Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 148

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон

аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга

болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа          

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлагын гэрээ”-ний “хоёр” дахь хэсэг, “дөрөв”-ийн 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгуулах

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0123 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал М.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Хариуцлагын гэрээ”-ний Дөрөв. “Худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага”-ын 5. “Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх” заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх Хоёр. “Худалдаа үйлчилгээний төрөл гэсэн хэсгийн Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна”, Дөрөв. 6-ийн “Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж баталгаажуулсан байх” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0123 дугаар магадлалаар Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал М.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “... Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.2.4-д “тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдаалах ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “... жижиглэн худалдаалах эсхүл бөөнөөр худалдаалах гэсэн ялгаа заагийг зааж хязгаарлаагүй байхад хариуцагч “Хариуцлагын гэрээ”-ний маргаан бүхий заалтаар жижиглэн гэсэн ойлголтыг бий болгон байна” гэх гомдол нь үгүйсгэгдэж байна” гэжээ. Тамхины үйлдвэрлэл импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт заасан заалт нь тамхийг импортоор оруулж худалдаалж буй аж ахуйн нэгжид хамааралтай ойлголт бөгөөд тамхи худалдаалах зөвшөөрлийг сумын Засаг даргаас авсан зөвшөөрөлтэй этгээдийн хувьд хамааралгүй ойлголт юм. Компани нь маргаан бүхий гэрээний заалтаар худалдан авагч тамхийг хоёроос дээш хайрцгаар худалдан авах тохиолдолд худалдан авагчид худалдахаас татгалзах байдлаар гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлэхэд хүрэхээр байна. Дээрх нөхцөл байдал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага”, 9.1-д “Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална”, 9.1.2-т “аж ахуйн эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх”, 9.1.4-д “зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан зарчмуудыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тамхины бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа гэх зохицуулалтыг хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй бөгөөд зөвхөн дээр дурдсан журмын холбогдох заалтыг баримталж үндэслэл муутай магадлал гаргасанд гомдолтой байна. Угтаа бол Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.2.4-д заасан ойлгомж муутай тодорхой бус зохицуулалтыг журмын бусад заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Иргэний хууль зэрэг бусад хууль тогтоомжийн актуудын холбогдох заалтуудтай харьцуулан үзсэн үндсэн дээр тайлбарлах учиртай юм.

4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох дээрх хуулиудыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул холбогдох хуулиудыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/228 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгосныг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газраас “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг олгохдоо нэхэмжлэгчтэй “Хариуцлагын гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь уг гэрээний “хоёр” дахь хэсэгт, “дөрөв”-ийн 5, 6 дахь заалтуудад Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагаас давсан нөхцөл, шаардлагыг тавьсан гэж маргаж тус хэсэг, заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Уг гэрээний “хоёр”-т “Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр/ авсан байна”, “дөрөв”-ийн 5-д “тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш байх”, 6-д “тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж баталгаажуулсан байх” гэж заасан ба хариуцагчаас “... тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5.2.4-т тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдахыг хориглосон, үүнийг хэрэгжүүлэх үүднээс тусгасан заалт,... хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын тулд гэрээ байгуулдаг,... гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх “Хариуцлагын гэрээ”-ний “хоёр” дахь хэсэг, “дөрөв”-ийн 6 дахь заалт нэхэмжлэгчийн эрх, хуульд ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасанд нийцсэн байна.

9. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.12-т заасны дагуу “зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах”-ыг хориглосон, 6.9-д “тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах”-аар заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарны 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтаар “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ыг баталжээ. Уг журмын 5.2.2-т зааснаар “зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхины худалдаа, үйлчилгээ эрхлэх”-ийг хориглосон, 6.2-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ тамхины худалдаа, үйлчилгээнд хяналт тавьж, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч, дүнг холбогдох төрийн захиргааны төв болон хяналтын байгууллагад хагас, бүтэн жилээр мэдээлэх”-ээр заасан, 7.1-д “тамхины хяналтад оролцогч төрийн байгууллагууд дараахь байдлаар мэдээллээ солилцож мэдээллийн сан бүрдүүлнэ: 7.1.1. ... аймаг, нийслэлийн Засаг дарга нь тамхины худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа, хяналтын талаархи мэдээ мэдээллийг, ... хагас бүтэн жилд тус тус 1 удаа гаргаж, шаардлагатай тохиолдолд тухай бүр гаргаж эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байхыг журамласан байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Э” ХХК-д Цагаанчулуут багийн 49-13 тоот хаягт байрлах “Буян-Арвижих 6 нэрийн хүнсний дэлгүүр”-ээр тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон, “Хариуцлагын гэрээ”-ний “хоёр”-т “Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр/ авсан байх”-аар шаардсан нь Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.12, “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ын 5.2.2-т заасанд нийцсэн болно.

11. Үүний зэрэгцээ “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5.2.4-т “тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдаалах”-ыг хориглосон заалт нь энэ маргааны үйл баримтад хамааралгүй, давж заалдах шатны шүүх уг заалтын “хориглосон” агуулгыг “зөвшөөрсөн” мэтээр магадлалдаа тусгасан нь буруу хэдий ч уг алдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхэд нөлөөлөөгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Журмын 5.2.4 дэх заалт тамхийг импортоор оруулж худалдаалж буй аж ахуйн нэгжид хамааралтай ойлголт, ... ойлгомж муутай, тодорхой бус зохицуулалтыг бусад хууль тогтоомжийн актуудтай харьцуулан үзэж тайлбарлаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

12. Түүнчлэн “Хариуцлагын гэрээ”-ний “дөрөв”-ийн 6-д “тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж баталгаажуулсан байх” шаардлагыг тусгасан нь хууль тогтоомжоор тамхины худалдаа эрхлэх үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлдэг сумын Засаг даргаас гаргадаг тамхины худалдааны “тоон мэдээлэл”-д хамааралтай, уг заалтаар нэхэмжлэгчийн “аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөлийг хууль бусаар хязгаарласан” гэж үзэхгүй тул эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдөөгүй байна.

13. Мөн, нэхэмжлэгчид тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол Улсын MNS 5021:2007 “Худалдааны газар, түүний үйлчилгээ” стандартад нийцүүлэн “Буян-Арвижих 6 нэрийн хүнсний дэлгүүр”-ээр худалдаалах эрхийг олгосон, уг стандартын 3.2.4, 4.6-д тодорхойлсноор орон нутаг дахь дэлгүүрийг “... 30 м.кв-аас доошгүй талбайтай уламжлалт лангууны зохион байгуулалттай, өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн жижиглэнгийн үнээр борлуулдаг газар” гэж, 4.2-т “жижиглэн худалдаа” гэдгийг “хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан бараа, бүтээгдэхүүнийг жижиглэнгийн үнээр худалдах үйл ажиллагаа” гэж тус тус томъёолсноос үзэхэд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй тул худалдан авагчид тамхийг олон хайрцгаар нь худалдахаас татгалзахад хүргэхээр байгаа, ... хуульд заасан аж ахуй эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох зарчмуудыг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал М.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ