| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0760/З |
| Дугаар | 128/ШШ2024/1064 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/1064
2024 12 20 128/ШШ2024/1064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Г /РД:/,
Хариуцагч: С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч: газар зохион байгуулагч Б.Б,
Маргааны төрөл: газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч С.Гаас, С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан Нэгж талбарын 180180, 180270******* дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаснаар 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7596 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.2. Нэхэмжлэгч С.Г нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 180270******* дугаартай, С дүүргийн 32 дугаар хороо, Г******* ж******* есийн гарам гэх нэртэй 488 тоот дугаартай газарт 699 м.кв газрыг эзэмших эрхийг арван таван жилийн хугацаатайгаар, мөн нэгж талбарын 180180 дугаартай С дүүргийн 32 дугаар хороо, Д уул гэх нэртэй, 14 тоот дугаартай газарт 699 м.кв газрыг эзэмших эрхийг арван таван жилийн хугацаатайгаар тус тус эзэмшжээ.
1.3. С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1301 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Хоёр. Нэхэмжлэгч С.Гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
2.1. С.Г би Нийслэлийн С дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 169 тоот захирамжаар С дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын бүртгэлийн нэгж талбарын 180180 дугаар бүхий 699 м.кв газар, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 180270******* дугаар бүхий 699 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Монгол Улсын Засгийн газраас тог цахилгаан, зам, дэд бүтцийг нэгдсэн журмаар шийдэж өгнө, түүний дараа иргэд өөрсдөө хүссэн хувийн орон сууцаа бариад амьдарч болно гэж газар хүссэн өргөдөл хүлээн авах, мөн газруудын эргэлтийн цэгийг зааж өгөхөөр газар дээр нь оногдсон газрыг үзүүлэх явцдаа С дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд 2009 онд хэлж байсан. Гэвч тухайн үеэс хойш 15 жилийн хугацаанд тог, цахилгаан, зам, дэд бүтэц дээрх газруудад тавигдаагүй байна. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар очиход газрын албан мэргэжилтнүүд эхний хэдэн жил гэрчилгээ албажаагүй, сүүлдээ хашаа баривал гэрчилгээ олгоно гэдэг. 2023 оны намар БНХАУ-ын Эрээн хотоос төмөр торон хашаа захиалж таньдаг айлын хашаанд хураалгаж 2024 оны хавар дээрх газруудыг хашаалсан. Хашааны зургуудыг С дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны мэргэжилтэнд өгч, иргэний газар эзэмших гэрчилгээнүүдээ 2024 оны 05 сард хүлээн авсан. Үүний дараа газрын хугацаа сунгах хүсэлтээ өгөхөд тухайн газрын мэргэжилтэн энэ хоёр газартаа Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул тус бүр 200.000 төгрөгөөр тухайн дүгнэлтийг Г ХХК-аар гаргуулсан.
Ийнхүү хашаагаа барьж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, газрын төлбөрөө төлөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлт өгсөн. Хугацаа сунгуулах хүсэлтийн хариуг С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Ббын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1301 тоот албан бичгээр өгч, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-г тус тус зөрчсөн тул газар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүйг мэдэгдсэн. Энэ шийдвэрийг хугацаа сунгахаас татгалзсан татгалзал гэж үзэж хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Ббын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1301 дугаар албан бичгээр өгсөн татгалзсан шийдвэр нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд нь нэгж талбарын 180180, 180270******* дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Сийн Г би 2009 онд бол 24 настай байсан. Тухайн үед газар эзэмших хүсэлтэй байгаа талаараа тухайн үеийн С дүүргийн газрын албан дээр очиж өргөдөл өгөхөд төлөвлөлт хийсэн буюу зам, сургууль бариад нэгдсэн хаусан хороолол болох гэж байгаа. Энэ дээр хүсэлтээ өгчихвөл бид газар өгч байгаа гэсэн. Тиймээс төрийн байгууллага хэлсэн болохоор 2009 оны 10 дугаар сард хүсэлтээ өгсөн буюу сүүлд хүсэлтээ өгсөн байдаг. Үүний дагуу 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 169 тоот С дүүргийн Засаг даргын захирамжаар С дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын бүртгэлийн дугаартай 699 м.кв 2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Эдгээр газар нь Монгол Улсын Засгийн газраас тог цахилгаан, зам, дэд бүтцийг нэгдсэн журмаар шийдэж өгнө, дараа нь иргэд өөрсдийнхөө хүссэн хувийн орон сууцаа бариад амьдарч болно гэж тухайн үед өргөдлийг хүлээж авсан. Эргэлтийн цэгийг тодруулах явцдаа С дүүргийн тухайн үед ажиллаж байсан газрын албаны албан тушаалтан, удирдлагаас асуухад төрөөс бүх юм нь төлөвлөгдсөн, бүх дэд бүтэц, цахилгаан, тогийг шийдсэний дараа хашаа, хүссэн орон сууцаа бариарай гэж ярьж байсан. Тэгээд тухайн үеэс хойш 15 жилийн хугацаанд тог цахилгаан, зам зэрэг ямар ч зүйл тавигдаагүй. Тэр нь олон шалтгаантай байх. Мэдээж төр залгамж халаатай, сонгуулийн тогтолцоотой учраас тухайн төсөл нь хэрэгжээгүй гэж харж байсан. Ингээд газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар С дүүргийн Газар зохион байгуулалтын алба дээр очиход бид ийм зүйл барихгүй, та хашаагаа барьчих юм бол гэрчилгээг чинь сунгаж болно гэж хэлсэн. Тиймээс 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод очоод, нэг хашааг нь ойролцоогоор 5 сая төгрөгөөр 2 айлын хашааг арай хямд үнэтэйг нь бодож үйлдвэрээс нь захиалаад, 2024 оны 01 дүгээр сард хашаагаа эмээлтэд байдаг таньдаг айлынхаа хашаанд байлгаж байгаад, 2024 оны 05 дугаар сард 2 газар дээр хашаагаа бариад, зургийг нь 2 талаас нь аваад, Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдэд гаргаж өгөөд, ахиад газрын хянан баталгааны дүгнэлтийг гаргуулсан. Надад газрыг чинь сунгахын тулд ийм ийм зүйлс шаардаж байгаа гэхээр нь мөнгө төгрөгөө гаргаад, дахиад дүгнэлтээ гаргуулаад, хүсэлтээ өгсөн.
Ингээд хашаагаа бариад, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад, газрын төлөв байдлын чанарын хяналт баталгааны дүгнэлтийг гаргуулаад, газрын бүх төлбөрөө төлөөд, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлтээ тухайн шатны засаг даргад гаргана гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газрын эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг өгсөн. Уг хүсэлтийн хариуд С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын түр орлон гүйцэтгэгч Б.Бба 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1301 албан бичгээр хариу өгөөд, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хугацаа сунгах боломжгүй гэж мэдэгдсэн. Тус хугацаа сунгахаас татгалзсан татгалзал нь хууль бус байна гэж үзэж шүүхэд хандсан. Миний хувьд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариу нь мөн боломжгүй гэсэн байдлаар шийдсэн. Иймд С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ббын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/13015 дугаар албан бичгээр өгсөн татгалзсан шийдвэр нь миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байх тул С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны нэгж талбарын 180180, 180270******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа татгалзал нь хууль бус болохыг тогтоогдож хариуцагчид газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан захирамж гаргах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Г*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:
3.1. ...Иргэн С.Гийн нэхэмжлэлтэй С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 169 дүгээр захирамжаар 32 дугаар хороонд иргэн С.Г нэгж талбарын 180180, 180270******* дугаар бүхий тус бүр 700 м.кв газар эзэмших эрх олгож гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Иргэн С.Г нь тус албанд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус хоёр нэгж талбарын хугацаа сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Албан хэрэг хөтлөлтийн журмыг шинэчлэн батлах тухай А/110 дугаар тушаалын 11.1.7-д заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт мониторингийн хэлтэст хянуулж, албаны даргын тушаалын төслийн хурлаар хэлэлцүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй тухай тодорхой хариуг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1301 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Иргэн С.Г нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахыг тус албанд даалгахыг хүссэн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Аймаг, сумын Засаг дарга, Нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Г нь 2009 оны 169 дүгээр захирамжаар С дүүргийн 32 дугаар хороонд нэгж талбар бүхий 2 газрыг эзэмших эрх олгосон. 2024 онд газрын эрхийн хугацаа дуусахаас өмнө гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах хүсэлтийг манайд гаргасан. Манайх хянаж үзээд, газрын эзэмшлийн хугацааг сунгах боломжгүй гэж шийдвэрлээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа 2 ба түүнээс дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газрыг сунгах боломжгүй гэж үзсэн... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч С.Гаас тус шүүхэд хандан нэгж талбарын 180180, 180270******* дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг С дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд холбогдуулан гаргажээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг харьцуулан үнэлж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. С дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай 169 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч иргэн Ч.Гт 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгосон нь нэгж талбарын 180270******* дугаарт, одоогийн хаяг нь С дүүргийн 32 дугаар хороо, Г******* ж******* есийн гарам 488 тоот хаягт байрлаж байна.
5. Мөн Засаг даргын мөн захирамжийн хоёрдугаар хавсралтаар нэхэмжлэгч иргэн Ч.Гт 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгосон нь нэгж талбарын 180180 дугаарт, С дүүргийн 32 дугаар хорооны Д уул 14 тоот хаягт байрлаж байна.
6. Дээрх газруудын эзэмших эрхтэй холбоотойгоор нэхэмжлэгч иргэн С.Гаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, уг хүсэлтийг хянуулахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт мониторингийн хэлтэст хүргүүлсэн.
7. Уг хүсэлтийг хянан үзэж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01-07/4107 дугаартай албан бичгээр, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-07/4308 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/42, А/211 дүгээр хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүрмийн 4.1.3, 7.1.9, 7.7.11, 7.10.1-д тус тус заасны дагуу Газрын кадастрын цахим системийн 1031105-2024-00377, 00378 дугаартай хурлын жагсаалтад оруулсан иргэн, хуулийн этгээдийн материалын өргөдөл, хавсралтыг хянаж, зөвлөмжийг С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хүргүүлсэн байна.
8. Үүний дагуу С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 18/1301 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй гэх хариуг иргэн С.Гт мэдэгджээ.
9. Хариуцагчийн дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс ...анх газрыг эзэмших үед төрөөс бүх юм нь төлөвлөгдсөн, бүх дэд бүтэц, цахилгааныг шийдсэний дараа хашаа, хүссэн орон сууцаа бариарай гэж ярьснаас хойш 15 жилийн хугацаанд тог цахилгаан ороогүй, зам тавигдаагүй..., та хашаагаа барьчих юм бол гэрчилгээг чинь сунгана гэхээр 2024 оны 05 дугаар сард хоёр газар дээр хашаа бариад, газрын хянан баталгааны дүгнэлт гаргуулаад, газрын бүх төлбөрөө төлөөд, хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргасан байхад Газрын тухай хуулийн 35.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй нь өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна.
10. Маргаан бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд ...нэгж талбарын 180270******* дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаартайгаар анх бүртгэгдэж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар өөрчлөлт ороогүй, харин Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр Нэгж талбар дугаарлах журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор нэгж талбарын 18******* дугаар нь 180180, нэгж талбарын 18******* дугаар нь 180270******* болж тус тус өөрчлөгдсөн... төлөвтэй байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/3172 дугаар албан бичгээр,
11. Нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхийг 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр, орон сууцны хашааны газар-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай олж авснаас хойш Ч.Г нь уг газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй өөрөөр хэлбэл, газруудыг бодитойгоор эзэмшиж байгаагүй болох нь шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлээр,
12. Нэхэмжлэгч иргэн Ч.Г нь эзэмшүүлсэн газруудын эрхийн хэрэгжилтийн талаар цахим системээр өргөдөл, гомдол өгч шийдвэрлүүлээгүй болох нь Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01-01-/8450 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.
13. Харин С дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн баримтад Сандагдорж овогтой Г нь тус хэлтсийн татвар төлөгчийн мэдээллийн баазад Газрын төлбөр-дэд албаар бүртгэлтэй бөгөөд 180180 нэгж талбар бүхий газарт 2022, 2023, 2024 онуудад нийт 57.716.00 төгрөг, 180270******* нэгж талбар бүхий газарт 2022, 2023, 2024 онуудад нийт 37.746.00 төгрөг тус тус төлсөн гэжээ.
14. Хууль тогтоогчоос 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Газрын тухай хуульд өөрчлөн найруулга хийснийг тэмдэглээд,
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. ..дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна, 23.4.2. эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах, 23.8. Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ, 37 дугаар зүйлийн 37.1. эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана, 37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3. байгаль орчны нөлөөллийн дүгнэлтээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, 37.2. ...дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж зохицуулсан.
15. Газрын тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг маргаан бүхий үйл баримтын хүрээнд тайлбарлаж, шүүх дараах дүгнэлтийг хийв.
15.1. Газрын тухай хуулийн 35.1.5. газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах эрхтэй.
15.2. Хуульд заасан энэ эрхээ эдлэхийн тулд нэхэмжлэгч /газар эзэмшигч/ нь захиргааны байгууллагатай газар эзэмших тухай гэрээ байгуулж, уг гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байх урьдач нөхцөлийг хангах шаардлагатай болж байна.
15.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь эрх бүхий Засаг даргаас хуулийн 40.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдол бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ...мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласны хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид бий болсон, эсхүл нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлын тухайд, шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий нэг газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон, маргаан бүхий нөгөө газар дээр нэхэмжлэгчээс зардал гаргаж хашаа барьсан гэх авч энэ тохиолдолд анх 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр, орон сууц хашааны зориулалтаар газрыг эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь тогтоогдохгүй, гэрчилгээгээ сунгуулахын тулд 2024 оны 5 сард хашаа барьсныг зориулалтын дагуу газраа ашигласан байна гэж үзэх үндэслэлгүй юм.
15.4. Иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн мэдэлд байлгах /эзэмших/ нөхцөлийг хангаж ирсэн эсэхийг /энэхүү Үндэслэх хэсгийн 7-д заасан/ гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийн дугаар 01******* Газрын тухай хуулийн 40.1.6, өргөдлийн дугаар 011******* нэгж талбарт эргэлтийн цэг тэмдэгт бэхэлсэн акт авах, Газрын тухай хуулийн 40.1.6 гэсэн тайлбартайгаар нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, хавсралтыг хянаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмших нөхцөлийг хангаагүй болох нь нотлогдож байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасанчлан тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч иргэн С.Г нь С дүүргийн Засаг даргын 2009 оны 169 дүгээр захирамжаар олгогдсон хоёр газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа татгалзал нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган иргэн С.Гт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.
17. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гаас С дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН