Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2021/00006

 

 

 

     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Т.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 190 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Т.Пийн нэхэмжлэлтэй,

Нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах

гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Төмөрийн П нь 1937 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Лүнгийн гол гэх газар төрсөн. Одоо 83 настай. Миний аав Л.Д нь улс төрийн хилс хэргээр баривчлагдан хоригдож хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн юм. Миний аав Л.Дыг баригдаж явснаас хойш миний ах, эгч болон би бүгд ээжээрээ овоглосон юм. Иймд би цагаатгалын нөхөх олговор авахаар бичиг баримтаа бүрдүүлж, аав Л.Дтайгаа садан төрлийн холбоо тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүхэд хандахад архивын лавлагаа болон бусад баримтуудаар би төрсөн ах Т.Чойсүрэн /Чойдог/-тэй нэг онд төрсөн мэтээр харагдаж байгаа тул нас тогтоолгох шаардлагатай боллоо. Тухайн үед миний том ах Т.Намсрай нь намайг сургуульд оруулахгүй гэж насыг минь дарж, малаа маллуулж, хониндоо явуулж байсан юм. Дээрх шалтгаанаас би зарим нэг хүн амын тооллогод хамрагдаагүй, нэг удаа хамрагдахдаа 1947 онд 6 настай гэж буруу бичигдсэн байна. Миний ээж Төмөр нь амьд ахуйдаа намайг миний хүү гал үхэр жилд төрсөн юм гэж ярьдаг байсан тул 1937 онд төрсөн юм. Мөн Т.П намайг паспортад 1937 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдэж ХӨ1293549 гэсэн дугаартай паспорт олгож, 1980 онд РЭ37041514 регистрийн дугаар өгч тэмдэглэсэн. 1934 онд төрсөн Сүрэнгийн Бадамтай гэр бүл болсныг 1966 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэсэн байна. Иймд Төмөрийн П намайг 1937 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 83 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Т.П нь 1937 онд төрсөн бөгөөд өөрийн төрсөн аав хэлмэгдэгч Л.Дтай садан төрлийн холбоотой буюу төрсөн хүүхэд нь болохыгоо тогтоолгож цаашлаад хэлмэгдэгчид олгогдох цагаатгалын нөхөх олговор авахаар материал бүрдүүлж байгаа юм. Гэтэл 1947 онд явагдсан хүн амын тооллогын бүртгэлээр Т.Пийг 6 настай буюу 1941 онд төрснөөр бүртгэснээс гадна өөрийн төрсөн ах болох Чойдог буюу Чойсүрэнтэй нэг онд төрсөн болчихоод энэхүү нөхөх олговрыг авч чадахгүйд хүрээд байгаа юм. Т.П ахын төрсөн ах Лхасран нь 1935 онд, ах Чойдог буюу Чойсүрэн нь 1936 онд Т.П ах 1937 онд төрсөн юм. Иймд ах Т.Пийг 1937 онд төрсөн, 83 настай болохыг нь тогтоож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1  дүгээр сарын 29ий өдрийн 155/ШШ2021/00190 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Ван овогт Төмөрийн П /РЭ37041514/-ийн 1937 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн 83 настай болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.П давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх миний цуглуулж өгсөн баримтаас зөвхөн үгүйсгэсэн баримтуудыг үнэлж, миний нэхэмжлэлийг хангах нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй шийдвэр гаргалаа.

1. Тухайн үед төрийн байгууллага хүн амын тооллого хийхдээ буруу тоолох, хүн хаяж бүртгэх, он сарыг буруу бичих, гэрийн дотор дуудагдах нэрээр бичих зэрэг олон алдаа гаргаж байсныг миний буруу үйлдэл мэт дүгнэлээ.

2. Надад паспорт олгож, регистрийн дугаар өгөхөд 1980 он байсан бөгөөд энэ үед миний ах Чойдогтой нэг онд төрсөн байх боломжгүй гэдгийг анхаарч шалгаж, надад энэ регистрийг олгож байсан байна. Тухайн үед би ямар нэгэн төлбөр, нөхөн олговор авах талаар мэдээлэлгүй байсан. Улсын бүртгэлийн газарт байгаа миний хувийн хэргийн мэдээлэл нь үнэн зөв бичигдсэн байхад үүнийг үгүйсгэж байна.

3. Би 1934 онд төрсөн Бадамтай гэр бүл болж байсан бөгөөд бидний дундаас 1959 онд хүү төрөөд нас барсан ба энэ тухай баримтыг хэргийн материалд өгсөн байхад цаг хугацааны байдлыг үнэлсэнгүй. Тухайн үед би 22 настай байсан. 18 настай гэр бүл болж, хүүхэдтэй болсон байх боломжгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

4.  Шинжээчийн дүгнэлтээр намайг 83 настай байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байхад заавал “5-10 насны хэлбэлзэлтэй” гэсэн хэсгийг илүү их анхаарч үзсэнд гомдолтой байна.

5. Намайг гал үхэр жил төрж байсан гэдгийг ээж минь амьд сэрүүндээ их ярьдаг байснаас гадна нутгийн хүмүүс гэрчилсэн байхад гэрчийн мэдүүлгийг анхаарч үзсэнгүй. Тухайн үед төрсөн оноор нь биш жилээр нь ярьдаг байсан.

Анхан шатны шүүх баримтыг дутуу үнэлж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул баримтыг зөв үнэлж, миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, анхан шатны шүүхийн 155/ШШ2021/00190 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.П нь 1937 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн 83 настай болохоо тогтоолгохыг хүссэн байх ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг  шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэдэг. Нэхэмжлэгч ямар үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг  нотлох баримтыг хавсарган  шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нас тогтоолгох гэж буй зорилгоо “...цагаатгалын нөхөн олговор авахаар бичиг баримтаа бүрдүүлж, аав Л.Дтайгаа садан төрлийн холбоо тогтоолгохоор шүүхэд хандсан.  ...архивын лавлагаа болон бусад баримтуудаар би төрсөн ах Т.Чойсүрэн /Чойдог/-тэй нэг онд төрсөн мэтээр харагдаж байгаа тул нас тогтоолгох шаардлагатай боллоо.” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1 дүгээр маягтын лавлагаанд түүний регистрийн дугаарыг “рэ37041514” гэж, иргэний үнэмлэхэд төрсөн он, сар, өдөр 1937/04/15 гэж, түүний ах гэх Төмөрийн Чойсүрэнгийн  нас барсны бүртгэлд регистрийн дугаарыг “гм37072912” гэж  тусгасан байх ба эдгээр хүмүүс  1937 онд 3 сарын зайтай төрснөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Мөн хэрэгт авагдсан Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/811 дугаартай лавлагаанд “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийн 54 дүгээр хуудасны 32 дугаарт  ...Төмөрийн П 6 настай, эрэгтэй” гэж, тус архивын мөн өдрийн 03-06/813 дугаартай лавлагаанд “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 43 дугаар хуудсанд  “...Төмөрийн Чойдог 7 настай, эрэгтэй”  гэж тус тус бүртгэгдсэн талаар тусгасан байна.

Дээрх болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ах гэх Ч.Чойсүрэн /Чойдог/-ийн 1937 онд төрсөн  байдал нь хүн амын тооллогын бүртгэл, иргэний улсын бүртгэлд зөрүүгүй тусгагдсан, харин нэхэмжлэгчийн төрсөн байдал нь хүн амын тооллогын бүртгэлд  “1941 онд төрснөөр”, иргэний улсын бүртгэлд “1937 онд төрснөөр” зөрүүтэй тусгагджээ.

Иргэний улсын бүртгэлээр баталгаажсан бүртгэлийг онцгой ажиллагааны журмаар дахин тогтоох шаардлагагүйн дээр нэхэмжлэгчийг  1937 онд төрсөн гэж тогтоосон ч  тэр нь нэхэмжлэгчийн  ах гэх Т.Чойсүрэн /Чойдог/-ийн 1937 онд төрсөн байдлыг үгүйсгэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Пийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний  өдрийн 155/ШШ2021/00190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

   ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                               Б.СОСОРБАРАМ