| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00484/И |
| Дугаар | 192/ШШ2025/00618 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/00618
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2025/00618 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ҮНДЭСЛЭХ нь:
С хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар Н.Г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчилнэ,
3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж тус тус заажээ.
Гуравдагч этгээд Н.Г нь согтуурах донтой болох нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрээр сайн дураар эмчилгээнд хамрагдахаас татгалзсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно.,
6.3-т энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана гэжээ.
Гуравдагч Н.Г нь шүүх хуралдаанд Би цаашид архи уухгүй, архинаас өөрөө сайн дураараа гарч чадна. Би барилгын засал чимэглэлч хийдэг, ажил хийж байгаа үедээ архи уудаггүй. Маргааш ээж маань Улаанбаатарт ирж эмчилгээ хийлгэнэ. Би дагуулж явахгүй бол өөр дагуулж явах хүн байхгүй. Цаашид архи уухгүй байж чадна. Архины эмчилгээнд явуулахгүй, намайг энэ удаа харж үзнэ үү гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд тэрээр уг хүсэлтээ Цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж, хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн хүнийг эмчилгээнд хамруулах саналыг шүүхэд гаргах боломжтой юм.
Түүнчлэн хуулийн 5.7-д зааснаар эмч нарын дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болох бөгөөд Н.Г эмнэлгийн дүгнэлтийг танилцуулах, зөвшөөрөх эсэх, гомдол гаргах эрхийг эдлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Н.Г архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Н.Г архины албадан эмчилгээнд хамруулах тухай С хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч С нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ