Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00003

 

 

 

 

 

 

                                                                            

    Т.Ггийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч Т.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Дд холбогдох бод мал 181 толгой буюу 115,900,000 төгрөг, бог мал 348 толгой буюу 8,605,000 төгрөг, ноолуур 25 кг буюу 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг, нийт 133,005,000 /нэг зуун гучин гурван сая таван мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Н.Д, нарийн бичгийн дарга З.Энэбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Хялганат гэх газар нөхөр, гурван охины хамт амьдарч байсан. Нөхөр талийгаач Н.Гансүх нь 2020 оны 03 сарын 13-ны өглөө үүрээр 05:00 цагийн орчимд амьдарч байсан байшин дотроо бензин асгаж гал тавьсны улмаас гурван сайхан охиноо хүргэн дүү Н.Ганбатын охиныг /Г.Баяржаргалыг/ шатааж, өөрөө хамт галд шатан харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач Н.Гансүхтэй би 13 жил амьдарч, 3 сайхан охин төрүүлж өсгөсөн эх хүн. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болсон энэ явдал өнгөрснөөс хойш би өөрийнхөө ээжийн дэргэд гэртэйгээ нэг ор, нэг хөнжил, нэг авдартай ирж амьдарч байна. Энэ үеэр миний хадам болох хүмүүс талийгаачдын ажил төрлийг дуусаагүй байхад бидний мал хөрөнгийг хуваагаад авч явсан. Иймээс хууль ёсны эзний хувьд өөрийнхөө малыг авах хүсэлтийг гаргаж байна. 2019 оны мал тооллогоор нийт 1110 мал тоолуулсан. Талийгаач 2 жилийн өмнө аав, ээжийнхээ эд зүйлийг бүх эгч, ах, дүүс нартаа хувааж тарааж өгч дуусгасан.

... Ийм учраас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боллоо. 2020 оны 05 сарын 01-ний өдөр өөрт минь үлдээсэн нэртэй хаврын төл нийлсэн 757 толгой малаас 159 толгой малыг өөрсдөө дур мэдэн зарцуулан хасаж өгсөн.

...иргэний шүүхэд малыг минь авч явсан талийгаачийн ах болох Н.Даас малаа нэхэмжилж авахаар энэхүү хүсэлтийг гаргах шаардлагатай боллоо. Би албан ёсоор өөрсдийн маллаж байсан мал, эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хэвээр байхад миний эрхэд халдаж дээрэлхэж мал болон ямааны ноолуурыг авсанд гомдолтой байна

Иймээс дараах зүйлсийг талийгаачийн ах болох Рашаант сумын 1 дүгээр багийн иргэн Н.Даваажаргалаас бод мал-181 буюу 115,900,000, бог мал-348 буюу 8,605,000, ноолуур 25кг буюу 1,500,000, хашаа, байшин 7,000,000 буюу нийт 133,005,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа:  ... Бэр Т.Г нь талийгаач дүү Н.Гансүхийн эдэлж хэрэглэж байсан Ланд 80, порентор ачааны машин, суудлын микро автомашин болон өвөл, зуны 2 гэрийг 2020 оны 5 дугаар сарын эхээр өөрөө аваад явсан. Миний том ах Н.Даваацогт болон дүү Н.Нямдаваа, Н.Даваадулам, Н.Отгондаваа нар өөрсдийн малаа тасалж авч, намайг харж хамгаалж, маллуулахаар үлдээгээд хот руу буцсан болохоос Н.Д миний бие энэ хүний өмч хөрөнгөөс өнчин ишиг ч аваагүй.

... Талийгаач дүү Н.Гансүх болон 3 охины буяны ажлыг ах дүүс бид гардан зохион байгуулж, өөрсдөөсөө холбогдох зардлыг гаргаж, ном журмын дагуу ёс төртэй гүйцэтгэсэн. Бид 3 удаагийн буяны ажил, 3 удаагийн хоног хураах ажлыг өөрсдөө зохион байгуулсан. Энэ ажлыг гардан зохион байгуулсан хүн нь Н.Отгондаваа, Н.Нямдаваа, Н.Даваадулам нар юм. Ямааг самнасан эсэх, хэнээр самнуулсан, хичнээн хэмжээний ноолуур гарсан талаар надад тодорхой мэдэх зүйл байхгүй. Буяны ажилд өөрсдийнх нь юмнаас өөрсдөд нь зарцуулъя гэдэг утгаар ноолуурын мөнгийг зарцуулсан гэж дүү нараас дуулсан. Би нарийн сайн мэдэхгүй. Талийгаачийн /Н.Гансүх/ малчин С.Отгонболд /2018 оноос маллаж буй/ 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мал маллахгүй талаар бэр Т.Г болон Н.Отгондаваа, Н.Даваадулам нарт нь удаа дараа хэлж байсан учир 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач Н.Гансүх, охин Г.Хулан нарын 49 хоногийг хураагаад Н.Даваацогт, Н.Нямдаваа, Н.Даваадулам, Н.Отгондаваа нар өмчлөлийн малаа өөрсдөө авч, бэр Т.Гд ноогдох малыг өгөхөөр Н.Отгондаваа, Н.Нямдаваа нар бэр Т.Гтай ярилцаж, зөвлөлдсөн боловч Т.Ггийн эх Н.Дагиймаа болон ах дүүс нь асуудалд оролцож шийдэлд хүрээгүй орхиод явсныг би хамт байлцсан хүний хувьд хэлэх байна. Малыг маллах малчингүй болсон учир өөрсдийн малаа ялган авах, өөрсдийн малаа хүнд хариуцуулахаас өөр арга ах, дүү нарт байгаагүй тул Т.Ггийн авга ах О.Жадамба, нутгийн иргэд Х.Сандаг, Саран болон сарын хугацаанд туслахаар ажилласан Сандагийн хүргэн Мөнхөө, эхнэр С.Анхбаяр нартай Н.Нямдаваа, Н.Даваадулам, Н.Отгондаваа нар харилцан ойлголцож, ярилцаад бэр Т.Гд 2019 онд тоолуулсан 1110 толгой малаас 595 толгой бод, бог малыг үлдээж, түүний дүү Т.Мөнхболдын өвөлжөөнд тоолж хүргэн хүлээлгэн өгч, гарын үсэг зурж баталгаажуулахад би байлцсан. Мөн малчин С.Отгонболдод 104 толгой мал, Н.Саранд багийн иргэдээ малжуулах сайн үйлсийн ажлын хүрээнд талийгаач Н.Гансүхийн өгөхөөр амласан 6 толгой малыг Н.Нямдаваа нь ах дүүсийг байлцуулан хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсныг би харсан. Малчин С.Отгонболдын гэрийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Т.Ггийн аавын төрсөн дүү О.Жадамба нь өөрийн цагаан ачааны машинаараа ачин нүүлгэж аав Х.Сандагийн өвөлжөөнд буулгаж өгсөн байна лээ.

... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг тэргүүн зэргийн өвлөгч хэмээн тодорхойлсон байх бөгөөд өв нээгдсэн өдрөөс хойш, нэг жилийн дараа нас барагчийн эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч хэн болох талаар нотариат өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан байгаа. Тодруулбал Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн хуулийн зохицуулалттай тул энэ маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуулийн хугацаа болоогүй байгаа. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх 2007 оны мал тооллогоор хадам ээж н.Ичинхорлоогийн 500 толгой малыг тоолуулж мянгат малчин болж байсан. Хадам ээж 2009 онд нас барсан. Үүнээс хойш манайх нөхрийн дүү Нямдаваад 500 толгой хонь таслан өгч, Даваацогтод хувийн мал эмнэлэг, Даваадуламд 17,000,000 төгрөгөөр хашаа, байшин авч өгсөн. Жил бүр өвлийн идэш өгдөг байсан болохоор тэдэнд өгөх ёстой юмаа өгч дуусгасан. Н.Д манайхаас авсан малыг маллаж байгаа тул энэ хүнээс малаа авна. Манай хоёр азарга адууг Н.Д тууж яваагүй ч тэрээр харж хамгаалж байгаа болохоор түүний өмчлөлд очсон. Хязаалан, гүү хоёр нийлээд 52 толгой болсон байх. Тоог нь нарийн ялгаж мэдэхгүй байна.

Иймд Н.Даас адуу 85 толгой, үхэр 96 толгой, хонь 415 толгой, ямаа 20 толгой, бүгд 616 толгой мал, 25 кг ноолуур буюу 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-23 тоотод байрлах, хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй тул хүүхдүүдийн амьдарч байсан байшингаа гаргуулж авна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би өөрөө 1000 гаруй толгой малтай, хүний малнаас авах шаардлагагүй. Авсан малнаас ах, дүү маань хүнсэнд хэрэглэсэн. Дүүгийн минь хоёр азарга адууг харах хүнгүй учир эмхэлж харж хандаж байгаа. Хэдэн тооны адууг мэдэхгүй. Т.Г ч өөрөө адууныхаа тоог мэдэхгүй байж, 85 толгой гээд байгааг ойлгохгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-23 тоотод байрлах, хашаа байшин угаасаа миний өмч. Талийгаач дүүгийнх хашаан дотор жижиг байшин барьж, хүүхдүүд нь амьдарч байсан. Тэр байшингаа авч болно. Ямааны ноолуурыг буяны ажилд нь зориулахаар самнаж хэрэглэсэн байсан. Бид талийгаач дүүгийнхээ эд хөрөнгөөс огт юм аваагүй, харин ах, дүү нар маань өөрсдийн өмчлөлийн малаа л авсан. Нэхэмжлэгчийн үнэлсэн малын үнэлгээг зөвшөөрч байна. Би хариуцагч биш учир надад эвлэрэх боломжгүй байна. Харин ах Даваацогт, дүү Отгондаваа, Нямдаваа, Даваадулам нарыг Т.Гтай уулзуулж хоорондоо ярилцаж, эвлэрэхэд нь тусалж болно. Гэтэл Т.Г надтай ирж уулздаггүй. Энэ нэхэмжлэл надад хамаарахгүй тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.Даас бод мал 181 толгой буюу 115.900.000 төгрөг, бог мал 348 толгой буюу 8.605.000 төгрөг, ноолуур 25кг буюу 1.500.000 төгрөг, хашаа байшин буюу 7.000.000 төгрөг, нийт 133.005.000 /нэг зуун гучин гурван сая таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Г давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёс бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

1. ... Одоо манай хотонд байсан миний өмч болох 1110 /энэ жилийн төл оролцоогүй/ мал хариуцагч Даваажаргалын хотонд байгаа бөгөөд Даваажаргал би хариуцах ёсгүй хүн гэж шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарыг үндэслэн түүнийг хариуцагч этгээд биш гэж үзсэн нь хууль ёсны болж чадаагүй байна. Миний хотонд байсан мал хадам ах Н.Дын хотонд байгаа нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар дээр ч тодорхой байгаа. Би 2019 оны жилийн эцсийн малын тоогоор тоологдсон малын тоог үндэслэн нэхэмжлэлээ гаргасан. Хэрэв Н.Дын тайлбарлаж байгаа шиг тэдний ах дүү нарын өмчлөлийн мал байсан юм бол тэд өмнө нь тоолуулсан малын тоо бүхий баримтаа /манайд тавиулаар тоолуулсан/ гаргаж үндэслэж тайлбарласнаар тэдний өмчийн мал болох нь хууль ёсны юм байна гэж үзэхээр байсан. Гэтэл зөвхөн Н.Дын манай дүү нарын мал, би хариуцахгүй гэснийг шүүх үндэслэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би өөрийн өмчлөлийн малаа Н.Даас /Н.Дын хотонд байгаа учир/ нэхэмжилсэн болохоос биш тэдний ах дүү нар хэрхэн, яаж хуваагаад өөрсдийн өмч болгосныг мэдэхгүй шүү дээ. Хууль бусаар миний өмчийг өөрийн эзэмшилд оруулсан Н.Дыг хариуцагч гэж үзэх үндэслэлтэй.

2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Хэрэг дотор байсан мал хүлээлгэж өгсөн хүлээн авсан баримтад Н.Д оролцоогүй учир түүнийг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Тухайн баримтууд нь миний дүүд мал өгсөн, бас манай малчнаас мал хүлээн авсан, Ч.Саранцэцэгт мал хүлээлгэн өгсөн, малчинд хөлс өгснийг нотолсон баримт болохоос биш тухайн малын эзэмшигч нь Н.Д биш харин түүний дүү нар малыг минь өмчлөлдөө авсныг нотолсон баримт биш юм. Гэтэл үүнийг үндэслэж Н.Д хариуцагч биш гэж үзсэн юм. Гэтэл уг маргаанд Н.Дыг хариуцагчаар оролцуулах болсон үндэслэл нь миний өмчлөлийн мал Н.Дын хотонд буюу эзэмшилд байгаа учир түүний хууль бус эзэмшлээс л өөрийн малыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. ... Би өөрийн тоологдсон малаа л Н.Дын эзэмшлээс гаргуулж авъя гэсэн. Ийм учраас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй.

3. Мөн би нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах хашаа, байшингаа 7 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн бөгөөд үүний тухайд Н.Дын нэр дээр боловч бид худалдан авсан гэдгээр нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл нэр дээрээ шилжүүлж аваагүй болохоос манайх худалдаж авсан байсан. Энэ талаар яагаад хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэрт бичигдээгүй байна.

Шүүхийн шийдвэрт талийгч Н.Гансүх нь нэхэмжлэгч Т.Гтай 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж тэрээр 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, хамт амьдарч байх хугацаандаа эх О.Ичинхорлоо болон өөрсдийн малыг маллан амьдарч байсан гэжээ. Хадам эх Ичинхорлоо нь одоогоос арав гаран жилийн өмнө нас барсан бөгөөд өөрөө амьдарч байх хугацаандаа өөрийн хэдэн малтай байсан ч тэр нь тусдаа тоологдож, талийгч нөхрийн ах дүү нар идэш хоолоо авдаг байсан. Тэгээд тэр малаас үлдсэн малыг өссөн төлтэй нь нөхөр маань дүү Н.Нямдаваагийн нэр дээр тоолуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр дээр хаа 11 жилийн өмнө нас барсан ээжийнхээ малыг маллаад л түүгээрээ амьдраад байсан юм шиг ойлгогджээ. Малын А данс хэн хэдэн малтайг тодорхойлсон баримт гэж би ойлгож байгаа.

... Гомдлыг хүлээн авч хэргийг хянан үзэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь мал, эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчсөн үндэслэлээр хариуцагч Н.Дд холбогдуулан бод мал 181 буюу 115,900,000 төгрөг, бог мал 348 буюу 8,605,000 төгрөг, ноолуур 25 кг буюу 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг нийт 133,005,000 төгрөг нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх “...Н.Д тухайн хэргийн хариуцагч этгээд биш” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр  “хууль ёсны байх” шаардлага хангасан гэж, хэргийн нотлох баримт, нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлт хийсэн шийдвэрийг “үндэслэл бүхий” шийдвэр гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгч Т.Ггийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын заримд эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан нь шийдвэр “үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэх, улмаар шийдвэрийг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болно.

Шүүх “...нэхэмжлэгч Т.Г нарын өмчлөлийн малыг ...нар хувааж зарцуулсан байх бөгөөд тухайн үйл баримтад Н.Д оролцоогүй байна” гэсэн дүгнэлтийг мал гаргуулах тухай шаардлагад хийсэн байх ба  харин ноолуур 25 кг буюу 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мал, хашаа, байшин нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байхад   “...өмчлөлийн малыг талийгаачийн төрсөн ах Н.Даваацогт, эгч Н.Даваацэдэв, дүү Н.Отгондаваа, Н.Нямдаваа, Н.Даваадулам нар хувааж зарцуулсан байх бөгөөд тухайн үйл баримтад Н.Д оролцоогүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны эрх зүйн үр дагаврыг тооцоолохгүйгээр, нэхэмжлэлийн зарим хэсэгт огт дүгнэлт хийхгүйгээр иргэний хэргийг  шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна.

 Шаардлагатай тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж, ах, дүүс, худ, ураг хүмүүс хоорондын өмчийн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ггийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Ггийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Ггийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                  ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                    Б.СОСОРБАРАМ