Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/601

 

 

 

 

 

 

   2023            6              06                                          2023/ДШМ/601

 

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогч М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

цагаатгагдсан этгээд Г.Бийн өмгөөлөгч Л.Бурмаа, Т.Сарантуяа, Н.Санчиндорж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЦТ/502 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэл, хохирогч М.С-ын гаргасан давж заалдах гомдол, хохирогч М.С, М.М нарын өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-т холбогдох эрүүгийн 1806 09201 1563 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн Г.Б, ..... оны .... дүгээр сарын ...-ний өдөр ..... төрсөн, ... настай, ...., дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .... ажилтай, ...... дүүргийн ..... дүгээр хороо, ............. дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй РД:.......,

Г.Б нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй 2 өрөө орон сууцыг хохирогч М.М-д худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.С-д 2 өрөө орон сууцыг худалдсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.С-ын өмчлөлийн “Рэнж ровер” маркийн автомашины үнийн дүнгийн зөрүү 23.800.000 төгрөг, түүний эзэмшлийн 9.500.000 төгрөгт тооцсон “Тоёота Приус” маркийн автомашин болон хохирогч М.М-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн 15.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилан бусдад нийт 51.305.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Бт холбогдох 1806 09201 1563 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэрэг бүртгэлтэд хэргийг шилжүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1690 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бт холбогдох 1806 09201 1563 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Г.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.М, М.С нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт Г.Б нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн автомашиныг Б-д түүнд олгох цалинд тооцож шилжүүлсэн талаар гэрч Б, тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хохирогч М.М орон сууц авсны дараа шилжүүлэх нөхцөлтэйгөөр шилжүүлэн өгсөн талаар хохирогч нар мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагаагаар худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ нэртэй иргэн С, М, Б гэсэн нэр бүхий гар бичмэлд дурдсан үнэлгээ, үнийн дүн бүхий тооцоог Г.Б хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

Гэтэл шүүхээс хохирогч нарын мэдүүлгийг бусад баримтаар үгүйсгэгдсэн гэсэн атлаа шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...гарын үсэг зурсан боловч мөнгөний баримт гэж ойлгосон, харин тэдгээрт дурдсан байгаа агуулга нь тэр үед тусгагдаагүй байсан...” гэх мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хэсэгтээ дурдсан.

Түүнчлэн “...хохирогч М.М, М.С, гэрч Я.С нарын мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ гэсэн гар бичмэлүүд зэрэгт дурдсанчлан М.С-ын 1 өрөө байрыг 1 кв.м нь 1.650.000 төгрөг, нийт 51.200.000 төгрөгөөр Г.Б-т бодож өгсөн. Харин Г.Б-ийн 2 өрөө байрыг 1 кв.м нь 1.200.000 төгрөг, нийт 65.400.000 төгрөгөөр авсан гэх үнийн дүнгүүд нь тогтоогдохгүй байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж дүгнэсэн атлаа ...хохирогч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тогтоох хэсэгт дурдсан.

Хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндоржоос 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авахгүйгээр, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн атлаа, цагаатгах тогтоолд “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй гэж дүгнэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой... байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмсыг үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч нараас 2 өрөө орон сууцны төлбөр, төлбөрт тооцож автомашин шилжүүлэн авсан атлаа хохирогчийн өмчлөлд орон сууц шилжүүлээгүй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул бусдыг хуурч, итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М.М, М.С нарын мэдүүлэг, гэрч худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ нэртэй иргэн С, М, Б гэсэн нэр бүхий гар бичмэлүүд болон бичгийн бусад баримтуудаар “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь ажлын гүйцэтгэлд авсан байрыг М.Сд худалдахаар харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан ба уг тохиролцоогоор талуудын харилцан өмчлөлд шилжүүлсэн байрны төлбөрт М.С-ын эзэмшлийн .... улсын дугаартай “Ренж Ровер” маркийн автомашиныг Г.Б-ийн эзэмшилд шилжүүлж, төлбөрийн зөрүүнд М.Сд 2 өрөө байр өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 18.005.000 төгрөг болон 9.500.000 төгрөгт тооцож шилжүүлсэн “Тоёота Приус-20” маркийн автомашиныг тус тус хүлээн авч, хохирогч нарт нийт 51.305.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.М-ын “чи бас байр авах гэж байгаа юм уу, надад олон байр байна, чи надад мөнгөө цувуулаад дээр нь ренж ровер машинаа өгөөд уян нөхцөлтэйгөөр байр ав” гэж хэлсэн. ...тухайн үед Б Пис таун, Нью таун, Гандангийн дэнж дээрх байрнуудыг үзүүлсэн. ...дахин байраа яг хаана өгөх нь тодорхойгүй болоод байхаар нь Б-аас 23.800.000 төгрөгөө авмаар байна гэж хэлэхэд “энд нэг граж байна” гэж хэлээд 13-ын тэнд нэг граж 4 удаа үзүүлсэн. Тэр дараа нь өөрийнх нь биш болж таарсан. ...Тэгэхэд надад бүх зүйлээ хэлж хүлээн зөвшөөрөөд яриад “удахгүй мөнгийг чинь бүгдийн өгнө” гэж хэлсэн бичлэг нь хүртэл байгаа.” гэх,

М.С-ын “Ингээд манай дүү Б-аас миний адил байр авахаар ярилцаад Б-тай дүү бид 2 ярилцаад Б “Олимп хотхонд 2 өрөө байр байна” гэж хэлэхээр тэрийн авахаар болоод /очиж үзээгүй/ би Баас авах ёстой 23.800.000 төгрөгөө дүүгийнхээ урьдчилгаанд бодож тооцон өгөөд машины нэрийн байрандаа орсны дараа шилжүүлэхээр болсон.” гэх,

гэрч Я.С-ийн “...Г.Б нь миний хүү С-д мөнгө өгөх ёстой болтол энэ мөнгөнд чинь дахин 2 өрөө байр авч өгье гэж хэлээд зөрүү мөнгөө өгөөгүй. ...дахин байр өгье, байрны мөнгийг байр ашиглалтад ортол надад цувуулаад өгч бай гэж хэлсэн. ...тухайн үед Баянбүрдэд байр үзүүлсэн ба зуслангийн байртай хамт зарна гэхээр нь би уг байрыг болиулсан юм. ...байранд оруулна хэмээн 2-3 байр үзүүлдэг байсан ба уг байранд оръё гэхээр хүний байр байдаг байсан” гэх мэдүүлгүүд зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/502 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

...Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Г.Б-ийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн автомашиныг Б-д олгох цалинтай тооцож шилжүүлсэн талаар гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хохирогчоос орон сууц авсны дараа шилжүүлэх нөхцөлтэйгөөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн талаар хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй иргэн М.С, М.М, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлд дурдсан үнэлгээ, үнийн дүн бүхий тооцоог Г.Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “…хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар үгүйсгэгдсэн…” гэсэн хэрнээ Г.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болох “...хавтас хэрэгт авагдсан байгаа агуулга байхгүй, хоосон цаасан дээр гарын үсэг зурсан...”  гэх мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хэсэгтээ дурдсан байгаа нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна гэж үзсэн. Ямар ч гарын үсэгтэй байсан тухайн компанийг удирдах ажил үүргийг гүйцэтгэж байгаа хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлгийг хэрхэн, ямар үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт хэсэгтээ дурдсан нь үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс хохирогч нар болон хохирогч нарын ээж С нарын мэдүүлэг, тухайн гар бичмэлүүдэд дурдсан маргаан бүхий 1 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууцын үнэлгээг тооцсон үнийн дүнг тогтоогдохгүй байна гэж үзэж, хэргийн хянан шийдвэрлэхэд эргэлзээ гарсан учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэж дүгнэсэн хэрнээ хохирогч нар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хоёр өөр утга агуулга бүхий дүгнэлтийг тогтоох хэсэгтээ дурдсан нь мөн ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Г.Б-ийн өмгөөлөгч Н.Санчиндоржоос 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг хүлээн авалгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн атлаа маргаантай холбоотойгоор цагаатгах тогтоолд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмсыг үгээр, үйлдлээр, бодит байдлаар гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж авахын зэрэгцээ тухайн эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаагаас ялгагддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б-ийн мэдүүлж байсны адилаар хохирогч нартай авлага, өглөгийн харилцаатай гэсэн талаар мэдүүлдэг боловч өнөөдрийг хүртэл иргэний шүүхэд хандсан талаар баримт байхгүй. Энэ талаар цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Т.Сарантуяа “хохирогч нар Г.Б-ийг залилсан” гэдэг. Хохирогч нар өнөөдрийг хүртэл хугацаанд өөрсдийн амьдарч байсан үл хөдлөхийн гэрчилгээ бүхий 1 өрөө орон сууцыг 2 өрөө болгохоор тухайн үед баригдаагүй байсан барилгыг худалдан авахаар тохиролцсон тохиролцооны дагуу төлбөрийг тухай бүр төлж байсан. Энэ талаар батламж бүхий гар бичмэлүүдийг үйлдсэн байхад эдгээр баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнэлтийг анхан шатны шүүхээс хангалттай үндэслэл хийгээгүй. Хохирогч М.С, М.М, гэрч Я.С нарын мэдүүлгүүдэд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон эдгээр нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг бүхэлд нь цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн.” гэжээ.

Хохирогч М.С давж заалдах гомдолдоо: “Анх 2016 онд эцэг эхээсээ өв залгамжилж авсан ашиглалтад орсон шинэ 2 ширхэг 1 өрөө байртай байлаа. Би дүү М.М-тайгаа ярилцаж байраа томруулж 2 ширхэг 2 өрөө байртай болохоор шийдэн дүүгээрээ байраа зарахаар зар тавиулсан. Тэгээд 1 байраа “Хас Секьюрити” ХХК-д 55.000.000 төгрөгөөр тооцож ээж Я.С-ийн нэр дээр байсан захиалгын гэрээг шилжүүлж өгсөн. Дараа нь зараар яллагдагч Б залгаж ашиглалтад ороогүй бартераар авсан олон 2 өрөө байрнууд байна, хэдүүлээ наймаа хийе. Би ажлаа явуулахын тулд бэлэн мөнгө, гэрчилгээтэй байр хэрэгтэй байна гэж хэлээд манай сансрын 32мкв миний нэр дээр байсан байрыг 51.200.000 төгрөгт, “range rover” машиныг 38.000.000 төгрөгт тооцож нийт 89.200.000 төгрөг болж Б-аас 54,5 мкв байр 65.400.000-д тооцож зөрүү 23.800.000 төгрөг үлдсэнийг дараагийн байранд оролцуулахаар тохиролцсон. Тухайн үед Б дүү бид хоёрыг өмнөх нэг байраа зарсан мөнгөтэй байгааг мэдэж байсан мөн дахин байр авах зорилготойг минь мэдэж байсан болохоор надад дахин байр байгаа гэж хуурч байр үзүүлж надад итгэл төрүүлэн дүү бид хоёроос машин болон мөнгө авч залилсан. Энэ хугацаанд нэмж “приус-20” маркийн автомашин 9.500.000 төгрөгт тооцож нэмж өгсөн. Мөн бэлнээр 16.950.000 төгрөг, дансаар 18.050.000 төгрөг нийт төгрөг авсан. Удаа дараа байраа авъя гэхэд энд тэнд олон байр үзүүлсэн боловч бүгд худал байсан. Сүүлд Баянбүрдэд ..... дугаар руу залгаад таалагдвал ав гэсэн. Очиж үзээд авъя гэсэн боловч бас худал хэлсэн байсан. Хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд шат шатны прокурор, ерөнхийлөгчийн тамгын газар хүртэл хүсэлт бичиж байлаа. Маш олон байцаагч, прокурор солигдсоны эцэст шүүхийн шатанд шилжсэн. Би шударга шүүх байдагт итгэдэг. 2017-2018 онд авсан мөнгө нотлох баримт тодорхой байхад, үнийн дүн хүртэл нотлох баримтаар маш их илүү гарсан байхад цагаатгасанд маш их гомдолтой байна. Нотлох баримтыг бүрэн шалгаагүй гэж үзэж байна. Гар бичмэлийн гарын үсгийг шүүхийн шинжилгээний байгууллага нотолсон. Мөн шүүх хурал дээр бэлнээр мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн. Маш их гомдолтой байна. Яллагдагч Б 2018 онд Японы иргэнийг залилсан, 2020 онд эрэн сурвалжлагдаж байсан байна. Тус этгээд энэ бүхнийг санаатайгаар давтан үйлдэж, амьдрах арга хэрэгслээ болгож байгаа нь дахин олон хүний амьдралыг сүйрүүлж, ингэж болох юм байна гэж сэтгээд дахиад давтан үйлдэхээс айж байна. Иймд та бүхэн үнэн шударгаар шүүж анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож Б-ийг гэм буруутайд тооцож намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ах М.С бид хоёрын эцэг эхээс өвлөж авсан хашаа байшин газарт орж 2 ширхэг 1 өрөө орон сууцтай болсон байсан. 2 ширхэг 1 өрөө байрыг 2 ширхэг 2 өрөө орон сууц болгохоор “миний дүү зар тавьчих, хоёулаа бизнес хийж, орон сууцаа томсгоё” гэж ярьсан. Миний бие ахынхаа үгэнд орж, зар тавьсан. Зарын дагуу ... банкны захирал холбогдож манай 1 өрөө байрыг 55.000.000 төгрөгөөр буюу “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгсэл оролцуулж, бэлэн 20.000.000 төгрөг өгч, ажилтандаа бэлэг болгож өгсөн байдаг. Нөгөө 1 өрөө орон сууцаа зарах гэж байтал Г.Б над руу залгаж, манай орон сууцын гадаа ирж уулзахдаа “би хөөсөнцрийн компанитай, маш олон байр байдаг. Танай зарын агуулгыг ойлголоо, танай байр хотын төвд, гэрчилгээ нь гарсан, ашиглалтад орсон юм байна.” гэсэн. Харин Г.Б-ийн байр нь ашиглалтад ороогүй байр байсан. Манай орон сууцын хувьд хотын А бүсэд, Г.Б-ийн орон сууц хотын захад, байсан. Г.Б-ийн орон сууц ашиглалтад орох үнийн дүн нь 1.700.000 төгрөг, манай орон сууц тухайн үед 1.750.000 төгрөгөөр ... банкны захиралд зарсан. Цагаатгагдсан этгээд Г.Б “би үйл ажиллагаагаа явуулахын тулд надад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна” гэсэн. Эргэлтийн хөрөнгө өгсний үндсэн дээр орон сууцаа хямдруулж өгөхөөр анх тохиролцож, ах М.С-тай наймаа хийж ахын орон сууцыг авсан. 1 өрөө орон сууцыг 51.200.000 төгрөгөөр, 2 өрөө баригдаж дуусаагүй дутуу орон сууцыг 65.400.000 төгрөгөөр тохирч, 15.800.000 төгрөгийн зөрүүтэй болж, “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслээ өгч, 23.800.000 төгрөгийн илүүтэй болсон. Тухайн үед Г.Б “зөрүүг нь өгье, 13 дугаар хороололд граж байгаа” гэж надад 3 удаа үзүүлсэн. Гэтэл дахин Г.Б над руу холбогдож “...надад дахин олон орон сууц орж ирнэ. Хамгийн гол нь өдөр тутмын орлогогүй байна. Бартераар орон сууц авдаг учраас ашиглалтад ороогүй орон сууц авдаг. Эргэлтийн хөрөнгө байдаггүй. Та хоёр орон сууц авах гэж байгаа юм байна. Бидний ашиг сонирхол нийлэх юм байна...” гэхэд би “болж байна, хаана, ямар орон сууц үзүүлэх вэ” гэсэн. Би анх мэдүүлэг өгөхдөө дурдсан байгаа. Надад Тэнгис, Айдсын даваа, Амгалан хотхон, Улаанхуаран, Офицер, Гандан, Хос Өргөө, Цайз зэрэг 10 гаруй газар буюу хоосон хий орон сууцуудаа үзүүлж байсан. Шүүгч Б.Батзориг үнэлгээний тухай асууж байна. Ашиглалтад ороогүй орон сууц байсан учраас уг нөхцөл байдлаар тохирсон. Сүүлд хийсэн гэрээний тухайд миний дансаар явуулсан шилжүүлгийн утга хүртэл “байрны урьдчилгаа” гэсэн байгаа. Гар бичмэлийг яагаад хийх болсон бэ гэхээр олон байр үзүүлсэн бүгд худал байсан, би байнга ээжтэйгээ очиж үзсэн. Сүүлд “… гэсэн дугаар руу залгаад Баянбүрд тойрогт байгаа 69.2 м2 хуучны орон сууцыг очоод үз. Уг орон сууц дээр наймаа хийе. Надад ярианы бичлэг байна…” гэж үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианы бичлэг сонсгосон. Улмаар 69.2 м2 орон сууцыг үзэхээр очиж уулзахад 40 гаран насны ах байсан. Би “энэ орон сууцыг авъя” гэхэд орон сууцны ах “надад мөнгө өг, миний орон сууц илүү гарна” гэж хэлсэн. Надад бэлэн мөнгө өгсөн тооцоонууд байсан. Тухайн үед Г.Б-тай уулзаж “өнөөдөр тооцоогоо нийлүүлье, хэдэн төгрөг өгөхөөр байна” гэж тооцоогоо тулгасан. Г.Б-ийн хувьд утсаа салгаад алга болдог. Анхан шатны шүүх хуралдаанаар “ярианы бичлэгийг яагаад хийсэн бэ” гэж асуусан. Миний Г.Б-т өгсөн нийт мөнгө 133.700.000 төгрөг болсон. Хамгийн гол нь эцэг эхээс өвлөж авсан гал голомт байгаа юм. Би орон сууцтай байсан, орон сууцгүй болсон. 2016 оноос хойш буюу 7 жил гаруй би түрээсийн байранд амьдарч, хохирч байна. Дансаар шилжүүлсэн мөнгө миний ариун цагаан хөдөлмөр байсан. Маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шатанд би өөрийгөө дутуу ойлгуулсан юм уу, мэдэхгүй байна. Үнийн дүн илүү гарсан байна гэдэг талаар хэлсэн. Гар бичмэлийн хувьд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн буюу мэргэжлийн байгууллага шалгасан. Компанийн захирал хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурна гэж юу байх вэ. Албан ёсоор хоёр талаас сайн дурын үндсэн дээр тохиролцож хийсэн гар бичмэл байдаг. Г.Б эхэлж, бараа материал, эргэлтийн хөрөнгө гэж итгүүлж мөнгө авдаг байсан. Сүүлд нь утсаа авахгүй, алга болж, мөнгө шантаачилж авдаг болсон. Г.Б “чи надад мөнгө өгөхгүй бол би хөөс авч чадахгүй, цахилгаанаа төлөөгүй, бараа материал байхгүй” гэдэг. Би аргаа барж “чи ямар үйлдвэртэй юм бэ, очиж үзье” гэхэд дээвэр байхгүй, хоосон байшин үзүүлсэн” гэжээ.

Хохирогч М.С, М.М нарын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Б нь хохирогч М.М, М.С нарыг залилсан хэргийн тухайд:

М.М нь 2016 онд байраа томруулах зорилгоор 1 өрөө байрыг 2 өрөө байраар сольж зөрүүг тохирно гэсэн зар тавьсны дагуу Г.Б ирж үзээд би барилгын компаниудад хөөсөнцөр нийлүүлээд бартерт нь байр авдаг. Манайд бартераар орж ирэх 2 өрөө олон байр байгаа хамгийн гол нь дүүд нь бэлэн гэрчилгээтэй байр хэрэгтэй байна гэж уулзаад анх танилцсан.

М.С Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах ашиглалтад орж гэрчилгээ гарсан 1 өрөө орон сууцыг 51.200.000 төгрөгт, “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг 38.000.000 төгрөгт, нийт 89.200.000 төгрөгт тооцон Г.Б-т шилжүүлэх. Г.Б нь Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах ашиглалтад ороогүй барилгын 2 өрөө орон сууцыг 65.400.000 төгрөгт тооцон, мөн “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 23.800.000 төгрөгийг М.С-д өгөхөөр анх тохиролцсон байдаг.

Тохиролцооны дагуу М.С нь 1 өрөө орон сууц болон “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг Г.Б-т шилжүүлэн өгсөн. Г.Б нь “Оршил Констракшн” ХХК-д ажил гүйцэтгэж, бараа нийлүүлсний төлбөрт авах байсан 2 өрөө орон сууцны “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын” гэрээг М.С-ын ээж Я.С-д шилжүүлсэн. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 өрөө орон сууцны гэрчилгээ М.С, Я.С нарын нэр дээр гарсан.

Үүний дараа Г.Б нь өмнөх байрны төлбөрт оролцуулан өгсөн “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийн зөрүү болох М.С-д өгөх байсан 23.800.000 төгрөгийг дахин 2 өрөө байр зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж бэлнээр 16.950.000 төгрөг, “приүс 20” маркийн тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгт бодон шилжүүлэн авсан, мөн М.С-ын дүү М.М-аас дансаар 18.050.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2017.10.22 гэсэн огноотой Худалдах худалдан авах гэрээ, 2018.9.06 гэсэн огноотой Байр худалдах худалдан авах гэрээ гэх иргэн М.С, М.М, Г.Б гэсэн нэр гарын үсэг бүхий гар бичмэлийн эх хувь. /2хх 38, 39 хуудас/,

2017.10.22 гэсэн огноотой Худалдах худалдан авах гэрээ, 2018.9.06 гэсэн огноотой Байр худалдах худалдан авах гэрээнд зурагдсан Г.Б-ийн гарын үсгэнд хийгдсэн адилтгалын шинжилгээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 24-36 хуудас/

М.С Г.Б нарын бартераар худалдсан гэх орон сууцуудыг 2016 оны байдлаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон Доржийн гудамж 26/4-80 тоот хаягтай 32 мкв 1 өрөө орон сууцыг 46.861.436 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Да хүрээ гудамж 11 а байр 63 тоот 54.5 мкв 2 өрөө орон сууцыг 73.765.238 төгрөгөөр тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК дүгнэлт. /3хх 2-27 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ: ..Асуулт: “Та М болон Сд Баянбүрдийн тэнд байр үзүүлсэн үү? Хариулт: “нэг байр үзүүлсэн. Тэр компанитай манай компани ажил хийгээд тэр байрыг авахаар ярилцаж байсан боловч гэрээ хийгдээгүй.” /1 хх 34-35 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ ...Асуулт:Та хохирогч С, М нарт дахин өөр байр худалдах талаар ярилцсан уу?” Хариулт: “Дахин байр худалдах талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй харин шилжүүлээгүй машинаа оролцуулж хямдхан байр авах санал тавьж байсан тул 1 удаа офицеруудын ордны хойд талд 3 өрөө орон сууц үзүүлэхэд хямдхан авъя гэж тулгаж байсан тул тохиролцоогүй.” /3хх 34-35 хуудас/

М.С-ын өмчлөлийн “ренж ровер” маркийн автомашины үнийн дүнгийн зөрүү 23.800.000 төгрөг:

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ ...Асуулт: “Танд “Ренж ровер” машин өгсөн гэж байсан тухайн үед машины зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөг байсан юм бэ.” Хариулт: “Би 38.000.000 төгрөгөөр бодож авч байсан ба тухайн үеийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна.” /1хх 140 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б гэрчээр ...Би "...” ХХК-нд ажилладаг бөгөөд Г.Б-аас 77-99УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг цалиндаа авсан.” /1хх 190 хуудас/

М.М-аас дансаар шилжүүлэн авсан 18.050.000 төгрөг:

Хохирогч М.М нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5031732012 дугаартай данснаас 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 14 удаагийн шилжүүлгээр нийт 18.050.000 төгрөгийг Г.Б-ийн эхнэр Э.Д-ийн Хаан банкин дахь .... дугаарын данс руу шилжүүлсэн М.М-ын дансны хуулга. /1хх 152-162 хуудас/

М.М-аас Г.Б-т шилжүүлсэн банкны гүйлгээний баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /1хх 179 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д мэдүүлэхдээ “...Г.Б нь манай нөхөр байгаа юм...” гэх мэдүүлэг /2хх 6-7 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ “...дансаар болон бэлнээр мөнгө авч байсан. Дансаар болон бэлнээр хэдэн төгрөг авснаа санахгүй байна.” /3хх 34-36/

М.Сын “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан:

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б гэрчээр мэдүүлэхдээ ..М-аас дахин “приүс 20” маркийн машиныг байрныхаа үлдэгдэл төлбөрт 9.000.000 төгрөгөөр тооцож авсан. ...”Ренж ровер” надад байгаа, “приүс 20”-г би зарсан. /1хх 34-35 хуудас/

...”приүс 20” автомашины хувьд бол би уг машиныг авч цааш нь худалдсан байгаа юм. ...Би зөрүү 18.000.000 төгрөг авах байснаас “приүс 20” 9.500.000 төгрөгт бодож дансаар 11.000.000 орчим төгрөг авсан юм.” /1хх 36-37 хуудас/

М.С-аас бэлнээр 16.950.000 төгрөг авсан:

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ “...2 удаа би бэлэн мөнгө авч байсан ба 1.800.000 төгрөг авч байхад гарын үсэг зурж байсан дараа нь 1.450.000 төгрөг авахад гарын үсэг зуруулж байсан бичгэн гэрээ бол хийж байгаагүй.” /1хх 36-37 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б мэдүүлэхдээ “...М надад бэлэн мөнгө, приүс 20 өгөхдөө ганц нэг удаа цаасан дээр гарын үсэг зуруулж байсан.” /3хх 34-35 хуудас/

М.С-д 32 мкв 1 өрөө 2 ширхэг орон сууц байсан бөгөөд нэгийг нь Г.Б-аас 2 өрөө байр авахдаа бартерт өгсөн байдаг харин нөгөө байрыг нь “Хас сэкьюрити” ХХК-аас ... автомашиныг 35.000.000 төгрөгөөр тооцон үнэлж бэлэн 20.000.000 төгрөг нийт 55.000.000 төгрөгөөр зарсан байдаг. /1хх 145-146, 2хх 241-243/

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-ийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл байхад анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс “...Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Б-аас гэрчээр мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг тайлбарласан байх бөгөөд Г.Б нь мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцнэ.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 2023/ЦТ/502 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж байна. “Оршил Констракшн” ХХК-тай Г.Б нь 102.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “Оршил Констракшн” ХХК-ийн албан бичигт “...гэрээний ажлыг хийж дуусгасан, 102.000.000 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн...” гэсэн байдаг. Үүнийхээ дагуу Г.Б 2 өрөө орон сууц авах эрх нээгдэж, хохирогч нарын санал болгосноор ээж Я.С-тай 92.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. “Оршил Констракшн” ХХК-ийн ашиглалтад орсон 2 өрөө орон сууц нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байсан. Учир нь, ажил гүйцэтгэж, төлбөр тооцоо дууссан болох нь батлагдаж, Я.С 92.000.000 төгрөгөөр “Оршил Констракшн” ХХК-тай гэрээ байгуулснаараа нотлогдож байна үзсэн. Гэрээ нь байгууллагын тамга тэмдэгтэй, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Харин хохирогч нар болон улсын яллагч нарын дурдаж буй 2 гар бичмэл нь эргэлзээ бүхий байдлыг бий болгосон гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэлт хийснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн эргэлзээ бүхий байдлын талаар тайлбарласантай нийцэж байна гэж үзсэн. Гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээ бүхий гэж тогтоосон байдаг. Учир нь, хэзээ, хаана, уг гар бичмэл хийгдсэн, хохирогч болон шүүгдэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг тогтоох боломжгүй, эргэлзээ бүхий байдал байсан. 2016 онд худалдах, худалдан авах гэрээний маргааны өр төлбөрийг дууссан гэх талаар өмгөөлөгч Г.Энхболд хэлж байна. 2016 оны гэрээний өр төлбөр дуусаагүй, үргэлжилж байсан төлбөрийн асуудал юм. “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг 38.000.000 төгрөгөөр үнэлж, үлдэгдэл 23.800.000 төгрөгийг төлөх ёстой гэж улсын яллагч, хохирогч нар ярьдаг. Г.Б нь “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, өмчлөлдөө аваагүй, хохирогч нарын эзэмшил, өмчлөлд байгаа. Одоог “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгсэл журмын хашаа буюу замын цагдаагийн түр саатуулах байранд байгаа. Хохирогч нар өөрсдөө очиж авдаггүй, очиж авахад нь хэн ч саад болоогүй. Хохирогч нар машиныг хаана байгааг ч мэдэж байгаа. Ийм зүйлийг хохиролд тооцож, зөрүү 23.800.000 төгрөг гэж байгаа. Өмгөөлөгч Г.Энхболдын төлбөр тооцоо дууссан гэдэг нь дээрхээр үгүйсгэгдэнэ. Хэрэв төлбөр тооцоо дууссан бол яагаад Г.Б-ийн нэр дээр “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй вэ. “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй нь төлбөр тооцоо дуусаагүй гэдгийн нэг хэлбэр юм. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ ямар ч харилцаа, гэрээ бүгд бичгээр үйлдэгдэж, нотариатаар батлагдаж, улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болдог. Гар бичмэл нь бусдыг төөрөгдүүлж, гэрээгээр халхавчилж, залилсан идэвхтэй үйлдэл биш. Хүн ямар орон сууц авах гэж байгаа, орон сууцыг хэдэн төгрөг болох, сар бүр хэдэн төгрөг төлөх эсэхээ мэдэж байж хүчин төгөлдөр гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой. Гэтэл ямар байр авах нь тодорхойгүй, хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан. Ямар ч бичгийн нотлох баримт байхгүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхны орон сууцыг 92.650.000 төгрөгөөр худалдсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. “Саруул Өргөө” ХХК-д гадна пассатны хөөсөнцөр нийлүүлсэн, дээврийн ажил хийсэн ажлын хөлсөнд Г.Б-ийн итгэмжилсэн Я.С гэсэн хүний нэр дээр шилжүүлсэн байгаа. Хохирогч анх 30м2 орон сууцтай байсан бөгөөд уг орон сууцаа бөгөөд 54м2 буюу 2 нугалах хэмжээтэй орон сууц авсан. Г.Б 92.000.000 төгрөгийн ажил хийсэн байтал хохирогч нар яагаад 54.000.000 төгрөгөөр бодож орон сууцыг өгсөн гэж бодож байгаа юм. Г.Б хөөсөнцрийг үйлдвэрлэхийн тулд үйлдвэрээ ажиллуулж, ажилчид хөлсөлж, түрээс төлнө, үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ авна. Эдгээр ажлыг хийсэн атлаа яагаад 2 орон сууцыг 54.000.000 төгрөгт өгнө гэж вэ. Амьдралд ойрхон тайлбар хэлмээр юм гэж бодож байна. Барилгын байгууллагуудын дунд 10.000.000, 20.000.000 төгрөг эргэлдүүлэх хэрэг гардаг. Гэхдээ хийсэн ажлынхаа үнийн дүнгийн тал хувиар нь орон сууц өгөх болсон бэ гэх асуудал яригддаг. М.С-ын нэр дээр байсан 30м2 орон сууцыг 54.000.000 төгрөгт зарсан гэдэг. Харин 54м2 орон сууц  буюу М.С-ын орон сууцыг нугалах хэмжээний орон сууцыг хэн ч 10.000.000 төгрөгийн зөрүүтэй зарахгүй. Уг 54м2 орон сууц нь гэрээ хийсний дараа 2 ашиглалтад орсон, түүнээс жил дамжиж, удсан орон сууц биш. М.С болон түүний ээжийн нэр дээр байсан орон сууцыг О гэх эмэгтэй зарсан байдаг. Зарсан үйл баримтын хувьд эхлээд 25.000.000 төгрөгийг төлсөн, дараа нь 5.500.000 төгрөгөөр бодож тээврийн хэрэгсэл өгсөн. Ингээд өр зээл дууссан учраас Г.Б өөрийнхөө нэрийг татаж авсан. “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч нар 38.000.000 төгрөгөөр бодож өгөхдөө “ах гадаадад байгаа, ирэх боломжгүй байна” гэж Г.Б-ийн нэр дээр шилжүүлээгүй. 2019 онд өөрийнх нь ажилтан Б уг тээврийн хэрэгслийг жолоодож явахад нь замын цагдаа зогсоож, М.С руу холбогдож асуухад “хулгайд алдсан юм” гэж хэлснээр журмын хашаанд хийсэн байдаг. Мөн хохирогч “Г.Б-ийг залилагч, олон удаа хүн залилсан. Япон Улсын иргэнийг хүртэл залилсан” гэж байна. Хавтас хэрэгт тийм нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Т.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнд байхгүй гэж үзэж байна. Энэ хэргийг шалгахдаа олон мөрдөгч, прокурор сольсон. Прокурорууд маш хариуцлагагүй ажилласан. Анхан шатны шүүх хуралдаан өдрийн 14 цагаас эхэлж, орой 21 цаг хүртэл үргэлжилсэн. Маш сайн шүүгч хэргийн хянан хэлэлцсэн. 1 дүгээр хавтас хэргийн хуудас 135-137 дахь талд хохирогч М.С, М.М нар мэдүүлэг өгсөн. М.С, М.М нар тооцоогоо ч мэдэхгүй нөхцөл байдалтай байсан. 18.500.000 төгрөгт нь Г.Б-ийн гардаж аваагүй “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүн багтсан байсан. Г.Б, М.С, М.М нарыг хэзээ, хаана, хэдэн төгрөгөөр залилсан юм бэ. “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгсэл Г.Б-ийн нэр дээр шилжээгүй юм чинь журмын хашаанаас авч чадахгүй. Хавтас хэргийн 251 дүгээр хуудаст машин журмын хашаанд байгаа тухай баримт байгаа. 2018 онд М.М, М.С нарын ээжийн нэр дээр орон сууцыг шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ өгсөн. Дараагийн худалдах, худалдан авах гэрээг М.М, М.С нар нөхөж хийхдээ үнийн дүнгээ тодруулах санаатай гэрээ хийсэн. Бичгийн хэлбэрийг харахад М.С-ын бичгийн хэв дээрээс доош бичигдсэн байдаг. “Ренж ровер” маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнг хасвал Г.Б нь М.М, М.С нараас авлагатай болно. Тус гэрээг хэн хийсэн болохыг прокурор шалгаагүй, хянаагүй. Г.Б-ийн хувийн байдлын тухайд 4 бага насны хүүхэдтэй, бизнес эрхэлдэг. М.М, М.С нарт орон сууцыг нь авч өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос “Г.Б нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй 2 өрөө орон сууцыг хохирогч М.М-д худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.С-д 2 өрөө орон сууцыг худалдсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.С-ын өмчлөлийн “Рэнж ровер” маркийн автомашины үнийн дүнгийн зөрүү 23.800.000 төгрөг, түүний эзэмшлийн 9.500.000 төгрөгт тооцсон “Тоёота Приус” маркийн автомашин болон хохирогч М.М-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн 15.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилан бусдад нийт 51.305.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Б-ийн бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэх дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй  үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М-ын өгсөн: "... 2018 оны 09 сард мөн яриад “байраа авъя” гэхэд “за одоо 2 хоногийн дараа гэхэд бүх асуудлаа дуусгая, байрыг чинь өгье, харин одоо 1,200,000 төгрөг өгчих” гэхээр нь байртай болохын тулд 1,200,000 төгрөг өгсөн... энэ хүнд зөвхөн дансаар өгсөн мөнгөө тооцож үзэхэд 15,800,000 төгрөг болж байна. Мөнгөө өгөхдөө Б-ийн Хаан банкны ........ тоот данс болон ...... тоот дансаар өгсөн...” гэх мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С-ын өгсөн: 1 өрөө байрыг 51,200,000 төгрөгөөр бодож өгсөн. Харин Б-ийн 2 өрөө байрыг 65,400,000 төгрөгөөр авахаар болсон. Мөн би өөрийн өмчлөлийн Рэнж ровер маркийн автомашинаа 38 сая төгрөгт тооцож өгөхөд Б надад 23,800,000 төгрөгийн зөрүү өгөхөөр болсон. Манайх 2016 оны 7 сард байрандаа орсон. Ингээд энэ хүнд итгэж Б-аас авах байсан 23,800,000 төгрөг дээрээ нэмж мөнгө өгөөд өөрийн дүү М-д 2 өрөө байр авч өгөхөөр болж өөрийн өмчлөлийн Приус 20 маркийн автомашинаа 10 сая төгрөгөөр бодож өгсөн... энэ хүнд итгэж 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хүлээсэн... 2018 оны 09 сард Баянбүрдийн хажуу талд 69,2 м.кв байр үзүүлээд “энэ байрыг танайд өгье” гэсэн... уг байраа “83,040,000 төгрөгөөр буюу 1м.кв нь 1,200,000 төгрөгөөр бодож өгнө... одоо та нар 16,950,000 төгрөг нэмээд өгчих, тэгвэл өмнө өгсөн мөнгөнүүдээ бодоод үзэхээр энэ байрны үнээс 17,790,000 төгрөг үлдэх юм байна, энэ мөнгөө боломжоороо өгчих, хүү авахгүй” зэргээр боломжийн нөхцөл тавьсан тул дүүгээ байртай болгохын тулд би өөрийн байрыг барьцаанд тавьж зээл аваад 16,950,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлгүүд,

гэрч Я.С-н өгсөн: “Миний хүү М зарын дагуу уг хүнтэй уулзаад нэг өрөө байрыг 2 өрөө байр болгохоор ярилцсан. С нэг өрөө байраа уг залууд өгөөд зөрүү мөнгөө өгөөд тооцоогүйгээр байраа авсан юм. Г.Б нь миний хүү С-д мөнгө өгөх ёстой болтол энэ мөнгөнд чинь дахин 2 өрөө байр авч өгье гэж хэлээд зөрүү мөнгөө өгөөгүй. Г.Б зөрүү мөнгөө С-д өгөхгүйгээр дахин мөнгө авч дахин байр өгье, байрны мөнгийг байр ашиглалтад ортол надад цувуулаад өгч бай гэж хэлсэн. М-аас байрны мөнгө хэмээн дансаар мөнгө авдаг байсан. 2018 оны 09 дүгээр сард мөнгө цувуулж авсан юм... М-тай ярилцаж тохиролцсон миний дэргэд тэр хоёр ярилцаж байсан, би тодорхой зүйлийг бол сайн мэдэхгүй. Байр үзүүлэх болгонд нь би дагаж явж үздэг байсан юм...” гэх мэдүүлгүүд /1хх 141-142, 2хх 141/,

худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ нэртэй иргэн М.С, М.М, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлүүд /хх.2.38-39/ зэрэг нь: Рэнж ровер маркийн .... улсын дугаартай автомашины эзэмшигч нь М.С гэсэн “Тээврийн хэрэгслийн мэдээлэл, лавлагаа” /1хх 103, 145-146/,

шүүгдэгч Г.Б-ийн “....” ХХК .... /регистрийн дугаар/ нь .... дүүрэг, ... дүгээр хороолол, .. дугаар хороонд баригдаж буй ... үйлчилгээтэй орон сууцны барилгын А блокийн дээврийн ажил, ... дүүргийн ... дугаар хороо... дахь .... үйлчилгээтэй орон сууцны барилгын дээврийн ажлуудыг бүрэн дуусгаж үлдэгдэл төлбөрт гадна фасадын хөөсөнцөр нийлүүлж орон сууцны төлбөрийг бүрэн дууссан .... дүүргийн ... дугаар хороо, ... барын ... тоот 54.5 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,700,000 төгрөг, нийт 92,650,000 төгрөгөөр тооцож захиалах тухай худалдагч тал “Оршил констракшн” ХХК, худалдан авагч тал Я.С /хохирогчдын төрсөн эх/ нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25- ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбар үнэнийг баталгаажуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын дардастай баримт /1хх 193-195/,

..... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамжны ... байрны ... тоот 54.5 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөгч нь Я.С гэсэн “Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа” /1хх 143/,

шүүгдэгч Г.Б-аар дамжуулж зарсан, .... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, .... хотхоны ... дугаар байрны .... тоот 31 кв.м талбай бүхий нэг өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,200,000 төгрөг, нийт 34.000.000 төгрөгөөр зарж, төлбөр тооцоо дууссан гэж гарын үсэг зурсан худалдагч тал М.С, худалдан авагч тал Б.О нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар үнэнийг нотариатаар баталгаажуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын дардастай баримт /1хх 148/,

гэрч Б.О-ийн өгсөн: “2016 онд Үнэгүй.мн дээр зар харж байгаад зарын дагуу холбогдож уг хүнтэй уулзсан. Байр авахад уг Г.Б, М нар нь хамт явж байгаад бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Уг хоёр хүнийг би аймаар сайн найзууд гэж ойлгосон. 2016 оноос хойш чимээгүй байж байгаад одоо л надтай холбогдож байгаа юм. Г.Б-ийг нь одоо хаана юу хийдэг талаар нь би сайн мэдэхгүй байна. Б.Б гэж хүнийг танихгүй. Уг байрыг бэлэн 25 саяыг өгч, 5.5 сая төгрөгт нэг машин өгч байсан ба үлдэгдэл мөнгөө өгч дуустлаа хамтран эзэмшигчээр ороод тооцоогоо өгч дуусгасны дараа Г.Б нэрээ хасуулж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх 139/,

            гэрч Б.Б-н өгсөн: “Би “....” ХХК-д ажилладаг бөгөөд Г.Б-аас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг цалиндаа авсан бөгөөд ... уг тээврийн хэрэгслийг унаж яваад журамлуулсан бөгөөд журмын хашаанаас гаргах гээд эзэмшигч рүү нь цагдаагаар яриулахад хулгайд алдсан гэж худал хэлэн уг тээврийн хэрэгслийг авах боломжгүй болгосон. Уг хүмүүс нь журмын хашаанд орсон талаар нь мэдэж байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх 190-191/,

анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн өгсөн: “...Тэгээд би 92,650,000 төгрөгийн байрыг өөрийн нэр дээрээс М, С-ын ээж буюу С-н нэр дээр шилжүүлэх гээд Оршил констракшн руу орон сууц захиалгын гэрээг С-н нэр дээр шилжүүлж өгнө үү гээд албан тоот хүргүүлсэн. Улмаар энэ улсууд маань 2016 оны 07 дугаар сард байрандаа орсон байдаг. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сард энэ наймаа хийгдээд хоёр сарын дараа энэ байрандаа нүүж орсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бусдыг залилсан гэх үйлдэл нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж тус тус хуульчилсныг үндэслэн хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй нь зөв байна.

            Мөн хохирогч болон шүүгдэгч нарын хооронд хуулийн шаардлага хангасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан төлбөр тооцоо хийгдсэн, орон сууц өмчлөх эрх шилжсэний дараа хийгдсэн гэх гэрээг үнэлэх боломжгүй гэж үзсэн, хэрэв хоорондын тооцоо байгаа бол иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Б-т холбогдох 1806 09201 1563 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэрэг бүртгэлтэд хэргийг шилжүүлсүгэй.” гэсэн атлаа 2 дахь заалтад “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1690 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бт холбогдох 1806 09201 1563 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.” гэсэн ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд цагаатгах тогтоол гаргасан атлаа тогтоох хэсэгтээ яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ач холбогдолгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иймд прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч М.С-ын гаргасан давж заалдах гомдол, хохирогч М.С, М.М нарын өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЦТ/502 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч М.С-ын гаргасан давж заалдах гомдол, хохирогч М.С, М.М нарын өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ