2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00664

 


2025 01 27 192/ШШ2025/00664

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:***д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь ***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч *** миний бие хариуцагч ***тай 2024 оны 2 сарын 20-ны өдөр уулзахад ** нь***аас сарын 4.5% хүүтэй, 30 сая төгрөгийн зээл авсан ба одоо тэрийг яаралтай хаах байна, надад 31 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацааны эцэст 1 сая төгрөгийн хүүг өгье гэж аман байдлаар тохирч, зээлийн гэрээг амаар байгуулсан. Би мөн өдрөө ***банкны аппликешнээр 31 сая төгрөгийг, сарын 1.1 хувийн хүүтэйгээ зээл авч, ***ын 8000000518 тоот дансанд шилжүүлж гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. *** нь уг зээл, зээлийн хүүг 3 сарын хугацаанд төлж барагдуулах ба өөрийн эзэмшлийн *** байрлах ***ийн түрээсийн төлбөрөөс хоцроолгүй төлнө гэж тохирсон. Гэвч зээлийн төлбөрийг 3 дугаар сарын 12-ны өдөр болон 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус бүр 1,220,000 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар 29,760,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн өр төлбөрийг төлөөгүй ба, гэрээний хугацаа 2024 оны 5 сарын 20-ны өдөр дуусгавар болж, зээлийг төлөхийг сануулж, тухай бүр утсаар болон сошиал сувгаар холбогдох зээлээ төлөхийг шаардсан боловч зээлийг төлөөгүй хэвээр байна. Иймд хариуцагч ***аас Зээлийн гэрээний төлбөрт 29,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн банкан дахь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, ***банкны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6000142796 дугаар цалингийн зээлийн гэрээний хуубар, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, ***банкны шилжүүлгийн баримтын хуулбар, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хавсралтын хуулбар, зээлийн дансны хуулгын хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.

 

Хариуцагч талаас ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан 29,760,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 31,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлүүлсэн, ингэхдээ 1 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцож авахаар амаар тохиролцсон гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

4. Хэрэгт авагдсан ***банкны 2024 оны 02 сарын 20-ны өдрийн шилжүүлгийн баримтаар ***дугаартай данснаас **** дугаартай данс руу 31,000,000 төгрөгийг мөнгө зээлэв гэх утгаар шилжүүлсэн байна (хэргийн 39 дэх тал).

5. Иргэний хуулийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

6. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагчийн дансаар 31,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хугацааны эцэст 1,000,000 төгрөгийн хүү тооцож авахаар зээлүүлсэн, уг тайлбарыг хариуцагч эс зөвшөөрөөгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар зохигчдын хооронд амаар байгуулагдсан байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр.

7. Хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 2,440,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 28,560,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч нь ***банкнаас 31,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 13,2 хувийн хүүгийн нөхцөлтэйгээр Цахим зээлийн гэрээ байгуулж, зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн, уг зээлийн хүүгийн төлбөрт 1,200,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх ба уг тайлбар нь хэрэгт авагдсан 2024 оны 02 сарын 20-ы өдрийн Цахим зээлийн гэрээгээр тогтоогдож байна (хэргийн 37 дахь тал). Нэхэмжлэгч нь ***банканд төлсөн 1,200,000 төгрөгийг хүүг хохиролд тооцон хариуцагчаас шаардаж байх ба хариуцагч зээлийн гэрээнд заасан 3 сарын хугацааг хэтрүүлснээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч 1,200,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хохиролд хамаарна.

9. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг. Иймд хариуцагч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 1,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

10. Нэгтгэн дүгнэвэл, шүүхээс зээлийн үндсэн төлбөрт 28,560,000 төгрөг, хохиролд 1,200,000 төгрөг нийт 29,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

11. Хариуцагч нь 2024 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсноос өөр ямар нэг баримт гаргаагүй. 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн дагуу хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 болон 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсгийг тус тус баримтлан 29,760,000 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж, нэхэмжлэгч ****т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ