Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/618

 

 

 

 

   2023            6              13                                          2023/ДШМ/618

 

 

П.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.С-т холбогдох эрүүгийн 2210 01684 1340 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн П.С, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай, ... , ам бүл .... хамтаар ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн /РД: .../,

Шүүгдэгч П.С нь өөрийгөө Төрийн орон сууцны корпорацад ажилладаг гэж танилцуулан Г.Ч-г “Буянт-Ухаа 2” орон сууцанд очер дараалалгүй оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сард 30-ны өдөр Б.Чийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 6-14 тоотод байхдаа урьдчилгаа төлбөр гэж бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгийг авч, Б.Чт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сард Д.Э-ийг Нийслэлийн орон сууц корпорацын түрээсийн орон сууцанд хамруулна гэж хуурч, тус орон сууцанд хамруулах боломжгүй байж боломжтой мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Эийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1014 дүгээр байрны 49 тоот гэрээсээ 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг Ч.Н-н эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг Ж.Н-н эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Эт 9.000.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Сыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сыг 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Саас 9.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ч нарт тус тус олгож, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол Улсад ховор тохиолддог зах мэдрэлийн системийн мянгад нэг гэсэн тулуй буюу хэрх гэсэн оноштой өвчтэй, өрх толгойлсон эмэгтэй, мөн хоёр зээтэйгээ амьдардаг, 2 зээгээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг бөгөөд хоригдож байх хугацаанд өвчин минь сэдрээд хэцүү байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөгчийн дуудсан цагт очдог байсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маргахгүй. Энд хоригдож байх хугацаандаа эрх чөлөө ямар үнэ цэнтэйг ойлгосон. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ цагдаа, шүүхийн өмнө амлаж байна. Иймд шүүгч та миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.

Би анх хэргийг сэдэж, хүнийг хохирооё гэж бодоогүй. Хүнд итгэснээс болж алдаа гарсан. Миний бие эрх зүйн мэдлэггүй улмаас эрх зүйн байдал маань маш дордсон. Хохирол, төлбөрийн төлөхөд бэлэн болсон байгаа. Би ямар ч байсан хохирол, төлбөрийг төлнө. Хийсэн алдаагаа дахин давтахгүй, гүнээ ухамсарлаж, амлаж байна. Миний эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Захын мэдрэлийн өвчний улмаас хөл, гар хавдаж, ял янгинаж байгаа учраас эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Сын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.Сын эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлээс нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Ст түүний үйлдсэн гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч П.С нь өөрийгөө Төрийн орон сууцны корпорацад ажилладаг гэж танилцуулан Г.Чийг “Буянт-Ухаа 2” орон сууцанд очер дараалалгүй оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сард 30-ны өдөр Б.Чийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 6-14 тоотод байхдаа урьдчилгаа төлбөр гэж бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгийг авч, Б.Чт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Чийн: “...2020 оны 6 дугаар сард манай хадам ах Б хойд гудамжинд амьдардаг С гэх хүнтэй Б ах эхнэр бид хоёрын танилцуулаад Төрийн орон сууцын корпорацын байр болох Буянт-Ухаа 2 хотхонд ямар нэгэн очер дараалалгүйгээр оруулна гэж хэлээд 5.000.000 төгрөг бид хоёроос авсан. ...С гэх хүнээс “байранд орохоо болилоо, та миний мөнгийг буцаагаад өгчих” гэж гуйж байгаад өнөөдрийн хугацаанд 2,650,000 төгрөгөө буцааж авсан...” /хх-ийн 85/,

гэрч Г.Б-ын: “...Тэгсэн С нь бид нарын ярианы дундуур Буянт-Ухаа 2-т нэг байр байна. Хэрэв та нар 5.000.000 төгрөг өгчихвөл очер дараалалгүй оруулах боломж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрэнд нь итгээд өөрийн дүү Б-д “байранд орох боломж байна. Та хоёр яах юм бэ, орох юм уу” гэж асуусан. Харин Б “ахаа наад байр чинь найдвартай юм уу, хэрэв найдвартай бол оруул оръё” гэж хэлсэн. Тэгээд өөрийн төрсөн дүү Б-г дагуулаад С-тай уулзсан. Тэр үед С “2020 оны 7 дугаар сарын 05-ны дотор байранд орох хүмүүсийн тоонд орчихно” гэж хэлсэн. Үүний дагуу манай дүү Б тэндээс гарч яваад 5.000.000 төгрөг банкнаас бэлэн авч С-т өгсөн...” гэсэн мэдүүлгүүд /хх 33-34/,

А.Ч-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга /хх-ийн 96-104/,

П.С, А.Ч нарын хооронд мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 79/,

П.Саас А.Чт мөнгө төлсөн талаарх баримтууд /хх-ийн 94-121/ зэрэг баримтуудаар,

2. 2021 оны 3 дугаар сард Д.Э-ийг Нийслэлийн орон сууц корпорацын түрээсийн орон сууцанд хамруулна гэж хуурч, тус орон сууцанд хамруулах боломжгүй байж боломжтой мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Э-ийн ... дүүргийн ... дүгээр хороо ... хорооллын ... дүгээр байрны ... тоот гэрээсээ 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг Ч.Н-ын эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг Ж.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Э-т 9.000.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь:

хохирогч Д.Э-ийн: “...манай төрсөн дүү А надад хандан түрээсийн байранд оруулж өгдөг хүн байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А-ийн ярьж байсан танихгүй эмэгтэй над руу залгаад “түрээсийн байранд оруулж өгнө, одоо урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тухайн хүний утсаар ярихдаа хэлсэн ... гэсэн Хаан банкны тоот данс руу интернэт банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр С гэх хүн дахин залгаж “одоохон болно, 1.500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлээд С-ын ... гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. “Одоохон бүтнээ байрыг чинь хоёр байр болгож өгье, дахиад мөнгө шилжүүлчих” гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н гэх хүний ... гэсэн дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н гэх хүний дансаар 2.500.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. Ингээд нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг С гэх хүнд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш С “болох гээд байна удахгүй” гэж хэлдэг болсон. Хааяа утсаа авахгүй, уулзахгүй байсан. Сүүлд “байр бүтэхээргүй болсон, мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд миний мөнгийг өгөхгүй байсан болохоор нь цагдаад өргөдөл өгсөн...

2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... хороололд байхдаа ... тоот данс руу интернэт банкаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... хороололд байхдаа интернэт банкаар 1.500.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... хороололд байхдаа ... тоот дансанд интернэт банкаар 2.500.000 төгрөгөөр 2 удаа нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /хх-ийн 14, 34/,

гэрч Ж.Н-ийн: “...Би Тяншинь гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг сүлжээ компанид ажиллаж байхдаа 2008 онд С-тай танилцаж хуурай эгч, дүүс болсон юм. Одоог хүртэл харилцаа холбоотой байдаг. ...би Япон улсад ажиллаж амьдарч байгаад 2008 онд Монгол улсад ирсэн. Ирээд тухайн Хаан банкны ... тоот дансыг нээж ашиглаж эхэлсэн. П.С нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр надад хандан таны дансаар хэдэн гүйлгээ хийх хэрэгтэй байна дансаа түр ашиглуулаач миний данс хаагдсан гэж хэлэхээр нь би зөвшөөрч ... тоот данс дээр байдаг Хаан банкны картаа өгсөн. Тухайн 2.500.000 төгрөгийн 2 удаагийн орлогыг гүйлгээг мэдэхгүй П.С-аас асуухад хүнээс мөнгө зээлээд өртэй байсан хүмүүсийнхээ өрийг төлсөн гэж хэлсэн...” /хх-ийн 37/,

шүүгдэгч П.С-ын яллагдагчаар өгсөн: “...Нийслэлийн орон сууц корпорацад байр түрээслээд, өмчлөөд авах боломжтой байр байдаг юм байна. Урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд ордог гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг төгрөгийг Ч.Н-н эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг Ж.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Э эгчээс 9.000.000 төгрөгийг залилан авсан. Дээрх мөнгөнүүдийг би бүгдийн хувьдаа ашигласан. Н, Н нар нэг ч төгрөг аваагүй. Би Э эгчийн хохирлыг барагдуулаагүй байгаа, барагдуулна.” /хх-ийн 44/ гэх мэдүүлгүүд,

Б.М-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай баримт /хх-ийн 7/,

Д.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 9-10/,

Б.М-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данснаас ... дугаарын дансанд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 11/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.С-ын өөрийгөө Төрийн орон сууцны корпорацад ажилладаг гэж танилцуулан Г.Ч-ийг “Буянт-Ухаа 2” орон сууцанд очер дараалалгүй оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сард 30-ны өдөр Б.Ч-оос 5.000.000 төгрөгийг авсан,

-2021 оны 3 дугаар сард Д.Э-ийг Нийслэлийн орон сууц корпорацын түрээсийн орон сууцанд хамруулна гэж хуурч, тус орон сууцанд хамруулах боломжгүй байж боломжтой мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Э-ээс 9.000.000 төгрөгийг авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч П.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.С-ын “...ховор тохиох өвчтэй, өрх толгойлсон эмэгтэй тул хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг судлан үзэхэд, шүүдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг болон хувийн байдалд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч нь урьд 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүх сүүлийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө энэ шийтгэж буй хэргийг үйлдсэн байдлыг харгалзан үзэж, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн улмаас шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хуульд заасан үндэслэлээр нэмж нэгтгэлгүй тусад нь эдлүүлсэн нь хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна. Гэхдээ энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ дурдаагүй байх тул зөвтгөсөн нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С-ыг 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч П.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ