Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 399

 

Ш.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Г, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Батжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 377 дугаар магадлалтай, Ш.Гт холбогдох 1809032750710 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Оюундарь овогт Ш.Г нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ш.Гийг 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Г бичсэн гомдолдоо: “Миний бие 2013 оны 4 сард эхнэр Утай танилцаж, улмаар гэр бүл болон гурван хүүхдийн эцэг, эх болон амьдарч байсан. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр У минь гэртээ орондоо нас барсан байсан. Үүний улмаас миний бие эхнэр Угаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар амь насыг нь хохироосон хэрэгт шалгагдан, хадам эх Т, төрсөн охин болон бусад хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр эрүүгийн хэргийн 1809032750710 тоот дугаартай хавтаст хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жилийн /хаалттай/ хорих ялаар шийтгүүлээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг эс зөвшөөрч маш их гомдолтой байна.

Миний бие эхнэр Утай амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэд төрүүлэн гурван хүүхдийн эцэг, эх болон сайхан амьдарч, амьдралаа дээшлүүлэн орон байртай бусдын адил явахын тулд хоорондоо ярилцан маргаж муудах, туних асуудлууд байдаг байсан ч би эхнэрээ зодож дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Харин хадам эх Тийн хувьд хайртай ганц охин нь цаг бусаар нас барсан золгүй явдалд цочирдон хэргийн байдлыг өөрийн бодлоор намайг буруутган мэдүүлж байгаад нь маш их харамсалтай байна.

Улмаар миний төрсөн охин болон талийгаач эхнэрийн минь найз нөхдийг хүртэл миний эсрэг мэдүүлэг өгүүлж байгаад нь харамсаж байна. Миний бие эхнэр Угаа шатнаас унасан байх гэж таамаглаж өгсөн мэдүүлгийг, шатнаас унаж үхсэн гэж мэдүүлсэн мэтээр мушгин мэдүүлэг өргөдөл, гомдол өгч байгаа нь намайг бусдад буруу ойлгогдохоор нэр төрд минь халдаж байгаад гомдолтой байна.

Миний бие хадам эх Тийн л ижил хайртай хүнээ алдаад хэцүү байгаан дээр үр хүүхэд, төрөл төрөгсдийнхөө өмнө эхнэрээ алсан алуурчин болж гүтгүүлж байгаадаа маш их гомдолтой байна.

Хадам эх Т болон эхнэрийн минь найз гэх А нарын мэдүүлэг нь нас барсан ханийг минь босоод ирэхгүй нөхцөл байдлыг нь далимдуулан “ингэж хэлсэн, тэгж ярьдаг байсан, ийм байж, тийм байсан” гэсэн мэдүүлэг өгдөг боловч эхнэрээ зодож, гэмтээж, хохироож байсныг харж байсан гэж ердөө ярьж, хэлж, мэдүүлж байгаагүй болохоор намайг ямар ч л байсан буруутан болгох гэсэн бодол санаа гэж ойлгож байна. Миний охиныг эцгийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлж, намайг үзэн ядах санаа бодолтой болгох санаа зорилготой байна гэж бодохоор маш их харамсаж байна.

Миний охид чинь бас л Т гэдэг хүний мах цусны тасархай зээ охид нь шүү дээ. Хадам эх Тийн мэдүүлэгт “миний охиныг амьд мэнд авч явчихаад” гэдэг нь үнэн. Миний бие хүний сайхан охиныг хань ижлээ болгон авч яваад “охин чинь үхсэн байна” гэж хүнийг сэтгэл санааны дарамтанд оруулахаар аймшиггүй харгис хэрцгийгээр хэлж ярих сэтгэл зүрхгүй цэвдэг хүн биш. Би чинь энэ хүний хайртай охиных нь хань, хоёр зээгийнх нь эцэг шүү дээ. Гэтэл намайг ийнхүү хэл үгээр дайрч давшлан алуурчин, харгис хэрцгий балмад этгээд мэтээр бусдад ойлгуулан ял шийтгэлийн хүндийг үүрүүлэхээр хичээгээд байгааг би ойлгохгүй байна. Энэхүү асуудлыг ч хуулийн байгууллага шалгах үүрэгтэй гэж бодож байна.

Миний бие хадам эх Т сэтгэл санааны хүнд цочиролд автан буруу зөрүү мэдүүлэг өгч байна, тайвшраад сайн бодох болов уу гэж бодсоор л явдаг. Мөн миний бие хадам эх Тийн гаргасан гомдол, мэдүүлэг, баримт сэлтэд өчиг мэдүүлэг өгч явснаас биш хэрүүл тэмцэл гэж ойлгогдохоор зөрчилдөөгүй гэж бодож байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэхэд ойр дотных нь хүнд мэдэгдэх үүрэг иргэн бүрт байдаг. Би эхнэрээ нас барсан тухай яаж, хэнд дуулгах ёстой юм бэ? Хуулийн байгууллагын хүнээр үү, эсвэл өөр бусад хүнээр үү гэдгийг мэдэхгүй учраас л өөрөө мэдэгдсэн, надад энэ аймшигтай мэдээг хадам эхдээ дуулгахад тийм амар байсан гэж үү. Үгүй! Би эхнэр авч, гэр бүлтэй болоход хадам эх Т надад итгэж охиноо өгсөн байхад нь би “охин чинь үхсэн” гэж юу ч болоогүй юм шиг ярина гэж үү. Хадам эх Т нь олон жил насаараа удирдах албан тушаал эрхэлж явсан, өндөр боловсролтой хүн учир ямар ч хэргийг өөрийн хүслээр бүрэн зохион байгуулах чадвартай хүн гэж бодож байна. Гэтэл яагаад намайг хайртай ганц охиных нь тухай өөрт нь дуулгахад хүнд хэцүү байсан болов уу гэж бодож чадахгүй байгааг ойлгохгүй байна. Би чинь хүн шүү дээ. Надад зовох, сандрах, айх сэтгэл байдаг. Хэдийгээр надад хүнд хэцүү байсан ч би өөрийн биеэр хэл дуулгасан нь буруутан болно гэж даанч бодсонгүй.

Тэр битгий хэл олон жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хань ижил, үр хүүхэддээ хайр халамжгүй нэгэн болгочихоод байгаад нь маш их харамсаж байна. Ямар учир шалтгааны улмаас намайг ингэж гэм буруутан болгохоор улайран гүтгээд байгааг эрхэм шүүгчид та бүхэн тодруулан шалгаж үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж найдаж байна. Миний бие өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж хэлэхгүй. Би айл гэрийн ноён нуруу болж зөв зүйтэй байж чадаагүйдээ маш их буруутай, эхнэртэйгээ архи уудаг байсан нь ч үнэн. Харин эхнэр минь надтай ханилснаас хойш архинд орж их хэмжээгээр уудаг болсон мэтээр мэдүүлж байгаад нь гомдолтой байна.

Би эхнэр Утайгаа анх танилцахдаа архи дарс ууж л танилцаж байсан. дагавар хүүхэдтэй гэдгээ хэлж ярин сэтгэл санаагаа ойлголцон, улмаар гэр бүл болон 6 жил амьдарсан. Бид хоёрт алдаа оноо зөндөө л байсан. Хэрэлдэж маргах үе байсан ч учир зүйгээ олж эвлэн нийлсээр хоёр сайхан охинтой болж гурван хүүхдийн эцэг, эх болсон. Гэтэл эхнэрийн минь найз А яагаад намайг эхнэрээ зодсон талаар нас барсан эхнэрийн минь нэрийг барин ийн мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Хадам эх Т болон А нар нь эхнэр бид хоёрын амьдралыг байнга дэргэдээс нь харж, хэзээ ч болж байгаагүй явдлыг үнэн болсон явдал мэт бусдад ойлгогдохоор мэдүүлж байгаа нь хэргийн бодит байдлыг төөрөгдүүлж хилс хэрэгт хүндээр яллуулах гэсэн явдал гэж бодож байна.

Хэрэв миний бие энэ явдал болохоос өмнөх амьдралдаа хэрцгий балмад авирлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бол хууль цагдаагийн байгууллага, прокурор нар хэргийн байдалд ноцтойгоор буюу хүндээр нөлөөлж байгаа дээрх хүмүүсийн мэдүүлгийг хөдөлшгүй баримтаар бүрэн бодитойгоор хянан шалгах үүрэгтэй гэж би бодож байна. Хадам эх Т “Миний охиныг Г удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, ямар ямар гэмтэл учирч байсныг А гэдэг найз нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурал дээр тодорхой мэдүүлж гэрчилдэг. Мөн 2016 онд гэхэд л маш харгисаар зодон хөлийг нь хугалсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байхад нь Г нь би дахин зодохгүй гэсэн баталгаа өөрийн гараар бичиж өгсөн бөгөөд улмаар охиныг минь гуйж дарамталж байгаад гомдолгүй гэж хэлүүлэн хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Мөн цагдаагийн 102-т өгч байсан дуудлага зэрэг нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг хангалттай нотолдог. Гэтэл Г нь Уг огт зодож цохиж байгаагүй, хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тэр өөрөө л шатнаас унаад амь насаа алдсан гэж талийгаач болсон охиныг минь буруутгаж янз бүрээр хэлж доромжилсон мэдүүлэг өгч байгаа нь ганц охиноо алдсан надад сэтгэл зүйн хувьд маш хэцүү байсан” гэсэн хадам эх Тийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Миний бие мөрдөн байцаалтын үеэс эхлээд бүхий л хуулийн байгууллагад тайлбар, мэдүүлэг өгсөн боловч зөвхөн дээрх хүмүүсийн үгээр хэт нэг талыг барин намайг хилс хэрэгт яллах үндэслэл байгаа мэт бодогдож байна. Миний бие хуулийн байгууллагад шалгагдсан бүхий л цаг хугацаанд “Миний ял хүндэдсэн” гэж хэлээгүй бөгөөд ингэж давж заалдаагүй байхад хадам эх Т нь энэхүү мэдүүлгээрээ намайг “өөрөө хэргээ хүлээсэн” гэж бусдад ойлгогдохоор сэдэл гаргаж байгаад гомдолтой байна. Шүүх эмнэлгийн зөрүүтэй дүгнэлтийг нэгтгэн хэзээ, хаана авсан нь мэдэгдэхгүй хөхрөлт, шарх сорвийг хэрэг гарсан тэр үед болсон мэт бусдад ойлгогдохоор хэлж, ярьж тайлбарлаад мэдүүлээд байгаад нь гомдолтой байна.

Миний бие нь хадам эх Тийн сэтгэл санаа хүнд хэцүү байгааг ойлгох чадваргүй тийм хүн биш. Хадам эх Тээс уучлалт гуйх тийм амар гэж үү. Би хайртай ганц охиныг нь хайрлана, халамжилна гээд авч сууж ханилсан, зээ нарыг нь төрүүлж өгсөн. Гэтэл энэ хүнд үед “Ээжээ намайг уучлаарай” гээд эд материал эвдчихсэн юм шиг ярих нь хүний ёс зүйд нийцнэ гэж үү. Хүнд хэцүүг хамт туулах ёстой байтал өстөн байсан шиг буруутгагдан байгаа надад “Уучлаарай” гээд л болчихдог юм бол бүх насаараа хэлсэн ч яахав дээ. Эргээд босохгүй эхнэрийгээ би ч гэсэн санан санагалзахгүй байгаа гэж үү. Хожмын өдөр би үр хүүхэддээ юу гэж хэлэх вэ?

Би хадам эх Тийн зүрх сэтгэлийг улам бүр зовоочихвий гэсэндээ хэлж ярьж чадаагүй өдий хүрлээ. Дагавар хүү Тийн мэдүүлэгт “Аав чинь зодсон” гээд зургаа үлдээсэн байдаг. Гэтэл аль аав нь зодсон юм бол, үүнийг яагаад тодруулж болохгүй юм бол. Хүү минь намайг “ааваа” гэдэгт баярлаж явдаг. Гэтэл бага залуу насанд нь хатуу, хөтүүг ярьж сэтгэлийг нь сэвтээхгүйг хичээх нь миний үүрэг биш гэж үү. Хадам эх Тийн мэдүүлэг гомдолд “Миний зээ нар ээжгүй боллоо” гэж байсан. Гэтэл бас аавгүй болчихоод байгаа юм биш үү. “Амийг нь аврах боломж байсаар байтал үл тоомсорлон хэтэрхий цэвдэг сэтгэлтэйгээ харуулж байна” гэжээ. Би хань ижлээ “Унтаж амраг дээ” гэж бодсон байж болохгүй гэж үү.

Тухайн өдөр бид хоёр хооронд ямар ч хэрүүл маргаан, зодоон болоогүй. Үүнийг урд айлын хүн гэрчилдэг бөгөөд тэр өдөр би 1 давхарт зурагт үзээд 11 цагийн үед /орой/ унтсан. Харин эхнэр минь 2 давхарт хоёр бага насны охидтойгоо унтсан. Намайг унтаж байх үед миний эхнэр У нь /шөнө/ 12 цагийн үед согтуу ганцаараа явж байсныг цонхоор нүдээр харсан дүү болох Ц “48-49 хуудас” байдаг ба өмссөн хувцсыг нь хүртэл яв цав хэлсэн, тухайн өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэг байсаар байтал энэ мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулсан байдаг.

Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нялх балчир хайрт охины минь мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнд маш их баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Хүний амь нас барсан тал дээр бид маргаагүй, харин үхлийн шалтгаан нь юу байв. Энэ тал дээр шинжээч эмч нар бүрэн дүүрэн хариулт өгөөгүй. Амь хохирогч нь шатнаас унаж уг гэмтлийг авч болно гэсэн шинжээчийн дүгнэлт байсаар байхад хохирогч Тийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн эргэлзээ бүхий дүгнэлтээр буруутгаж, хилс хэрэгт унагаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Ш.Г нь хайртай эхнэрийнхээ амь насыг хөнөөж үр хүүхдээ өнчрүүлээгүй гэж бат итгэлтэй хэлж байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг тодруулан, зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж найдаж байна“ гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг бичсэн гомдолдоо: “...Анхан болон давж заапдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг эргэлзээгүй бүрэн нотлоогүй хэрэгт ял халдаасанд туйлын гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлд заасан заалт хэрэгжсэнгүй. Энэ нь талийгаач Т.Угийн амь нас хохирсон тархины хүнд гэмтлийг шүүх эмнэлгийн шинжээч эмч тайлбарлахдаа: Гавал тархины гэмтэл нь баруун чамархайнаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл баруун чамархай хэсэгт хүч үйлчилснээс үүсэх ба шугаман хугарал нь хавтгай гадаргуутай талбай хэмжээ томтой зүйл дээр унах ойчих үед үүсэх боломжтой. Харин цохих үед /хоолны сав, таг/ үүсэх боломж багатай хэмээн мэдүүлэг өгсөн /хх-208, 209/. Гэтэл бас нэг мэдүүлэгтээ унах, цохих аль ч үед үүснэ хэмээн тайлбарлажээ. Мөн шинжээч эмч нар гавал тархины гэмтлийг авсан цаг хугацааг өөр өөрөөр тайлбарладаг учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын баг ажиллуулж үүнд тайлбар авах өмгөөлөгчийн удаа дараагийн хүсэлтийг хангасангүй. Ийм учраас талийгаач гавал тархины хүнд гэмтлийг хэдийд, яаж авсныг нарийн тогтоож чадаагүй, Ш.Г нь хүнд гэмтлийг хэрхэн яаж учруулсныг тогтоож чадаагүй мөртлөө шууд буруутгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Г.Цийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрээ гаргасан бол давж заалдах шатны шүүх Г.Цийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв. Иймд одоо Ш.Гийн гэм бурууг ямар нотлох баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Т, гэрч Д.А, гэрч Г.Т, гэрч А, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэг нотлогдож байна гэж үзжээ. Гэтэл дээрх мэдүүлгүүдэд талийгаачид учирсан гавал тархины хүнд гэмтлийг Ш.Г нь ямар байдлаар яаж учруулсныг хэн ч нотлоогүй.

Иймд эргэлзээтэй хэрэгт 18 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Нийслэлийн шүүх хууль ёсны үндэслэлтэй зөв шийдвэр гэж дүгнэж байгаад үнэхээр эргэлзэж байна. Хоёр шатны шүүхээс хэргийг нэмж шалгуулах хүсэлтийг хүлээж аваагүй учраас Ш.Гийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх асуудалд тохирох зүйлчлэлээр зүйлчилж, амь насыг хохироосон гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлсийг хуульчлан заасан бөгөөд уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй эргэлзээ бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсаар байхад Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ яллах талыг хэт баримтлан ял оногдуулсан нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээнд тохирсон байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин” гэж хуульчлан заасаар байхад дээрх хуулийн шаардлагыг чанд баримтлан ажиллаагүй.

2.Хавтаст хэрэгт ялтан Г нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн сэжигтнээр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгсөн байх бөгөөд уг мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгч 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр амь хохирогч шатнаас унасан, мөн хавтаст хэрэгт фото зургаар өгсөн гэмтлүүдийн талаар хэрхэн учирсан талаар тогтвортой мэдүүлсэн байхад уг мэдүүлгийн ач холбогдол нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох” хэрэгт заавал өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авах байхад уг хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүй. Уг хэрэг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан байх бөгөөд Т.У нь “Гавал тархины битүү гэмтэл, баруун чамархайн ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтод цус харвалт, тархины баруун бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шуу, зүүн өвдөг, хэвлий, зүүн бугалга, зүүн, баруун шилбэ, баруун гуя, зүүн тавхайны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн шинжээчийн 1654 дугаар дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гарсан байдаг. Уг дүгнэлтийн талаар шинжээч эмч Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг. Асуулт: амь хохирогчийн гавал тархинд учирсан гэмтлүүд нь унах, цохихын алинд үүсгэгдэх боломжтой вэ. Амь хохирогч Т.Уийн биед биед учирсан бүх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэзээ учирсан байх боломжтой вэ. Хариулт: Гавал тархины гэмтлүүд нь унах цохихын аль алинд нь боломжтой. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин мэдүүлэхдээ “Талийгаачийн цогцост тогтоогдсон гавал тархины гэмтэл нь баруун чамархайн яснаас баруун нүдний ухархайн дээд хана үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл баруун чамархайн хэсэгт хүч үйлчилснээс үүсэх ба шугаман хугарал нь хавтгай гадаргуутай талбай хэмжээ томтой зүйл дээр унах, очих үед үүсэх боломжтой” гэсэн эргэлзээ бүхий нөхцөл байдлаар хариулсан. Хавтаст хэргийн 15 дугаар тал дээр хэргийн газрын үзлэгийн фото зураг нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг зурагт амь хохирогчийн зүүн өвдгөнд зулгарч шалбарсан, мөн хавтаст хэргийн 19 дүгээр талд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн “Баруун мөрний гадна дээд хэсэгт “3х6 см хүрэн өнгийн зулгаралттай байсныг тэмдэглэв” фото зургийн үзүүлэлт 20 дугаар хуудсанд авагдсан байна. Амь хохирогчийн биед ийм зулгаралт гэмтлүүд байсаар байхад шинжээч эмч дүгнэлтэндээ тусгаагүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т “Шинжээч нь шүүх прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж хуульчлан заасныг зөрчсөн. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар талд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилох тогтоол авагдсан байх ба уг тогтоолтой танилцаж гарын үсэг зураагүй байна. Энэ нь шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж хуульчлан заасан байхад гарын үсэг зуруулаагүй нь уг шинжээчийн дүгнэлт нотлох чадвараа алдсан байхад шүүхээс гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчлан заасан байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй.

3. 1 дүгээр хавтаст хэргийн 27-31 дүгээр талд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл байх ба уг үзлэгт 1-рт 103 дугаар луу 12 цаг 34 минутад 35 секунд, 12 цаг 19 минутад 33 секунд ярьсан, 2-рт 96029811 дугаар луу 12 цаг 46 минутад 31 секунд 12 цаг 47 минутад 43 секунд ярьсан, 3-рт 99046764 дугаар луу 1 цаг 48 минут 58 секунд, 4-рт 96686806 дугаар луу 12 цаг 50 минут 40 секунт, 5-рт 8662700 дугаар луу 12 цаг 51 минут 40 секунд, 6-рт 96686806 дугаар луу 12 цаг 57 минут 43 секунд, 13цаг 00 минутад 26 секунд, 13 цаг 16 минутад 11 минут, 13 цаг 16 минутад 19 секунд, 13 цаг 16 минутад 33 секунд утсаар ярьсан байх бөгөөд ялтан Ш.Г нь 12 цагийн үед эхнэрээ дээд давхраас буухгүй болохоор нь дээшээ гарч үзээд бие нь хөшөөд нэг биш болохоор нь шууд 103-т дуудлага өгсөн талаар мэдүүлдэг бөгөөд уг баримтаар Ш.Г болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн нь нотлогдож байгаа боловч дээрх ярьсан утаснууд хэний эзэмшил болох, тухайн үед Ш.Г ямар байдалтай, яг юу гэж ярьсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй орхигдуулсан миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

4. 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар талд гэрч О, 48-49 дүгээр талд гэрч Ц, 51 дүгээр талл гэрч О мэдүүлэг, 52-53 дугаар талд гэрч Ш.Э нарын мэдүүлэг авагдсан байх бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хэрэг болсон хашаанд очсон бөгөөд харсан үзсэн зүйлээ мэдүүлсээр байхад уг мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй орхигдуулсан.

Иймд өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл, гэрчээр асуугдах этгээд нь гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн утга агуулга, ач холбогдлыг мэдсэний үндсэн дээр мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхийн утга агуулга, ач холбогдлыг мэдсэний үндсэн дээр мэдүүлэг өгөх эсэхээ бие даан шийдвэрлэх чадамжтай хүнд хамаарах асуудал байна гэж үзэв. Иймд 3 нас 10 сар 4 хоногтой Г.Цийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж үзсэн бөгөөд уг хэргийн газар байгаагүй гэрч Тийн мэдүүлэг, эргэлзээ бүхий шүүх эмнэлгийн дүгнэлтээр ялтан Ш.Гийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, мөн зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчлан заасан байхад уг хуулийн шаардлагыг баримталж ажиллаагүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ш.Гийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батжаргал гаргасан саналдаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүгдэгч урьд нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, мөн хохирогчийг зодож амь насыг нь хохироосон болох нь шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогддог. Охин Цоос гэрчийн мэдүүлэг авахад өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хамт байсан. Гэрч Ц нь өөрийн харсан зүйлээ мэдүүлсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ш.Г нь зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Уг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1654 дугаартай дүгнэлтээр талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, талийгаачийг нас барахад хүргэсэн гэмтлийг Ш.Г учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэх үөд Ш.Гоос өөр насанд хүрсэн хүн байгаагүй, талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, Ш.Г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нь шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан, өөрөөр хэлбэл шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авсан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээнүүдийг хийсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгасан байна. Гэрч нарын мэдүүлэгт гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Ш.Г нь талийгаачтай хамт байсан, талийгаачийг зоддог байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар мэдүүлсэн, талийгаачийг нас барахаас өмнө түргэн дуудаагүй нь түүнийг сэжиглэх, шалгах хангалттай үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй Г.Цийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. Г.Ц нь өөрийн нас, оюун ухааны түвшинд болсон үйл явдлыг мэдүүлэх чадвартайг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Г болон түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Гт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.Гийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Уг зодож алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилж, түүнд 18 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл, гэрчээр асуугдах этгээд нь гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхийн утга агуулга, ач холбогдлыг мэдсэний үндсэн дээр мэдүүлэг өгөх эсэхээ бие даан шийдвэрлэх чадамжтай хүнд хамаарах асуудал байна гэж үзэв. Иймд 3 нас 10 сар 4 хоногтой Г.Цийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.   

Насанд хүрээгүй гэрч Г.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “...Би унтаад босоод ирсэн чинь ээжийн нүүр баба болсон байсан. Манай ээж Уг шээнэ гээд байхад нь аав Ганзо шээлгэхгүй зодоод дараад байсан... Намайг дүүтэйгээ зурагт үзэж байхад аав Ганзо ээж Уг 2 гараа атгаж байгаад ээжийн толгой хэсэгт цохисон. ...Аав Ганзо манай ээжийн араас түлхээд шатнаас унагаасан. Тэгээд ээж газар унаад “ёо ёо” гээд уйлахад аав Ганзо ээжийн толгой руу 1 удаа гараараа цохисон...” гэх /1хх-55/ мэдүүлэг, мөн “...Төмөр шанагаар зодсон, гараараа зодсон. ... аав шатнаас түлхсэн. Ээж уйлсан, эндээс нь цус гарсан /баруун гараараа баруун талынхаа хөмсөг хэсэгт заасан/...” гэх /1хх-177/ мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг ийнхүү өөрийн харсан зүйлийн талаар мэдүүлэг өгөхөд түүнд хэн нэгэн хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн, эсхүл мөрдөгч тухайн нотлох баримтыг хууль бусаар бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Гийн холбогдсон гэмт хэргийн хувьд бага насны буюу 3 нас 10 сартай Г.Цоос өөр хэргийн үйл баримтыг шууд харсан гэрч байхгүй бөгөөд Г.Цоос гэрчийн мэдүүлэг авахыг хууль ёсны төлөөлөгч Г.Т хүлээн зөвшөөрснөөс гадна Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчид 762 дугаар дүгнэлтээр “Г.Ц нь хэргийн талаар өөрийн нас, оюун ухааны түвшинд тусган ойлгож болсон хэргийн талаар өөрийн нас, оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай...” гэж /1хх-235/ дүгнэсэн, мөн энэ хэргийн улмаас түүний төрсөн эх Т.Угийн амь нас хохирсон зэргийг тус тус харгалзан мөрдөгч нь бага насны гэрч Г.Цоос 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр /1хх-54/ хууль ёсны төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Ж.Баасанжав, Э.Энх-Эрдэнэ, сурган хүмүүжүүлэгч Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Отгонтуул нарыг байлцуулан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр /1хх-177/ өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, сурган хүмүүжүүлэгч Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Отгонтуул нарыг байлцуулан гэрчийн мэдүүлэг авч, мэдүүлгийг камерын бичлэгээр баталгаажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах” журмыг зөрчөөгүй байна.     

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Гийн хяналтын журмаар гаргасан “...Амь хохирогч нь шатнаас унаж уг гэмтлийг авч болно гэсэн шинжээчийн дүгнэлт байсаар байхад хохирогч Г.Тийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн эргэлзээ бүхий дүгнэлтээр буруутгаж, хилс хэрэгт унагаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн “...Ш.Гийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх асуудалд тохирох зүйлчлэлээр зүйлчилж, амь насыг хохироосон гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ш.Гийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 377 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН