Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/574

 

 

 

 

   2023            5              30                                          2023/ДШМ/574

 

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ч.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Б.Тэнгис, Ч.Энхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.У-т холбогдох эрүүгийн 2108 01013 0844 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ...... аймгийн ............суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ........ дугаар хороо, ........... дүгээр гудамж, ..... тоотод оршин суух,

-урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан /РД:............/,

Шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед ........... дүүргийн ..... дугаар хороо, .......... дугаар гудамжны зүүн талд амь хохирогч Ж.Б-тэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 10 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 223 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас 3.866.400 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх буруутгахдаа Б.У.ын өмгөөлөгчгүйгээр анх удаа өгсөн өөрийнх нь мэдүүлэг болон гэрч Т-ы мэдүүлгээр буруутгадаг. Гэтэл Б.У нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08 цагийн үед талийгаач Б гэгч Ж.Б-тэй хамт архи уугаагүй, харин П гэгчтэй ууж хоорондоо маргалдаж цохилцсон гэдгээ мэдүүлдэг. Анх цагдаад баригдаад мэдүүлэг өгч байхад “чамтай хамт архи уусан хүн нас барсан” гэхэд нь “нөгөө П нас барсан юм байхдаа” гэж бодоод мэдүүлэг өгснийхөө дараа гэртээ харьж явтал нөгөө хамт архи ууж байсан П нь трансформатортай .... дугаар гудамжинд өөр хүмүүстэй архи уугаад сууж байсныг харсан байдаг. Тухайн үед олуулаа архи уугаад сууж байсан болохоор согтуу хүмүүстэй уулзаад яахав гээд өнгөрөөд явсан гэдэг. П мэдүүлэхдээ “2021 оны 6 дугаар сарын 01-нд би У хотод байгаагүй, .... аймгийн ..... суманд уурхайд хамгаалагчийн ажил хийж байсан” гэдэг боловч ямар нэртэй компанид ажиллаж байсан гэдгээ сайн санадаггүй, мөрдөгч тухайн үед П-ийг хөдөө ажиллаж байсан гэдгийг баримтаар тогтоогоогүй. Гэрч Т “2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн орчимд босоод гэрээсээ 07:20 цагийн орчимд гараад гудамжинд Г.Г, Б нар “дэлгүүр орчхоод ирж байна гээд надтай” зөрсөн. Би дээшээ гудамж өгсөж явж байгаад Г-ийн хамаатан “Б” гэж дууддаг залуу, Б нартай тааралдсан. Тэр хоёр ганц юм уучихмаар байна гэж гуйхаар нь Т ах С эгчийн дэлгүүр рүү гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь Б, Б хоёроос “хэн бэ” гэж асуухад “У байна” гэж хэлсэн. У нь нүүрс зардаг, У гэж хочилдог У байсан. Б, Б хоёр өглөө У, Б гэж дууддаг Б нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна гэж ярьж байсан. У цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Одоо бодоход нэг нь Б байсан байх гэж бодож байна” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс харахад Т нь У-ыг танихгүй анх удаа харсан мөн ганц Б-тай биш өөр нэг гуравдагч этгээдтэй явж байсныг хэлдэг. Энэ нь тухайн үед У-ыг хэн хэнтэй байсныг бүрэн хэлж чадахгүй байх бөгөөд одоо бодоход Б байсан байх гэсэн нь эргэлзээ төрүүлж байдаг, түүгээр ч барахгүй Т-тэй хамт явж байсан У-ыг сайн таних гэрч Б, Б хоёр тэр өдөр У, Б нар хажуугаар явж байсан үгүйг үнэндээ санахгүй байна гэсэн нь У-ыг таньдаг гэрч Т-нд У гэж хочилдог нүүрс зардаг хүн гэж хэлж байхад огт танихгүй гэрч Т таниад гэрчлээд байгаа нь эргэлзээтэй. Мөн хэрэгт авагдсан хэргийн газраас олдсон эд мөрийн баримтууд дээрээс шинжээчийн дүгнэлтүүдээр У-тай холбоотой нэг ч зүйл илрээгүй. Тухайлбал, гарын хээ, цусны ДНК-н шинжилгээ гэх мэтэд У ямар ч зүйлээр холбогдолгүй байдаг энэ нь гэмт хэргийн бодит нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээс гадна бичгийн нотлох баримтуудаар заавал нотлогдож байх ёстой гэдэг хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгээр уг хэрэг болсон гэх газар нь ........ дүүргийн ....... дугаар хороо, ... дүгээр гудамжинд болсон гэх ба төв засмал замын баруун талд .... дугаар хорооны автобусны буудлын баруун талд ... дүгээр гудамжны .. гэсэн дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны зүүн талд цагаан саарал өнгийн модон хашааны урд талд хохирогч хэвтэж байсан гэх, гэтэл У хэрэг явдал болсон газрыг заахдаа “Шижир” дэлгүүрийн урд талын гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан гэх бөгөөд тухайн гудамж нь ...... дүүргийн ... дугаар хороо, .... гудамж ... гэсэн гудамжийг заасан байдаг. Энэ нь хохирогчийг олсон гудамжны эсрэг тал бөгөөд гол замын хоёр талд гэсэн үг юм. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч С.С оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн зургаан хүний гэрэл зургийг үзүүлж таны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт дурдсан бор царайтай үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн гэж мэдүүлсэн байна. Тэр хүн энэ дотор байна уу, хэрэв байгаад таньж байвал та зургийн дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч С түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч Б.У-ын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсоноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн, царайны төрх мөн байна” гэж заасныг буруутгах үндэслэл болгосон. Гэтэл гэрч С.С 6 дугаар сарын 03-ны өдөр тухайн явдлыг сайн санаж байх үедээ өгсөн мэдүүлэгтээ “Би тэр гудамжинд харсан үсээ дээрээ боосон эрэгтэй хүнийг танина. Би зургийг харлаа /Б.У-ын өнгөт гэрэл зургийг үзүүлэв/ надтай зөрсөн эрэгтэй хүн биш байна” гэсэн нь хоёр удаа зургаар таниулах ажиллагаа хийлгэхэд зөрүүтэй мэдүүлсэн байдаг мөн тухайн өдөр У хэн ч харсан санахаар ажлын хувцастай явсныг санаж хэлэх ёстой байсан. Гэрч С.С 9 цагийн үеийг ярьдаг бөгөөд энэ үед У ажил дээрээ очоод ажилдаа гарах гэтэл ээлжийнх нь хүмүүс ажилдаа гараад явчихсан байсан, тэгээд нягтлантайгаа цалингийн маргаан хийгээд буцаж харьсан гэдэг. Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай эсэх нь бүрэн гүйцэд нотлогдохгүй байна” гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч Ч.Энхбаярын хамт хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.У-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Учир нь, гэрчийн мэдүүлэг давхар нотлогдож байх ёстой. Урьд нь анхан шатны шүүхээс эргэлзээтэй нөхцөл байдлыг тодорхой болгох үндэслэлээр уг хэргийг буцааж байсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт эргэлзээтэй, тодорхой бус үйл баримтууд байдаг. Тухайлбал, гэрч П “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Хар ирвэс” ХХК-нд ажиллаж байсан” гэж мэдүүлсэн нь өөрийгөө хаацайлах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх хуралдаанд П-ийг оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч П олддоггүй. Дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр миний үйлчлүүлэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүдээр миний үйлчлүүлэгч Б.У-ын хувцас, үс, хумс зэргээс амь хохирогчийн цус илрээгүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” нөхцөл байдал байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.У миний дүүг “зодсон” гэж мэдүүлсэн атал яагаад шүүгдэгчийг өмгөөлөөд байгааг би ойлгохгүй байна. Би дүүгийнхээ амь насны хохиролд 60.000.000-70.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв миний дүү амьд байсан бол ажил, хөдөлмөр эрхлэх байсан. Мөн оршуулгын зардлыг манай талаас гаргасан бөгөөд шүүгдэгч Б.У-аас ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлж, хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Дүүгийн минь амь насны хохирлыг төлж барагдуулахыг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-ийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс дараах нөхцөл байдлын талаар үгүйсгэсэн тайлбар хийдэггүй. Хэрэг гарснаас 3 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.У-ыг хойшлуулшгүйгээр баривчилсан байдаг. Шүүгдэгч Б.У-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр “Б.У-ын баруун хөмсөгний дээд болон зүүн нүдний чамархай хэсэгт халзарсан шархтай, баруун гарын дунд болон ядам хурууны үе хэсэг халцарсан, зүүн шилбэний урд хэсэг халцарсан шархтай” гэж дүгнэлт гарсан. Хэдийгээр яллагдагч гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.У-ын “тухайн гэмтлийг ажлаа хийж байхдаа авсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтаар тогтоогддоггүй. Гэрчийн мэдүүлэгт “тухайн хэрэг гарсан өдөр Б.У-ыг явж байхыг харсан” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.У-ыг тухайн үед үсээ боосон байсан болох нь тогтоогддог. Энэ талаар гэрч С мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Б.У-аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй оролцуулсан” гэж тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.У-аас мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарлаж, өмгөөлөгчийн хамт оролцуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У-т холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан гэрч Т, С нарын мэдүүлэг, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.У-ын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.У нь амь хохирогч Ж.Б-тэй уулзсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.У-ыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.У-ыг “...согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Ж.Б-тэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлэж, тухай зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Б.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо зааж дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтууд болох хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-ийн ““...2021 оны 6 сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрч байх үед намайг сэрэхэд Б унтаж байсан. Би босоод цай чанаж байтал Б босоод ирэхээр нь “цай уу, хоолоо ид” гэж хэлтэл “үгүй ээ” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр байсан. Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. 15 цагийн үед цагдаагаас залгаад “Дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. 19 цагийн үед очиход “бие нь муу байна” гэж эмч хэлсэн. 22 цагийн үед эмч гарч ирээд “сэхээнд оруулчихлаа, 72 цаг болоод хагалгаанд орно, тэр болтол тэсэж чадвал” гэсэн. Би харих гэж байтал “эмчилгээгээ даалгүй өнгөрчихлөө” гэж хэлсэн...

...Гадуур хамт явж байхад хүмүүс Б л гэж дуудаад байдаг, мөн гэр бүлийн хүмүүс нь Б л гэж дууддаг. Энэ хавийн хүмүүс бусдаас ялгах үүднээс шар Б гэж дууддаг юм шиг байна лээ. Талийгаач 2021 оны 4 сарын үед байх гар утас худалдаж авлаа гээд жижиг сааралдуу өнгийн Нокиа маркийн гар утастай ирж байсан. Тэр утастайгаа байсан байх...” гэсэн /1хх 43-44, 2хх 138/,

гэрч Б.Б-ын: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би яаралтай журмаар амь насны заалтаар Ж.Б ... настай, эрэгтэй хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндийг нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. Элэгний баруун дэлбэн задарсан 5,6,7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Цус ихээр шүүрч цус алдсан байсан. Сул цусыг соруулж задралыг оёж цус тогтоолт хийгээд давхар 5,6 ширхэг салфетка тавьж тогтоосон. Мэс заслын явцад амьсгал зүрх, судас доголдож улмаар зогсох эрсдэлтэй байсан тул сэхээн амьдруулах эмчтэй зөвлөлдөж мэс заслыг зогсоож өвчтөнийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан, архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн. Уг гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэл, хүчтэй цохилт, юманд эвж унаснаас үүсч болох гэмтэл...” гэсэн /1хх 47/,

гэрч Ж.Т-ий: “...2021 оны 06 сарын 01-ний өдөр 07 цагийн орчимд босоод гэрээсээ 07:20 минутын орчим гараад гудамжинд Г.Г, Б нар “дэлгүүр орчхоод ирж байна” гээд надтай зөрсөн. Би дээшээ гудамж өгсөж явж байгаад Г-ийн хамаатан Б гэж дууддаг залуу, Б нартай тааралдсан. Тэр хоёр “ганц юм уучихмаар байна” гэж гуйхаар нь Т ах, С эгчийн дэлгүүр лүү гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь Б, Б хоёроос “хэн бэ” гэж асуухад “У байна” гэж хэлсэн. У нь нүүрс зардаг, У гэж хочилдог У байсан. Б, Б 2 “Өглөө У, шар Б гэж дууддаг Б нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. У цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Одоо бодоход нэг нь шар Б байсан байх гэж бодож байна.

...Бид гурав дэлгүүр орох гээд явж байхад цэцэрлэгийн дээшээ 3 хүн явж байсан. Б ахаас хэн явж байгаа талаар асуухад “У явж байна” гэсэн. Тэр хүмүүсийн зүг харахад нэг нь өндөр туранхай хүн байсан бөгөөд шар Б-тай төстэй хүн байсан, тэгээд л шар Б байна гэж бодсон. Шар Б, У хоёрыг харсан. Шар Б нь өндөр туранхай, надаас ах хүн байдаг бөгөөд 2-3 жилийн өмнөөс мэдэх болсон, манай гудамжаар хааяа явж байгаа харагддаг. Шар Б гэж туранхай, өндөр, буурал орсон толгойтой, шардуу царайтай ах байдаг, би тэрэнтэй архи ууж найзалж нөхөрлөж байгаагүй...” гэсэн /1хх 140-141, 3хх 100/,

гэрч С.П-ийн: “...Намайг бага байхаас буюу 1 жилийн сурагч байхаас шар Д гэж хочилж дууддаг байсан. Миний мэдэхийн манай энэ хавьд шар Д гэх хүн надаас өөр байхгүй. ...Би дээрх хүмүүстэй 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уулзаагүй, 2021 оны 05 сард хөдөө ажлаар явсан, 06 сарын 01-нд хөдөө байсан. ... аймгийн .... сум руу ажлаар яваад 9 дүгээр сарын 20-ны үеэр ирсэн.

...Би олон жил архи ууж байгаа болохоор ой тогтоолт маш муу, тухайн үед ямар хүмүүстэй ажиллаж байснаа санахгүй байна, ямар ч байсан .... аймгийн .... суманд хамгаалагчаар ажиллаж байсан. .... байхаа андуурч байж магадгүй, тийм нэртэй газарт ажиллаж байсан. Би тухайн газарт 2-3 сар ажилласан санагдаж байна. Т буюу Д-тэй ойрд таараагүй хэзээ таарснаа санахгүй байна...” гэсэн /3хх 43-44, 105/,

гэрч С.З-ийн: “Би 2021.06.01-ний 08 цагаас 2021,06.02-ны өдрийн 08 цаг хүртэл .... дүүрэгт дуудлагын эмчийн үүргийг гүйцэтгэсэн. ...14 цагийн үед...... дүүргийн ........... дүгээр гудамжинд цус болсон, зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход баруун нүд хөхөрч хавдсан, доод уруулын дотор хэсэг язарсан, цус гарсан шархтай, хэвлий хэсэгт маш хүчтэй эмзэглэлтэй, халуу оргисон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэнтэй хаана архи ууснаа санахгүй байсан. Өөрийн овог, нэрийг хариулахгүй байсан. Би тухайн хүнээс хаана, хэнтэй архи уусан, хэнд зодуулсан талаар асуухад санахгүй байна гэсэн. Их эмзэглэлтэй байсан учир ярихад хэцүү байсан...” /1хх 147-148/,

гэрч Т.Д-ийн: “.... эмч Ж.Б гэдэг хүний гэмтсэн дуудлагад анх очиж авсан. Би ГССҮТ-д хүн хүргэж өгөхөөр явж байсан учраас Б гэх хүнийг замаас авч хүргэж өгсөн. Тухайн үед Б нэг их юм ярихгүй, хамраас нэлээн цус гараад байсан. Хэвлий хэсэг рүүгээ хүнд цохиулсан гэж ярьж байсан. Ямар хүнд цохиулсан талаараа хэлээгүй...” /1хх 144-145/,

гэрч С.С-ийн: “2021 оны 06 сарын 01-ний өдөр ...09 цаг өнгөрч байхад О ахтай дэлгүүр орсон. Дэлгүүрийн үүдэнд хар өнгийн биеийн тамирын өмдтэй, доогуураа кет өмссөн /өнгийг нь санахгүй байна/, дээгүүрээ саарал өнгийн даавуун цамцтай, маск зүүгээгүй, малгай өмсөөгүй шар царайтай 40 орчим насны эрэгтэй хүн таараад “100 татуулчих” гээд гуйхаар нь би “үгүй” гээд явтал араас дагаад, буцаад яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ...хувааж уугаад 10 цаг өнгөрөөгөөд дууссан. Тэгээд буцаад дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн.

...Би тэр гудамжинд харсан үсээ дээрээ боосон эрэгтэй хүнийг танина. Би зургийг харлаа (Б.У-ын өнгөт гэрэл зургийг үзүүлэв) надтай зөрсөн эрэгтэй хүн биш байна. Тэр хүн нэлээн хар царайтай өөр хүн байсан. Надаас архи гуйгаад араас яваад байсан хүн бас биш байна. Надаас архи гуйгаад араас дагаад байсан бол залуухан, шар царайтай хүн байсан. Би У буюу У гэж дууддаг хүнийг танихгүй...Тухайн залуу нь жижгэвтэр үстэй, үсээ толгойн орой хэсэгтээ боочихсон, надтай адил бор царайтай, давхраатай том нүдтэй, 40 гаран насны эрэгтэй хүн байсан, одоо харвал таних байх, багцаа байна. Тэр эрэгтэй тухайн хэрэг болохоос өмнө тэр хавиар хааяа явж байгаа харагддаг байсан...” гэсэн /1хх 75-77, 79, 3хх 117/,

гэрч Д.Б-ын: “Б.У-ыг бараг 2000 оноос хойш мэднэ эхнэр нь манай энэ хавьд нүүрс зардаг. Сүүлд 2021 оны 4 дүгээр сард таарахад ТҮК-ийн хувцас өмсчихсөн тааралдсан. Шар Б буюу Б гэх хүнийг зүс мэднэ, хааяа манай тэр хавиар явж байгаа харагддаг. Шар Д буюу П-ийг багаас нь танина, манай тэндхийнх. ...2021 оны 06 сарын 01-ний өглөө 7 цаг өнгөрч байхад босоод гарч Б-ынд орж тамхи өгчхөөд буцаж гараад дэлгүүрээс хүүхдэд бэлэг авч өгчхөөд Б-ынд орж архи уусан цагийн үед гэр лүүгээ орж унтсан. ...Одоо саналаа, тухайн өглөө Б хоёрыг гудамжаар явж байхад Дөлгөөн гэж дууддаг Т гэх казак залуу дэлгүүрээс бууз, тамхи авчихсан явж байхаар нь “ганц юм аваад өг” гээд архи авхуулаад бид гурав Б-ынд орж уусан. Тухайн үед Тн, Б гурвыг явж байхад У, Б нар хажуугаар явж байсан үгүйг үнэндээ санахгүй байна...” гэсэн /2хх 146/,

гэрч Ш.Б-ын: “...Би хэдний өдрийг санахгүй байна. Ямар ч байсан Б-тай явж байгаад Т-тэй өглөө 7-8 цагийн үед таарсан Тэр үед У, Б нартай таарснаа санахгүй байна. Намайг Б гэж дууддаг...” гэсэн /2хх 149-150/,

шүүгдэгч Б.Уын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 7 цагийн үед босоод гэрээс гарч “Баянгол Шинэ Өргөө” ТҮК луу явах гээд зам уруудаж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын хойд талд тэр хавиар байдаг Шар Б гэж дууддаг залуутай таарсан. Нокиа маркийн гар утас байна гээд цэнхэр өнгийн гадаргуутай, товчлууртай утас хальт үзүүлээд “Дотор муу байна, шар тайлаад өгөөч” гэж гуйсан. Надад 5000 төгрөг байсан учир Бг 7 дугаар хорооны замын зүүн талд байрлах шар дэлгүүр лүү оруулсан. Тухайн үед 8 цаг болж байсан байх. Тэгээд шар Б 0,5 литрийн Хараа архи авч гарч ирээд замын зүүн талд гудамжинд бид хоёр уусан. Тэгээд шар Б архи ууж байхад надад өгнө гэж байсан гар утсаа “өгөхгүй” гэхээр нь би авахгүй” гэсэн. Шар Б утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид 2 маргалдсан. Шар Б миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар 1 удаа цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар Б-ийн элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Ноцолдож байгаад явахад Шар Б газар суугаад үлдсэн. Би ажилдаа автобусаар 09 цаг 30 минутын үед очоод буцаад 10 цаг 30 минутын үед гарч, гэртээ ирэхэд 12 цаг 30 минут болж байсан, дахиж гэрээсээ гараагүй. Шар Б-ай таарах үед түүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Биеийн байдал хэвийн ямар нэгэн өвчин эмгэг яриагүй. Ам хамраас цус гарсан зүйлгүй, нүүрэнд хөхөрч хавдсан зүйл байгаагүй. ...Тухайн өдөр өмсөж байсан ажлын цэнхэр куртик гэрт байгаа. Одоо харин жинсэн өмд, цагаан өнгийн пүүз, улаан өнгийн саравчтай малгайг би өмссөн байна. Шар Б-тай зодолдоход миний ажлын цэнхэр куртикний 2 сугыг урсан. Намайг цагдаагийн алба хаагчдаас айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Би болсон хэргийн талаар өөрөө сайн дураараа ярьж байгаа...” гэсэн мэдүүлгүүд /2хх 16-18, 24-26/,

хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4862 дугаар шинжилгээний “1. Б.У-ын биед зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Б.Уын цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна” гэсэн /1хх 172-173/,

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаар шинжилгээний “1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задрал, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд /2021.06.01/ үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Тогтоогдсон гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. 4. Дээрх гэмтэлтэй хүн хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. 5.Элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхины шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна 7. 2021.06.02-ны 00:01 минутын анхны үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. 8. Шинжилгээгээр тэмцэлдсэн ул мөр байхгүй байна. 9. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 10. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 11. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. 12. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. 13.Талийгаач Ж.Б нь В/III/ бүлгийн цустай байна” /1хх 159-170/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1640 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 130мм, 140мм, саарал өнгийн дотуур өмдөнд 90мм чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 804мм, 600мм, хагас ханцуйтай саарал өнгийн цамцанд 290мм, 260мм, 505мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. /Хувцаснуудыг тайлах зорилгоор хайчаар үүсгэгдсэн байж болно/...” /1хх 198-206/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2718 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Уын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээр цус илэрсэн тул шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын 9 хурууны хумснууд дээр цус, шүлс болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Сэжигтэн Б.Уын гэх хумсны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3235 дугаартай Ж.Б-ийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” /1хх 230-233/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2717 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд дээр цус илэрсэн. ...4. Саарал өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2718 дугаартай Ж.Б-ийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” /1хх 237-240/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3167 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээж №3 болон №6 нь шинжилгээнд тэнцэнэ. 2. №3 болон №6 дээрээс хуний цус илэрсэн. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 4. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 3166 дугаартай Ж.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /3хх 22-23/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3166 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн архины шил, хуванцар сав шинжилгээнд тэнцэнэ. 2. Хуванцар саван дээрээс хүний цус илэрсэн, шүлс илрээгүй. 3. Архины шил дээрээс цус, шүлс илрээгүй. 4. Хуванцар саван дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн шинжилгээний илгээх бичгийн 3185 дугаартай Ж.Б-ийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /3хх 26-27/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 746 дугаар дүгнэлтэд: “1. Биологийн лабораторийн 2021 оны 3267 илгээх бичгийн дугаартай Б.У гэх хатаасан цусны ДНХ тогтцыг тогтоов. 2. Б.Уын ДНХ тогтоц нь 2021.06.28-ны өдөр шинжээч Б.Шинэбаярын гаргасан 2717 дугаартай дүгнэлтэд дурдсан сэжигтэн Уын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц, 2718 дүгнэлтэд дурдсан сэжигтэн Уын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /3хх 37-38/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2649 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр АВО /III/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. 2. №6 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” /2хх 160-161/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2648 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “ice tea” гэсэн бичигтэй хуванцар саван дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй. “ice tea” гэсэн бичигтэй хуванцар саван дээр цус илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 3. Арвай гэсэн бичигтэй архины шилэн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” /2хх 166-167/ гэсэн дүгнэлтүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.Уаас хаашаа явах талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудал руу явна гэж жолоочид өөрөө замыг зааж явсаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах ногоон өнгийн авто засварын хойд талд явган хүний зам дээр “Шар Б” гэж дууддаг хүнтэй таарч уулзсан гэж өөрөө заав. “Шижир” хүнсний дэлгүүрийн урд талын хашааны завсраар архи авсан гэж заав. ...дугаар хороо, ... дугаар гудамжаар дээш өгсөн гудамжны үзүүрээр урд зүгт эргэхэд үзүүрт бетонон суурь байх бөгөөд уг газарт Шар Бтай дэлгүүрээс авсан 0,5 литрийн Хараа архи хувааж уусан гэж өөрөө заав. ...бетонон суурины баруун талд Хараа нэртэй архины хоосон шил 1 ширхэг, хуванцар тал савны хамт байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Яллагдагч нь Шар Б гэж дууддаг хүнтэй архи уусан газрын хажууд зодолдсон гэж заах бөгөөд түүний дараа ертөнцийн зүгээр хойд зүгт явж худагтай 18 дугаар гудамжаар буцаж ганцаараа явсан...” гэх тэмдэглэл /1хх 33-39/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Ж.Т-ийг оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр наасан 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны мэдүүлэгт дурдсан шар Б гэж дууддаг Б гэгчийг та таних уу, хэрэв байвал та зурганы дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч Ж.Т үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг харж байгаад 6 дугаарт байгаа амь хохирогч Ж.Б-ийн гэрэл зургийг зааж энэ шар Б мөн байна, өндөр яг ийм царайтай хүн байдаг, би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3хх 87-89/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч С.С-нийг оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны 2021.06.03-ны өдөр өгсөн мэдүүлэгт дурдсан бор царайтай үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн гэж мэдүүлсэн байна, тэр хүн энэ дотор байна уу, хэрэв байгаад таньж байвал та зурагны дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч С.С түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч Б.Уын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсоноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна, миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн, царайны төрх мөн байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3хх 118-120/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Уыг хохирогч Ж.Б-ийн амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн байдал зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээг чанд сахин захирагдаж, хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.

Өөрөөр хэлбэл, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэйгээс гадна тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст шийдлийг гаргах үүрэгтэй. Аливаа хэргийн оролцогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул шүүх хэргийн бусад нотлох баримтыг бүхэлд нь хамруулж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын гаргасан баримт, эсхүл гаргалгаанд эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох, таамаглалд үндэслэх нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн, төвийг сахих байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж гэм буруугүйд тооцох зарчмыг заасан.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Түүнчлэн, Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө амь хохирогчтой маргалдаж, элэг рүү нь баруун гараараа нэг удаа, зүүн хацар хэсэгт нь нэг удаа цохиж зодсон талаараа мэдүүлэг өгсөн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа хүнээс үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж тайлбарлан сэжигтнээр мэдүүлэг авч, тухайн мэдүүлэгт үндэслэн өөрийг нь яллах нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөнд тооцох бөгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн боломжгүй юм.  

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас Ж.Б-ийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхой бус, гэмт хэргийг нотолсон гэх дээр дурдсан гэрч нарын мэдүүлгүүд нь дамжмал байдалтай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шууд нотолсон баримтууд биш юм.

Тодруулбал, шүүгдэгчийг тухайн өдөр харсан гэх хэрэгт авагдсан гэрч Ж.Т, С.С нарын мэдүүлэг, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Уын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.У нь амь хохирогч Ж.Бтэй уулзсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь бусад баримтаар нотлогдоогүй, тухайн үед хамт явж байсан байж магадгүй гэсэн гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн тухайн үед өгсөн хэргийн нөхцөл байдлын талаарх эргэлзээ бүхий, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй мэдүүлгээр түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан гэмт хэрэг гарах болсон шалтгаан болох шүүгдэгчийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед ...... дүүргийн .. дугаар хороо, ....... дугаар гудамжны зүүн талд амь хохирогч Ж.Бтэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, амь насыг нь хохироосон гэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Уыг согтуурсан үедээ амь хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулан алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Ут холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Уыг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “амь хохирогч Ж.Б-ийн нас барсан” гэх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай. 

            3. Энэ хэрэгт Б.У нь нийт 287 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ