2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00385

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00385

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Ба хариуцагч Д.Б холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч М.Ба нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...бид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, би Б.З хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарлажээ.

 

2.Хариуцагч Д.Б нь бид 2013 оноос тусдаа амьдарсан, би хүүгээ харж хандаж, дансанд нь мөнгө хийдэг. Гэрлэлтээ цуцлуулна. Хүү Б.Э ээжийнх нь асрамжид өгнө. Хүүхдийн тэтгэвэр тогтоолгох шаардлагагүй, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

3.Гэрлэгчид 2000 онд танилцан, 2005 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1601 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Э төрж, эцэг Д.Б овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00494 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.

 

5.Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч М.Б нь бусадтай хамтран амьдарч 3 хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. 

 

6.Нэхэмжлэгч нь хүү Б.Э өөрийн асрамжид үлдээнэ, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг тусдаа амьдарсан хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид амьдарч байсан байдал зэргийг харгалзан түүний өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.

 

  8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Д.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Баасанжавт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  М.Б, хариуцагч Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э эх М.Б асрамжинд үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ