Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00443

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00443

 

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар

хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 184/ШШ2021/00264 дугаар шийдвэртэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Т.Тг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тугалхүүгийн Туваахүү нь 20 иод жил архи ууж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусадтай нийлэн байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, согтуу үедээ гудамж талбайд унтах зэрэг байдал гаргаснаас хөлдөх аюул учирч болзошгүй байна. Эгч нар нь архины эмчилгээнд явуулах хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Иймд түүнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сүүлийн үед архи байнга ууж байгаа. Архи уухаараа амархан согтоод юу болсноо мэддэггүй. Цаашид эмчилгээнд явж архи уухгүй байх хүсэлтэй. Эмчилгээнд явахгүйгээр архинаас гарч чадахгүй байх гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Элжигэн овогт Тугалхүүгийн Туваахүүг архины албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасныг баримтлан Т.Тг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Т.Т давж заалдах гомдолдоо: Миний төрсөн эгч Ц.Туулын хүсэлтийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан учир нь хууль зүйн сайдын санаачлагаар шинээр байгуулагдсан архины эмчилгээ сувилалын газар нээгдсэн, нэг сарын хугацаатай байдаг гэх буруу ойлголтын улмаас уг сувилалд хэвтэхийн тулд 20 жил архи ууж, согтуурсан мэтээр мэдүүлэг өгөн төрсөн эгчдээ хэлэн сувилалд явах хүсэлт гаргасан. Гэвч энэ нь сувилал биш болохыг мэдсэн бөгөөд буруу ташаа ойлголт байсныг олж мэдлээ. Би өөрөө хороондоо байрлах архинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулан явуулдаг сургалт, цуглаанд хамрагдан архинаас бүрэн гарах хүсэлт эрмэлзэлтэй байдаг. Мөн миний бие сүрьеэ болон түрүү булчирхайн өрөвсөлтэй бөгөөд давхар шулуун гэдэснээс цус байнга алддаг, энд ирээд дээрх өвчнүүд хүндрэн биед зовиур өгч эхлээд байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийн дагуу Т.Тг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Т.Т давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хэргийн 9 дүгээр тал дах баримтаар согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд эмнэлзүйн онош, хүндрэл гэдэгт Т.Тг баруун уушигны дээд дэлбээн голомтод сүрьеэ нэвчдэс ус, эмчилгээнд хамруулж болно гэх эмнэлгийн дүгнэлт нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай энэ хуулийн 5.6-д заасан жагсаалтад үндэслэн тодорхой бичнэ гэсэнтэй нийцсэн эсэхийг шүүх анхаараагүй байна.

Гуравдагч этгээд Т.Т нь давж заалдах гомдолдоо сүрьеэ болон түрүү булчирхайн өрөвсөлтэй бөгөөд давхар шулуун гэдэснээс цус байнга алддаг талаар дурджээ. Гэтэл Т.Тгийн эрүүл мэндийн байдал албадан эмчилгээ хийлгэхэд хориглох эмгэгийн жагсаалтад хамаарах эсэх талаар тодорхойгүй, баримт хэрэгт авагдаагүй, эмнэлгийн байгууллагаас дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлт нь Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтад хамаарах эсэх болон түүнийг архины албадан эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндэд нь харшлах зүйл буюу өвчин байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 184/ШШ2021/00264 дугаар шийдвэрээр Т.Тг албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж буй тул Т.Тд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй албадан эмчилгээг зогсоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 184/ШШ2021/00264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 184/ШШ2021/00264 дугаар шийдвэрийн дагуу Т.Тд хийгдэж буй албадан эмчилгээг зогсоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ