Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/674

 

 

 

 

   2023            6              29                                          2023/ДШМ/674

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/648 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Тд холбогдох эрүүгийн 2306 00000 0873 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн С.Т, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, нүүрсний цэг дээр нүүрс борлуулагчаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүрэг, ... дүгээр хороо ... дүгээр гудамж, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД:.../.

Шүүгдэгч С.Т нь “...” ХХК-ийн борлуулагчаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд харилцагч байгууллага болон захуудад борлуулсан бараа бүтээгдэхүүний нийт 12.904.307 төгрөгийн орлогыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Т-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т-гээс гэм хорын хохиролд 12.904.307 төгрөгийг гаргуулан хохирогч “...” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөөс 3.900.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл хохирлыг ажил хийж эсвэл өөрийн газраар төлөх боломжтой. Мөн миний бие 2 болон 3 настай хүүхэдтэй, эхнэр маань ажил хийх боломжгүй хүүхдүүдээ хардаг тул би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Би ажлынхан болон захирлаасаа уучлалт гуйж байна. Би ахин ийм зүйл хийхгүй. Маш их ухаарч гэмшсэн. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөр ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Тд холбогдох 2306000000873 дугаартай эрүүгийн хэрэгт түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/648 тоот шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

С.Т нь “...” ХХК-ны борлуулагчаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд харилцагч байгууллага болон захуудад борлуулсан бараа бүтээгдэхүүний нийт 12.904.307 төгрөгийн орлогыг завшсан гэмт хэрэгт холбогдон прокурорын байгууллагаас түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Тг дээр дурдсан эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийн хэмжээнд огт маргадаггүй бөгөөд гагцхүү нийгмээс тусгаарлалгүй шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг дараах үндэслэлүүдээр хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих ял зэрэг дөрвөн төрлийн эрүүгийн хариуцлагаас сонгож шийтгэх боломжтой байна.

Шүүх хуульд заасан эдгээр ялаас чухам аль ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудаас шалтгаалдаг.

Дээр дурдсанаар шүүх хорих ялыг сонгон оноох болсон үндэслэлээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзсан гэж дүгнэсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “ Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг бүрэн дүүрэн харгалзан үзээгүй байна гэж үзэж байна.

Мөн шүүхээс ийнхүү хорих ял сонгож шийдэхэд ч шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж нөхцөлийн талаар хууль эрх зүйн зөвлөгөө туслалцаа аваагүй, зөвхөн “буруугаа хүлээж байна” гэхээс өөрөөр хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдүүлж, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлж чаддаггүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйгээс гадна хувийн байдлын талаарх баримт мэдээллээ шүүхэд мэдүүлээгүй, гаргаж өгөөгүй, дутуу орхигдуулсан зэрэг нь шүүхээс ял онооход түүний хувийн байдлыг харгалзан үзэх боломжгүй байсан байна.

Тухайлбал, шүүгдэгч С.Тгийн хувийн байдлын хувьд хэрэг үйлдэх үедээ болон хэргийг шүүхээр шийдвэрлэх үед эхнэр, 2 настай охин, мөн 3 настай хүүгийн хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байсан бөгөөд С.Тг хоригдсоноос хойш эхнэр нь бага насны хоёр хүүхдийнхээ хамт гурвуулаа амьдарч байна.

Эхнэр М.Н нь гэртээ бага насны хоёр хүүхдээ хардаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг хоол хүнс, бага насны хүүхдүүд тул хүүхдийн асаргаанд зайлшгүй шаардлагатай эд зүйлсээр хангагдаж чадахгүйд хүрч маш хүнд нөхцөл байдалд байна. Гэтэл дээрх нөхцөл байдалтай холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн С.Т нь урьд нь гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд гэм буруугийн асуудал дээр шүүгдэгч нь анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч иржээ. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүссэн байна.

Мөн хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь 12.904.307 төгрөгийн хохирол учруулсан байдаг бөгөөд үүнээс шүүх хуралдааны өмнө хохирогчид 900.000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн нь хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа 3.000.000 төгрөгийг хохирогчид нэмж төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөрийг хуваарь гарган төлөх, өөрийн нэр дээр өмчлөлийн газрыг барьцаалан зээл аван төлөх, эсхүл ажил хөдөлмөр эрхлэн сар бүрийн цалингаараа төлөх зэрэг хувилбаруудыг хохирогч талтай өмгөөлөгчөөрөө болон ар гэрийнхнээрээ дамжуулан санал солилцож байгаа бөгөөд хохирогчийн зүгээс бидний тавьсан саналд тодорхой хариу өгч энэ талаарх хүсэл зоригоо давж заалдах шатны шүүхэд илэрхийлэх боломжтойгоо бидэнд мэдэгдээд байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог.

С.Тгийн хувьд хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага, тухайлбал зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн хяналтад байж зөвхөн ажил гэрийн хооронд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад бүх зорчих эрхээ хязгаарлуулж уг ялаа чанд мөрдөн, ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж, гэр бүл, үр хүүхдүүдээ асарч тэжээн тэтгэх, хохирол төлбөрөө төлөх үүргээ биелүүлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оноон шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, мөн түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж С.Тд оноосон хорих ялыг өөрчилж зорчих эрх хязгаарлах ял болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ болон 12.904.307 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “3.900.000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шатанд 900.000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шатанд хохирогч болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хөрөнгө завших гэмт хэргээс гадна шүүгдэгч С.Т нь тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа зам тээврийн осолд өртөж тухайн байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулж байсан талаар мэдүүлдэг. Уг хохирол, төлбөрт 900.000 төгрөг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шатанд төлсөн 900.000 төгрөг нь хөрөнгө завших гэмт хэрэгт огт холбоогүй болохыг хохирогч болон шүүгдэгч нарын зүгээс мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг тухайн цаг хугацаанд төлж барагдуулаагүй гэж үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч С.Т нь үргэлжилсэн үйлдлээр хохирогчид нийт 12.904.307 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг. Тухайлбал, цахимаар мөрийтэй тоглоом тоглож зарцуулсан болох нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулж мэдүүлэг авсан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Тгээс биеийн байцаалттай холбоотой өөрчлөлт орсон зүйл байгаа эсэхийг тодруулахад ямар нэгэн байдлаар гэрлэсэн, хүүхэдтэй талаар тайлбар огт хэлээгүй. Харин анх мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлж байсны дагуу “эцэг, эхийн хамт амьдардаг” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч С.Т нь биеийн байцаалт өгөхдөө үнэн, зөвөөр мэдүүлэх үүргийг тухайн цаг хугацаанд хүлээсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь “...” ХХК-ийн борлуулагчаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд харилцагч байгууллага болон захуудад борлуулсан бараа бүтээгдэхүүний нийт 12.904.307 төгрөгийн орлогыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-ийн: “Манай компанийн борлуулагч С.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ажилласан. С.Т үйлдвэрээс бараа авч, харилцах байгууллага болон захуудад хүргэж өгдөг үүрэгтэй байсан. Тэгэхдээ барааг хүргэж мөнгийг нь авдаг байсан...” /хх 68/,

гэрч М.Ц-ийн: “...2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд байгууллагаас борлуулагдахаар гарсан барааны мөнгө төлбөр нь орж ирэхгүй байсан болохоор би захирлын хамт тухайн бараануудыг зарсан гэх газруудад очиж уулзахад дээрх бараа худалдаж авсан газрууд нь С.Т гэдэг борлуулагч ажил хийдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар манай компанид борлуулагчаар ажилладаг С.Ттэй уулзахад компанийн орлогын мөнгийг харилцагчаас авч компанид тушаалгүй өөрөө хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” /хх 79/,

шүүгдэгч С.Тгийн яллагдагчаар өгсөн: “...миний хийдэг ажил бол үйлдвэрээс бэлдсэн махыг тоогоор нь авч, дэлгүүрүүдэд тарааж зардаг байсан. Өдрийн цагаар зарсан махныхаа тооцоог би орой ажлаас тарахдаа ажил дээр ирж няравтайгаа тооцоогоо хийдэг байсан. Би дэлгүүрүүдэд орж мах зарахдаа зарим мөнгийг нь дансаар, зарим мөнгийг нь бэлнээр авдаг байсан. 2022 оны 12 дугаар сараас эхэлж үйлчлүүлэгчид надаас мах худалдаж аваад миний дансанд орсон мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаад үрчихдэг байсан. Орой тооцоогоо нийлэхдээ зарагдсан махны мөнгийг нь шилжүүлээгүй зээлээр өгсөн гэж хэлдэг байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгууллага дээрээ очиж тооцоо нийлсэн акт дээрх бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлгүүд /хх 84/

“...” ХХК-ийн ажилд томилсон тушаал /хх 34/,

“...” ХХК-ийн захирал А.Д, борлуулагч С.Т нарын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс борлуулагч албан тушаалд ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 35-41/,

шүүгдэгч С.Тгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 48-63/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Тг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын “хохирол төлбөрөөс 3.900.000 төгрөг төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хянан үзэхэд хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруудаа маргадаггүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэх асуудлыг энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Иймд шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирогч А.Д-д анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг, анхан шатны шүүх хуралдааны дараа 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх боловч энэ төлбөр нь эд хөрөнгө завших гэмт хэрэгтэй холбоотой төлбөр биш болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/648 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Т нь хохирогч А.Д-д 3.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тгийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ