| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0214/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/061 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л. Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000690048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******, Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замаар ******* улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ками” маркийн автомашин жолоодож яваад ******* улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас зорчигч *******гийн бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл алга байна. Өмгөөлөгч Л.Быг байцаалтад оролцуулахад татгалзах зүйл алга байна. Яллагдагчаар татаж байцааж байгаатай холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна.Би тухайн үед өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай суудлын автомашинаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явж байгаад зам тээврийн осол хэрэг гаргасан минь үнэн.Миний зүгээс өөрийн буруугаа ойлгож мэдсэн, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, одоо хохирогч талд төлөх төлбөр байхгүй, надад санал гомдолгүй гэсэн. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна. гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 13 цаг өнгөрөөгөөд Өлзийт сумын 2 дугаар баг “Шинэ ус” гэх газарлуу эхнэр *******гийн ах *** гэх айлруу хүнс авах гээд мотоциклоор явсан. Орой 18 цаг өнгөрөөгөөд *******ынхаас гараад Өлзийт сумын гүүр өнгөрөөд хайрганы үйлдвэрийн харалдаа явж байтал миний урдаас гэрэл гараад тас гээд л дугарсан түүнээс хойш би мэдэхгүй байна. Нэг мэдсэн 50 гаран насны эрэгтэй хүн ирээд миний хүү яачихваа гээд намайг өргөж босгосон. Би босоод ахаа намайг утсаар яриулаач гээд тэр ахын утсаар нь эхнэрлүүгээ залгаад хурдан хүрээд ир гэж хэлээд толгой, гар хоёроос цус гараад байхаар нь мотоциклио асааж унаад аймагруу гэртээ ирсэн. Намайг мөргөсөн машин ямар машин байсан талаар харж амжаагүй цайвар өнгийн машин байсан. Би зорчих хэсгийн баруун гар тал буюу замын эрмэг талаар нь явж байсан. Би хөдөлгөөнд оролцож явахдаа гэрлээ асаасан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний толгой их өвдөж, гар, цээж, 2 мөр зэрэг газруудаар өвдөж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/
... Урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй байна. Манай эхнэр дуудлага өгөхдөө буруу дуудлага өгсөн юм шиг байна лээ. Тухайн үед намайг мөргөсөн гэх авто тээврийн осол яг гарах үеэр намайг яасан бэ гэж Б сэгсэрсэн юм. Тухайн үед тэр нэлээн согтуу байсан би урьд нь тэр хүнийг харж байгаагүй болохоор танихгүй байсан юм. Тэгээд тэр хүний машиныг сайн хараагүй шалтгаан болохоор мөргөсөний дараагаар тэр ослын газраас хэсэг яваад зогссон байхаар нь би хараагүй юм. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр ирсэн юм Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би тухайн машиныг харж чадаагүй талаар ярьсан юм. Тухайн үед тэр хүн согтуу байсан гялс хүн дуудаад иръе гээд явсан юм. Би болохоор мотоцикль тэнд байсан болохоор нь хаяж яваагүй юм. Тухайн үед цаг хэд болж байсан талаар үнэндээ мэдэхгүй байна. Тэр хүн яваад буцаад ирсэн эсэхийн би мэдэхгүй байна. Би тэнд 30-иад минут байгаад эхнэр ирэхгүй болохоор нь яваад өгсөн юм Би эхнэртээ хэлэхдээ тэр хүн, хүн дуудахаар явсан боловч одоо хүртэл байхгүй байна гэж хэлэхэд тэр түүнийг зугтаасан гээд ойлгосон юм уу цагдаагийн байгууллагад ослын газраас зугтсан гээд дуудлага өгсөн юм байна лээ.Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг тэр бүрэн барагдуулсан юм. Нэг их эвдэрсэн зүйл байхгүй байсан. Б нь тэр өдрөөс хойш байнгын холбоотой байж эмчилгээ болон бусад зардлуудыг өгсөн болохоор надад түүнээс мөнгө нэхэмжлэх зүйл, янз бүрийн зовиур байхгүй. Миний бие бүрэн эдгэрсэн. Эмчилгээтэй холбоотой баримтууд гэрт байгаа шаардлагатай бол аваад ирж болно. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
4. Гэрч П. Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:… 2017 оны 08 дугаар сарын 02-ны оройн 22 цаг өнгөрч байхад манай нөхөр танихгүй хүний утсаар надад залгахаар би хүүхэддээ миний мэдэхгүй дугаар байна чи авадхаа гэхэд тэр аваад ярихад манай нөхөр байсан юм. Тухайн үед би сонсож байсан юм. Өлзийт сумын хайрагны үйлдвэрийн харалдаа зам дээр хүрээд ир гэж хэлээд утасаа тасалсан юм. Тэгээд манай хүүхэд явах унаа хайгаад байж байхад өөрийнхөө мотоцикльтой манай нөхөр гэртээ ирсэн юм. Тэр ирэхдээ түүний зүүн гарын долоовор хурууны үзүүр хэсэг мултарсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан юм. Тэгээд би түргэний утсанд холбогдоход цагдаагийн байгууллагад мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Би нөхрөөсөө юм асуугүй байж мөн сандарсандаа болоод тэгэж хэлсэн юм. Учир манай нөхөр машинтай мөргөлдсөн гэсэн боловч гэртээ ганцаараа ирсэн нөгөө хүн чинь хаана байна бэ гэхэд тэр мэдэхгүй байна гэхээр нь зугтсан байх гэж бодсон юм. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... ******* овогт ******* гэдэг хүн 1977 оны 07 дугаар сарын 02- ны өдөр айлын 4 дэх хүүхэд болж хорвоод мэндэлсэн юм. Багаасаа төлөв даруу үг цөөнтэй хүүхэд байсан юм. Манай ахын хувьд Өлзийт сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Дээд сургуулиа ламын ангид элсэн орж төгссөн дээд боловсролтой юм Одоо болохоор Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн хувиараа дэлгүүр ажиллуулдаг юм. Эхнэр, 3 хүүхдийн хамт Өлзийт суманд оршин суудаг Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй Архи дарс нээх уугаад байдаггүй Хаяа найз нөхөд, баяр ёслолоор уудаг байх. ******* нь төлөв даруу, үг цөөнтэй хамт олон найз нөхөд ,гэр бүлийи гишүүдийн дунд нэр хүндтэй. Биеэ зөв авч явдаг. Хүнтэй зөв боловсон харьцдаг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *** гэдэг хүний хувьд их даруухан, аливаа юманд сэтгэлээсээ нухацтай ханддаг, олны дунд нэр хүндтэй, эелдэг хүнтэй зөв боловсон харьцдаг хүн байгаа. Манай сайн найз гийн төрсөн ах нь юм байгаа. Тэд нарын хувьд 5 уулаа байдаг байх. *** гэдэг хүний хувьд айлын 4 дэх хүүхэд нь болж хорвоод мэндэлсэн юм байгаа. Одоо болохоор Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн хувиараа дэлгүүр ажиллуулдаг юм. Эхнэр, 3 хүүхдийн хамт Өлзийт суманд оршин суудаг, Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Архи дарс нээх уугаад байдаггүй. Хаяа найз нөхөд, баяр ёслолоор уудаг байх. ******* нь төлөв даруу, үг цөөнтэй хамт олон найз нөхөд ,гэр бүлийн гишүүдийн дунд нэр хүндтэй. Биеэ зөв авч явдаг. Хүнтэй зөв боловсон харьцдаг. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 367 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед зүүн сарвуунд бяцрал, хугарал, баруун, зүүн хөмсөг, зүүн гарын 2, 3-р хуруунд шарх, дух, шанаа, эрүү, баруун бугалга, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
11. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн шинжээчийн:
Нэг: А. Зам тээврийн осол гарахад ******* тээврийн хэрэгслийн жолооч иргэн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог эамд гүйцэж туруүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Б. Тухайн зам тээврийн осол болох үед ******* улсын дугаартай мотоцикпийг жолоодож явсан иргэн ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
В. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.
Г. ******* тээврийн хэрэгслийн жолооч иргэн ******* нь Цагдаагийн ерөнхий газрын Буртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд В ангиллын 464472 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.гэх дүгнэлт / хх-ийн 43-44 /, болон шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 4 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөнийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замаар ******* улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ками” маркийн автомашин жолоодож яваад ******* улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас зорчигч *******гийн бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч П.*******, *******мараа, эргэлэн, нарын мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж шүүх үзлээ.
Харин эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, тэнсэх болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын зүгээс цаашид нэхэмжлэх зардалгүй гэж илэрхийлсэн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5349 БНХ улсын дугаартай “Тоёото ками” маркийн *******ын эзэмшлийн авто машиныг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдсөн тул хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулах шаардлаггүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.4-д зааснаар шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ад үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж шүүх үзсэнийг дурдсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөнөөс эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын эзэмшлийн 5349 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар хураан авах шаардлаггүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ