| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/05069/И |
| Дугаар | 192/ШШ2025/00565 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/00565
2025 01 23 192/ШШ2025/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .........тоот хаягт оршин суух Б.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........тоот хаягт байрлах “А ” ХХК-нд холбогдох
Түрээсийн гэрээний төлбөрт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, цахилгааны төлбөр 8,484,857.88 төгрөг, бараа, материал хадгалсны төлбөр 14,000,000 төгрөг, засварын зардал 1,860,800 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч компанид холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, цахилгааны төлбөр 8,484,857.88 төгрөг, бараа, материал хадгалсны төлбөр 14,000,000 төгрөг, засварын зардал 1,860,800 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх, ашиглалтын зардал буюу тог цахилгааны зардлыг түрээслэгч тал хариуцан төлөх нөхцөл бүхий түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч тал түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг төлж дахин төлбөр төлөөгүй. Мөн цахилгааны төлбөр 8,484,857.88 төгрөгийг төлөөгүй. Иймд түрээсийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цуцалж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангийг шаардаж байна.
2.Түрээслэгч буюу хариуцагч компани цахилгааны төлбөрөө төлөөгүйн улмаас “У” ТӨХК-аас цахилгааныг тасласан буюу хариуцагч компани үйл ажиллагаа явуулаагүй эсэхэд нэхэмжлэгч тал буруугүй. Нэхэмжлэгчээс удаа дараа түрээсийн болон цахилгааны төлбөрөө төл гэсэн мэдэгдлийг явуулж байсан.
3.2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг цуцалсантай холбоотой хариуцагч компанийн бараа, материалыг 1 хоногийн 1,000,000 төгрөгөөр хадгалахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бараа, материал, тоног төхөөрөмжөө авч обьектыг чөлөөлсөн тул 14 хоногийн хадгалалтын төлбөрийг шаардаж байна.
4.Түрээсийн зүйл болох обьектыг анх хүлээлгэж өгөхдөө шинэ будгаар будаж хүлээлгэж өгсөн боловч бараа материалаа аваад явсны дараа шал эвдрэлтэй байсан. Энэ талаар хариуцагч талд хэлэхэд засварлаж өгөөгүй тул өөрсдөө будаг авч будсан тул уг зардлыг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч компани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд:
2.1.Ж.А-тай түрээсийн гэрээ байгуулсан, Б.Б тай гэрээ байгуулаагүй. Иймд Б.Б д түрээсийн төлбөр төлөх үүрэггүй.
2.2.Нэхэмжлэлд дурдсан түрээсийн талбайг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд ашигласан, үүнээс хойших хугацаанд ашиглаагүй. Иймд уг хугацаанаас хойших хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал буюу цахилгааны зардлыг төлөх үндэслэлгүй, харин 2 сарын түрээсийн төлбөрийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болон уг хугацааны цахилгааны төлбөрийг төлнө.
2.3.Түрээсийн талбайг хүлээж авах үед шалны ногоон лак хууларсан байсныг түрээслүүлэгч талд мэдэгдсэний үндсэн дээр хүлээж авсан. Түүнчлэн, ашиглалтын явцад элэгдэл хорогдол гарах учир засварын зардал шаардсаныг зөвшөөрөхгүй.
2.4.Нэхэмжлэгчтэй түрээсийн талбайд бараа материал, тоног төхөөрөмж хадгалах гэрээ байгуулаагүй учир хадгалалтын төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, түрээсийн гэрээний эх хувь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н-т хаягласан “шаардлага хүргүүлэх тухай” иргэн Ж.А-ийн баримт бичиг, уг баримт бичгийг шуудангийн байгууллагаар дамжуулж илгээхтэй холбоотой төлбөр төлсөн баримт, “А ” ХХК-нд хаягласан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” иргэн Ж.А-ийн баримт бичиг, уг баримт бичгийг шуудангийн байгууллагаар дамжуулж илгээхтэй холбоотой төлбөр төлсөн баримт, “А ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 24/12 дугаар “Хүсэлт” гэх баримт бичиг, “Бараа, тоног төхөөрөмж хүлээлцэх акт”, “УБЦТС” ТӨХК-ийн цахилгааны төлбөр шаардсан нэхэмжлэх, Хаан банк дахь “О”-ийн эзэмшлийн .......... дугаар дансанд иргэн Ж.А-с 1,860,800 төгрөгийг “…….” гэх утгаар шилжүүлсэн тухай Голомт банкны “Цахим гүйлгээний баримт”, түрээсийн талбайг хүлээлгэж өгөх үеийн болон хүлээж авах үеийн шалны фото зураг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, цахилгааны төлбөр 8,484,857.88 төгрөг, бараа, материал хадгалсны төлбөр 14,000,000 төгрөг, засварын зардал 1,860,800 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч компанитай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх, ашиглалтын зардал буюу тог цахилгааны зардлыг түрээслэгч тал хариуцан төлөх нөхцөл бүхий түрээсийн гэрээ байгуулсан, түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн учир 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийг гэрээг цуцласан тул 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алданги, цахилгааны төлбөрийг шаардаж байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг цуцалсантай холбоотой хариуцагч компанийн бараа, материалыг 1 хоногийн 1,000,000 төгрөгөөр хадгалахаар харилцан тохиролцсон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 14 хоногийн хадгалалтын төлбөрийг, түрээсийн зүйл болох обьектын шал эвдрэлтэй байсныг засварлахтай холбоотой гарсан зардлыг тус тус гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Б.Б тай түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан түрээсийн талбайг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд ашигласан, түрээсийн талбайг хүлээж авах үед шалны ногоон лак хууларсан байсныг түрээслүүлэгч талд мэдэгдсэний үндсэн дээр хүлээж авсан бөгөөд ашиглалтын явцад элэгдэл, хорогдол гардаг. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр, цахилгааны зардал, засварын зардлыг төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчтэй түрээсийн талбайд бараа материал, тоног төхөөрөмж хадгалах гэрээ байгуулаагүй учир хадгалалтын төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.
4.Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Иргэн Ж.А болон “А ” ХХК-ийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)
6.Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч “А ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр шаардах эрх үүсээгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
8.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэлэлээ хариуцагч компанитай бараа материал, тоног төхөөрөмж хадгалах гэрээ байгуулсан гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч талаас уг үндэслэлийг няцааж, хадгалалтын гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлээ буюу хадгалалтын гэрээ байгуулсан болохоо нотлох үүрэгтэй.
9.Хавтаст хэрэгт зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул зохигч талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.
10.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А ” ХХК-аас 42,257,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А ” ХХК-аас 42,257,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД