Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00422

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00422

 

 

 

 

Д.Бын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01299 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Бын хариуцагч Д.Сд холбогдуулан гэрээний үүрэгт 930 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч С.Давааравдан, Т.Ариунболд, М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сгийн хамт 2012 онд “Очир гурван түшээ” ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран хөрөнгө оруулан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд “Очир Говь” нэртэй 2600 м.кв талбайтай, худалдааны төвийн барилгыг барьж, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. “Очир Говь” худалдааны төвийг ашиглалтад оруулснаас хойш 2014 оны 7 дугаар сар хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Миний бие энэ хугацаанд Англи Улсад суралцаж байсан бөгөөд 2014 оны 7 дугаар сард Монгол Улсад ирснээр Д.Стэй “Очир Говь” худалдааны төвийн өмчлөх эрхийн асуудлаар эрүүгийн, иргэний журмаар удтал маргалдсаны эцэст 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тохиролцож, хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Д.С нь нийт 620 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу 620 000 000 төгрөг, алданги 310 000 000 төгрөг, нийт 930 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар дамжуулан Д.Сг дарамталж гэрээ байгуулаагүй, хуулиар олгосон эрхийн дагуу гомдол гаргаж шалгуулсан гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Д.Б, Д.С бид хамтран 2012 оны 4 дүгээр сараас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд “Очир Говь” нэртэй 2600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Энэхүү барилгыг барихад 1 758 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд үүнээс Д.Б 29.8 хувь, би өөрөө 70.2 хувийн хөрөнгө оруулсан. Энэ талаар тухайн үед Д.Бод хэлж, хамтран ажилласан тул түүнд 35 хувийн, өөртөө 65 хувиар хөрөнгө оруулалтаа баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.С, Д.Б нарын хооронд Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл байгуулж, хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Дэлгэрдалайд итгэмжлэл өгч, 35 хувийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэрээнд гарын үсэг зурах эрх өгсөн боловч, Д.С намайг Өмнөговь аймгийн цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэж дарамталсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газраас гэмт хэрэг биш гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаныг Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн, тухайн үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилж, дарамталсан. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш уг үйлчилгээний төвийн миний 65 хувийн өмчлөлд байсан 1 давхрын 53 м.кв талбайтай кофе шоп байсныг Д.Б нь өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэрээг дарамталж хийлгэж авсан. Мөн цаашлан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай гэрээ”-г хууль зөрчин байгуулж, миний өмчлөлийг хууль бусаар өөртөө шилжүүлэх гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Учир нь Д.Б нь хууль бусаар хууль хяналтын байгууллагаар дамжуулан намайг дарамталсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Сгээс гэрээний үүрэгт 930 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Д.Сгийн “...2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 4 807 950 төгрөгийг, мөн хариуцагч Д.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 3 187 750 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид 4 807 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.С нь Д.Бтой хамтран 2012 оны 4 сараас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд “Очир говь” нэртэй 2600 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг барьж 2014 оны 6 сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Энэхүү барилгыг барихад 1 758 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд үүнээс Д.Б 29.8 хувь би өөрөө 70.2 хувийг оруулсан. Энэ талаар тухайн үед Д.Бод хэлж хамтран ажилласан тул түүнд 35 хувийг, өөртөө 65 хувиар хөрөнгө оруулалтаа баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр тогтоох талаар харилцан тохиролцсон. Тухайн үед Д.Б нь Англи улсад сурах шаардлагатай болсон тул түүнд 35 хувийн өмчлөгчид гарын үсэг зурахаар н.Дэлгэрдалайд итгэмжлэл хийж өгсний дагуу нотариатч н.Алимаагаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өмчлөгч хувийг тогтоох хэлцлийг хийж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг хууль ёсны дагуу гаргуулсан. Гэтэл Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Дэлгэрдалайд итгэмжлэл өгч 35 хувийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэрээнд гарын үсэг зурах эрх өгсөн боловч Д.С надад холбогдуулж цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэж дарамталсан. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш уг үйлчилгээний төвийн 65 хувь нь миний өмчлөлд байсан 1 давхарын 53 м.кв кофе шопыг Д.Б нь өөрийн нэр дээр шилжүүлж авах гэрээг дарамталж хийлгэж авсан. Мөн 2016 оны 4 сарын 26-ны өдөр байгуулсан Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай гэрээг хууль зөрчин байгуулж миний өмчлөлийг хууль бусаар өөртөө шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул үүнийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 5 сарын 15-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолоор Д.Сд холбогдох эрүүгийн 201516010019 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд хохирол төлбөр төлнө гэсэн ойлголт байхгүй өөрөөр хэлбэл Д.С гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруутай гэж үзэх нотлох баримтгүй тул анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн дүүрэн хянаагүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Сд холбогдуулан гэрээний үүрэгт 930 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Д.Б, Д.С нар нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай” гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.С нь 620 000 000 төгрөгийг Д.Бод 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулах, Д.Б нь төлбөрийг бүрэн авч дууссаны дараа үйлчилгээний зориулалтай 4 давхар барилгын өөрт ногдох хэсгийг Д.Сгийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг өгөхөөр харилцан тохиролцсон байна./1хх-5-6, 2хх-21-22/

Дээрх гэрээнд тусгагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйлчилгээний зориулалтай 4 давхар барилгыг Д.Б, Д.С нар нь 2012 оны 4 дүгээр сард харилцан тохиролцож ашиг олох зорилгоор барьж байгуулан хамтран өмчилсөн болох нь зохичдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоогдсон./1хх-21,22/ Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Д.Б уг гэрээний дагуу 570 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, гэрээний үр дүнд 4 давхар барилга баригдаж, ашиглалтад орсон талаар талууд маргаагүй.

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэн тохиролцож эвлэрэх гэрээ байгуулан дээрх хамтран ажиллах гэрээнээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзэхээр байна. Энэ татгалзлын хүрээнд нэхэмжлэгч оруулсан хөрөнгө 603 400 000 төгрөг, түрээсийн орлогоос 16 600 000 төгрөг, нийт 620 000 000 төгрөгөөр тооцон буцаан авах, уг төлбөрийг буцаан төлсний дараа гэрээний дагуу шилжүүлэн авсан уг барилгын 880 м.квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсан тохиолдолд хэн алинаасаа шилжүүлж авсан зүйлийг харилцан буцааж өгөх, уг харилцан буцааж өгөх зүйлд орлого хамаарахаар заасантай нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд тэдгээрийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн, уг гэрээнд талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Уг эвлэрлийн гэрээ байгуулсанаар өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон. 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “дарамталж гэрээ байгуулсан” гэж тайлбарлах боловч уг үндэслэлээ эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

“Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай” гэрээний 1.1-д тухайн гэрээ байгуулах болсон нөхцөл, зорилгыг тодорхойлохдоо “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйлчилгээний зориулалтай 4 давхар барилгыг барихад өөрсдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээг эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд харилцан зөвшөөрч, цаашид Д.С нь уг барилгыг барихад Д.Боос оруулсан хөрөнгийг, түрээсийн орлогын зарим хэсгийн хамт өгч, талууд энэ асуудлаар цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргахгүй болохоо хүлээн зөвшөөрсөнтэй холбогдож үүсэх аливаа харилцааг зохицуулна” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч эрүүгийн журмаар өргөдөл гомдол гарган цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгож байсныг Д.Сг дарамталсан, хууль зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна. Д.Боос н.Дэлгэрдалайд олгосон итгэмжлэл нь маргааны зүйл болж буй “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай” гэрээнд хамааралгүй болно.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 620 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн, “Хохирол төлбөр барагдуулж, эвлэрэх тухай” гэрээний 2.1-д талууд үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэж тогтоосон бөгөөд гэрээний 3.3-т “... үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар бодож алданги төлнө ...” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн.  Хариуцагч уг хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 620 000 000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож хариуцагчаас 310 000 000 төгрөгийн хэмжээнд гаргуулсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Эдгээрээс үзвэл анхан шатны шүүх хариуцагчаас 930 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь зөв ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Хамтран ажиллах гэрээний үр дүнгийн хүрээнд бий болсон, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн 880 м.квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эвлэрлийн гэрээнд буцаан шилжүүлэхдээ мөнгөн хөрөнгийг төлж дууссаны дараа шилжүүлэхээр болзол тавьж талууд хэлцэл хийсэн учраас болзол хангагдахад нэхэмжлэгчээс уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхээ хариуцагч хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 307 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                       Б.НАРМАНДАХ