Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 96

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Э.А,

            Шүүгдэгч Б.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705016840020 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...., ....бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Бнь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фреско нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Атой маргалдаж нүүрэн тус газар нь цохиж доод эрүүний үүдэн 2 шүдийг булгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч над руу залгаад цахилгаанаа янзлуулъя гэж хэлсэн. Би тухайн үед нь ажлаасаа буусан байна гэж хэлсэн. Утсаа салгахад дахин, дахин залгаад байсан. Тэгээд Фреско дэлгүүрийн гадаа уулзахаар болоод уулзахад хохирогч миний гарыг хазсан. Гар хазахаар нь би гараа татаж авсан” гэв.

Хохирогч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай гэр тоггүй болсон. Өмнө нь би цахилгааны асуудлаар контор руу нь дуудлага өгөхөд “цахилгаанчин ажлаасаа бууж байна, гэхдээ ойрхон байгаа, утсыг нь авах уу” гээд надад дугаарыг нь өгсөн. Дугаар нь миний дугаартай ижилхэн дугаар байсан. Тэгээд манайд ирээд та дээрх зүйлсийг аваад миний утас руу залгачих гэж хэлсэн. Би ав гэсэн зүйлсүүдийг нь аваад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 30 минутын үед шүүгдэгчийн дугаар руу залгасан. Тэгсэн Б гэртээ ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай ажил тарах болоогүй биз дээ гэхэд өглөө болъё гэж хэлээд утсаа тасалсан. Би контор руу нь залгаад “танайх хэдээс тардаг юм бэ, цахилгааны дуудлага өгөх гэсэн юм” гэж асуухад “манайх 18 цагаас тарна, дуудлага өгч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бын утсыг хэлээд “энэ дугаарын хүн рүү залгасан чинь гэртээ харьсан гэж байна, энэ хүн рүүгээ яриад явуулаач ээ” гэж хэлсэн. Би 10 орчим минут хүлээгээд надад хариу өгөхгүй байхаар нь Б руу залгаад “танай контороос чинь залгасан уу, ажлаа хийвэл хийсэн шиг хий” гэж хэлээд бид хоёр маргалдаж, нэг нэгнийгээ хэл амаар доромжилсон. Тэгсэн Б Фреско дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэж хэлсэн. Фреско дэлгүүрийн үүдэнд очиход замын цаанаас гурав, дөрвүүлээ ирсэн. Б би байна гээд түрүүлээд ирсэн. Тэгээд бид хоёр барьцалдсан. Дундуур 2-3 залуу орж салгах үед Б заамдаж байсан гараараа миний шүд рүү цохисон. Шүд эвгүй болохоор нь би хойшоо ухараад цагдаад дуудлага өгсөн. Тэрнээс хойш Бтай уулзахгүй байж байгаад уулзаж шүдээ хийлгүүлмээр байна, 1.200.000-2.600.000 төгрөгийн хооронд байдаг юм байна, шүд хийлгүүлж өг гэж хэлэхэд за гээд салсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзсан” гэв.  

Хохирогч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд бид хоёр утсаар хоорондоо маргалдаад ална, тална дээрээ тулсан. Тэгтэл нөгөө залуу над руу буцааж залгаад хаана байна, чи Фреско дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг очихын хооронд нөгөө залуу 3, 4 удаа над руу залгасан байсан. Манай гэр ойрхон болохоор нэг их удалгүй Фреско дэлгүүрийн үүдэн дээр яваад очтол замын нөгөө талаас нөгөө цахилгаанчин залуу хөөе би байна гээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр талаасаа заамдалцсан. Тэгтэл нөгөө залуугаас архи үнэртсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэр үед нөгөө залуугийн ажлын 2 хүн бас нэг сонсогч залуу гурав салгах гэтэл нөгөө залуу заамдаж байсан гараараа миний шүд рүү нэг удаа цохисон. Миний шүд рүү цохиход гар нь ам руу ороод ирсэн. Цохиулснаас болж миний хоёр шүд унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Шинжээчийн 14925 тоот дүгнэлтэд: “...Э.Аын биед доод эрүүний 2 шүд булгарсан гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 19-22/, үзлэгийн карт /хх-н 23-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-37, 44-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фреско нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Атой цахилгаан засуулах ажлын улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж доод эрүүний үүдэн 2 шүдийг булгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Аын: “...Фреско дэлгүүрийн үүдэн дээр яваад очтол замын нөгөө талаас нөгөө цахилгаанчин залууу хөөе би байна гээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр талаасаа заамдалцсан. Тэр үед нөгөө залуугийн ажлын 2 хүн бас нэг сонсогч залуу гурав салгах гэтэл нөгөө залуу заамдаж байсан гараараа миний шүд рүү нэг удаа цохьсон. Миний шүд рүү цохиход гар нь амруу ороод ирсэн. Цохиулснаас болж миний хоёр шүд унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, шинжээчийн 14925 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь хохирогчтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч Э.А нь 2 шүд хийлгүүлэх эмчилгээний зардалд 2.400.000 төгрөг, баримтаар учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Хохирогч Э.А нь 228.300 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн ба нотлох баримтаар тогтоогдсон уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин 2 шүд хийлгэхэд шаардагдах 2.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаарх баримтгүй, уг эмчилгээг хийлгэж бодитой хохирол, хор уршиг учирсан нь тогтоогдоогүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь сарын 450.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дардах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 228.300 төгрөг гаргуулж, хохирогч Э.Аод олгосугай.
  6. Хохирогч Э.А нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР