Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/1044

 

2024 12 18 128/ШШ2024/1044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД: /,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Маргааны төрөл: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий тушаалыг хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Х******* ХХК-д 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/508 дугаар тушаалаар ...Х******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй талаарх Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1.3. Нэхэмжлэгч Х******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газарт гэрээ байгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан.

1.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/6352 дугаар хариу хүргүүлэх тухай мэдэгдлээр ... Х******* ХХК-ийн 2,0 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариуг хүргүүлсэн байна.

1.5. Х******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Х******* ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3059 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.

2.1. Нэхэмжлэгч Х******* ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Манай байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлэхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 08/6352 тоотоор манай ашиглах эрхийг цуцалсан тухай мэдэгдлээ.

Бид эрхээ цуцлуулсан гэдгийг огт мэдээгүй бидэнд мэдэгдээгүй учир Захиргааны ерөнхий хуулийг судлан үзэхэд 13-р зүйлд заагдсанаар бид захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч бөгөөд 27-р зүйлд заагдсанаар сонсох ажиллагааг явуулах ёстой ба энэ талаар бидэнд заавал мэдэгдэхээр хуульчилжээ. Сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдолд ашиглах эрхийг цуцалсан гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт хамаарахгүй байх учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. А/508 тоот тушаалыг бидэнд огт мэдэгдээгүй байж 0/1652 тоотод хуульд заагдсан гомдлоо гаргах хугацаа өнгөрсөн гэж бичсэн байгаа нь эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заагдсан шаардлага болно... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага хууль зөрчсөн эсэх нь хамаагүй хууль зөрчсөн зөрчөөгүй нь тухайн асуудлаараа биш захиргааны байгууллага энэ дүрэм журмын дагуу акт гаргах ёстой. Энэ дүрмийг зөрчвөл акт нь хүчингүй байна гэсэн утга агуулга илэрхийлэгдсэн хууль. Үүний дагуу захиргааны байгууллага актыг хүргүүлсэн, мэдэгдсэн гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/508 дугаар тушаалыг албан ёсоор хүргүүлж, мэдэгдсэн баримт өнөөдрийг хүртэл байхгүй. 11 дүгээр сард хүсэлт гаргасны дараа 12 дугаар сард ирсэн бичиг дээр А/508 дугаар тушаал гарсан гэх утгатай байсан. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гарсан тушаалыг нь харъя гээд хүсэлт өгөхөд, 20 гаруй хоногийн дараа өгсөн. Яагаад энэ тушаалыг Х******* ХХК-д хүргүүлээгүй нь субъектийн хүсэл зоригтой холбоотой асуудлууд гарч ирдэг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд тушаалыг мэдэгдэх хүсэл зориг байгаагүй. Хэрэв мэдэгдвэл мэдэгдсэн өдрөөс нь хойш шүүхэд хандах боломжтой гэсэн үндэслэлээр мэдэгдээгүй. Гэтэл мэдээгүй байгууллагад хүчингүй болсон гэсэн ойлголт байхгүй учраас ердийн журмаар хүсэлтээ гаргаад шийдүүлэх гээд явж байсан.

Байгууллагад нэг буруутай зүйл нь газрын асуудлыг хөөцөлдөөд өгөөрэй нэг хүнд бүх эрхээ өгч, итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгосон баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн итгэмжлэл олгогдсон этгээд нь харьцаж байсан бичиг баримтуудаа яасан нь тодорхойгүй байсан учраас өнөөдрийг хүртэл хүндрэлтэй байсан. Шүүх манай хүсэлтийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулахаар 2 удаа шийдвэрлэсний хүчинд зарим нэг бичиг баримт нь ирсэн. Захиргааны актыг мэдэгдээгүй эс үйлдэхүй байгаа.

Сонсох ажиллагааны хийсэн эсэх асуудал мөн яригддаг. 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулах хүсэлт өгсөн байдаг. Мөн "Х*******" ХХК нь энэ олгогдсон газартаа ямар байдлаар ажил хийсэн талаар болон Ковид-19 цар тахлын асуудал зэргийг бичсэн байсан. Юу ч хийгээгүй гэх боломжгүй, хийсэн гэдэг тайлбараа гаргаж өгөөд байхад яагаад энэ тайлбарыг үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт өгөхгүйгээр шууд, нууцаар тушаал гаргасан бэ гэдэг нь сонирхолтой байна. Захиргааны байгууллагын эрх зүйн зохицуулалт нь акт гаргахад заавал мэдэгдэх үүрэгтэй. Мөн акттай холбогдуулж гаргасан тайлбар дээр нь харилцан ойлголцол хийгдэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар захиргааны байгууллага энэ бүхнийг хийлгүйгээр тушаал гаргасан нь харагдаж байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн газар дээрээ юм хийсэн гэдэг баримтууд нь байсаар байхад яагаад ийм байдлаар шийдсэн нь ойлгомжгүй байна. Захиргааны байгууллага дангаараа иргэн, аж ахуйн нэгж, хэнийг ч эрх ашгийг үл хайхардаг байсан цаг үе Захиргааны ерөнхий хууль гарснаар цэгцэрсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд цэгцэрсэн зүйл байхгүй байна. Ажил хийсэн хүнийг хийгээгүй байна гэж шийдвэр гаргаж болохгүй. Тэгээд ч энэ цаг хугацаа нь Ковид-19 цар тахалтай холбоотой.

Мөн гэрээ байгуулах тухай асуудал гарч ирдэг. Гэрээ байгуулах тухай асуудлаар удаа дараа хандаж байсан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд, Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандсан баримт байгаа. Мөн биеэр очсон байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулаагүй учраас тухайн газар дээр газрыг ухуулж, хашаагаа барьж чадахгүй байна гэдэг утга санаа байдаг. Бид хийсэн ажлаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/508 дугаар тушаал нь "Х*******" ХХК-д зориулж гаргасан тушаал юм шиг байсан. Үүнийг хүчингүй болгож, гэрээ байгуулах эрхийг хангаж өгнө үү... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Х*******" ХХК-ийн гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/508 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х******* ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Х******* ХХК-д Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсийн Дугуй Бургаст 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/508 дугаар тушаалаар "Х*******" ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25- ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/508 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/508 тоот тушаалыг хүчингүй болгуулъя гэж ойлголоо. Тухайн тушаалын гол үндэслэл, маргаан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй учир хүчингүй болгож шийдвэрлэсэн. "Х*******" ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тухайн газрыг эзэмших тушаал гарч, ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш 3 жил 9 сарын хугацаанд тухайн газрыг ашиглаагүй байсан. Тухайн газар нь аялал жуулчлалын зориулалттай. Гэхдээ өмнө нь өгсөн бичгүүдийг нь харахлаар цэцэрлэг барих зориулалтаар ашиглана гэж явуулсан байсан. Шүүх, Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тухайн газар дээр очиж, үзлэг хийхэд 1 шон ч байхгүй байсан. Юу ч хийгээгүй гэсэн үг. Хийх гэж байгаа гэдэг цаасан дээрх зураг төсөл яриад байх шиг байна. Гэхдээ хавтаст хэргээс тодорхой зүйл харагддаггүй. Барина, зөвшөөрөл хүсэж байна, хандсан гэдэг л зүйл ярьдаг болохоос яг бодитоор гарсан зүйл харагддаггүй.

Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбар дээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр "тухайн газар дээр барилга байгууламж, зам талбай бусад нөхцөл" гээд бүтээн байгуулалтын зүйл хийгдсэн байхыг ойлгоно гэдэг тайлбар байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн газар хийгдсэн зүйл байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/508 дугаар тушаалын гол үндэслэл болсон зүйл хангагдаж байгаа буюу 3 жил 9 сарын хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байна гэдэг нь үндэслэлтэй байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх гэж байна. Хүсэлтэд хариу өгөөгүй гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад байгаа юм болов уу, шууд гэрээ байгуулахыг даалгаад байгаа юм болов уу гэдгийн нарийн утгыг нь ойлгохгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр "2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бид гэрээ байгуулах хүсэлт өгсөн. Тэр хүсэлтийнхээ хариуг авъя. Энд эс үйлдэхүй гаргаад, хариу өгөхгүй байгаад байна" гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр 08 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт нь цаасаар ирэхээр" энэ биш байсан юм байна. Уг хүсэлт нь өөр утгатай байсан юм байна. 11 дүгээр сард бид хүсэлт гаргасан. 11 дүгээр сарынхаа хүсэлтийг шийдвэрлүүлэх ёстой байсан юм" гэдэг асуудлыг яриад байна. Үүнээс харахад яг ямар хүсэлт гаргаснаа сайн мэдэхгүй хэрнэ ямар ч байсан нэг иймэрхүү юм гаргачихъя. Шүүх учрыг нь олно биз гэдэг байдлаар хандаад байгаа юм шиг харагдаж байна. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтдээ гуравласан гэрээ байгуулах хүсэлт гаргаагүй гэдэг нь баримтаар харагдаж байна.

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан байна. Гэхдээ энэ нь тушаал гараад, газрын ашиглах эрхийг нь хүчингүй болгочихсон байгаа. Тус хүсэлт нь гуравласан гэрээ байгуулмааргүй байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хоёрлосон гэрээ байгуулъя гэх утгатай байгаа учраас газрыг зориулалтын дагуу тухайн дүүрэг, Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч гурвын гуравласан гэрээ хиймээргүй байна гэдэг утгатай харагдаад байгаа юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн танай газар ашиглах эрх 09 дүгээр сарын 25-ны өдөр хүчингүй болчихсон гээд өгсөн хариу байсан. Хариугаа авснаасаа хойш 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хугацаа гэж байгаа. Энэ хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байна гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгд хуульд нийцээгүй, хоёрт яг юу хүсээд байгаа гэдэг нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 443 дугаар албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сошиал хуудсаар Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2, 27.4.2-т заасан үйл ажиллагааг явуулсан материал, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар дээрх хээрийн судалгаа хийж гүйцэтгэсэн фото зураг бүхий мэдээллийг бэлтгэн нийт 169 хуудас материал, үүний дотор газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн ба уг албан бичгийн хавсралтын 1 дүгээрт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр бичигдэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэгджээ.

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/508 дугаар тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн гарсан ба,

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Г*******ийн байгалийн цогцолборт газрын Д*******т гэх хязгаарлалтын бүсэд "Х*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эрх үүсэх, хэрэгжих үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зарим заалтад өөрчлөн найруулсан, нэмсэн өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар оруулсан нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 6-д нийтлэгдсэн.

6. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч Х******* ХХК-д Н дүүргийн нутаг дэвсгэр, Г*******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Д*******т гэх байршилд 2,0 га газрыг 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар шийдвэрлэсэн, энэ үед хуулийн 2023 оноос хэрэгжиж, мөрдөгдсөн нэмэлт өөрчлөлт үйлчилж эхлээгүй байсныг дурдах нь зүйтэй.

7. Дээрх 5-д заасан хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө нэхэмжлэгчийг газар ашиглах эрх авах үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан нь газар ашиглах талаарх материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан журмаар хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржих зохицуулалт байсан аж.

8. Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2020 онд газар ашиглах эрхийг авснаас хойш хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар ашиглах талаар гуравласан гэрээ байгуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт эрх бүхий Засаг дарга болон Хамгаалалтын захиргаанд гаргасан үйл баримт байхгүй, тогтоогдохгүй байна.

9. Иймээс, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг дээр газар ашиглах эрх олгосон эрх бүхий сайдын тушаал гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь дүүргийн Засаг даргын үүрэг мэт боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглах эрхийг олж авсан этгээдийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу газраа бодитойгоор ашиглахын тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй байсныг мөн дурдах нь зүйтэй.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглах эрхтэй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх үндэслэл гаргаж маргаагүй.

12. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/5675 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад Г*******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажил хийсэн тэмдэглэлээр газар дээрээ хоосон тэмдэглэгээтэй нэхэмжлэгч хуулийн этгээдийн фото зургийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр авч хүргүүлсэн гэх ба уг баримт хэрэгт авагдсан байна.

13.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох зохицуулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ба мөн зүйлийн 4-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр гэжээ. Хариуцагчийн маргаан бүхий тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг үзсэнийг шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.

14. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, тухайлбал, газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай гэрээг, эсхүл Газрын тухай хууль тогтоомж зөрчих, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай ба,

15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ...мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласны хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид бий болсон, эсхүл нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлын тухайд, шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон

16. Иймд, нэхэмжлэгчийг анх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аялал жуулчлал-ын зориулалтаар газрыг ашиглаж эхэлснээс хойш зориулалтын дагуу уг газраа ашигласан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

17. Түүнчлэн ковид цар тахал гарсантай холбоотойгоор газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч газар ашиглах эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон үйл ажиллагааг явуулах, төслөө хэрэгжүүлэх, зориулалтын дагуу ашиглах зэрэгт цар тахал үргэлжилсэн нөхцөл байдалтай байсан үйл баримт тогтоогдохгүй байсныг тэмдэглэж байна.

18. Иймээс, дээр дурдсанчлан хууль тогтоогчоос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, нэмэлт оруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа процессын шинжтэй үргэлжилж бүрэн дүүрэн дуусаж хэлбэржээгүй байсан, үүгээрээ нэхэмжлэгчийн тухайд хуулиар хамгаалагдах, сэргэх эрх байхгүй байна.

19. Нэхэмжлэгч талаас олгогдсон газартаа ямар байдлаар ажил хийсэн талаар болон Ковид-19 цар тахлын асуудал зэргийг бичсэн, юу ч хийгээгүй гэх боломжгүй, тухайлан нэг бүрчлэн сонсох ажил хийсэн баримт хэрэгт огт авагдаагүй, ...1 компани 3 газар давхар эзэмшдэг буюу нийтдээ 19 компанид л сонсох ажиллагаа хийгээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар хорин нэг буюу түүнээс дээш гэснийг хангаагүй гэж, хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Г*******ийн байгалийн цогцолборт газраас өөрийн албаны фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хаяглан хүргүүлсэн, энэ нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.

20. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/5675 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаас үзэхэд, Г*******ийн байгалийн цогцолборт газрын зүгээс фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай нийтлэлийг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хаяглан хүргүүлсэн гэжээ.

21. Нэхэмжлэгч талын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн талаарх тухайлсан баримт байхгүй гэх үндэслэл, этгээд болон объект хоёрын тооны ойлголтын зөрүү байна. Захиргааны ерөнхий хуульд 21 буюу түүнээс дээш этгээдэд мэдэгдэхээр бол гэж заасан байдаг. Хариуцагч 21-ээс дээш объектод мэдэгдсэн байх ёстой гэсэн тайлбар хэлээд байх шиг байна. Этгээд гэдэг чинь А.Э******* ч гэдэг юм уу, н.Б ч гэдэг юм уу 1 субъект буюу этгээд. Объект гэдэг чинь субъект биш. Гэтэл 21 нэгэн объект, 19 субъектэд мэдэгдсэн. 19 этгээдэд мэдэгдсэн асуудал нь хуулийн 21-ээс дээш этгээд гэсэн зохицуулалтад хамаарахгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Эдгээр үндэслэл нь маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

22. Тодруулбал, Байгалийн цогцолборт газарт байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг орох ба Г*******ийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас тус газрын хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажил хийсэн тэмдэглэлд Х******* ХХК /А талбай/, /Б талбай/ гээд хоёр өөр газар нутгийн зураг, Байгаль хамгаалах Туул ижий сан /12*******/, /12*******/ гэсэн хоёр өөр тэмдэглэгээтэй, хоёр өөр газрын зураг бүхий баримт авагдсан, үүнийг нэг л нэрээр авч үзнэ, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т заасан хорин нэг буюу түүнээс дээш гэсэн тоонд хүрээгүй, субъектийг объекттой хольж хууль зөрчсөн гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй, Хамгаалалтын захиргаа болон хариуцагч Сайдын зүгээс тусгай хамгаалалттай газар нутаг дахь солбицлоор олгогдсон газар нутгийн газар ашиглалтад хяналт тавих, зориулалтаар нь ашиглуулах зорилгын цаана Газар ашиглах гэрчилгээнд бичигдсэн газраар, байршлаар нь хуулийн шаардлагад нийцүүлснийг буруутгахгүй.

23. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г огт хийгээгүй байсан нь ч, хуулийг зөрчиж хийсэн байлаа ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үйл баримт өөрчлөгдөхгүй, нэхэмжлэгчид сэргэх байхгүй, иймээс зөвхөн сонсох ажиллагаа буруу явуулсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

24. Нэхэмжлэгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бичгийг Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулахаар гаргасан өргөдөл, хүсэлт гэж шүүх үзсэнгүй. Тайлбар гаргах тухай 9 дугаартай 1 хуудас баримт байх ба уг бичгийг шилжүүлсэн гэх хариуг ирүүлсэн. Нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосны дараа өргөдөл, хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй, газар ашиглах эрх олгосны дараа хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь хожим үүссэн нөхцөлөөр өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй.

25. Иймд маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/508 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн зохицуулалтын хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр байна, энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, даалгах нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН