалдаж авч юм хий гэж санал тавьсан. Би газрыг очиж үзээд худалдан авахаар болж, урьдчилгаа 132.631.800 төгрөг өгсөн. ...” /1хх-35/,
- хохирогчийн мэдүүлэг ”...2018.4.15-ны өдөр 117.631.800 төгрөгийг бэлнээр, нэг хэсгийг нь Ч.Х-ын өртэй байсан банк бус санхүүгийн байгууллага, аав, ээж хоёрынх нь байрны банкны зээлийн хүүг өөрийн дансаар төлсөн. ...Энэ мөнгө задгай төгрөгөөр байгаа гэвэл Ч.Х өрийг нь төлөх газрын төлбөр, дуудлага худалдаанд орж байсан мөнгөн дүнг төлөөд ийм дүн гарсан, тооцоо нийлсэн. ...2018.5.01-ний өдөр 15 сая, 2018.5.11-ний өдөр 15 сая төгрөг тус тус өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-33-34/,
- 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан нэг талаас Д.Б, Ч.Х, нөгөө талаас “Алтан саятан” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /1хх-143-147/,
- 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас Ч.Х, нөгөө талаас “Алтан саятан бэст” ХХК-ийг төлөөлж Д.Б нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /3хх-204/,
- Ч.Х-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шалгахад хохирогч ба шүүгдэгч нарын мэдүүлэг хооронд “хохирлын хэмжээ ба хохирол учирсан гэх цаг хугацааны талаар ноцтой зөрүү” үүссэн байх ба тухайн хохирлын дүн нь “хамтран ажиллаж эхэлснээс хойш хамтын ажиллагааг зогсоох” хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр зарцуулсан мөнгөн дүн, мөн газар ашиглах эрхийг дахин сэргээлгэх, “Алтан саятан бэст” ХХК-нд шилжүүлэх процесс ажиллагааны хүрээнд зарцуулсан гэх зардлын дүн, түүнчлэн газар ашиглах эрх цуцлагдсанаас хойших өгч авалцсан мөнгөний дүн буюу тэдгээрийн ялгаа зааг, эх сурвалж зэргийг бүрэн, зөв дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай болох нь илэрхий байна.
3. Шүүгдэгч ба хохирогч нар нь тухайн газар ашиглах эрхийн хүрээнд хамтран ажиллах гэрээ, мөн газар ашиглах эрхийг нэгээс нөгөөд харилцан шилжүүлэх болон газар ашиглах эрх цуцлагдсаныг сэргээлгэх талаар хэлцэл, зарим ажиллагаа хийгдсэн тухай баримт сэлт, мэдээллийг хэрхэн үгүйсгэх эсхүл батлах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Тухайлбал, - 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан нэг талаас Д.Б, Ч.Х, нөгөө талаас “Алтан саятан” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /1хх-143-147/,
- 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас Ч.Х, нөгөө талаас “Алтан саятан бэст” ХХК-ийг төлөөлж Д.Б нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /3хх-204/,
- 2018.01.26-ны өдөр “Алтан саятан” ХХК-иас Д.Б-т “Ч.Х-тай хийх хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг олгосон, үүнд, ХУД-ийн 11-р хороо, 48-р байрны 1 тоотыг худалдах, иргэн Ч.Хын БЗД, 11-р хороо, бага тэнгэрийн аманд байрлах 1.4 га газрыг “Алтан саятан бэст” ХХК-ний нэр дээр шилжүүлэн авах үйлдэл хийх, гарын үсэг зурах зэрэг бусад эрхийг олгож байна гэх итгэмжлэл /1хх-148/,
- 2018.01.26-ны өдөр шүүгдэгч ба хохирогч нарын хооронд хийгдсэн хэлцэл /1хх-247/
- Ч.Х-ын 2018.02.26-ны өдөр гаргасан “газрын эрхээ цуцлуулах тухай хүсэлт /3хх-65/, тухайн газрыг 2018 оны 2 сард “Алтан саятан бэст” ХХК-д шилжүүлэх тухай өргөдөлд тусгасан баримт, гомдол /3хх-188, 198, 104-106/,
- 2018.03.02-ны өдрийн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал зуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан “санал хүргүүлэх тухай баримт”: ”Алтан саятан бэст” нь аялал жуучлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд байрлалтай, 1.4 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй, олгоход татгалзах зүйлгүй” /3хх-67, 199/,
- Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.06.13-ны өдрийн албан баримт: ”Ч.Х та гомдлоо хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” /1хх-113/,
- Ч.Х-аас гаргасан “Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-тай “Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд, арцадын амны задгайд 1.5 га газрыг нөхөн олгохоор эвлэрсэн тухай хүсэлт” /1хх-122-124, 126/
- Ч.Х-аас нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаалын өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталсан тухай шүүхийн 2018.8.22-ны өдрийн захирамж /3хх-96-97, 191-193 /,
- Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.8.31, 2018.09.20-ны өдрийн албан баримт: “Батбогд хайрхан тур” ХХК нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд, арцадын амны задгайд 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр хүсэлт ирүүлснийг судлаад солбилцолын цэг давхцаагүй, үнэлгээ хийхийг дэмжиж байна” /1хх-131, 134/,
- гэрч А.А-ийн мэдүүлэг /1хх-45/, Ч.Х-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...”Би анх тухайн газрыг “Алтан саятан бэст” ХХК-д шилжүүлж өгөөд байрыг авахаар тохирсон байсан ба “Алтан саятан бэст” ХХК хүсэлт гаргаж авах гэж оролдсон боловч бүтээгүй учир намайг 2 сар орчмын дараа байрнаас гаргасан. ...Би 2018 онд Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д “та захиргааны шүүхээс гомдлоо татаад авчих, би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагт 1.5 га газрыг гаргаж өгье гэхээр нь гомдлоо татаж аваад, материал бүрдүүлж өгсөн боловч нөгөө надад өгөх газар нь “Туурайн төвөргөөн” ХХК-ний газартай давхцаж байгаа гээд өнөөдрийг хүрсэн. ...Газар цуцалсантай холбоотой асуудлыг сэргээлгэх, хөөцөлдүүлэхээр 15 сая төгрөг Д.Б өгсөн. Газрын гэрчилгээ надад ирэх гэж байгаа учраас ингэж бичиж гарын үсэг зураад өг, тэгж байж энэ мөнгийг өгнө гэж байсан. ...Д.Б-т зарна гэж байсан газраа хүнд 15 сая төгрөгөөр барьцаалсан байж байгаад төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлж авч байсан.../1хх-36-37, 2хх-92-93, 3хх-35-36, 38, 4хх-19-22, 26/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүхэлд нь нягт, бүрэн, бүх талаас нь шалгаж, энэ хүрээнд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам хэрхэн зөрчигдсөн эсэх зэрэгт анализ, синтез хийх арга замаар тухайн залилах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, үйлдсэн бол цаг хугацаа, сэдэлт, зорилго болон нотолбол зохих бусад асуудлыг зөв, оновчтой шийдвэрлэх ёстой гэж үзнэ.
4. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор нь нотолбол зохих байдлын хүрээнд зарим нотлох баримтыг бүрэн бус цуглуулж, бэхжүүлсэн буюу орхигдуулсан байх нь нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөнд тооцно.
Тухайлбал, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд заавал цуглуулж, бэхжүүлсэн байх ёстой зарим нотлох баримт тодорхойгүй орхигдсон байгааг анхаарвал зохино.
Мөн “Алтан саятан бэст” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ /2хх-19, 3хх-19-22/-г үзэхэд 2018.01.15-ны өдөр байгуулагдаж, Д.Б гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байх боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Алтан саятан бэст” ХХК-ийг төлөөлж Д.Б нь Ч.Х-тай хамтран ажиллах гэрээ /3хх-204/ байгуулсныг нягтлах нь зүйтэй.
Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.1 “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, 2.3 “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.Б-ын гаргасан “анхан шатны шүүх нь залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй дүгнээгүй” гэх агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “торгох ял оногдуулах” тухай шүүгдэгч Ч.Х-ын гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Ч.Хад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.Б-ын гаргасан “анхан шатны шүүх нь залилах хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй дүгнээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангасугай.
2. Шүүгдэгч Ч.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР