Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/865

 

 

 

 

           

     2023           8             29                                         2023/ДШМ/865

 

 

С.Нид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч С.Төгс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/979 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Нийн гомдол, прокурор Г.Цогтгэрэлийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны бичсэн 54 дүгээр эсэргүүцлээр С.Нид холбогдох 2202003530116 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Н, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 454 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч С.Н нь Б.Үтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 4,6905 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар биедээ хадгалсан,

мөн А.Мтэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аяллын онгоцоор карго ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг А.М нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан, тус бодисоос 1,3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.Өнөболдод хууль бусаар өгсөн, улмаар дээрх бодисоос 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан өргөө” хотхоны 72 дугаар байрны 2 тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн  прокурорын газраас: С.Нийн үйлдсэн дээрх гэмт үйлдлүүдийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Нид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Нийг Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нид 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нид оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 102 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө шийтгүүлж эдгээр ялаа биеэр бүрэн эдлэж дууссан. 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, ялаас тэнсэн харгалзах хугацаа болон ялтай хугацаан дээр өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болно. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 2-т зааснаар, 3.1 дүгээр зүйлийн 3-т 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн баталсан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тус хуулийн үйлчлэх цаг хугацааг хуульчлан заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хууль тогтоогч тогтоосон байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солиогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг  Өршөөлийн хуульд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч С.Төгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Нийг ганцхан А.М гэх хүний мэдүүлгээр буруутгасан. А.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. 3 дахь мэдүүлэг дээрээ “би С.Н гэх хүнийг танихгүй” гэсэн байдаг. Мөн С.Н нь 4 хүүхэдтэй, төлбөрийн чадваргүй хүн байдаг. А.М мэдүүлэгтээ “ ...”үүнийг тэнд аваачаад хаячих, тэгээд чамд 2 сая төгрөг өгье” гэдэг байсан” гэдэг. Гэтэл С.Нид тийм мөнгөний боломж байгаагүй. С.Н нь мөн А.М гэх хүнийг танихгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н ямар ч холбогдолгүй. 2019 онд Батсүмбэр суманд өвс түүж байгаад баригдсан байдаг уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдэл дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Уг үйлдэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлзх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. “. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, 2 дахь хэсэгт Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сзжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаартогтоогдоно гэж, 15 дахь хэсэгт Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл А.М, Ү.Ө, Б.Б нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох төдийгүй түүний мэдүүлгүүдийг давхар нотолж буй бусад нотлох баримтуудыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудад С.Нийн үйлдэлд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй бөгөөд шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ зөвхөн гэрч С.Ц, Ц.А нарын өгсөн мэдүүлгээр “Турк улсаас скүтэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэснийг зөрчсөн гэж үзнэ.

2. “. ...Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж хуульд заасан. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” зохицуулалтын хүрээнд тодорхой төрлийн хэргүүдийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд тус зүйл хэсэгт буюу гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэсэн хэсгийг шүүх хэрэглэж шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд шүүх С.Нид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2023/ШЦТ/979 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :  

1. Анхан шатны шүүхээс “шүүгдэгч С.Нид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж”-ийн талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хийсвэрлэсэн шинж бүхий байх тул зөвтгөх үндэслэлгүй.  

Яллах дүгнэлт, түүний хавсралт /4хх-96-111/, мэтгэлцээний тал, оролцогч нарын шинжлэн судалсан нотлох баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт /4хх-150-162/, шийтгэх тогтоолын дүгнэлт хийсэн байдал /4хх-177-178/ зэргийг хянахад анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Нид холбогдох дээрх хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын бүхий л эх сурвалжуудыг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай эсэх шалгуур, үндэслэлийн хүрээнд бүрэн шалгаж, үнэлж чадаагүй байх бөгөөд яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь батлаж эсхүл үгүйсгэж няцаах байдлаар хууль зүйн дүгнэлтийг бодитой, үндэслэлтэй хийгээгүй байх тул хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй.  

Анхан шатны шүүхээс зөвхөн С.Нийн эхнэр болох Ц.А, хадам аав болох С.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгаж, үнэлэх байдлаар “гэмт хэргийн шинж”-ийг үгүйсгэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, зөрчсөн үндэслэлд хамаарна.

Тодруулбал, тухайн 2 гэрчийн мэдүүлэг бол шүүгдэгчийн үйлдлийг шууд үгүйсгэхэд хамаарах эх сурвалж биш байхаас гадна “эргэлзээ төрвөл ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх нь хэрэгт цугларсан дээрх бүхий л нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн байна.       

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар  эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг “ нотлох баримтын стандарт шалгуур, шаардлага”-ын дагуу бүх талаас нь нягт, бүрэн гүйцэд харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг эргэлзээгүй, бодит байдлаар дүгнэж шийдвэрлэх ёстой.

Түүнчлэн “эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог, харин гэмт үйлдлийг нотлоход хамааралгүй бөгөөд зөрүү үүсгэсэн, эх сурвалжгүй мэдүүлгийг хэрэгт буй бүхий л нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд хангалттай үндэслэлээр няцаах эсхүл батлахгүйгээр эргэлзээ гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч С.Н А.Мтэй бүлэглэсэн гэх тухайн эрүүгийн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд С.Н оргон зайлсны улмаас түүний хэргийг тусгаарлан А.Мд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр 02-ны өдрийн 1606 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн /2хх-98-125/, тухайн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үл харгалзсан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг  нэгэн зэрэг илэрхийлж байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал” буюу дахин нотлох шаардлагагүй үйл баримтыг үндэслэхгүйгээр орхигдуулсан байгааг анхаарвал зохино.  

 2. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлох, шүүгдэгчид тохирсон ял шийтгэл хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотлох зайлшгүй хамаарах нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй бол нөхөн гүйцэтгүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй. 

Тухайлбал, прркуророос “анхан шатны шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” зохицуулалтыг хэрэглээгүй гэж эх сурвалжгүй үндэслэлээр эсэргүүцсэн байна.   

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг зөв хэрэглэх нөхцлийг хангахын тулд С.Н нь өмнө үйлдсэн гэмт хэргүүдийн хувьд 2000 болон 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиудын үйлчлэлд хэрхэн хамрагдсан эсэх талаарх хууль ёсны баримтыг цуглуулж, бэхжүүлсний үндсэн дээр дүгнэлт хийх ёстой, зөвхөн шүүгдэгчийн хэлсэн үг, бичсэн баримтаар шийдвэрлэх ёсгүй болно.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.4 “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5 “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/979 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн “шүүгдэгч С.Нид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч С.Нийн гарагсан “Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах” тухай гомдолд, мөн прокурорын бичсэн “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтыг хэрэглээгүй” гэх эсэргүүцэлд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.      

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.          

Шүүгдэгч С.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/979 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.   

2. Шүүгдэгч С.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР