Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/863

 

 

 

 

 

 

 

 

2023           8             24                                            2023/ДШМ/863

 

 

А.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,  

хохирогч Г.Б,  

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/556 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлоор А.Г-д холбогдох 2305 00116 0199 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Г, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 2-р курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн 201-45 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: 00000000/,  

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн оюутны байранд хохирогч Г.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүр, гар, цээж, хэвлийн тус газарт удаа дараа цохих байдлаар зодож, биед нь хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, дагз, баруун дээд зовхи, баруун чамархай, цээж, баруун бугалга, зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-аас 2.508.929 /хоёр сая, таван зуун найман мянга, есөн зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Гаас 2.508.929.төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаарт шинжээчийн дүгнэлтэд “дүрс оношилгооны эмч Э.Соёлмаагийн дүрс оношилгооны хариуд” ...зүүн хоншоорын хөндийн урд хана 2,4 см өргөн хэсэгт 0,8 см гүн хэмжээтэй хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугаралтай /хх-15 / гэж тэмдэглэсэн ба дээрх дүгнэлтээр хохирогч Г.Б-ын биед зүүн хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, дагз, баруун дээд зовхи, баруун чамархай, цээж, баруун бугалга, зүүн алганд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Хохирогч нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохиролтой холбоотой ганц баримт өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоос гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаан дээр баримтаар 3,364,285 төгрөгийг нэхэмжилсэн гэвч шүүхэд гаргаж өгсөн баримтын нийт үнэ 3.157.906 төгрөг бөгөөд 3.020.906 төгрөгийн баримт нь дээрх гэмтэлтэй холбоогүй хамааралгүй баримтууд байна. Үүнд: 1. Нийт 78 ширхэг баримт гаргаж өгсөн ба үүнээс 67 ширхэг баримтууд нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойшоо гарсан баримтууд байна. 2. Терминалд уншуулсан 9 ширхэг баримтын нийт үнэ 581.498 төгрөгийг уншуулсан ба юу авсан нь тодорхойгүй үүний дотроос Бөмбөгөр худалдааны төвөөс эд зүйл авсан баримтууд байна. 3. Микожинакс №12 гээд үтрээний лаа /эмэгтэйчүүдийн/ 2023.04.08-ны Моносын эмийн сангийн Эх нялхсын салбар, 4. Мэсийн наалт, ариун наалт, дэвсгэр памперс, наалт, пингевин наалт, цагаан хэрэглэл, эрхий мэргэн, Витамин С, Витамин ДЗ, Ундевит, зөгийн бал, тамедин, хуурай сальфетка гэх мэт эд зүйлсийн баримтууд байна. 5. Ямар ч тамга, тэмдэг байгууллага нэр байхгүй зарлагын баримт, 6. Мөнхтогтохын Сувдмаагийн нэр дээрх баримт, 7. 2022 он 11 сарын 23-ны өдрийн баримт буюу хэрэг гарахаас өмнөх баримт, гэх мэт энэ хэрэгт огт хамааралгүй баримтууд байна.  

Анхан шатны шүүхээс дээрх баримтыг үнэлж хохирол төлбөрийг олго гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс зүүн хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугаралдаа мэс засал хийлгээгүй, 6 сард гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, яагаад хэвтсэнээ хариулаагүй болно. Г.Б-ын биед учирсан зүүн хоншоорын хөндийн урд хана 2,4 см өргөн хэсэгт 0,8 см гүн хэмжээтэй хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал нь имплант суулгах мэс ажилбар хийлгэх заалттай байдаг. Шинжээчийн дүгнэлт, хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралтай “Лазер мед” эмнэлэгт зураг авахуулсан 120.000 төгрөг, нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн 17.000 төгрөгийн баримтууд байна. Шүүгдэгч А.Г-ын зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 төгрөгийг төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  уг гэмт хэргийн улмаас хохирогчид цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа болно. Иймд хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3.364.285 төгрөгийн хохирлын шаардлагаас шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралгүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй 3.020.906 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн. Шүүгдэгч А.Г-ын зүгээс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.Б-ын зүй бус үйлдлээс болж уг гэмт хэрэг гарсан, суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан ял оногдуулаагүй гэж үзэхээр байна. Иймд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны 2023/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар маргаж байна. Анхан шатны шүүхэд хохирогчийн зүгээс 3.364.285 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байна гээд баримтаар 3.157.906 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс манай үйлчлүүлэгч хохирол учирсан шалтгаант холбоо болон гэмт хэрэгт холбоогүй 3.020.906 төгрөгийн баримт байна гэж үзсэн. Нийт 78 ширхэг баримт гаргаж өгсний 67 ширхэг баримт нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гарсан баримтууд байна. Байцаагч Золжаргал нь хохирогчийг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д мэсний шархтайгаар хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлсэн ба хохирогч 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж өгсөн баримтаас : мэсийн наалт, ариун наалт, дэвсгэр памперс, наалт, пингевин наалт, цагаан хэрэглэл, эрхий мэргэн, Витамин С, Витамин ДЗ, Ундевит, зөгийн бал, тамедин, хуурай сальфетка гэх мэт эд зүйлсийн баримтууд байсан нь шүүгдэгчийн учруулсан хоншоорын хөндийн цөмөрсөн хугаралд хамаарахгүй. Мөн баримтууд дунд терминалд уншуулсан 9 ширхэг баримтын нийт үнэ 581.498 төгрөг байх бөгөөд юу авсан нь тодорхойгүй. Хэргийн 216 дахь талд “Микожинакс №12” гээд эмэгтэйчүүдийн үтрээний лаа худалдаж авсан баримт авагдсан, мөн ямар ч тамга тэмдэг,  байгууллагын нэр байхгүй 41.000 төгрөгийн зарлагын баримт, Мөнхтогтохын Сувдмаагийн нэр дээрх баримт, хэрэг гарахаас өмнөх баримт гэх зэрэг ач холбогдолгүй баримтуудыг  гаргаж өгч хохирол нэхэмжилж байгаа нь шалтгаант холбоогүй буюу хууль зүйн үндэслэлгүй байна.  Анхан шатны шүүхээс хохирогчийг 6 дугаар сард хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугаралдаа мэс засал хийлгэсэн талаар асуухад хохирогч ямар байдлаар эмнэлэгт хэвтсэн, яасан талаараа хариулдаггүй. Хохирогчийн биед учирсан зүүн хоншоорын хөндийн урд хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал нь имплант суулгах мэс ажилбар хийлгэх заалттай байдаг тул энэ талаарх баримтаа гаргаж өгвөл төлбөрийг төлөх бүрэн боломжтой. Шүүгдэгч А.Г-ын хувьд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж уг гэмт хэрэг гарсан талаар мэдүүлсэн Т, Т, Д, С нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Миний үйлчлүүлэгч суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, сарын цалин 1.000.000 төгрөг авдаг. Хэргийн 79-183 дахь талд дансны хуулга нь авагдсан бөгөөд хуулгаас үзэхэд 1.641.000 төгрөгийн орлоготой. Төмөр замын дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан учир албадан ажил хийхэд хичээл сургууль завсардах нөхцөл байдалд байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогчтой холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу КТГ шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн 17.000 төгрөг, нийт 137.000 төгрөгийн баримт хэрэгт бий. Гэвч шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчид 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ талаарх баримтыг хэрэгт гомдлын хамт хавсаргасан. Хохирогч нь нь цаашид зүүн хоншоорын цөмөрсөн хугаралдаа мэс ажилбар хийлгэх шаардлагатай гээд баримтаа гаргаж өгвөл шүүгдэгчийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй . Учир нь, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:       

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.              

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө хохирогч Г.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь : 

- хохирогч Г.Б-ын: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны 23 цагийн үед  дотуур байрны нийтийн дүш рүү яваад орох гэтэл А.Г 2-3 өөр хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан бөгөөд А.Г намайг “өрөөндөө орооч пизда минь” гээд 313 тоот өрөөнд дагуулаад орсон. Өрөөнд орохоос өмнө нүүр хэсэг рүү 2 удаа, хэвлий рүү 1 удаа цохиод өрөө рүү оруулсан...А.Г намайг орон дээр түлхэж унагааж, дээрээс шууд нүүр, гар, цээж, хэвлий хэсэг рүү олон тооны удаа цохиод байсан. Миний биед учирсан зүүн хоншоор хөндийн урд ханын хугарал болон бусад гэмтлийг А.Г учруулсан...А.Г дүшинд архи ууж байх шиг байсан бөгөөд архи ууж байгааг хүнд хэлнэ гээд уурлаад зодсон байх. ...”гэх мэдүүлэг /хх-8/,

- гэрч Г.Т-ийн:“...тухайн үед Г.Б миний хамар мурийсан, шүд хөдөлсөн гэж хэлсэн. А.Гад зодуулсан Г.Б цагдаад өгнө гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31/,

- гэрч Г.Т-ын: “....тэр үед Г.Б “миний хамар хугарчихлаа” гээд байсан  гэх мэдүүлэг /хх-33/,  

- гэрч П.Б-ийн: “...Г.Б, А.Г хоёр муудалцаад ойлголцохгүй байхаар нь өрөөндөө ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-35/,

- гэрч Г.С-ын:”...надад Г.Б хэлэхдээ “А.Г намайг зодсон би гомдол цагдаад хандана” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-123/,

- гэрч Р.Б-ийн:”...А.Г нь Г.Б-ыг унтахгүй байхаар нь унтуулах гэж маргаад цохисон талаараа хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-125/,

- шинжээчийн 2022.12.14-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт: Г.Б-ын биед зүүн хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, дагз, баруун дээд зовхи, баруун чамархай, цээж, баруун бугалга, зүүн алганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-14-15/,

- шинжээч эмч Б.Цолмонгийн: “...зүүн хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал нь тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад хэсгийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...зүүн хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-21/,

- шүүгдэгч А.Г-ын:“...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүд /хх 142/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 Тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ. 

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэр болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан олон тооны гэмтэл шарх, хүндэвтэр хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд тухайн гэмтлийг учруулсан гэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан  байх ба шүүгдэгч нь гэм буруугаа зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.       

3. Анхан шатны шүүх нь хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтын талаар бүрэн дүгнээгүй байна.

 Хохирогчоос нэхэмжилсэн нийт хохирлын дүн 3.008.946 төгрөг (орос бичигтэй баримт, гараар бичсэн дүнг оруулахгүйгээр-хх-189-221/ байх ба үнээс хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнөх баримт бүхий 169.350 төгрөг, хүнс, ус, нүүр гарын тос зэрэг хугацаа, тамга тэмдэггүй нийт 52.850 төгрөг, юунд зарцуулсан нь тодорхойгүй буюу холбогдох баримт нь  хууль ёсны шаардлагад нийцээгүй терминалын мөнгөн дүн 387.000 төгрөг, 13500 төгрөг, цагаан хэрэглэл 30.000 төгрөг, микоуинакс лаа 23400 төгрөг, зөгийн бал 7600 төгрөг, нүүр ба гарны тосны 41.000 төгрөг /хх-191, 193, 199, 200, 205, 215, 218, 221/ нийт 724700 төгрөгийг хангах боломжгүй.    

Харин хохирогч нь шүүгдэгчид зодуулсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үеэс хойш өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл, бусад олон тооны гэмтэл, шарх буюу хор уршгийг эдгээх, эмчлүүлэх зайлшгүй шалтгааны улмаас эм, тарианы болон холбогдох бусад гэм хорын хохиролд хамаарч буй нийт 2.284.246 төгрөгийг холбогдох нотлох баримтын хүрээнд хангах үндэслэлтэй гэж үзлээ.             

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш хохирогчийн эрүүл мэндийн байдалд санаа тавиагүй буюу хохирогчид эмчилгээнд зориулан төлбөр төлж байгаагүй байх ба  зөвхөн Давж заалдах шатны шүүхэд “хохирогчид 500.000 төгрөг төлсөн” гэх баримт гаргасан байх тул хасаж, хохирлын 1.784.246 төгрөг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхэд нь бүрэн хамаарч байх тул ”хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,” гэснийг хүчингүй болгох зүйтэй.   

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан “шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн улмаас хохирогчоос нэхэмжилсэн хохирлын шаардлага, нотлох баримтын талаар хийх ёстой хууль зүйн дүгнэлтийг бүрэн, оновчтой хийгээгүйг анхааруулж байна.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/556 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :  

5 дахь заалтын “...шүүгдэгч А.Г-аас 2.508.929 /хоёр сая таван зуун найман мянга есөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж...”гэснийг“...шүүгдэгч А.Г-аас 1.784.246 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, “хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,” гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан ”гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй 3.020.906 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                       Г.ГАНБААТАР