Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2023/ДШМ/839

 

 

 

 

 

     2023            8            17                                         2023/ДШМ/839

 

Б.А, Л.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Л.А нарт холбогдох 2210000001407 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А,  0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Алаг толгой 7 дугаар гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити С-21-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:00000000/;

Л.А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр баг Рашаантын 2/36 байр 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 22Б байрны 173 тоотод оршин суух, /РД:00000000/, урьд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;  

Шүүгдэгч Л.А, Б.А нар бүлэглэж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Си Юү” сүлжээ дэлгүүрийн гадна талд 2022 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө иргэн Т.Т-тэй маргалдаж улмаар түүний биед халдан зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхи, баруун дээд зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун бугалгад цус хуралт, хүзүү, зүүн тохой, нуруунд зулгаралт, зүүн тохой, баруун сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити С-21 байрны 7 тоотод хохирогч Г.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд зүүн хэнгэргэн хальсны цооролт, баруун дээд зовхи, доод зовхи, хацар, эрүү, зүүн чих, дээд уруул, доод уруул, доод уруулын салст, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн бугуйнд цус хуралт, баруун алимын салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ард шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А, Л.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.А-д 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Л.А-д 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.А-гийн цагдан хоригдсон нийт 16 /арван зургаа/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон дүйцүүлж 128 цагийн ажлыг түүнд оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, Л.А-гийн биечлэн эдлэх ялыг нийт 222 /хоёр зуун хорин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А, Л.А нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.А нь хохирогч Г.Б-д 337.170 төгрөгийг, хохирогч Г.С-д 300.000 төгрөгийг, Б.А, Л.А нар нь хохирогч Т.Т-т 100.000 төгрөгийг тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт Л.Агаас 150.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б, Т.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүү зэрэгт хамаарах баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч Б.А цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 400 цагийн нийтэд тустай ажил хийх ял авсан бөгөөд уг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Учир нь, Г.Б намайг нойлын өрөөнд байхад араас орж ирж хэл амаар доромжилсон, нойлоос гарч унтахаар өрөө рүүгээ явах үед араас зулгааж татаж, нүүр, цээж хэсгээр маажиж, нүүр хэсэгт цохисон тул тухайн үед миний уур хүрч алгадсан. Гэвч энэ үйлдэлдээ гэмшин хохирогчид тусламж үзүүлэх зорилгоор дүү Б.А-ыг дагуулан эмнэлэгт үзүүлэн, тухайн үед хэрэглэх эм, бусад хэрэгтэй зүйлийг авч өгч анхны тусламжийг үзүүлсэн, энэ талаар баримтыг мөрдөгчид өгч хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн Г.Б-д учирсан зүүн хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь хагалгаа хийх шаардлагагүй, өөрөө эдгэх боломжтой талаар анх үзүүлсэн эмчийн дүгнэлт зэргийг мөн хавтаст хэрэгт хавсаргахаар мөрдөгчид өгсөн. Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн. Цаашид гарах зардлыг нөхөн төлөх боломжтой, энэ тал дээр маргаагүй зэрэг дээрх байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний бие 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг сэргээн засах, шинэчлэх төсөлд ажиллаж байгаа гадаад инженерүүдийн жолоочоор ажилд орохоор хүсэлт гаргаж улмаар туршилтын хугацаанд ажиллаж байгаа тул хувийн байдлыг минь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийх ялыг сольж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Хэргийн үйл баримттай холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй. Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэрх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан Б.А-д холбогдох 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээхдээ мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ямар нэгэн байдлаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих нь хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргасан тохиолдолд тодорхой хэмжээний ажил хийж байгаа субъектийн хувьд цаашид гарах үр дагаврыг арилгахад чухал ач холбогдолтой байх учир шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь, шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг шалгагдаж байх явцдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдөр шилжих шөнө хохирогч Г.Б-гийн биед халдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин давтан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал байгаа тул түүнд анхан шатны шүүхээс 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэлгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.       

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.А, Л.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Тодруулбал, шүүгдэгч Б.А, Л.А нар бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Си Юү” сүлжээ дэлгүүрийн гадна талд 2022 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө иргэн Т.Т-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогчийн гаргасан гомдол /хх-9-/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12, 14/,

- хохирогч Т.Т-ийн: “...Би өөрийн найз Г.С-ийн хамт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Си Юү” сүлжээ дэлгүүрийн урд, автомашины зогсоол дээр үл таних 3 залуу, 1 эмэгтэйтэй таарсан. Тэр хүмүүс бид хоёр дээр ирж танилцъя гэх зэргээр ярьж байснаа хэрүүл өдөж, хар цамцтай үл таних залуу шууд намайг цохиж, унах үед цагаан фудволктой залуу миний толгой руу хүчтэй жийсэн. Би тэр үед хэсэг ухаан балартаж, газарт хэвтэж байхад миний толгой болон хамар луу нэг хүн өшиглөж байсныг санаж байна. Намайг зодуулж байхад манай найз Сүх-Эрдэнийг үл таних 2 залуу буланд шахаж унагаан дээрээс нь зодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

- Г.С-ийн хохирогчоор өгсөн : “...тухайн үед тэр хүмүүс бид хоёр дээр ирж  хэрүүл өдөж манай найз Т.Т-ийг нэг залуу нь шууд цохисон...Унахад нь цагаан фудволктой залуу толгой руу нь өшиглөж, жийж байсан...Миний хувьд эрүүл мэндийн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

- шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14757 дугаартай дүгнэлт : Т.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхи, баруун дээд зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун бугалгад цус хуралт, хүзүү, зүүн тохой, нуруунд зулгаралт, зүүн тохой, баруун сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.10.24-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-36-37/,

- шүүгдэгч Л.А-гийн: “...Тэр үед үл таних 2 залуу ирээд тамхи байвал өгөөч нэг ширхгийг нь 20.000 төгрөгөөр авъя гэж хэлээд мөнгө гаргаж ирэхээр нь Б.А яах юм бэ, мөнгө авахгүй гэж хэлээд 3 ширхэг тамхи өгчихөөд тэр 2 залуутай юм яриад зогсоод байсан...Би Б.А-ыг машинд суулгах гэж байтал нөгөө 2 залуу араас ирээд Т.Т гэх залуу гадуур хувцсаа тайлчхаад Б.А-ыг татаад машин мөргүүлсэн. Б.А цааш газар унахаар нь би яаж байгаа юм бэ гээд салгах гэж байхад Т.Т гэх залуу цохих гэхэд нь бултаж элэг рүү нь нэг удаа цохиод, ноцолдож байсан чинь Т.Т гэх залуу гэдсээ бариад газар хэвтсэн...Т.Т гэх залуугийн толгой, нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөхөөр нь би “болиочээ” гэж хэлээд Б.А-ыг цааш аваад явсан...Т.Т гэх залуу босч ирээд Б.А-ыг хашаанд тулгаад ална гээд зогсоод байхаар нь би Т.Т-тэй ноцолдож байгаад Б.А-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-67-69/,  

            - шүүгдэгч Б.А-ын:“... Зогсож байхад үл таних 2 залуу ирээд тамхи байна уу гэж асуусан, би 1 ширхэг тамхи өгөхөд дахиад нэгийг өгчих, тамхийг 1 ширхгийг нь 20.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд нь би мөнгө яах юм бэ гэж хэлээд 5 ширхэг тамхиа өгсөн. Махлаг биетэй, хар цамцтай залуу нь бид хоёрыг эндээс хөөдөг “хэн бэ чи” гэж  хэлсэн, энэ үед маргаан болсон...Махлаг биетэй залуу хувцсаа тайлаад намайг барьж аваад нүүр лүү гараараа цохиод машин мөргүүлсэн, газарт хэвтэж байхад Л.А ирээд тэр залууг цохиж, түлхэж унагаасан...Би босож ирээд намайг машин мөргүүлсэн залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөсөн, явах гэж байхад тухайн залуу босож ирээд намайг хананд шахан дайраад ална гэж хэлэхэд Л.А тухайн залууг түлхэж, ноцолдсон. Тэр үед Л.А бид хоёр хувцсаа тайлсан байсан учир тухайн 2 залуугаас зугтааж явахдаа газар байсан бүх хувцсыг авч машиндаа хийгээд явсан...” гэх  мэдүүлэг /хх-59-62/ зэрэг нотлох баримтуудаар,  

мөн шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити С-21 байрны 7 тоотод хохирогч Г.Б-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Г.Б-гийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлаасаа бууж, танил А гэх залуу уулзая гэж чат бичсэн. А, нэг эрэгтэй найзтайгаа ирж, намайг ажлаас машинтай ирж аваад Вива ситид байх гэр лүүгээ явсан. Агийн гэрт ороод бид нар пиво уусан...Намайг А-тай юм яриад сууж байтал А-гийн найз нь “чи дууны найруулагч гэлүү, чи энэ хөгжмийг сонсоод юу мэдэрч байна вэ, надад хэл”, “чи том юм яриад байх шаардлага байхгүй" гэж надад хэлсэн. Тэр үед А найзынхаа хамт ариун цэврийн өрөөнд орсон. Би араас нь орж, А-гийн найзад “чи яагаад намайг үзэн ядаад байгаа юм бэ, би чамд лай болоогүй биз дээ” гэж хэлэхэд “чи манай гэрээс зайл, зайллаа ч гэсэн чамд 100 төгрөг ч олдохгүй биз дээ” гэж хэлэхэд нь би нүүр рүү нь нэг удаа алгадсан. Гэтэл зөрүүлээд миний нүүр хэсэг болон 2 мөр лүү гараа атгаж байгаад цохисон...Миний чих рүү цохисон. Одоо юм сонсоход хүндрэлтэй, өвдөөд байна...А миний биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-115-116/,

- гэрч Б.А-ын: “...тухайн үед би хамт пиво уусан. Ах Б.А  Г.Бг “хөдөөнийх юм шиг хөөрхөн, улаан хацартай охин бэ" гэж хэлэхэд Г.Б хариу үйлдэл үзүүлээгүй...Г.Б гэнэт л “ах чинь намайг доромжилсон” гээд уурлаад байхаар нь ахынхаа өмнөөс уучлалт гуйсан...Ах Б.А ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Г.Бг нэг хөгжмийн талаар тайлбарлаад өг гэхэд Г.Б “чи намайг шалгаад байгаа юм уу” гэхэд ах уурлаж тэр хоёр маргалдсан. Би ахыг тайвшир, битгий буруу үйлдэл хий гэхэд ах буцаад ариун цэврийн өрөө рүү орсон, Г.Б араас ирээд ахыг 2 алгадсан...Тэгэхэд ах түүний нүүр лүү нэг удаа цохисон, харилцан гараа сарвалзуулаад цохиод байсан...Тэр үед Г.Б-гийн амнаас нь цус гарчихсан байсан, эмнэлэг авч явахаар гадагш гарахад Г.Б миний чихнээс цус гарч байна гэж хэлсэн, үсийг нь хойш болгоход чихнээс нь цус гарч байсан. Тухайн өдрөө би Г.Бг эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг дэх салст нь 4/1 хамарсан хэсэгт цоорсон байсан бөгөөд 7 хоногийн дараа ирж нөхүүлээрэй гэж хэлсэн, эмчийн бичсэн эм тариаг авч өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-119-120/,

- шинжээчийн 2022.11.10-ны өдрийн 15239 дугаартай дүгнэлт: Г.Б-гийн биед зүүн хэнгэргэн хальсны цооролт, баруун дээд зовхи, доод зовхи, хацар, эрүү, зүүн чих, дээд уруул, доод уруул, доод уруулын салст, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн бугуйнд цус хуралт, баруун алимын салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ард шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.11.05-аас 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” /хх-126-127/,

            - шүүгдэгч Б.А-ын:“...2022 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө манай дүү Амарболдын найз Г.Б гэх охин дүүтэй маань манай гэрт ирээд пиво хувааж уусан, би ч бас уусан. Тэр үед бид нарын дунд үл ойлголцол үүссэн. Би тухайн охиныг улаан хацартай гэх мэтээр өхөөрдөж хэлснийг хүндээр тусган авч уурласан байсан. Намайг ариун цэврийн өрөөнд сууж байхад тэр охин орж ирээд намайг ёс бус үгээр харааж эхэлсэн, гар хөлөө савчуулаад намайг 1 удаа апгадаж, хөл рүү өшиглөсөн, дахин охин орилж хашгираад байхаар нь хоёр хацар руу нь 2 удаа алгадсан...Г.Б уйлчихсан, хацар нь хавдчихсан байсан...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-136/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.   

Шүүгдэгч Л.А, Б.А нар бүлэглэж болон шүүгдэгч Б.А дангаараа “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.      

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан,  шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.      

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Эрүүгийн хавтаст хэргийг судлахад, шүүгдэгч Б.А нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөгүй, тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон баримтгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.А-д 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахдаа харгалзах үндэслэл, шалгуур шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан тухайн ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.     

Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх, торгуулийн ялаар солиулах  тухай шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31ий өдрийн 2023/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх, торгох ялаар солиулах тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай    

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

                         ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР