Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/861

 

           

 

 

 

 

 

        2023           8             24                                       2023/ДШМ/861

 

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б-д холбогдох 2308 01159 0812 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булаг 1 дүгээр гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/;  

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах “Монгол зоог” пабад Ц.А-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, толгойн орой хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгиохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Б-г 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-гээс 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал прокурорын яллах дүгнэлтэд Ж.Б-г 2023 оны 03 сарын 18-ны өдөр Ц.А-тэй үл ялиг зүйлээс болж маргалдан хохирогч Ц.А-ийг архины шилээр толгойн тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх боловч мөрдөх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх зэвсэг болох архины шилийг мөн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авах ажиллагаа хийгдээгүй энэ талаар нотлох ажиллагаа явагдаагүй тул миний үйлчлүүлэгч бусдыг эд зүйлс ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үгүйсгэгдэж байна.

Хэрэгт цугларсан гэрч Б.Г, Б.Х, О.Б, Д.У нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, үйл баримт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байхаас гадна гэрч Б.Г, миний үйлчлүүлэгч Ж.Б нарын удаа дараагийн мэдүүлгээр энэ хэрэгт Ж.Б хамааралгүй талаар дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтанд хэлж албаны машинаас буулгаж байсан үйл явдал нь тогтоогдож байна. Мөн хэргийн үйл явдал нь өргөн хүрээгээр нь авч үзвэл хохирогч Ц.А нь бусдын эрх чөлөөнд халдсан, олон нийтийн газар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эд зүйлс эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдэлд мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан үүргээ шалгах тогтоох, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заасан хуулийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/808 дугаартай тогтоолыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч Ж.Б-д холбогдох хэргийг ЭХХШТХуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганц би биш тэнд байсан хүмүүс хоорондоо зодолдож, бөөрөнхий шилийг шидэж хагалсан. Үүний дараа дуудлагаар цагдаа ирж, биднийг цагдаагийн гуравдугаар хэлтэст аваачсан. Г “Өвгөн ах буруугүй, Ц.А бид хоёр хоорондоо муудалцсан”  гэдэг үгийг удаа дараа хэлсэн тул цагдаа намайг буруугүй гэж үзэж явуулсан. Гэтэл прокурор илт нэг талыг барьж, буруутган “цагдаагийн машинаас бууж зугтаасан” гэж гүтгэсэн. Би эргүүлийн цагдаагийн ажилтны машинаас бууж зугтаах ямар ч боломжгүй. Хэрвээ би буруутай байсан бол намайг цагдаагийн хэлтсээс явуулалгүй, согтуу байсан хүмүүсийг бүгдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авах байсан. Х, Г, Ц.А нар бүгд Драгон дээр цавчаа хийдэг буюу бүгд хамт ажилладаг. Тэр дунд би ганцаараа гадны хүн байсан тул намайг гүтгэсэн. Миний гар утсанд Ц.А-ийн бусдыг алахаар сүрдүүлсэн талаарх олон мэдээлэл байсан ч миний утсыг авч хана руу шидсэн. Гэтэл Д гэх хүн утсыг авчраад миний өмнө тавьсан. Намайг утсаа хүлээж байх зуур зодоон болж, энэ асуудал үүссэн. Ц.А-ийн өгсөн мэдүүлэгт “Бид нар хоорондоо зодолдсон, гэхдээ эвдэлсэн ширээний үнийг төлсөн” гэсэн байхад прокурор илт өмөөрч “Ж.Б гэж андуураад чи Ц.А-ийг мөргөсөн юм байна шүү дээ” гэж шүүх хуралдаанд хэлж, намайг гүтгэсэн. Анхнаасаа “Би Д.Х-ийн хамаатан, Сонгины шүүх миний өмнө яаж ч чадахгүй гөлөг мэт тарвалзана” гэж хэлж байсан талаар нь би анх мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Хэрвээ би буруутай байсан бол намайг эрүүлжүүлэхэд хонуулж маргааш нь шийтгэл оногдуулж болох байсан. Гэтэл буруугүй гээд намайг алаг тэргэнд суулган Драгон дээр буцааж авчирсан. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг асуудлыг эргэлзээгүй тогтоож, хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.А нь өөрийн биед хохирол учруулсан хүнийг шууд зааж мэдүүлсэн, болсон асуудлын талаар мөн гэмт хэрэг гарах үед байсан гэрч Х, У, Г нар мэдүүлсэн. Гэрч У-ын мэдүүлэгт “гэнэт Ж.Б гэх өвгөн ширээн дээрээс архины шил шүүрч аваад Ц.А-ийн толгой руу цохисон”, гэрч Х-ийн мэдүүлэгт “Ж.Б ширээний араас босож ирээд архины шилээр Ц.А-ийн толгой руу нэг удаа цохисон” гэсэн нь ямар ч зөрөөгүй бөгөөд эх сурвалжаа заан мэдүүлсэн нь Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.               

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Тодруулбал, шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.А-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- 2023.3.18-ны өдрийн дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-06/,

- хохирогч Ц.А-ийн:“...2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Драгон төвийн зогсоол дээрээс хөдөө орон нутаг руу явдаг жолооч, найз С, А, Г, Д, Ж.Б, Ж, У нартай Драгон төвийн 2 давхарт байдаг “Монгол зоог” гэх газарт хоол идсэн, цэргийн баяр гээд архи ууцгаасан...Архи ууж байхдаа Ж.Б над руу “чи ачаагаа Архангайн бууны нохойнд өгч явуулсан, миний ачааг ч гэсэн өгөөд явуулчих юм” гэж маргалдаж байснаа, гэнэт архины шилээр миний толгой руу 2 удаа цохиод авсан, хажууд байсан хүмүүс салгасан, өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-08-09, 17-18/,

- гэрч Д.У-ын “...тухайн үед Ж.Б гэх өвгөн гэнэт ширээн дээр байсан архины шил дундаас нэг архины шил шүүрч аваад Ц.А-ийн толгой руу 1 удаа цохисон, Ц.А-ийн толгойноос цус гарсан, Г салгах гээд очтол хэн нэгэнд нь цохиулсан юм шиг байна лээ, бид нар тухайн газраас гарч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-104-106/,

- гэрч Б.Х-ын: ...тухайн үед намайг хажуугаас харахад хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл Баасан гэх хүн нь ширээний араас босож ирснээ архины шил үү хундага уу ямар ч байсан нэг юм гартаа авснаа Ц.А-ийн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-10, 30-31, 109/,

- гэрч Б.Г-ийн: “...Би архи уугаад согтолттой байсан, манай жолооч нар хоорондоо гэнэт муудалцсаныг сайн ойлгоогүй. Тэгтэл Ц.А-ийн толгойноос цус гарч байхаар нь арчиж өгөхөөр очтол Ц.А согтуу байсан...Ц.А-ийн толгойг Ж.Б шилээр цохисон гэж маргааш нь Х хэлсэн. .../хх-11, 25-26/,

- гэрч О.Б-ийн: “...тухайн өдөр би согтсон байсан, маргааш нь Драгон дээр ирэхэд Ц.А-ийн толгой нь хагарсан байсан бөгөөд Ж.Б архины шилээр цохисон гэж хүмүүс хоорондоо яриад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-99-100/,  

- шинжээчийн 2023.3.27-ны өдрийн 4113 дугаар дүгнэлт: Ц.А-ийн биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /хх- 39-40/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Тус хэргийн мөрдөгчөөс “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шил”-ийг хурааж авах хойшлуулшгүй ажиллагаа хийгээгүй нь шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай  нотолж буй дээр дурдсан бүхий л нотлох баримтын нотолгооны чадварт нөлөөлөх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн “эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь нягт, бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай,  үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог тул тус хэрэгт “эргэлзээ” үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.     

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэр болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд тухайн гэмтлийг учруулаагүй бөгөөд хохирогч, гэрч нарыг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан  байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас тус эрхийнхээ хүрээнд “гэмт хэрэг үйлдээгүй, согтуурлын улмаас зарим үйлдлээ санахгүй байна” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.            

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.         

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул оногдуулсан торгох хорих ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР