2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00463

 


2025 01 21 192/ШШ2025/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***тоот хаягт оршин суух, ***д холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 16,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн өмгөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч **-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 16 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Иргэн *** би 2022 оны 7 дугаар сард иргэн ***той уулзан түүний гэх нэгдсэн том хашаатай газраас нь өөрийн нь зааж өгснөөр цахилгааны тулгууртай шонгийн дэргэд байрлах 700 ам метр газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Тийнхүү зааж өгснийг тухайн үед надтай хамт явж байсан манай хүргэн *** сайн мэднэ. Мөн сарын 25-ны өдөр бид нотариатад очин маягтын дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Нотариач ***ийн гарган өгсөн гэрчилгээг үндэслэн уг маягтыг бөглөж бид хоёроор гарын үсэг зуруулсан. Орой нь гэртээ ирээд гэрээ, гэрчилгээгээ үзтэл газрын хэмжээ 573 ам метр байсан тул би тэр дороо *** руу утасдаж газрын хэмжээ бага, 1 ам метрийн үнэлгээгээр тооцоход 15 сая гаруй төгрөг болж байгааг хэлэхэд "Эгчээ надад мөнгө маш хэрэгтэй байна. 16,7 саяараа наймаагаа хийе. Цэг тогтоолгох шаардлагагүй. Хавар танай газарт 380 вт-ын цахилгаан татаж өгье гэж гуйсан. Би үүнд нь итгэн түүнд 16,7 сая төгрөг өгсөн. 2023 оны зун газар дээрээ хашаагаа барихаар ***ийн зааж өгсөн газар дээрээ очтол уг газрын зарим хэсэг түүнээс 3 айлын газар худалдаж авсан хүний хашаанд орсон байв. Уг хүнээс шалтгааныг асуутал газрынхаа цэгийг тогтоолго гэсэн. ***ийн надад өгсөн кадастрын зургийн дагуу шалгуултал миний авсан газар өөр байрлалд намган дунд байгаа болж таарсан. Иймд би ихээхэн цочирдож гайхан ***д энэ талаар хэлж наймаагаа буцъя" гэхэд "авсан таны хохь. Надад мөнгө байхгүй" гэж хэлсэн. Ийнхүү хариуцагч *** нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-д "эрх шилжүүлэгч нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчин намайг төөрөгдөлд оруулан хэн ч тоохгүй ус, намган дундах газраа надад худал хэлэн худалдаж хохироогоод байна. *** нь газар эзэмших эрх шилжүүлсний хариу төлбөрт надаас 16,7 сая төгрөг авсан атлаа татвараас зугтаж 5 сая төгрөг авсан мэтээр бичүүлсэн байгаа нь ч гэрээ хүчин төгөлдөр бус байх нэг үндэслэл болов уу гэж ч бодож байна. Эдгээр байдлыг үндэслэн мөн гэрээний 6.6-д "энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд орлоо. ***ын 2023.11.06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудаст ч миний гомдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзлээ" гэж заасан байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Миний хариуцагч ***той байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн нотариатын 1093 бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж тооцно уу. Хариуцагч ***оос 16700000 /арван зургаан сая долоон зуун мянган/ төгрөгийг надад буцаан олгуулна уу. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтийн агуулга, үндэслэл: Иргэн *** нь 2022 оны 7 дугаар сард иргэн ***той уулзан түүний гэх нэгдсэн том хашаатай газраас нь өөрийн нь зааж өгснөөр цахилгааны тулгууртай шонгийн дэргэд байрлах 700 ам метр газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцжээ. Тийнхүү зааж өгснийг тухайн үед түүнтэй хамт явж байсан ***ийн хүргэн *** нь сайн мэдэх аж. Мөн сарын 25- ны өдөр *** нар нотариатад очин маягтын дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ. Нотариач ***ийн гарган өгсөн гэрчилгээг үндэслэн уг маягтыг бөглөжээ. Орой нь ****гэртээ очоод гэрээ, гэрчилгээгээ үзтэл газрын хэмжээ 573 ам метр байсан тул ***руу утасдаж газрын хэмжээ бага, 1 ам метрийн үнэлгээгээр тооцоход 15 сая гаруй төгрөг болж байгааг хэлэхэд "Эгчээ надад мөнгө маш хэрэгтэй байна. 16,7 саяараа наймаагаа хийе. Цэг тогтоолгох шаардлагагүй. Хавар танай газарт 380 вт-ын цахилгаан татаж өгье" гэж гуйжээ. *** үүнд нь итгэн түүнд 16,7 сая төгрөг өгсөн байна. 2023 оны зун *** газар дээрээ хашаагаа барихаар ***ийн зааж өгсөн газар дээрээ очтол уг газрын зарим хэсэг түүнээс 3 айлын газар худалдаж авсан хүний хашаанд орсон байв. Иймд ***ийн өгсөн кадастрын зургийн дагуу шалгуултал ***ийн авсан газар өөр байрлалд намган дунд байгаа болж таарчээ. Иймд ***ихээхэн цочирдож гайхан ***д энэ талаар хэлж наймаагаа буцъя" гэхэд "авсан таны хохь. Надад мөнгө байхгүй" гэж хэлсэн байна. Ийнхүү хариуцагч *** нь ус, намган дундах газраа ***т худал хэлэн худалдаж хохироосон байна. Мөн *** нь газар эзэмших эрх шилжүүлсний хариу төлбөрт ***ээс 16,7 сая төгрөг авсан атлаа гэрээнд 5 сая төгрөг авсан мэтээр бичүүлсэн байна. Гэтэл гэрээ нь хуульд болон бодит байдалд нийцсэн байх ёстойгоос гадна талуудын үйлдэл гэрээгээрээ зохицуулагдах ёстой билээ. Эдгээр байдлыг үндэслэн мөн гэрээний 6.6-д "энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу *** нь шүүхэд хандсан. Харин өнөөдөр нэхэмжлэгч **** нь үүний өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: Хариуцагч ***оос гэрээнд зааснаас илүү төлсөн 11700000 /арван нэгэн сая долоон зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч ***т буцаан олгуулна уу. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үүний өмнө шүүхэд гарган өгсөн бичмэл баримтуудаар нотлогдох ба улсын тэмдэгтийн хураамж мөн төлөгдсөн байгаа болно. Харин гэрч асуулгахаар өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. гэжээ.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийдөө бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *** нь ***тэй уулзаж, газрын эрх шилжүүлэх гэрээний талаар ярилцаад, газрын эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. Шилжүүлсний дагуу тухайн өдөр ***ийн данс руу 5,000,000 төгрөгийг ***ХК болон ***ХК-ны дансаар шилжүүлсэн. Гэрээний дагуу 7 дугаар сарын 25-ны өдөр газрыг хүлээлгэн өгсөн байдаг. Хүлээлгэж өгсний дараа *** газрын эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын албанд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр газрын баримтуудаа хүлээлгэж өгч, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А361 тоот захирамж гаргаж, ****ийн нэр дээр тухайн газар шилжсэн. Тиймээс тухайн газрыг *** өөрөө хүлээн зөвшөөрч, ярилцсан үнийг дүнг мөн хүлээн зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захирамж гарсны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газрын үнэ төлбөр гэж сүүлийн 200,000 төгрөгийг ***ийн данс руу шилжүүлсэн юм. Тухайн газар эзэмших гэрээг хүлээн зөвшөөрч *** газраа шилжүүлж авсан. Газар шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрсөн буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ***гэх хүн рүү өөрийн газрын эрхийг шилжүүлсэн үйл баримт харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3439 дүгээр албан бичиг, ***ийн эзэмшлийн ***банкны ***тоот дансны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хуулга, ****эзэмшлийн ***банкны ***тоот дансны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, фото зураг, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/23805 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээллийн хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.

Шүүгчийн захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, хавсралтын хамт, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн ****дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зургийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, ****ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн хуулбар, ***ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх, шилжүүлэх гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн **** дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зургийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хуулбар, Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актын хуулбар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/19 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хуулбарын хамт гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д холбогдуулан илүү төлсөн төлбөрт 11,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Зохигчид 2022 оны 07 сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн *** дугаартай, нэгж талбарын ****дугаартай *** байрлах 573 м2 газрыг 5,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар *** дугаартай, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна (хэргийн 6 дахь тал). Зохигчид ийм гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт дээр маргадаггүй.

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2 удаа, 2022 оны 08 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 10 сарын 06-н өдөр 200,000 төгрөг нийт 16,700,000 төгрөгийг газрын үнэ, газрын төлбөрт гэх утгуудаар хариуцагчид дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан, Хас банкны дансны хуулгаар тогтоогддог (хэргийн 9-15 дахь тал). Хариуцагч уг төлбөрийг хүлээн авсан дээр маргаан байдаггүй.

5. Харин нэхэмжлэгч нь 380 квт цахилгаан татах боломжтой, шонгийн модны хажууд байрлах газрыг худалдан авах байсан ч тохирсон газраас өөр байршилд байрлах газрыг зарсан, хэлцлийн үнэ 5,000,000 төгрөг байсан тул илүү шилжүүлсэн 11,700,000 төгрөгөө буцаан авахаар шаардаж байна.

6. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байрлах 573 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар хүсэлтээ гаргаж, 2022 оны 09 сарын 08-ны өдрийн дүүргийн засаг даргын шийдвэрээр газар эзэмшигч болсон байна (хэргийн 47, 88 дахь тал). Түүнчлэн нэхэмжлэгч нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш, цаашлаад газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш газрын төлбөрийг хариуцагч руу шилжүүлж байсан байх тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний бодит үнэ 5,000,000 төгрөг биш харин 16,700,000 төгрөг болох нь тогтоогдлоо. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ 16,700,000 төгрөгийн хэмжээнд байгуулагдсан байна. Харин Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан газар эзэмших эрхийг 5,000,000 төгрөгөөр шилжүүлэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Гэрээний үнийн дүнг 5,000,000 төгрөгөөр илэрхийлсэн халхавч хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа боловч халхавчлагдсан хэлцэл болох 16,700,000 төгрөгөөр газар эзэмших эрхийг шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр байна.

7. Нэхэмжлэгч нь тохиролцсоноос өөр байршил бүхий газрыг зарсан гэх агуулгаар үлдсэн мөнгөө буцаан шаардаж байх хэдий ч Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд газрын байршил бүхий кадастрын зургийг хавсаргасан, газар эзэмших эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжихээс өмнө 2 сарын хугацаанд тухайн газрын бодит байршлыг шалгах, кадастрын зурагтай тулгах боломж байсан тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл хамаарахгүй.

8. Түүнчлэн талуудын тохиролцооны зүйл нь газрын улсын бүртгэлд үндэслэсэн, газрын байршлыг координатын цэгээр тодорхойлж эдэлбэр газрын кадастрын зургаар баталгааждаг газрын эрх байх тул үүнийг нэхэмжлэгч шалгах, тохирсон байршил мөн эсэхээ лавлах боломжтой байсан гэж үзнэ. Иймд газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

9. Иймд нэхэмжлэгчид гэрээний дагуу илүү төлсөн 11,700,000 төгрөгийг буцаан шаардан авах эрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн дагуу үүсээгүй байна.

10. Харин нэхэмжлэгч нь газар тулгууртай өндөр хүчдэлийн шонгийн дэргэд байрлалтай, энэ нь газрыг худалдан авах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээ байгуулах үед, гэрээ хэрэгжиж газрын улсын бүртгэлд эрх эзэмшигчийн мэдээлэл солигдохоос өмнө газрын бодит байрлалын талаарх бүрэн мэдээлэл өгөх, өндөр хүчдэлийн хажууд биш гэдгийг тайлбарлах үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан бараа бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн байна. Худалдагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар худалдан авагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

11. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч ****нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг ***той байгуулж, 3,500,000 төгрөгөөр ***газрыг худалдсан байна (хэргийн 85 дахь тал, зохигчдын тайлбар). Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн хамгаалалтын хүрээнд хариуцагч бүрэн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй зөрчилтэй холбогдуулан учирсан хохирлын хэмжээг хэрэгт авагдсан 2022 оны 7 сарын 25-ны өдрийн гэрээ, 2024 оны 05 сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийн дүнг харьцуулан үзэж 1,500,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

12. Нэгтгэн дүгнэвэл, шүүх 11,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

13. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ***оос 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***-т олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг