Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/676

 

 

 

 

2023              6              29                                         2023/ДШМ/676

 

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Д.С-ын өмгөөлөгч Д.Туяа,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Г.Энхболд

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.С, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Э-т холбогдох эрүүгийн 2308 80000 0303 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Э, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, ..., бага боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д усалгаачин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:..../.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн орчим ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Д.С-ыг бусадтай хардан уурлаж, улмаар түүний хөл, хэвлийн хэсэгт хутгаар хатгасны улмаас хэвлийн баруун доод хэсгээр хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/, баруун шилбэнд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-т 7 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 3.121.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Эрүүгийн 2308000000303 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, жийнсэн өмд, майк, дотуур өмд тус бүр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Ст олгож, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.С давж заалдах гомдолдоо: “Миний биеийн байдал эрүүл саруул ажил төрлөө хийж байгаа. Би ямар нэг гомдол саналгүй тул хамтран амьдрагч Э.Э-т оногдуулсан ял шийтгэлээс хасаж өгнө үү. Э.Э-ийн ар гэрийн байдал нэн тааруу, 6 хүүхэдтэй учир энэ хүсэлтийг минь хүлээн авч Э.Э-т оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Э.Э намайг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч миний бие мэдүүлэг өгөөгүй юм. Мэдүүлэг өгөөгүй шалтгаан нь гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, хэрхэн яаж зөв тайлбарлаж, ойлгуулахаа мэдэхгүй байсан. Гэвч ийм өндөр хорих ял авсныхаа дараа мэдүүлэг өгч тайлбарлаагүйдээ харамсаж байна.

Шүүгдэгч надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэж үзсэн мөртлөө 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн ...туслалцаа үзүүлсэн”, 1.4-т “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д “өөрийгөө илчилсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал миний хувьд байна гэж үзэж байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.С-ын эмчилгээ, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ зардалд 3.121.000 төгрөг нэхэмжилсэнд гомдолтой байна. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх үед эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой байсан байхад тухайн үед нь энэ асуудлыг сануулж хэлэлгүй, эмчилгээний зардал нэхэмжилсэн байсан.

Шүүгдэгч миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө хянах чадваргүй байхдаа хайртай хүнийхээ биед хүнд гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж, гэмшиж байна. Хэрэг гарах үед миний бие жирэмсэн болсон байснаа мэдэлгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тээж яваа үрийнхээ эцгийг гэмтээж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ. Гэмт хэрэг үйлдсэн миний буруугаас шоронд хүүхдээ төрүүлэх болсондоо гутарч, сэтгэл санаагаар унаж маш хэцүү байгаа.

Хохирогч Д.С-ын эмчилгээ үйлчилгээний зардалд төлүүлэхээр шүүхээс тогтоосон 3.121.000 төгрөгийг шүүгдэгч миний бие төлж барагдуулах болно.

Шүүгдэгч миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгч, хохирогчийн саналыг мөн харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

            Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон Э-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/573 дугаартай шийтгэх тогтоолоор 7 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, багасган хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

1. Э.Э нь ам бүл 2, хамтран амьдрагч Д.С-ын хамт ... тоотод оршин суудаг, “...” ХХК-нд усалгаачнаар ажилдаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Тэрээр өөрийн үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, маш их харамсаж байгаа, хохирогчоос уучлалт гуйсан ба хохирогчтой эвлэрсэн, хохирогч Д.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөн хэлдэг.

2. Э нь одоо жирэмсэн бөгөөд нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байж үзлэг, шинжилгээг гадуур хийлгэн, эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд байнгын мэргэжлийн эмчийн хяналтад зайлшгүй байх нэн шаардлагатай байна.

3.Э.Э 6 хүүхэдтэй, хүүхдүүд нь аав дээрээ байдаг, амралтын өдөр, сургуулийн амралтаараа ээжтэйгээ хамт байдаг, аав, ээж дээрээ ирэн очин байдаг юм байна.

Иймд Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэл болох анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах тухай хүсэлттэй байдаг мөн Эийн биеийн эрүүл мэндийн байдал болох жирэмсэн байгаа зэрэг хөнгөрүүлэх болон хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэснийг үндэслэн хөнгөн ял шийтгэл оногдуулж ялыг нь багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хавтаст хэргийн материалтай танилцаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/573 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуульд “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал... зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан.

Шүүгдэгч Э.Э нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлж байсан, 7-18 насны 6 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, одоо 3 сартай жирэмсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал болон хохирогч гомдолгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.С-ын өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Д.С нь одоо эрүүл саруул бөгөөд ажлаа хийгээд явж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажлаас нь чөлөө өгөөгүй тул ирж чадаагүй. Хохирогч Д.С нь “надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж гомдол гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээрээ маргаж оролцдог. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч хохирол төлбөр төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан атлаа хохирол, төлбөрөө төлөөгүй тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэхгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн ... байрлах гэртээ хамтран амьдрагч Д.С-ыг бусадтай хардан уурлаж, улмаар түүний хөл, хэвлийн хэсэгт хутгаар хатгасны улмаас хэвлийн баруун доод хэсгээр хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/, баруун шилбэнд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2023 оны 01-р сарын 17- ны өдөр ... хорооны нутаг дэвсгэрт Сод Монгол ШТС-ын хойно байрлах нийтийн байранд Д.С нь бусдад хутгалуулсан” гэсэн дуудлагын лавлагааны хуудас тэмдэглэл /хх 1, 3/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,

хохирогч Д.С-ын “...2023 оны 01-р сарын 16-ны өдөр манай ажлын Ц гэдэг эгч гэртээ хорхог хийнэ, хамтран амьдрагч Э гэрт нь очно гэхээр нь би 16 цагийн орчимд Э-ийн тахилтад Ц эгчийн гэрт хүргэж өгөөд гэртээ ирсэн. Хүү Б-н хамт гэртээ байж байтал Э гаднаас манай ажлын С, нөхрийн хамт нэг том 2 литртэй пиво, нэг шил 0,75 граммын хараа архи авч ирээд бид нар хувааж уусан. Тэгээд 02 цаг өнгөрч байх үед бүгдээрээ караоке орж дуулахаар болоод манай гэрээс хүүгээ ганцааранг нь үлдээгээд Орбитын тойрог дээр байдаг караокед бид дөрөв хамт орж дуулаад нэг, нэг шил пиво захиалаад ууж байгаад би согтоод байхаар нь түрүүлээд гэртээ ганцаараа ирээд хүүтэйгээ унтаж байсан чинь 05 цаг нэлээн өнгөрч байх үед хаалга цохихоор нь босоод хаалгаа нээсэн чинь Э, С болон нөхрийн хамт нэг том пиво авч орж ирсэн Би тэр пивыг нь С-ийн нөхрийн хамт хуваагаад уусан. Тэгээд С-ийн нөхөртэй хамт хоёулаа 08 цагийн үед дэлгүүр ороод дахиад нэг том, нэг жижиг пиво аваад манай гэрт орсон. Гадаа нэлээн хүйтэн байсан болохоор машинаа халаах гэж гараад согтуудаа машины хаалга мөргөөд нүдний зовхи доороо урчихсан. Тэгээд машинаа халаачхаад гэртээ ороод авч ирсэн пивоо уучхаад Эийн хажуугаар ороод хэвтэж байсан чинь юунаас болсныг нь сайн санахгүй байна нэг сэргэхэд Э баруун гартаа хутга барьчихсан миний хэвлийнээс цус гараад хүү Б айгаад уйлчихсан байсан. Удалгүй түргэн ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан...Надад Э.Эээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19, 21/,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 1640 дугаартай ‘‘Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Д.С-ын биед хэвлийн баруун доод хэсгээр хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” /хх 23-24/,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 447 дугаартай ‘‘..Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн майканд 405 мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Цагаан өнгийн майканд 25 мм, саарал өнгийн жинсэн өмдөнд 12 мм, 16 мм, хар өнгийн өмдөнд 16 мм, 19 мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна." гэсэн дүгнэлтүүд /хх 28-33/,

насанд хүрээгүй гэрч С.Б-н “...2023 оны 01-р сарын 17-ны өглөө 06 цагийн үед гэртээ сэрэхэд манай аав, хойд ээж Э, Ш ахын эхнэр С бид дөрөв байж байсан. Тэгтэл гэнэт хаалга нүдсэн. Хаалгыг онгойлгоход Ш ах (манай аавын хамт ажилладаг хүн) согтуу нэг том пиво, гурван ширхэг гоймонтой гэрт орж ирсэн. Тэгээд Ш ах орж ирээд аавыг сэрээгээд тухайн пивоо хувааж ууж дуусгачхаад дэлгүүрээс Ш ах ээж Э-ийг сэрээгээд дэлгүүр лүү хамт явсан. Тэр хоёр дэлгүүрээс нэг ширхэг том пиво, нэг ширхэг жижиг пиво авсан байсан. Тэгээд хойд ээж Э аавыг “чи яагаад манай найзыг сонирхоод байгаа юм” гэж Ш ахын эхнэр С-тай хардсан. Тэгтэл С эгч сэрээд лаазтай пиво уугаад байж байтал аав “бие засчхаад ирье” гэж гараад 2-3 минут болчхоод буцаж орж ирэхдээ “машинаа халаачихлаа" гэсэн ба баруун нүдний доод талаас нь цус гоожиж байсан. Тэгтэл ээж Э ааваас “нүүрээ яачихсан юм" гэж асуутал аав “би яаж мэддэг юм, зүгээр л байгаа биз дээ” гэж хэлээд ээж Э-ийн хажуугаар орж хэвтсэн. Тэгтэл ээж Э “битгий шахаад бай” гэж уурлахад аав орноосоо босоод ээж Э-ийн хөлийн гуя руу нь “ядаргаатай юм, болиоч” гээд нэг удаа цохисон. Тэгээд аав С-тай хамт пивонд явах гэж байгаад “Ц сэрчихнэ шүү, чимээгүй гарцгаая” гээд гарах гэж байтал Э сэрээд аав руу “түрүүнээс хойш хараад байхад давраад байгаарай. Чимээгүй чиш гээд давраад байгаарай” гэж хэлээд ээж Э аав руу дайрч өшиглөж цохиж зодоод байсан. Ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг аваад аав руу далайж дайрч баруун хөлийн доод талд нь нэг удаа хутгалсан. Аав шууд Э-ийн үснээс зулгаасан. Э дахиж дайраад аавын гэдсэнд нэг удаа хутгаараа дүрж хутгалсан. Тэгээд би уйлаад байж байтал аав шууд бөөлжсөн, ээж Э 103 дуудсан. Дараа нь хутгалсан хутганыхаа цусыг ягаан өнгийн аяганы алчуураар арчаад хутгаа хөргөгчийн хажууд байдаг модон цайвар өнгийн шкаванд хийсэн...” гэсэн /хх 46-47/,

гэрч А.С-ийн ”...2023 оны 01-р сарын 15-ны өдөр Эмээлтийн өлөнгийн цехэд ажлаа хийж дуусаад ажлынхан бүгд цалингаа авцгаагаад маргааш нь амарсан Тэгээд 16-ны 20 цаг болж байхад Тахилтад манай ажлын Ц, манай нөхөр Т бид тав уулзаад Ц-ийн гэрт хорхог хийж идээд хоёр том пиво ууж дуусаад Орбитын тойрогт байдаг караокед 22 цагийн орчим ирээд караокед 0,5тай пиво хүний хоёр хоёрыг захиалаад уугаад суусан. 23 цагийн орчимд караокед Д.С ирээд бид нар хамт 01 цаг нэлээн өнгөртөл уугаад дуулж суусан. Тэгээд тэндээс гарах гэж байтал Ц-ийн найз гэх нэг эрэгтэй хүн ирж Ц-г аваад явсан. Дэлгүүр хаасан болохоор архи олдохгүй гээд тэр караокеноос нэг шил 0.75-тай Хараа архи, хоёр литртэй Нийслэл пиво аваад 02 цаг өнгөрч байхад Э, С хоёрын хөлсөлж байгаа ... хажуугийн хоёр давхар нийтийн байрны нэг давхарт 5 дахь хаалганд орсон. С-ын хүүхэд гэх 6 дугаар ангийн нэг хүү ганцаараа гэртээ утсаараа тоглоод байж байхаар нь бид дөрөв авчирсан архи, пивоо хувааж уугаад юм ярьж суугаад нэлээн согтсон. Нөхрийнхөө хамт газар унтаж байтал гэнэт С-ын хүү нь уйлахаар босоод харахад С, Э хоёр өрөөний голд зогсчихсон хүү нь миний хажууд суугаад уйлчихсан байсан. Э баруун гартаа хар өнгийн иштэй төмөр хутга барьчихсан зогсож байснаа намайг харангуутаа “би С-ыг дүрчихсэн байна шүү дээ" гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “Сыг би хутгалчихлаа” гэсэн. С зогсож байсан газрын шалан дээр цус дуссан байхаар нь Сын куртикийг сөхөөд харахад хүйсийн дээд талд хутганы ором гараад шархнаас нь сэмжин шар өөх цухуйчихсан, цус дусаж байсан. С бөөлжөөд эвгүй байхаар нь би шууд 103 дуудаад түргэн ирж үзээд Сыг цэргийн төв эмнэлэг рүү авч явсан...ямар учраас хутгалж маргалдсан талаар огт мэдээгүй, тухайн асуудал маш хурдан болсон, бид дөрөв их хэмжээний согтолттой байсан.. .” гэсэн /хх 52-53/,

гэрч Б.Т-н “...өглөөний 7-8 цаг болж байсан. Би эхнэрийн хамт хөл рүү нь хараад газар зассан орон дээр унтаад Э, С нар хүүтэйгээ хамт дээшээ хараад унтсан. Намайг унтаж байхад эхнэр сэрээд намайг бос гэхээр нь босоход С надад “Э Сыг хутгаар гэдсэнд нь дүрчихлээ” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гээд харахад Э уйлчихсан “би хутга орчихно гэж бодоогүй” гэж ярьж байсан. С газар эвхрэлдээд хэвтчихсэн бөөлжөөд баруун хөл, хэвлий хэсгээс нь цус шүүрээд өмсөж байсан футболк нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 55-56/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хохирогч Д.С, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Г.Энхболд нар “гэм буруу дээрээ маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал болон биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Сын “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлээс хасаж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт, хохирол төлбөр 3.121.000 төгрөг төлсөн, 7-18 насны 6 хүүхэдтэй, жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр хохирогч Д.С, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.121.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “...шүүгдэгч Э.Э-т долоон жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Э.Эт таван жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Э нь гэм хорын хохиролд 3.121.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ