| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2309 000000 402 |
| Дугаар | 2023/ДШМ/862 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/862
2023 8 24 2023/ДШМ/862
Ц.Г холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ундрах,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж гомдлоор Ц.Г-д холбогдох 2309 000000 402 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Г, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Дорнод аймаг, Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 31 дугаар хороо, хайрхан 2 дугаар гудамж, 37 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, Дорнод аймгийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ял, Дорнод аймгийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 14.5.1-д зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмүүн таур” хотхоны баригдаж байгаа барилгын В1 давхрын цонхыг хагалан, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 124 ширхэг хог шүүгчтэй хаалт, Н вентэл 14 ширхэг, гагнуурын аппарат кабел 23 метр, яндам өрөм 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, гар цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.629.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Г-ыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-аас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д, иргэний хариуцагч Б.С-с 1.092.000 /нэг сая ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.А-д тус тус олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд Соронзонболд гэгч нь тухайн объектод барилгын ажил эрхэлдэг байхдаа Ц.Г-ыг дуудан ирүүлж, архи өгч, Цэлмүүн таур” хотхоны байрлалыг заасан байдаг. Үүний дагуу Ц.Г нь “Цэлмүүн таур” хотхоны подвалийн өрөөгөөр нэвтрэн орж, эд хөрөнгө хулгайлсан. Өмгөөлөгчийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.С-тай уулзаж энэ талаар мэдсэн...Ц.Г нь өөрт байсан хулгайн эд зүйлийг бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Харин хүлээлгэж өгөөгүй эд зүйлийг Соронзонболд 100 айлд худалдаалж, олсон орлогыг өөртөө зарцуулсан. Энэ талаараа өөрөө мэдүүлсэн. Ц.Г-ын хувьд тухайн эд зүйлийг өөрөө аваагүй ч гэмт үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлж барилгын ажил эрхэлж, олсон орлогоосоо 1.036.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Мөн сүүлд 360.000 төгрөгийг бэлнээр хохирогчид өгсөн талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй учраас шүүх нотлох шаардлагатай гэдэг асуудлыг хөндсөн. Энэ ч үүднээс шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авсан. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх хурал болсон бөгөөд улмаар Хүүхдийн баяр болсон тул энэ хугацаанд хохирогч талтай утсаар холбогдож чадахгүй байснаа Ц.Г илэрхийлдэг. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогчтой холбоо барьж, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлж, 360.000 төгрөгийг өгсөн гэдгээ хэлэхэд хохирогчоос “хэрвээ чи 360.000 төгрөг өгсөн гэж байгаа бол мөрдөгчид хүлээлгэн өгсөн хохирлын төлбөрийн баримтаа авчих, мөрдөгчид байгаа байлгүй” гэж хэлсэн. Мөрдөгчид хэлэхэд “мөнгийг нь өгөөгүй юм шиг байна, бичгийг нь прокурорт шилжүүлье” гэж хэлсэн. Гэвч уг баримт нь урьд нь хэрэгт авагдсан баримт болж таарсан. Өөрөөр хэлбэл, энэ хооронд үл ойлголцол бий болсон. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч миний бие шүүгдэгчийн эхийн хамт хохирогч Б.С-тай уулзаж хохирол барагдуулалтын талаар ярилцсан. Хохирол арилсан бол танай компани хохирол барагдсан талаар баримт гаргаж өгөөч гэсний дагуу хохирогч баримтаа гаргаж өгсөн. Ц.Г нь 2007 оноос хойш ямарваа нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, Завхан аймгаас Улаанбаатар хотод 2018 онд эхийн хамт орж ирсэн, барилгын ажил хийж явахад нь С-тэй тусалж байсан. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барилгын ажил хийх замаар барагдуулахаа илэрхийлсээр ирсэн бөгөөд нийт 1,336,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан...Хохирогч Б.С буюу “Арвин бэлт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өмгөөлөгч миний бие болон шүүгдэгчийн ээжийн хамтаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр биечлэн уулзах завшаан тохиолдож, хохирол барагдуулалтын талаар уулзаж ярилцахад шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар хохирлыг бүрэн барагдуулсан, өөрөөр хэлбэл үлдэгдэл төлбөр гэх 330,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сард бэлнээр барагдуулж байсан болохыг илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Ц.Г нь бусдад төлбөл зохих хохирлын төлбөрөө бүрэн барагдуулсан байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 3 дахь хэсэгт заагдсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хөнгөрүүлж өгнө үү. Хохирогч талаас төлбөрийн тооцоогүй болохыг илэрхийлсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай албан бичгийг эх хувиар хавсралтаар хүргүүлэв. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан талйбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч байх тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед өмгөөлөгчийн яриад байгаа 330.000 төгрөгийг төлсөн нь нотлогдоогүй. Энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримтгүй, маргаан бүхий асуудал гараагүй байна.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмүүн таур” хотхоны баригдаж байгаа барилгын В1 давхар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад хууль бусаар нэвтэрч нийт 4.629.400 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- хохирогч Б.С-ын: “...2023 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө апартмент 2” төслийн баригдаж байгаа барилгын 0 давхрын цонхоор хулгай орж, 124 ширхэг хог шүүгчтэй хаалт нэг бүрийн үнэ нь 16400 төгрөг, Н вентэл 14 ширхэг нэг бүрийн үнэ 36.700 төгрөг, гагнуурын аппарат кабел нь 23 метр, яндам өрөм 1 ширхэг, цохилттой дрелл 1 ширхэг гар цүнх зэрэг эд зүйлс алга болсон... гэх мэдүүлэг /хх-13, 16-17/,
- иргэний хариуцагч Б.С-ын: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд Ц.Г нь над руу яриад "булангийн хаалт 169 ширхэг байна, та хямдхан авах уу" гэж хэлэхэд нь Ц.Г-ын гэрт нь очиж 700.000 төгрөгийг өнөөдрийн дотор өгнө гэж хэлээд авч яван 100 айл худалдааны төв дээр очиж сангийн бөөний худалдааны газарт очиж нэг эмэгтэйд 1 ширхгийг нь 6000 билүү, 6500 төгрөгөөр бодож зарсан, мөнгийг ажилчдын цалинд тавьж өгсөн. Одоо би худалдаж авсан гэх эмэгтэйд хохирлын 1.050.000 төгрөгийг төлөх болно. Би Ц.Г-д 700.000 төгрөг өгөөгүй, би хулгайн эд зүйл гэж тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-58-59/,
- иргэний нэхэмжлэгч П.А"...тухайн үед би ажил дээр байхад гаднаас нэг залуу, хүүхэн орж ирээд, надад хаалт үзүүлээд авах уу 200 ширхэг байгаагаас 170-ыг нь авах уу, ажилчдын цалингаа тавих гэж байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь 168 ширхгийг 6500 аар бодоод 1.092.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаар Б нэртэй данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-53-54/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “ Үнэлгээний нийт дүн 4.629.400 төгрөг ” /хх-33/,
- шүүгдэгч Ц.Г-ын:“...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу худалдааны төвийн урд талд байрлалтай орон сууцны барилгын инженер Баагий миний цалинг өгөөгүй болохоор барилгаас нь юм авъя гэж бодоод 2023 оны 02 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө 02 цагийн орчимд би ганцаараа тухайн барилга дээр нь очоод урд талын подвалын цонхыг өшиглөж орж, хайрцагтай сангийн булангийн хаалтуудыг цүнхэнд хийж авсан, тэгээд найзынхаа гэрт очсон. Өглөө нь С ах руу залгаад “Булангийн хаалтууд зараад өгчих” гэж хэлсэн ба удалгүй С ах манай найзын гэрт ирсэн, 100 айл дээр зарах гэж байгаад баригдсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-46, 47/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн тус хулгайлах эмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Яллах дүгнэлтэд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан талаар бичсэн /хх-84/, шүүгдэгч Ц.Г нь хохирогчид нийт 1.036.000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн /хх-102/, хохирогч Б.С үлдэх 306.000 төгрөгийг 2023.5.15-ны өдөр авсан гэх баримттай /хх-109, 124/ байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирол төлөөгүй гэж үзсэн нь алдаатай байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Шүүгдэгч нь 2006, 2007 онуудад ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-60/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх ” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Г 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гыг 1 /нэг/жилийн хугацаагаар...” гэж,
3 дахь заалтын“...2 /хоёр/ жилийн...”гэснийг”...1 /нэг/ жилийн...” гэж тус тус өөрчилж,
5 дахь заалтын ”...шүүгдэгч Ц.Г-аас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д,” гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР