| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 22020025200401 |
| Дугаар | 2023/ДШМ/617 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/617
2023 6 13 2023/ДШМ/617
С.Ч-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Анхжаргал,
шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Чт холбогдох эрүүгийн 2202 002520 0401 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн С.Ч, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ... , бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... ажилтай, ам бүл ..., ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай,
-урьд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биеэр эдэлсэн 01 сар 25 хоногийг хасаж эдлэх ялыг 01 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
-2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,
-2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн /РД... /.
Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны орчимд Д.М-с Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, уг хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоос цэвэр жин нь 0.1797 грамм хэмжээтэйг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 38 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ... овогт С.Ч-ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Ч-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг дурдаж, С.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн таг 1 ширхэг, зиплок бүхий уутны хамт 0.8675 грамм бүхий шавар мэт зүйлсийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ч миний бие 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, маргах зүйлгүй билээ. 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр миний бие авто осолд орж хүнд гэмтсэн билээ. Гэмтэлд: зүүн сүүжний ар хананы тогооны яс сэтэрсэн, бяцарсан хугаралтай, зүүн түнхний бүрэн мултрал, зүүн өгзөгний булчингуудын няцрал урагдал, нурууны 3 дугаар үеийн хугарал, баруун мөрний хугарал, зөөлөн эдийн цус хуралт, зүүн өвдөгний чагтан холбоос, урагдалт зэрэг болно. Одоогоор 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байгаа болно. Тус эмнэлэг нь 3 дугаар шатлалын эмнэлгийн эмчилгээ үзүүлэх боломжгүй байдаг тул эмнэлгийн үйлчилгээгээр хангах боломж бүрдүүлж уг гэмтлүүдээ бүрэн дүүрэн эдгээхэд минь тусалж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг минь хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчилж өгнө үү. Миний бие одоогоор шөнө бүр байнга өвдөж хэвтрийн дэглэм барих боломжгүй, 3 давхрын шатаар өгсөж уруудаж өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэйгээ уулзаж байна. Дэглэм сайн барихгүй бол яс идээлэх магадлалтай байдаг юм байна. Би 0-3 насны 2 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд, нийт 5 хүүхэдтэй. Эхнэр маань хүүхдүүдээ харж, ажилгүй, өрхийн орлогогүй байгаа билээ. Би уг хэргээр удаа дараа шийтгүүлж байсан. Энэ удаа бие сэтгэл эрүүл мэндээрээ хохирон байж энэ бүхнийг ойлгож харамсаж байгаа нь минь хүлээн авна уу. Үлдсэн насандаа нэг ч гэсэн хүнийг энэ муу зуршлаас гаргах талаар ажиллах болно.” гэв.
Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр. /ЭХХШТ хуулийн 39.5-ийн 1.2/ Шүүгдэгч болон өмгөөлөгчдийн зүгээс гэм буруу дээр маргаагүй ба өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал нь ял эдлэх, эдлүүлэх ажиллагаанд саад учрахаар байгааг тооцоолон хязгаарлалт тогтоох ял шийтгэж өгөхийг хүссэн юм. Харамсалтай нь шүүх шүүгдэгчид 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгааг харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хоригдож 2023 оны 5 дугаар сарын 16-ныг хүртэл камерт ганцаар хоригдож хүнд гэмтлийн улмаас хэвтрийн дэглэм барих ёстой ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй бие засах гэх мэтээр ганцаар босож хагалгааны дараах дэглэм барих боломж гарсангүй. Дэглэм барихгүй байх нь ясыг бороолуулахгүй өрөвсүүлэх, бусад хугарал, гэмтлүүдийг сэдрээх муу үр дагавартай байгаа юм. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн биед үүссэн гэмтлүүд дээр дарааллын дагуу хагалгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир хорих ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Ч-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргаагүй, ухамсарлаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Шүүгдэгч С.Ч нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осолд орсон бөгөөд зорчигчоор сууж явахдаа хүнд, хөнгөн, хүндэвтэр зэргийн 3 хавсарсан гэмтэл авсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд маш тодорхой байгаа. Мөн хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд байгаа. Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж, сүүжний яс, түнхээ хадуулсан зураг болон цаашид хийгдэх ёстой эмчилгээний талаарх бүх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Зам тээврийн осолтой холбоотойгоор Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч С.Ч нь эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүл мэндийн хувьд хэвтрийн дэглэмтэй байх шаардлагатай. Түнх, нуруу, баруун дал, хонгондоо гэмтэл авсан. Хонгоны булчингийн язрал нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийлгэхгүйгээр эдгэрэх хүртэл нь хэвтрийн дэглэмтэй байх шаардлагатай гэх эмчийн заавартай байдаг. Хөдөлмөрийн чадварын алдагдал нь эдгэрэлтээсээ хамаарч цаашид хөл дээрээ явж чадах эсэх нөхцөл байдал байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эмнэлгийн тусламж авах эрхтэй бөгөөд уг үндсэн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд сонгох төрөлтэй. Шүүгдэгч С.Ч-ын 3 дугаар шатлалын буюу Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хагалгаанд орох, үзлэг байнга орох нөхцөл байдал нь алдагдаж байгаа юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь хангаж, хүмүүнлэг, энэрэнгүй хандаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны орчимд Д.М-с Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, уг хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоос цэвэр жин нь 0.1797 грамм хэмжээтэйг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 38 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөгчийн “...иргэн С.Ч-ыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цагийн орчим Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 38 дугаар байрны гадна явж байх үед нь саатуулсан ба иргэн С.Ч нь биедээ шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис авч явж байгаа талаар ярьсан. Иймд С.Ч-ыг тухайн байршлаас Хар тамхитай тэмцэх газарт авчирч Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн болно.” гэсэн илтгэх хуудас /1хх 11/,
хүний биед үзлэг хийсэн “...С.Ч-ын биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөв. С.Ч нь миний биед шавар гэх зүйл байгаа гэж савхин хүрмийн зүүн ханцуйн дээр байрлах халааснаас “Cool” гэх бичиглэлтэй нүдний дусаалга гаргаж цэнхэр өнгийн таглааг нээж дотор талд нь наасан байдалтай шаврыг гаргаж ирэв, таган дотор наасан байдалтай байсан бор өнгийн зүйлийг хусаж авч зиплок түгжээ бүхий уутанд хийж 1 гэж дугаарлан жин дээр тавьж үзэхэд 0.8675 грамм заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хурааж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...С.Ч ...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн, 6 дугаар багана буюу АМР /Амфетамин/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /Метамфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4812 дугаартай “С.Ч 2022.09.30 гэж хаягласан шээснээс метамфетамин /МЕТ/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин /МЕТ/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.” /1хх 50-51/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4813 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ” гэж хаягласан цэнхэр өнгийн таглаа, шавар мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. Шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1797 грамм байна.” /1хх 44-45/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 969 дугаартай “С.Ч нь Р19 сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. Одоо Р19 сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. С.Ч нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.Ч нь тетрагидроканнабинол, ампетамин гэх нэршил бүхий бодисын хэрэглээтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1хх 56/,
Д.М-ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ..... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... давхар ... тоот гэрээсээ хог асгахаар гарсан ба орцны хогийн бункерийн хажууд цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн амыг нь боосон зүйл байсан. Тухайн зүйлийг аваад хогийн бункер рүү хийх гэхэд дотор нь хөнгөн өвс мэт зүйл баригдсан. Ингээд сонирхоод задлаад үзэхэд хатсан өвс хэрэглэл, жижиг жин, жижиг боодолтой нунтаг өвс, шавар зэрэг зүйл байсан би тухайн өвсийг мансууруулах үйлчилгээтэй өвс гэдгийг мэдээд гэртээ авч орсон. Гэртэй оруулаад задалж хэрэглэл, жин зэрэг, асаагуур дээр наасан байсан шавар зэрэг зүйлийг нь гаргаж аваад өвсийг нь ууттай нь үүдний шкафт хийсэн. Ингээд асаагуур дээр наасан байсан шаврыг биедээ хадгалж яваад 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ч-тай Солонгос элчний тэнд тааралдаж тамхилсан. Тамхи асаах үед Ч асаагуур дээр байсан шавраас хэсгийг тастаж авсан юм. Ч-т мөнгө төгрөгөөр зарж борлуулсан асуудал байхгүй. Би одоо биедээ болон гэртээ өвс шавар хадгалсан хэргээр шалгагдаж байгаа.” /1хх 35-36/,
С.Ч-ын яллагдагчаар өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орой 18 цагийн орчимд Солонгос Элчингийн орчимд багын найз М-той тааралдсан би найзтайгаа юм ярьж байгаад түүнээс жоохон шавар аваад салаад явсан. Авсан шавраа өөрт байсан нүдний дусаалгын тагны дотор хэсэгт нааж авсан. Салж яваад гэртээ орохынхоо өмнө гадаа сууж байгаад авсан шавраасаа нэг хэрэглэсэн. Ингээд би өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө вокзал явах гэж гэрээсээ гарч яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан байгаа. Би М-с авсан бага хэмжээний шаврыг мөнгө төгрөгөөр худалдаж авсан асуудал байхгүй. ...би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргалдах зүйл байхгүй. Хар тамхи мансууруулах бодисын хор уршгийг залуучуудад ойлгуулах таньж мэдүүлэх урьдчилан сэргийлэх ажилд сайн дураараа оролцоход бэлэн байна. Мөн би одоо ам бүл 7-уулаа 01-17 насны 5 хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч байгаа миний энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэсэн мэдүүлэг /2хх 51-52/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэх гомдлыг хянаад шүүгдэгчийн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хувийн байдал болон энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг үндэслэн түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж дүгнэв. С.Ч нь хорих ял эдэлж байгаа хэдий ч өөрийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/371 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ