Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00420

 

 

 

 

 

 

“А.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/00041 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А.И” ХХК-ийн хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-д холбогдуулан 21 862 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “А.И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Ц.Д ХХК” ХХК-тай 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэн ашиглалтад нэг сарын хугацаанд ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч гэрээний хугацаанд хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 28 784 430 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 47 200 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс илүү төлөлт хийсэн 21 862 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч талтай 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж урьдчилгаа төлбөр, гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, үлдэгдэл 21 862 070 төгрөгийг 20 хоногийн дотор эргүүлэн төлөхөөр хүсэлт гаргасны дагуу бид гэрээг дүгнэх акт үйлдсэн. Гэвч хариуцагч талаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй байна. Иймд “М.Ц.Д ХХК” ХХК-иас 47 200 000 төгрөг төлснөөс гүйцэтгээгүй ажил үйлчилгээний төлбөр 21 862 070 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “А.И” ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “М.Ц.Д ХХК” ХХК нь нийт 61 783 705 төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн тайлбарладаг, гэвч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн акт үйлдсэн. Гэрээг дүгнэж үзэхэд нийт 25 337 930 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 21 862 070 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээ дүгнэх акт үйлдэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгад хамт ажиллаж, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг “М.Ц.Д ХХК” ХХК-ийн захирал Н.Гомбо, бригадын дарга С.Заяа, “А.И” ХХК-ийн талаас захирал Д.Пүрэвдаваа, Б.Наранбаатар, Нэргүй, Д.Эрдэнэбаяр, Н.Майнбаяр нар хамт байж үйлдэн гарын үсэг зурсан. Гэрээ дүгнэх актад “М.Ц.Д ХХК” ХХК-ийн захирал Н.Гомбо нь өөрийн гараар үлдэгдэл төлбөрийг 45 хоногийн дотор барагдуулна гэж бичиж өгсөн. “М.Ц.Д ХХК” ХХК-ийн захирал Н.Гомбыг хүчээр, дарамталж гарын үсэг зуруулсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Иймд “М.Ц.Д ХХК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А.И” ХХК-ийн нэхэмжилсэн 21 862 070 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын хөлсөнд 46 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээн авсны дараагаар ажлын хөлсийг үе шаттайгаар, хувааж төлж байсан. Гэрээ дүгнэсэн акт болон 21 862 070 төгрөг буцааж өгөх талаар албан бичгийг “А.И” ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь хүч хэрэглэж, 2 цаг гаруй хугацаанд явуулахгүй айлгаж сүрдүүлж өөрийн компанийн хэвлэмэл хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Манай компани нь “Арвис Интернэйшнл” ХХК-ийн захиалгын дагуу 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлын дотор ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг урьдчилан авч байсан тохиолдол огт байхгүй бөгөөд анх ажлыг эхлэхийн тулд Улаанбаатар хотоос эхний ээлжид 15 хүний зардлыг төлж Замын -Үүд сум руу явуулж ажлаа эхлүүлсэн. Эхний санхүүжилт орсон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн компанийн зардлаар Улаанбаатар хотоос очсон ажилтнуудын хоол, байрлах байр, өдрийн хэрэгцээний зардлыг төлж, мөн Замын -Үүд сумаас өдрийн ажилтан хөлсөлж ажиллуулж байсан. Ингээд ажлын эхний санхүүжилт 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 250 000 төгрөг орж ирсэн бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн үед бидний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон гарсан зардлыг нөхөхгүй байсан. Гэвч бид өөрийн зардлаар барилгын заслын үргэлжлүүлсээр байсан. Ингээд ажлаа хийж гүйцэтгэсний дараагаар үе шаттайгаар санхүүжилт орж ирж байсан. Санхүүжилт орж ирэх бүрд заслын ажил хийж гүйцэтгэж буй ажилчиддаа ажлын хөлсийг дансаар болон бэлнээр шилжүүлэн өгч байсан. Харин манай компанийн сүүлийн ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлж барагдуулаагүй байх бөгөөд үүнээс шалтгаалан манай компани плита, замаска, гипсэн тааз, зүлгүүр, тэгшилгээний ажлын хөлсний үлдэгдэл 6 000 000 төгрөгийг О.Батбаатар, Ч.Тэгшжаргал нарын бригадын ажилчдад, мөн дээрх барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал болох зээлээр худалдан авсан хүнсний барааны төлбөр 165 000 төгрөг, махны төлбөр 126 000 төгрөг, ногооны төлбөр 156 000, түрээсийн байрны хэрэглээний зардал 400 000 төгрөг, шатны түрээс 800 000, нийт 7 647 000 төгрөгийн өр төлбөртэй байна. “Арвис Интернэйшнл” ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь манай компанийн дотоод асуудалд оролцож, уурлаж загнах, дарамтлах, доромжлох үйлдлүүд гаргадаг байсан. Хамгийн сүүлд 3 давхрын 60*60 хэмжээтэй тааз хийж байх үед буюу барилгын заслын ажил дуусаж байх үед ажлын үлдэгдэл хөлсөө өгөхгүйн тулд манай компанийн ажилчдыг ажлаа хийж чадахгүй байна гэж шалтаглаж барилгаас хөөж гаргасан. Улмаар гэрээ дүгнэсэн акт гэх албан бичигт үүн дээр гарын үсэг зур, зөвшөөрөхгүй бол хууль, шүүхээр яваад ч чи намайг дийлэхгүй шүү гэх мэтээр маш ёс зүйгүй авир, зан гаргаж дарамталж, доромжилж байсан. Тухайн үед албан журмаар ярьж, ойлголцох боломжгүй нөхцөлийг гаргаж байсан бөгөөд элдвээр хэлж, харааж, доромжлоод, айлган сүрдүүлэх үйлдлүүд гаргаж, сайн тооцоо, судалгаа хийх боломж олгохгүйгээр гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. “Арвис интернэйшнл” ХХК-ийн захирлын дарамт шахалтаар, хүчээр тус компанийн албан бичгийн хэвлэмэл хуудас буюу “Арвис Интернэйшнл” ХХК гэсэн албан бланк дээр 22 000 000 төгрөг төлж барагдуулна гэх агуулгатай зүйлийг намайг айлган сүрдүүлж байгаад хүчээр бичүүлж авсан. Иймээс манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил, түүний хэмжээ, ажилчдын хөлс олгосон байдал зэрэг үйл явдлуудыг судалж, “Арвис Интернэйшнл" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай компани нийт 61 783 705 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс захиалагч тал 47 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 14 783 705 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үүнээс О.Батбаатар, Ч.Тэгшжаргал нарын бригадын ажилчдын плита, гипсэн тааз, замаска, зүлгүүр, багана дам нурууны ажлын хөлс 6 000 000 төгрөг, дээрх заслын ажлыг гүйцэтгэх үед хүнсний дэлгүүрээс зээлсэн хүнсний барааны төлбөр 165 000 төгрөг, махны төлбөр 126 000 төгрөг, хүнсний ногооны төлбөр 156 000 төгрөг, шатны түрээс 800 000 төгрөг, байрны хэрэглээний зардал 200 000 төгрөг, нийт 7 447 000 төгрөгийг манай компаниас нэхэмжилж байгаа буюу манай компани дээрх өр төлбөртэй үлдсэн. Иймээс “А.И” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн заслын ажлын үлдэгдэл төлбөрт 14 783 705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-иас 18 415 570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А.И” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 446 500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “А.И” ХХК-д холбогдох 14 783 705 төгрөг гаргуулах тухай хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 267 300 төгрөг, хариуцагчийн 222 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 028 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талтай 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж гэрээг дүгнэх акт үйлдсэн бөгөөд гэрээг дүгнэж үзэхэд нийт 25 337 930 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үлдэгдэл 21 862 070 төгрөгийг нөхөн төлнө гэдгээ хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-ийн захирал Н.Гомбо төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж, байсан, талууд харилцан тохиролцож гэрээг дүгнэж төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагч тал нийт 28 784 430 төгрөгийн хөлс бүхий ажлыг гүйцэтгэсэн гэж үзэн 18 415 570 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд “М.Ц.Д ХХК” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 47 200 000 төгрөг төлснөөс гүйцэтгээгүй ажил үйлчилгээний төлбөр 18 415 570 төгрөгийг гаргуулж, үлдэх 3 446 500 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нэхэмжлэгч “А.И” ХХК-д 25 337 930 төгрөгийг хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч ажлын хөлсийг төлж, дараагийн шатны ажлыг гүйцэтгүүлж байсан атлаа, заслын ажил дуусах үед үл ялих зүйлээр шалтаглаж, ажлын хөлс төлөхөөс зайлсхийж, улмаар ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөрөө буцаан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Талуудын хооронд гэрээнээс татгалзсан талаарх баримт огт байхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжиж, барилгын заслын ажил гүйцэтгэсэн атал гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд улмаар гэрээнээс татгалзах тохиолдолд зайлшгүй баримтлах гэрээнээс татгалзах процесс буюу журмыг хуулиар зохицуулсан атал тус журмыг хэрхэн хэрэглэсэн эсэх талаарх дүгнэлт хийгээгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт тодорхой ажил гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй, хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “А.И” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгч “М.Ц.Д ХХК” ХХК-ийг ажил гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд тус үүргийг өөр этгээдүүдээр гүйцэтгүүлсэн гэх боловч гуравдагч этгээд гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримтыг өөрөө гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох байсан. “М.Ц.Д ХХК” ХХК нь гэрээний дагуу үе шаттайгаар ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөний дараагаар ажлыг хөлсийг авч, ажил гүйцэтгэсэн ажилчиддаа шилжүүлсэн байдаг. Ингээд хамгийн сүүлийн ажлаа гүйцэтгэж байх үед 60*60 харьцаатай таазны хийж гүйцэтгэж хийсэн ажлын хөлсөө авахаар ажиллаж байх явцад үндэслэлгүйгээр нэг л өдөр ажлаа хангалтгүй хийж гэж хэл ам хийж, ажилчдыг нь хөөж, улмаар захиралыг сэтгэл санаагаар дарамталж хийсэн ажлын дүнг шалгах, хүсэл зоригоо хангалттай илэрхийлэх боломж олгохгүйгээр гэрээ дүгнэсэн акт гэх баримтад гарын үсэг зуруулсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “А.И” ХХК-ийн хэвлэмэл хуудас бүхий албан бичигт гэрээ дүгнэсэн акт гэх баримттай адил утгатай мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай бичгийг мөн айлган сүрдүүлэх, дарамтлах байдлаар хийлгүүлэн авсан. Гэтэл тус гэрээ дүгнэсэн акт гэх баримт нь өөр нотлох баримтаар дэмжигдээгүй байхад үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А.И” ХХК нь хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 862 070 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ажлын хөлс 14 783 705 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

“А.И” ХХК нь “М.Ц.Д ХХК” ХХК-тай 2019 оны 12-р сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэн нэг сарын хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна./хх18-22/

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно.

“Гэрээ дүгнэсэн акт” гэх баримтыг талууд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэж гарын үсэг зуржээ. Уг актад “А.И” ХХК нь “М.Ц.Д ХХК” ХХК-д 47 200 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн, хийгдсэн ажлын дүн 28 784 430 төгрөг, хохирлын дүн 3 446 500 төгрөг, “М.Ц.Д ХХК” ХХК-ийн гүйцэтгэлийг 25 337 930 төгрөгөөр тооцож, ажил гүйцэтгэгчийн илүү авсан санхүүжилт нь 21 862 070 /47 200 000-25 337 930/ төгрөг болохыг тодорхойлон “М.Ц.Д ХХК” ХХК нь уг мөнгөн хөрөнгийг 45 хоногийн хугацаанд барагдуулахаа илэрхийлж, гэрээг 2020 оны 04 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгохоор тохиролцжээ. Энэхүү  баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн актад гарын үсэг зуруулсан гэх тайлбар гаргах боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч 47 200 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн, ажил гүйцэтгэгч нь тохиролцсон хугацаанд ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, зөвхөн 28 784 430 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. /хх16-17/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.

Ажил гүйцэтгэгч “М.Ц.Д ХХК” ХХК нь гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ажлыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээний хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэх актаар тогтоогдсон байх тул захиалагч “А.И” ХХК нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзахдаа мөн  хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар цаашид ямар нэгэн үр дүн гарахааргүй байгаа нь илт байвал нэмэлт хугацаа тогтоохгүй, урьдчилан сануулах шаардлагагүй юм.

Иймд хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-иас ажлын хөлсөнд илүү төлөгдсөн 18 415 570 /47 200 000-28 784 430/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.И” ХХК-д олгох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин захиалагчаас ажил гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн 3 446 500 төгрөгийн материалыг ажил гүйцэтгэгч нь мөнгөн хөрөнгөөр тооцож буцаан төлөхөөр тохиролцсон гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байхад анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулах нь зүйтэй. Иймд хариуцагчаас 3 446 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

Хариуцагч 61 783 705 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн гэх үндэслэл, тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Иймд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/00041 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-иас 21 862 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.И” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А.И” ХХК-иас 14 783 705 төгрөг гаргуулах тухай хариуцагч “М.Ц.Д ХХК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “250 028” гэснийг “267 260” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн 342 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 172 дугаар 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                      ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                       Б.НАРМАНДАХ