Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/849

 

    

 

 

 

 

 

     2023           8             22                                         2023/ДШМ/849

 

 

М.Т, З.С, Б.Ц

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

цагаатгагдсан этгээд Б.Ц, түүний өмгөөлөгч Х.Еркебулан,

цагаатгагдсан этгээд М.Т, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир,

цагаатгагдсан этгээд З.С, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/880 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр эсэргүүцлээр М.Т, З.С, Б.Ц нарт холбогдох 2202 00430 0420 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З.С, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд ажилладаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгийн, 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,  

            2. М.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд цахим бүртгэл лавлагаа, нууцлал хариуцсан ахлах офицер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, 16 дүгээр хороо, 39 дүгээр байрны 172 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

3. Б.Ц, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэр хамт Баянгол дүүргийн, 1 дүгээр хороо, 48 дугаар байрны 32 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:00000000/,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1,000,000.00 төгрөгөөр, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000.00 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 2,000,000. төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн;

Цагаатгагдсан этгээд М.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын Нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтнаар ажиллах хугацаандаа яллагдагч З.С-той бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах"-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын 4.1.1 дэх хэсэгт заасан "Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана", 4.3-т "Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө. 5.1 -д "Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа". 5.2-т "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан хариуцна", 5.3-т "Лавлагаа, мэдээлэл хүссэн албан бичгийн хариуг Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга болон Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтны гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тамга, тэмдэг дарна" гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус албаны бүртгэл, лавлагаа хариуцсан ажилтан 3.С-гийн иргэн Б.Ц нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон байхад иргэн Б.Ц-д 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2-48/927 дугаартай 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн" мэт тодорхойлолт боловсруулсныг баталгаажуулж, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн тус газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2-4B/2957 дугаартай албан бичигт "Б.Ц нь 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон" гэсэн албан бичигт гарын үсэг зурж, иргэн Б.Цэд давуу байдал бий болгосон,

Цагаатгагдсан этгээд З.С нь Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа хариуцсан ажилтнаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах"-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын 4.1.1 дэх хэсэгт заасан "Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана", 4.3-т "Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө", 5.1-д "Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа" гэснийг зөрчиж, яллагдагч М.Ттэй бүлэглэн Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системд иргэн Б.Ц 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон талаарх бүртгэлийн мэдээллийг авах талаар иргэн Б.Ц-с гаргасан хүсэлтийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-48/927 дугаартай тодорхойлолтыг боловсруулахдаа Б.Ц-ийн ашиг сонирхлоор Б.Ц-ийг 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон гэж, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2-48/2957 дугаартай албан бичиг Б.Ц нь 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон гэж тус тус тодорхойлолт боловсруулж, М.Төөр баталгаажуулж гарын үсэг зуруулж Б.Ц-д 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олгож, давуу байдал бий болгосон гэх хэргийг бүлэглэн үйлдсэн,

Цагаатгагдсан этгээд Б.Ц "Монум" хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөж өөртөө давуу байдал бий болгох санаа, зорилгын үүднээс Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албан байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлтийн лавлагаа, нууцлалт хариуцсан М.Т, З.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Т, З.С, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, М.Т, З.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, З.С, М.Т, Б.Ц нарыг цагаатгаж, З.С, М.Т, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хууль зөрчcөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ :

1. Хэрэгт Ц.Гг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн шийдвэрийг прокуророос өдөр “Мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдлын талаар тайлбарлаж, улмаар дээрх хуралдаанд прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг гарган өгч, шүүх хуралдаанаар хавтаст хэргийг шинжлэн судлах явцад судалсаар байтал илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч З.С нь тус албаны Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтны хувьд эрх бүхий хууль хяналтын байгууллага болон иргэдээс ирүүлсэн улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа хүссэн албан бичиг, хүсэлтийн дагуу тус газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас шүүлт хийн, холбогдох мэдээллийг гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолт тусгагдсан албан үүрэг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэвч яллагдагч М.Т, З.С нар нь дээрх албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр яллагдагч Б.Цэд Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системийн өгөгдлийн мэдээлэлд тулгуурлан мэдээллийг өгөхгүйгээр, яллагдагч Б.Ц-ийн гаргаж өгсөн гадаад паспортын хуулбарт үндэслэж түүнд тус газрын тодорхойлолт гаргаж өгсөн.

Тодруулбал: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ц нь дээрх хууль бус лавлагааг авахдаа З.Сд “...би Америкийн нэгдсэн улсад 3 сар орчим амьдарсан, одоо энэ лавлагаа визэнд ороход шаардлага хангахгүй байна...” гэсэн шалтгааныг хэлж авсан. Харин Б.Ц нь анхнаасаа дээрх лавлагааг авахдаа “Монум хадгаламж зээлийн хоршооны зээлтэй холбоотой асуудал” дурдаагүй байхад шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Б.Ц олгосон тодорхойлолттой холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32022/11094 дүгээр захирамжид хариу хүргүүлэхдээ түүнийг яллагдагч Б.Ц-ийг Монгол Улсын хилээр орсон огноог орхигдуулж тодорхойлолт хүргүүлсэн. Дээрх үйлдлийн улмаас яллагдагч Б.Ц нь Монум” хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээсээ хууль бусаар чөлөөлүүлэх зорилгоор уг тодорхойлолтыг анхан шатны шүүхэд гарган өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь яллагдагч нар Б.Ц-д “2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр орсон ” гэх хуурамч мэдээлэл бүхий тодорхойлолтыг олгохоосоо өмнө Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системийн өгөгдлөөс Б.Ц нь “2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр орсон” талаарх албан ёсны мэдээллийг шүүж, танилцаж, мэдсээр байж хуурамч тодорхойлолтыг удаа дараа гаргаж байгааг албан үүрэгтэй хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлийг “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан тул яллагдагч М.Т, З.С нарын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзнэ.

З. Хэрэгт авагдсан яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон баримт болон иргэний бүртгэл мэдээллийг лавлагаагаар З.С гэдэг нэртэй байсаар байтал шүүхийн тогтоолд “З.С” гэж нэрийг буруу бичсэн. Ийнхүү анхан шатны хурал нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийн шүүгдэгч М.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсноос гадна анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хоорондоо хамааралтай, ач холбогдолтой, тэдгээрийг няцаан үгүйсгэж буй үндэслэлийн талаар дүгнэж тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/880 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Б.Ц-ийн өмгөөлөгч Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс тодорхой харагдахгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа Б.Ц-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр цагаатгасан. Анх прокурорын зүгээс миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Албан тушаалын гэмт хэрэгт хатгагч болсон талаар яллах дүгнэлтдээ тайлбарлахдаа гадаад паспортынхаа орж, гарсан огноог хуурамчаар зассан, мөн хуурамч болохыг мэдсээр байж Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж өгч үзүүлэх замаар тодорхойлолт гаргуулж авсан гэдэг үйлдлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хатгагч болж буруутгаад байгаа нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэх зүйл ангиар шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгэлээ авсан. Нэг үйлдэлд яагаад дахин буруутгаж байна вэ. Өмнө нь шүүхээс ял шийтгэл авсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг тус үйлдлээр нь дахин өөр гэмт хэрэгт хатгагчаар оролцсон мэтээр буруутгаж байгаад гомдолтой байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Б.Ц-ийг тодорхойлолт гаргуулж авснаараа өөртөө давуу байдал бий болгосон гэдэг. Давуу байдалтай холбоотой асуудлыг яллах дүгнэлтдээ тодорхой тайлбарлаж бичээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор тайлбарлахдаа уг тодорхойлолтыг "Монум" хадгаламж зээлийн хоршооноос авсан, зээлийн өр төлбөрөөс чөлөөлөгдөх зорилгоор авсан, ингэснээр өөртөө давуу байдал олж авсан гэдэг. Гэтэл Б.Ц нь "Монум" хадгаламж зээлийн хоршооноос авсан 5.000.000 төгрөгийг хүү, торгуулийн хамт 20.000.000 төгрөг болж барагдуул гэсэн иргэний шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл, давуу байдал олж авах байтугай, анх авсан 5.000.000 төгрөгийг 4 нугалж төлөхөөр болсон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн Хил хамгаалан ерөнхий газрын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн, улмаар иргэний шүүх тухайн тодорхойлолтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон мэтээр буруу мушгисан ойлголтыг прокурор удаа дараа төрүүлдэг. Иргэний шүүхийн шийдвэрээр тухайн маргаантай хугацаанд Б.Ц нь Монгол Улсад байсан талаар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд "Монум" хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болохыг иргэний шүүх дүгнэсэн. Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгсөн тодорхойлолтыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Тийм учраас прокурорын яллах дүгнэлтдээ дурдсан, тайлбарласан, давуу байдал олж авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуурамч бичиг баримт үйлдэх, ашигласан гэх үйлдэлдээ гэм буруугаа хүлээсэн. Миний бие сард 400.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Өмнөх ял шийтгэлээ эдэлсэн байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Т-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтайгаар оролцож байна. Нэгдүгээрт, хохирогчийг тогтоосон тогтоолд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байсан. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэж прокурор тайлбарладаг. Гэвч хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон талаар Ц.Г танилцуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г  нь өөрөө оролцсон байдаг. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан журмыг баримтлаагүй гэж байна. Уг журамд системд үндэслэгдэнэ гэдэг агуулга бичигдсэн байгаа. Тус журам нь тухайн байгууллагын дотоод хэм хэмжээ, мөн журмын 3 дугаар бүлэгт олгосон лавлагаа, тодорхойлолттой холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай. Мөн 2 дахь лавлагаа, тодорхойлолтыг олгохдоо оныг нь орхигдуулсан гэж байгаа. Гэвч гарсан оныг нь бичсэн буюу 9 дүгээр сарын 17-ны өдөр буцаж орж ирсэн гэх агуулгаар тухайн тодорхойлолтыг олгосон. Тиймээс албан хэрэг хөтлөлтийн дагуу олгосон гэсэн үг. З.С-ын нэрийг бичсэн хэсгийг тайлбарласан. Үүнийг залруулах боломжтой. Цагаатгах тогтоолын биеийн байцаалт хэсэгт тодорхой дурдсан байгаа учраас зайлшгүй засах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн нууцын мэдээлэл, аюулгүй байдлыг хариуцаж байсан ажилтан гэх байдлаар прокурор тайлбарладаг. Гадаад паспортын штамбыг өөрчилж тодорхойлолтыг авсан гэдэг. Хэрхэн хатгаж, З.С, Ц.М.Т нар хэрхэн бүлэглэсэн бэ гэх үйл баримт нь санаатай гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байгаа юм. Тодорхойлолт болгоны доод хэсэгт тухайн лавлагаа нь олгосон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хүчинтэй гэсэн заалт бичигдсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлаас харахад З.С, Ц.М.Т нар өөрсдөдөө, эсхүл Б.Ц-д давуу байдал бий болгосон бэ гэдэг нь тогтоогддоггүй. Гэм буруугийн санаатай хэлбэр нь мөн ялгаагүй тогтоогдохгүй байгаа юм. Тийм учраас гэмт хэргийн объектив болон субъектив шинж нь хангагдаагүй. Харин албан үүрэгтээ хайнга хандсан. Хамгийн анхны тодорхойлолтыг системээс хайгаад гаргаж өгөхөд нь гадаад паспортынхаа хуулбарыг барьж орж ирээд “...танай систем чинь алдаатай байна...” гэхэд нь гадаад паспортын хуулбарт нь үндэслэж олгосон үйл баримт байгаа. Сүүлд олгосон лавлагаанд гарсан оныг нь бичиж, орсон он, сар, өдрийг бичсэн болохоос заавал оныг бичих ёстой гэсэн заалт байхгүй. Ийм учраас тухайн субъектийн үйлдэлд гэм буруу огт байхгүй учраас тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.С-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгчийг Б.Ц-д давуу байдал олгосон гэж прокуророос буруутгаад байгаа. Уг гэмт хэргийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл З.С-ын хувьд Б.Ц-ийн авчирсан гадаад паспортын дардсыг нь хараад 2 дахь удаагаа ирэхэд нь тус тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Эхний удаад тодорхойлолтыг үнэн зөвөөр гаргаж өгсөн байдаг. Гэвч Б.Ц нь буцаж “...танай программ алдаатай байна...” гэж хэрүүл маргаан хийж ирсний улмаас З.С тухайн паспортын дардсыг нь хараад тухайн тодорхойлолтыг гаргаж өгсөн үйл баримт авагдсан байдаг. З.С нь программд алдаа гардаг гэх талаар тогтвортой байнга мэдүүлдэг. Иргэдээс “...би Монгол Улсад байхгүй байхад байгаа мэтээр бүртгэсэн байна...” гэж гомдол, мэдээлэл ирдэг учраас программын алдаа гарсан гэж ойлгож, тухайн паспортын дардсанд үндэслэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Түүнээс Б.Ц-ийг огт таньдаггүй, ямар нэгэн давуу байдал олгох нөхцөл байдал үүсээгүй. Өөртөө болон бусдад давуу байдал олгосон буюу ямар нэгэн ашигтай байдал хэн нэгэнд олгосон нөхцөл байдал тогтоогддоггүй. Прокурорын энэ талаар бас сайн тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймд гэмт хэргийн шинж хангагдахгүй байгаа. Прокурор бичсэн эсэргүүцэлдээ “...он бичээгүй...” гэж бичсэн байна.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг авагдсан /1хх-184/ байдаг. Үүнд “...2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарсан, 9 дүгээр сарын 17-ны өдөр орсон бүртгэл авагдсан байна...” гэж бичигдсэн. Тухайн он дотроо учраас 2014 оны гэж тодруулж бичээгүй байдаг. Мөн энэ талаар З.С мэдүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудаст Хил хамгаалах ерөнхий газраас Авлигатай тэнцэх газарт хүргүүлсэн албан бичиг авагдсан бөгөөд “...Буянт-Ухаа агаарын боомтоор 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд нэвтэрсэн Монгол иргэдийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн байгаа. Үүнд 2014 он дотроо учраас 2014 он гэж бичээгүй, 2015 он буюу дараагийн он руу шилжихээр 2015 он гэж бичсэн байгаа. Хил хамгаалах ерөнхий газраас гардаг албан тоотууд нь ийм хэлбэртэй гардаг. Гэтэл прокуророос зөвхөн 181 дүгээр талд авагдсан тодорхойлолтыг барьж, оныг бичээгүй, энэ нь санаатай үйлдэл гэж буруутгадаг. Мөн З.С гэсэн нэртэй байсаар байтал З.С гэж бичсэн гэдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 41-44 дүгээр талуудад З.С-ын хувийн байдалтай холбоотой иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой лавлагаанууд байдаг бөгөөд уг баримт бичгүүдэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд бичигдсэн шиг З.С гэж хоёр “о” үсэгтэй бичигдсэн байдаг. Тэгэхээр нэрийг буруу бичсэн асуудал байхгүй. Прокурор сая хэлэхдээ Америкийн Нэгдсэн Улсын визэнд хэрэглэнэ гэдгийг давуу байдал гэж тайлбарлалаа. Иргэн бол өөрийнхөө хүсэлтээр өөрийнхөө хилийн лавлагааг авсан. Америкийн Нэгдсэн Улсын визэнд орно гэх шалтгаан хэлж лавлагааг авах нь давуу байдал болох юм уу. Ингэж хийсвэр байдлаар дүгнэж болохгүй гэж үзэж байна. З.С-ын хувьд визэнд орно гэсэн шалтгааныг сонссон, мөн эхний удаад зөв тодорхойлолтыг гаргасан, штамб буюу хуурамч баримтыг авчрахад нь мэдэлгүйгээр гаргаж өгсөн. Учир нь, программд алдаа гардаг байсан. Б.Ц нь хуурамч баримт ашигласан гэдгээр ял шийтгэгдсэн. Энэ нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоол буюу 3 дугаар хавтаст хэргийн 60-65 дугаар талд авагдсан байгаа. Тэгэхээр Б.Ц хуурамч баримт ашигласан гэдгээр ял шийтгэгдсэн байхад үүнийг нь мэдсээр байж З.С, Ц.М.Т нар тодорхойлолтыг гаргаж өгсөн мэтээр буруутгадаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Лавлагаа авахдаа иргэд өөрсдийн зорилгыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зорилготой байж лавлагаа авдаг. Яагаад штамбын үндэслэн лавлагаа гаргаж өгсөн бэ гэхээр паспортын хэсэгт бохирдсон, гэмтсэн, цэг, зураас гарсан тохиолдолд паспорт уншигчид уншуулахад ойролцоо тоо, үсгээр алдаатай бүртгэгдэгддэг учраас иргэдээс гомдол ирдэг. Үүний дагуу штамбын хуулбарыг үндэслэн лавлагаа олгосон. Түүнээс би тухайн иргэнийг огт танихгүй. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :

1.  Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгахдаа шүүгдэгч тус бүрийн эрх зүйн статус, тус бүрийн гүйцэтгэсэн үйлдэл, оролцоо, гэмт санааны агуулга, чиглэл, албан үүргээ зөрчсөн үйлдэл болон эс үйлдэхүйн ялгаа зааг, хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, үйл баримт байгаа эсэх зэргийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын эх сурвалж, шүүх хуралдааны оролцогч, талуудаас гаргасан дүгнэлтүүдийн хүрээнд эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан үндэслэл, эх сурвалжийг зааж буюу эргэлзээгүй бөгөөд хангаллттайгаар дүгнээгүй байх тул анхан шатны  шүүхээс “бүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй” гэснийг зөвтгөх үндэслэлгүй.       

Тухайлбал, шүүх хуралдааны тэмдэглэлээс /3хх-61-101/ үзэхэд шүүх хуралдааны мэтгэлцээний талууд эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалж буюу агуулгын зөрүү, зөрчил, түүнчлэн цагаатгах ба яллах талын нотлох баримтуудын хувьд аль хэсэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын талаар харилцан эсрэг, тэсрэг байр суурьтайгаар мэтгэлцэж, хууль зүйн тодорхой тайлбар дүгнэлтүүд хийсэн байтал тэдгээр тайлбар, дүгнэлт болон үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, эх сурвалжийн зөрүү, зөрчил зэргийг хэрхэн яаж няцаасан эсхүл баталсан талаар хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй байна.   

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд цагаатгагдсан этгээд М.Т-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Очирын гэм буруугийн хуралдаанд гаргасан дүгнэлтийг бичээгүй нь /3хх-90/ шүүхээс хууль зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй болохыг нэгэн зэрэг илэрхийлж байна.   

2. Цагаатгагдсан этгээд тус бүр хамаарах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд хамаарах яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг үгүйсгэж эсхүл няцаах байдлаар хууль зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул бүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй” гэсэн нь таамагласан шинжтэй болсон гэж үзнэ.  

Зөвхөн хуулийн нэр томъёоны тодорхойлтоор аливаа гэмт хэргийн шинжийг шууд нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд гагцхүү тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар  эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэсэн байх ёстой.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс /3хх-61-101/ үзэхэд шүүх хуралдааны мэтгэлцээний талууд “хэргийн онол”-ын хувьд буюу Эрүүгийн хууль хэрэглээний хувьд эсрэг, тэсрэг байр суурьтай оролцож, тодорхой эх сурвалж, үндэслэлийн хүрээнд тайлбар, дүгнэлтүүд гаргасан байна.

Тухайлбал, цагаатгагдсан этгээд Б.Ц албан тушаалын эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, нэг гэмт хэрэгт 2 удаа гэм буруутайд тооцоход хүргэсэн эсэх, З.С эсхүл З.С нь Б.Ц-тэй удаа дараа уулзаж, лавлагааг гаргасан нь хууль зүйн дагуух үйлдэл эсэх, улмаар З.С эсхүл З.С нь Б.Ц-д лавлагаа гаргаж өгөх талаар урьдчилан үгсэн тохиролцох шалтгаан байсан эсэх, М.Ттэй үгсэн тохиролцсон эсэх, М.Т нь тухайн ажилд шинээр томилогдоод удаагүй байсан эсэх, ажилтан З.С эсхүл З.С-д итгэж улмаар түүний шалгаад, лавлагааг төлөвлөн маягт дээр буулгасныг баталгаажуулсан эсэх, субъектив санаа, зорилгын ялгамжтай байдлыг тодруулах зэрэг мэтгэлцэгч талуудын тайлбар, дүгнэлтийг анхан шатны шүүх нь батлах эсхүл няцаасан дүгнэлтийг хангалттай үндэслэл, үйл баримтын хүрээнд зайлшгүй хийх ёстой.    

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт “З.С, З.С” гэх мэтээр зөрүүтэй байдлаар бичигдсэн, гэтэл төрийн мэдээллийн сангаас авсан баримтад “З.С” гэж бичигдсэн /1хх-41/, өөр ямар нэгэн баримтгүй  байтал прокурор яллах дүгнэлт, бусад шийдвэр үйлдэх бүртээ ”З.С” гэж бичсэн нь илтэд ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн байх тул прокурор нь шүүхээс “З.С” гэж буруу бичсэн хэмээн үндэслэлгүйгээр эсэргүүцжээ.   

Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ. 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.3 “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 36.9 дүгээр зүйлийн 1.1 “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/880 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.Т, З.С, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/880 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хангасугай.     

2. М.Т, З.С, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР