| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0682/З |
| Дугаар | 128/ШШ2024/1014 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/1014
2024 12 06 128/ШШ2024/1014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Н*******,
Хариуцагч: Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга,
Маргааны төрөл: төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*******, Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1. Иргэн Г.Н******* нь 2024 оны 03 сарын 14-ны өдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Э*******ад ...Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах... хүсэлтийг хүргүүлсэн.
2. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 341 дүгээр захирамжаар ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн... үндэслэлээр Г.Н*******г төрийн албанаас чөлөөлсөн.
3. Г.Н******* нь Төрийн албаны зөвлөлд ажлаас хууль бусаар чөлөөлсөн талаарх гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай 07/1604 дугаар албан бичгээр ...та тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, эсхүл 55 нас хүрэхээс өмнө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй байна ...төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх хариуг Г.Н*******д хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч Г.Н*******гаас Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.Н*******г төрийн албанаас чөлөөлөх тухай 341 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 6554 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.
5. Нэхэмжлэгч Г.Н*******гаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Г.Н******* миний бие 1965 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн. Би 1983-1984 онд Дээд, дунд, тусгай боловсролын улсын хорооны дэргэдэх Хэвлэлийн товчоонд туслах ажилтан, 1984-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий хэлтэст бичээч, 1990-1992 онд Ардын эрх сонинд бичээч, 1992 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газарт бичээч, Хуралдааны нарийн бичгийн дарга, Байнгын хорооны зохион байгуулагч, шинжээч, Төсвийн байнгын хороо хариуцсан референтээр ажилласан. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001.09.12-ны өдрийн 302 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, холбогдох эрх зүйн актыг үндэслэн Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангаж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн тул намайг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсан, би төрийн албанд 41 жил ажилласнаас 8 удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газарт тасралтгүй 32 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референт албан тушаалтай намайг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн. Эмэгтэй 58 нас, эрэгтэй 63 нас хүрсэн бол чөлөөлөгдөх ёстой гэсэн хууль бус аман болзол, нөхцөл тулган шаардаж, улмаар дээрх шийдвэрийг гаргасан.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024.05.15-ны өдрийн 341 дүгээр захирамжаар намайг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэх дараах үндэслэл байна.
5.1. Тэтгэвэр тогтоолгох насыг тэтгэвэр тогтоолгох ердийн нас-аар бус даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болох нас-аар үзсэн нь хууль зөрчсөн.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, 4.5-д Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан бөгөөд 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж, 46.2.3-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж заажээ. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан ёсоор төрийн алба хаах насны дээд хязгаарыг төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн хувьд 65 нас хэмээн үздэг.
Харин уг хуулийн 46.2.2-т заасан тэтгэвэр тогтоолгох нас нь хэдэн нас байх талаар Төрийн албаны тухай хуульд тусгаагүй ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-аар зохицуулдаг. 2023 онд шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэж заасан бөгөөд уг заалтыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 341 дүгээр захирамжид үндэслэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй хэмээн заасан тул 5.1.2-т заасан даатгуулагч нь өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй хэмээн үзэх үндэслэлтэй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн нас 2017 он хүртэл 60 байсан ба 2017 оноос хойш 65 нас болж нэмэгдсэн. (1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017, 2018 онд орсон нэмэлт, өөрчлөлт) Тухайлбал: 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, 2023 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч гэж заасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насны зэрэгцээ даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох насыг мөн хуульд тусгасан. Тухайлбал: 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж, мөн зүйлийн 4.2.4.3 дахь хэсэгт 4, түүнээс дээш хүүхэд өсгөсөн эх, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах насыг ердийн наснаас эрт байхаар тусгайлан зохицуулсан. 2023 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-5.1.7-д дээрх нөхцөлийг хадгалж хуульчилсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан тэтгэвэр тогтоолгох нас гэдэг нь тэтгэвэр тогтоолгох ердийн нас байтал даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болох нас хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл; 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байтал намайг хүсээгүй байхад 55 насанд хүрсэн хэмээн үзэж төрийн албанаас чөлөөлсөн нь буруу болсон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн нас, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох нас болон төрийн алба хаах насны дээд хязгаар гэсэн гурван өөр насны тухай яригдаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн нас нь 2017 он хүртэл 60 нас байсан ба 2017 оноос хойш 65 нас болсон. Даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох нас нь 2017 он хүртэл эмэгтэй даатгуулагчид 55 нас, 2017 онд 60 нас хүрсэн даатгуулагч оноос хойш 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч болж ч гэж. 2018 өөрчлөгдсөн. Төрийн алба хаах насны дээд хязгаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн хувьд 65 нас байна.
2023 онд шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг заасан ба ингэхдээ бүхий л нөхцөлд даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй хэмээн тодорхой тусгасан. Түүнчлэн, 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох-оор заасан байсан бөгөөд 2021 онд шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлээс ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлийг хассан байна. Тодруулбал, 2023 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нь даатгуулагчийн эрх бөгөөд даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж тодруулж, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах боломжгүй болгон зохицуулсан.
5.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт гаргах зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан. Уг хэсгээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагч цааш төрийн албанд төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд ажиллах эсэхийг зохицуулж байна. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол захиргаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас чөлөөлж болно. Харин төрийн жинхэнэ албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргасан бол захиргаа хэрхэн шийдвэрлэхийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгээр зохицуулсан байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн нас хүрмэгц захиргаа түүнийг төрийн албанаас чөлөөлж болох ба түүнийг заавал төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй байна.
Гэтэл, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 341 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох нас гэдгийг тэтгэвэр тогтоолгох ердийн нас-аар бус даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болох нас-аар үзсэн нь буруу болжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04/1604 дүгээр албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг мөн буруу тайлбарлан надад хариу өгсөн байдаг. Уг албан бичигт ... Та тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, эсхүл 55 нас хүрэхээс өмнө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй байна... гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллага Төрийн албаны тухай хуулийг зохих ёсоор хэрэгжүүлж мөрдүүлж чадахгүй байгаад харамсаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар зөвлөмжийн 2-т Төрийн албаны тухай хуулийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-тай уялдуулан 60 нас гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ хэмээн тусгасан болно. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04/1604 дүгээр албан бичгээр надад өгсөн гомдлын хариу нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар зөвлөмжтэйгөө зөрчилдөж байна.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох нас-ыг даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох нас хэмээн Төрийн албаны зөвлөлийн үзсэн шиг буруугаар хэрэглэх бол цаашид төрийн жинхэнэ албан хаагчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах ердийн нас хүртэл ажиллуулах эсэхийг захиргаа шийдвэрлэх эрхтэй болохоор байна.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нь даатгуулагчийн эрх бөгөөд зөвхөн өөрөө хүсвэл уг эрхээ хэрэгжүүлэх зохицуулалтыг Улсын Их Хурлаас сүүлд шинэчлэн баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тусгасан атал өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүсээгүй төрийн жинхэнэ албан хаагчийг албадан, түүний хүсэл зоригийн эсрэг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна.
Г.Н******* миний бие үргэлжлүүлэн ажиллуулж өгөх хүсэлтээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Гэвч миний хүсэлтийг судлан үзэж, үндэслэлтэй хариу өгөлгүйгээр намайг төрийн албанаас чөлөөлсөн. Би төрийн албанд 40 жил, үүнээс зөвхөн Улсын Их Хурлын Тамгын газарт 32 жил ажилласан. Улсын Их Хурлын Тамгын газрын бусад ажилтнуудын адил 60 нас (2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 60-65 насны ажилтнууд ажиллаж байсан, одоо ч 55-62 настай хүн ажиллаж байна) хүрээд өндөр насны тэтгэвэрт гарна хэмээн ойлгож ажил, амьдралаа зохицуулсан байсан. Би үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлтээ өгсөн ч надад тэгш бус, нас хүйсээр ялгаварлан хандаж төрийн албанаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг тусгасан бөгөөд энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх болон төрийн байгууллагын төсвийн шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй хэмээн заасан баталгааг зөрчсөн болно. Хэдий би 58 настай эмэгтэй төрийн жинхэнэ албан хаагч боловч захиргаа, төсвийн шууд захирагч нь 55 насанд хүрсэн эмэгтэй хүнийг ажлаас нь шууд чөлөөлөх ёстой хэмээн үзэж (ингэхдээ ч адил нөхцөл бүхий албан хаагчдад адил хандалгүй, тэгш бус ялгаатай хандсан) шийдвэр гаргасанд гомдолтой байна. Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр захирамжаар намайг төрийн албанаас чөлөөлсөн нь миний ажил хөдөлмөр эрхлэх, төрийн алба хаших эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн болно.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу ...Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.Н*******г төрийн албанаас чөлөөлөх тухай 341 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
7. Нэхэмжлэгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Намайг Г.Н******* гэдэг. Миний бие 1965 онд Ховд аймагт төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1983 оноос эхлэн хөдөлмөрийн гараагаа эхэлж, төрийн албанд нийтдээ 41 жил үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт тасралтгүй 31 жил 6 сар ажилласан. Тус газарт 1992 оноос хойш бичээч, хуралдааны нарийн бичгийн дарга, Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч шинжээч, Төсвийн байнгын хороо хариуцсан төсвийн дарга зэрэг албан тушаалуудад ажилласан. 2001 онд Төрийн албаны хуульд заасан нөхцөл болзлыг хангаж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллах хугацаандаа ажлаа үнэнч шударгаар хийж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хариуцлагатай, үр дүнтэйгээр гүйцэтгэж ирсэн.
Намайг өөрөө хүсээгүй байхад өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж хууль бус аман нөхцөл тулгаж, тэгш бус, нас хүйсээр ялгаварлан хандаж, Улсын Их Хурлын Тамгын газрын түүхэнд байгаагүй шийдвэрийг гаргаж, төрийн албанаас хассан тул гомдолтой байгаа. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байтал хууль тогтоох дээд байгууллага байж ийм шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 341 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү... гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захирамжийг гаргахдаа гол үндэслэж байгаа хууль нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсгийг үндэслэдэг. Тус хуулийн заалтыг буруу хэрэглэж уг тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлж болно" гээд заачихсан байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд тэтгэвэр тогтоолгох нас хэдэн нас байх вэ гэдгийг заагаагүй байдаг. Зөвхөн настай холбоотой асуудлыг 2 байдлаар буюу Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэний төрийн алба хаах эрх 18 насанд хүрснээр үүснэ, 41.2-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж заасан. Үүнээс үзвэл тэтгэвэрт гарах настай холбоотой харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулдаг. Хуучин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль үйлчилж байсан. Хуучин хуулиар эмэгтэй хүн 55 насанд хүрээд өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгон авах эрхтэй байсан. 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг ийм зохицуулалттай байсан. Шинэ хуулиар энэ өндөр насны тэтгэвэр авах эрх нь даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл гэдэг нөхцөлийг онцгойлж заасан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т 55 насанд хүрсэн эмэгтэй, 25 доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал гэж оруулдаг. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг нь эмэгтэй хүн өөрөө хүссэн нөхцөлд гарна гэдгийг 55 насаар хэрэглэсэн нь буруу байгаа юм. Ердийн нөхцөлөөр буюу 60 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзээд, төрийн албанаас чөлөөлж болох зохицуулалттай байтал өөрөө хүсвэл төрийн албанаас чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэврээ тогтоолгох заалтыг барьсан нь буруу болжээ гэж үзэж байгаа.
Захиргаанд хэдийгээр сонгох боломж өгч байгаа зохицуулалт боловч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т "төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц" гэдэг насыг 55 нас хүрэнгүүт гэж үзэж байгаа нь буруу байна. 55 нас хүрсэн эмэгтэй хүн өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгоод гаръя гэдэг хүсэлтээ өгөхөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар байгууллага ажлаас нь чөлөөлж болох байсан боловч 60 нас хүрээгүй. мөн өөрөө хүсээгүй байхад нь эмэгтэй төрийн албан хаагчийг өөрөө хүсэж гарах зохицуулалтыг авч хэрэглэсэн нь буруу байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т "хэдийгээр ажил олгогч буюу төрийн албаны томилох эрх бүхий этгээдэд энэ хүсэлтийг нь хүлээж аваад, төрийн албанаасаа чөлөөлөх, нэг бол төрийн алба хаагчийн насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаж болно" гээд захиргаа өөрөө сонгох боломжтой байдлаар хуульчилсан. Гэхдээ энэ сонгох боломжоо хэрэглэхдээ үндэслэл бүхий байдлаар шийдвэр гаргасан байх ёстой. Тухайлбал албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж, төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл, 65 нас хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг ингэж шийднэ гэсэн байна. Энэ тохиолдолд өмнөх жишгээр 60 нас хүртлээ ажиллана гэдэг байдлаар хүсэлтээ өгсөн. Гэтэл 65 нас хүртэл ажиллуулах шийдвэр гаргана гэдэг зохицуулалтыг барьсан нь буруу байна. Тиймээс захиргаа Төрийн албаны тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан боломжоо хуульд заасан хязгаараас давуулж хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хориглох зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа", мөн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байна", 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим-д нийцдэггүй.
Гуравдугаарт, маргаан бүхий захиргааны акт нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцдэггүй буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 25 дугаар зүйлд "иргэн бүр аливаа алагчлалгүйгээр болон үндэслэлгүй, хязгаарлалтгүйгээр дараах эрх боломжийг эдэлнэ" гээд "тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших" буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд адилхан нөхцөлөөр улсдаа ажил, хөдөлмөр эрхлэх эрхтэй гэдгийг баталгаажуулсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, 14 дүгээр зүйлийн 14.2-т хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно, 16 дугаар зүйлийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятайхан нөхцөлөөр хангуулах гэсэн шаардлагуудыг зөрчдөг.
Маргаан бүхий захиргааны акт нь хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаагаа заах гэсэн хэлбэрийн шаардлагыг хангаагүй болохыг дурдъя.
Нэхэмжлэгч Г.Н******* нь 1983 оноос хойш төрийн албанд ажилласан байдаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 392 дугаар захирамжаар Г.Н*******г төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулах шийдвэр гаргасан байдаг. 1994 онд Монгол Улс анх удаа Төрийн албаны тухай хуультай болсон. Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гараад, уг хуулиар төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа энэ хуульд заасан нөхцөл болзлоо хангасан төрийн албан хаагчдыг бүгдийг нь Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж үзнэ гээд 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хууль гарсан. Энэ хуулийн дагуу Г.Н******* нь тухайн үедээ Улсын Их Хурлын Тамгын газар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн хуульд заасан нөхцөл болзлоо хангаж байсан учраас төрийн жинхэнэ албан хаагч болсон байдаг. Ингээд 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрийн албан хаагчийн тангаргаа өргөөд үүнээс хойш тасралтгүй Улсын Их Хурлын Тамгын газраа ажиллаад, албан тушаал нь ахиж, дээшлээд явсан.
2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 49 дүгээр захирамжаар төрийн жинхэнэ албан тушаалын ахлах түшмэлийн тэргүүн зэрэг авсан байдаг. Ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээний баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2021 онд 90,7%, 2022 онд 90,3%, 2023 онд 92,1%-тай дүгнэгдсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулиар эрх ашиг нь хамгаалагдсан, төрийн жинхэнэ албан хаагч мөн юм. Өөрөө хүсвэл 55 нас хүрсэн эмэгтэй хүн өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй гэдэг заалтыг бариад, өөрөө хүсээгүй бөгөөд цаашаа үргэлжлүүлээд ажиллая гэдэг хүсэлтээ өгсөн байхад нь захиргаа 58 нас хүрчихсэн байгаа учраас хангалттай боломж олгосон гэж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байгаа тул Маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг нь тогтоож, хүчингүй болгож Гарна эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилж, цалин хөлсийг нь гаргаж өгнө үү... гэв.
Хариу тайлбар, татгалзал:
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*******, Т.Т******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Нэхэмжлэгч Г.Н******* нь Төрийн албанд 40 гаруй жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 1992-2024 оны 5 дугаар сар хүртэл бичээч, хуралдааны нарийн бичгийн дарга, Байнгын хорооны зохион байгуулагч, шинжээч, референтийн албан тушаалд 31 жил 6 сар ажиллажээ. Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн албан тушаалд ажиллаж байсан Г.Н******* нь хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарыг 15-ны өдрийн 341 дүгээр захирамжаар "2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон" төрийн албанаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Г.Н******* нь 1965 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед хуанлийн жил, сараар тооцвол 58 нас 5 сар хүрсэн байсан.
Төрийн албан хаагчийн тэтгэвэртэй холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасны дагуу дээрх хуулийг дагаж мөрдөж байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.2 дахь заалтад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана... гэж заажээ.
Тэтгэвэр тогтоолгох нас-ны тухайд. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2 дахь заалтад заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна. Харин төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд энэ насанд хүрснээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт" гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Н******* нь хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдөх, эсхүл үргэлжлүүлэн ажиллах талаар ямар нэг санал хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж байгаагүй. Иймд Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх хүрээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Г.Н******* нарын нийт 16 албан хаагчид тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэл-ээр албан хаагчийн зүгээс хуульд заасан хүсэлт гаргах эсэх, түүнийг захиргаанаас хянан үзэж шийдвэр гаргах тухай мэдэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор өгсөн. Нэхэмжлэгч Г.Н******* нь уг мэдэгдлийг хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ар гэрийн нөхцөл байдал, орон сууцны ипотекийн зээлийн төлөлт зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргасан.
Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 19 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрэм-ийн 3.14 дэх заалтад Тамгын газрын дотоод үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Тамгын газрын удирдлагын зөвлөл Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд ажиллана гэж заасан. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн хуралдаанд Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын Газрын зарим албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудал-ыг танилцуулж, хэлэлцүүлсэн. Хуралд ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хугацаанаас хойш ажилласан дундаж хугацааг гаргаж үзэхэд дунджаар 3 жил, тодруулбал 3 болон гүүнээс дээш жил ажилласан 10 албан хаагч, 1-2 жил ажиллаж байгаа 6 албан хаагч байгааг танилцуулж, Удирдлагын зөвлөлийн гишүүд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш 3 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх саналыг дэмжсэн юм.
Улмаар Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэр бүхий 16 албан хаагчтай уулзалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар төрийн албанаас чөлөөлж байгааг биечлэн танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Ажил олгогчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Нэхэмжлэгч Г.Н*******гийн хувьд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн уулзалтаар 60 нас хүртэл ажиллах хүсэлт-ийг илэрхийлсэн. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын Тамгын газар нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай ажиллагааг бүрэн хийж ажилласан тул хуулийн 27.7 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааны үед гарсан саналыг шийдвэр гraprax ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй.
Иймд УИХ-ын Тамгын газрын зүгээс Г.Н******* болон бусад албан хаагчдыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд уг насанд хүрснээс хойш тодорхой хугацаанд Тамгын газарт ажиллуулсан зэрэг нөхцөлийг харгалзан үзэж ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Тамгын газрын зүгээс Г.Н*******г 55 нас хүрмэгц ажлаас нь шууд чөлөөлөлгүйгээр 3 жил гаруйн хугацаанд ажиллуулж, бусад албан хаагчдын адил ижил нөхцөл, тэгш боломжоор хангасан юм.
Энэ шийдвэрийг гаргахдаа байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчийг оролцуулах зорилгоор сонсох ажиллагааг хийж, санал, хүсэлтийг хүлээн авч, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор бүрэн хангаж ажилласан болно. Түүнчлэн, нэхэмжлэлд дурдсан "тэтгэвэр тогтоолгох ердийн нас, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас" гэсэн ойлголт, хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд гагцхүү даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 25-аас доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч байх, төрийн алба хаах насны дээд хязгаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн Төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхаар тус тус хуульчилсан байна. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад заасны дагуу Г.Н*******г тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга бол Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т хуульд өөрөөр заагаагүй төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл хугацаанд ажиллах хүсэлтийг гаргана гээд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хүн бол төрийн жинхэнэ албан хаагч. Төрд олон жил ажилласан хүн гэж байна. Тэр үнэн. Энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгцээ төрийн албанаас чөлөөлөгдөх үү, эсвэл дээд хязгаар хүртлээ ажиллах уу гэдэг аль нэг хүсэлтийг гаргах ёстой байсан. Хууль бол иргэн, төрийн албан хаагч, албан тушаалтнууд бүгдэд нэг мөр, ижил тэгш үйлчлэх ёстой гэж ойлгож байна. Төрийн захиргааны байгууллага, хууль тогтоох байгууллага байна уу, эсвэл Улсын Их Хурлын Тамгын газрын нэгжийн дарга байна уу, ажилтан байна уу хамаагүй. Хуульд хэн байхаас үл хамаараад адил тэгш үйлчлэх ёстой. Ийм учраас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хуулийг хэрэгжүүлсэн. Төрийн албан хаагч болохынх нь хувьд тэтгэвэртэй холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэж заасан. Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа юм. Улсын Их Хурлын Тамгын газар 55, 60 нас гэдэг ойлголтыг гаргаж ирээгүй. Энэ бол хуульчилж өгсөн ойлголт. Тэгэхээр хуульд байгаа ойлголт учраас хүйсийн хамаарлаасаа болоод өөрөөр хэлбэл, 60, 55 гэдэг нас хуулиар тогтоогдчихсон байна.
Нэхэмжлэгчийн хувьд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны 341 дүгээр захирамжаар чөлөөлөгдөхөд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож чөлөөлсөн. Хуанлийн жил сараар тооцвол 58 нас 5 сар хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээсээ хойш 3 жил 5 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах, тэтгэвэртээ гарах гэдэг аль аль сонголт нь байсан. Төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан учраас энэ хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон бусад асуудлууд зохицуулагдаад явна.
Хоёрдугаарт, Улсын Их Хурлын Тамгын газарт өөрийн хүсэлтээр гараад байдаг практик гэх юм уу, ойлголт яваад байсан. Үүний улмаас тэтгэмжийн асуудал нь ихэвчлэн хөндөгддөг. Тухайлбал 36 сарын тэтгэмжийн асуудал жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр хөндөгдөөд, олгоно, олгохгүй гэдэг асуудлууд яригдаад ирэхээр манай албан хаагчид "ирэх жилийн төсвөөс хасагдчих юм шиг байна" гээд хүсэлтээ өгчихдөг. Тэр нь хэлэлцэгдээд ирэхээр би хүсэлтээ буцаагаад авъя гэдэг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд Төрийн албаны тухай хууль нэг мөр ойлголттой байх ёстой атал өөр өөрөөр ойлгогддог. Нөгөө талдаа 55, 60 нас гэдэг бол улсдаа олон жил ажиллачихсан хүмүүсийн хувьд хувийн ажил амьдралаа зохицуулах, үр хүүхдээ зохицуулах гэх зэрэг бусад зүйлээ төлөвлөхөд хүндрэлтэй асуудлууд үүсээд байдаг учраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд манай удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр дээр ч байгаа Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж өөрчлөгдөөд, нэмэгдэж байгаатай холбоотой хүний нөөцийн бодлого төлөвлөлт, үүнтэй уялдуулаад жил бүрийн төсвийн төсөлд өгч байгаа албан хаагчдын 36 сарын тэтгэмж өндөр тоогоор орж ирдэг. Тиймээс энэ асуудлуудаа бид цэгцлэх ёстой учраас хуулиа нэг мөр ойлгоё гэдэг агуулгаар энэ шийдвэрийг гаргасан гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Мөн хаана ч байхгүй 58, 63 нас гэдэг ойлголтыг гаргаж ирсэн гэж байна. 55, 60 нас гэдэг л ойлголт байгаа. Улсын Их Хурлын Тамгын газар 55, 60 нас хүрсэн хүмүүсээ гаргачхаж болно. Гэхдээ туршлага, ур чадвар, хувийн байдлыг нь харгалзан үзээд, энэ хугацааг шийдвэр гаргах эрх бүхий түвшний албан тушаалтан болох Ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэрээ гаргадаг. Жишээлбэл, өнгөрсөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар захиргаанаас судалгаа хийж үзэхэд нийтдээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд ажиллаж байгаа 16 албан хаагч байсан. Үүнээс 1 жил ажиллаж байгаа 4 албан хаагч, 2 жил ажиллаж байгаа 2 албан хаагч, 3 жил ажиллаж байгаа эрэгтэй 2, эмэгтэй 1, 4 жил ажиллаж байгаа эмэгтэй 2, тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эрэгтэй 2, эмэгтэй 3 буюу өөрөөр хэлбэл нийт 16 албан хаагч байсан. Эдгээр албан хаагчдынхаа дунджаар 3 хүртэлх жил ажиллах боломж олгоод, энэ хугацаанд энэ хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэг, бусад асуудлаа зохицуулдаг гэдэг үүднээс хэлэлцэж, шийдвэрлээд, сонсох ажиллагааны явцад захиргааны шийдвэр гаргах мэдэгдэх хуудас өгсөн үеэс эхлээд 2 сар гаруй хугацаа олгоод, дундаж хугацаа 3 жил гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Эдгээр 16 албан хаагчдад бүгдэд нь шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, зарим албан хаагч нь энэ оны 12 сард дугаар сард 55 нас хүрээд тэтгэвэрт гарах ч хүн байгаа, 2025 оны 12 дугаар сард 58 нас хүрээд тэтгэвэрт гарах ч хүн байгаа. Энэ бол ажилтнаа бодсон, аль болох хүнээ бодсон шийдвэр гэж үзэж байгаа... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2. төрийн захиргааны албан тушаал, 10.3. энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, 12 дугаар зүйлийн 12.1. төрийн захиргааны албан тушаалд ... төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна, 12.1.2. ...ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасны дагуу тодорхойлогдсон, тэрээр төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй олон жил ажиллаж ирсэн ба түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нарийвчлан зохицуулагдахаар байна.
3. Хариуцагч УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн албанаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн ба маргаан бүхий захирамж нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4. Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана, 46 дугаар зүйлийн 46.1.5. ...ажилтныг болон гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслахыг томилох, чөлөөлөх, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана, 46.5. энэ хуулийн 46.1, 46.2-т заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2. тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэж заасныг үндэслэн гарчээ.
4. Нэхэмжлэгчээс ...өөрөө хүсээгүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзсэн нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-д заасныг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн, захиргаа сонгох боломжоо хуульд заасан хязгаараас давуулж хэрэгжүүлсэн, маргаан бүхий захирамж нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцдэггүй зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан.
5. Нөгөө талд хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа өөрийн бүрэн эрхэд хамаарах холбогдох хуулийн заалтуудыг үндэслэсэн, үүгээрээ хуульд заасан тэрхүү бүрэн эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай байна.
6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон ба нэхэмжлэгч нь 1965 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байгаа нь төрийн албанаас чөлөөлөгдөх үед хуанлийн жил, сараар тооцоход 58 нас 5 сар хүрсэн байж.
7. Шүүх, нэхэмжлэгчийн Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн ажил үүргийг гүйцэтгэж байсантай холбоотойгоор буюу түүний эрхэлж байсан ажлыг төрийн албаны чадахуйн зарчимтай холбож, тэр дундаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн яаж гүйцэтгэсэнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
8. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой харилцаа ба, энэ утгаараа хэрэглэгдэх хууль нь Төрийн албаны тухай хууль болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна гэж зааснаар хязгаарлагдана, шүүхийн хяналтын цар хүрээ энэ хүрээнд байна.
9. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.2. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана... гэж заасан бол,
10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 5.1.1. тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч, 5.1.2. тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэхчлэн зааж, төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тооноос, газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж байснаас, малчнаар ажиллаж байснаас, сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байснаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас өөр, өөр байхаар мөн хуулийн 5.1.3-5.1.7-д зохицуулсан нь тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхтэй холбоотой материаллаг хэм хэмжээ юм.
11. Энэ үүднээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1, 5.1.2-д заасан шимтгэл төлөлтийн хугацаа болон насны хязгаарын хувьд нэхэмжлэгч-даатгуулагч өөрөө хүсвэл үүсэх эрх байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайд хэрэв өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх дээрх хуулийн дагуу үүсэх хуулийн боломжтой байна.
12. Харин ийнхүү эрх үүссэн авч өндөр насны тэтгэврээ тогтоолгохгүйгээр хэрхэн хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэх вэ гэдэг зохицуулалт нь нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 46.3-д зааснаар бий болж байна.
13. Маргаан бүхий үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдэх хуудас-аар авснаас хойш 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр огноолон үргэлжлүүлэн ажиллахаар хариуцагчид хандан хүсэлтээ гаргасан.
13.1. Тодруулбал, хэрэгт авагдсан миний бие улсад 40 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 31 дэх ажиллаж байна. Би ар гэрийн нөхцөл байдал, орон сууцны ипотекийн зээлийн төлөлт зэрэг нөхцөл шалтгааны улмаас цаашид Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан болох нь баримтаар нотлогдож, мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
13.2. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
13.3. Нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчим үйлчлэх ба хариуцагчаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх ажилтныг хүсэлтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ хожим гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй болно.
14. Иймд нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 46.3-д зааснаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч маргаан бүхий захирамжаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Яагаад гэвэл, хуулийн уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, заалт нь утгын хувьд таслалаар хязгаарлагдаж, албанаас чөлөөлөх талаарх бүрэн эрх хэрэгжсэн байна.
15. Харин мөн хуулийн ...эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан үндэслэлээр хүлээн авах хууль зүйн боломжгүй.
16. Хариуцагчийн бүрэн эрх хүсэлтийг хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх гэдгээр хэрэгжиж байгаа тохиолдолд ажилтны /нэхэмжлэгч/ ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн байдал, үнэлгээний хуудас зэргийг шүүхийн хяналтад оруулж шалгуулах, шүүхээр тогтоолгох боломжгүй, хууль хэрэглээний хувьд төрийн албан хаагч /нэхэмжлэгч/-ийн тэтгэвэр тэтгэмжтэй холбогдсон харилцаанд Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуулийг үйлчлэх хүргээгээр нь нэг мөр хэрэгжүүлэх бүрэн эрх байх бөгөөд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзэж төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, 2020 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д нийцсэн байна.
17. Нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрхэн гүйцэтгэж байснаас хамаарч ажил /албан тушаал/-аас чөлөөлөөгүй, харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлснийг дурдах нь зүйтэй.
18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий захирамж нь дээд эрэмбийн хууль, олон улсын хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлийг тайлбарлаж маргасныг хүлээн авах үндэслэлгүй, УИХ-ын Тамгын газарт ийм жишиг өмнө нь хэрэгжиж байсан, залуу наснаасаа нэг байгууллагад олон жил ажилласан гэх тайлбар, шалтгаанаар маргаан бүхий захирамжийг хүчингүй болгохгүй, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 ...тэтгэвэр, тэтгэмж авах төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй болно.
19. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... өмнөх жишгээр 60 нас хүртлээ ажиллана гэдэг байдлаар хүсэлтээ өгсөн байхад төрийн алба хаагчийн насны дээд хязгаар 65 нас хүртэл ажиллуулах шийдвэр гаргана гэдэг Төрийн албаны тухайн хуулийн 46.3-т заасан зохицуулалтыг үндэслэсэн нь захиргаа сонгох боломжоо хуульд заасан хязгаараас давуулж хэрэгжүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 49.1-д заасан хориглох зүйл, 62.1.1-д заасан албан хаагчийн нэмэгдэл баталгаа-г зөрчсөн, 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байна, 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд нийцдэггүй... гэсэн үндэслэлийг дүгнэвэл,
19.1. Хариуцагчаас, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж заасныг маргаан бүхий энэ тохиолдолд хэрэгжүүлэхдээ тухайн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх, зөвшөөрөгдөх боломжит хувилбарууд өөрт нь хуулиар бий болсон буюу хуульчлагдсан байгаа эсэхийг анхаарах-аар, хуульд заасан шаардлагад үндэслэх-ээр, мөн зорилгодоо нийцүүлэх-ээр байгааг мөн хууль, зүйлийн 42.2. захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан.
19.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 46.3-аар тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх үү, эсхүл тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах уу гэдгээ хүсэлт-ээр илэрхийлэх нь хуульд заасан шаардлага байна, нэхэмжлэгч нь энэ шаардлагыг хангаагүй болохыг дээр дурдсан.
19.3. Нэгэнт хуулийн энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5. энэ хуулийн 46.1, 46.2-т заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана, Монгол Улсын Их Хурлын тухай хууль /2020 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил, 46.1.7. Улсын Их Хурлын төсвийн шууд захирагчийн болон Улсын Их Хурлын даргын шилжүүлснээр төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэх гэж зааснаар захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээ-нд шийдвэрлэгдэх асуудлыг ... өмнөх жишгээр 60 нас хүртлээ ажиллуулна хэмээн ажилтан /нэхэмжлэгч/-ы зорилгод нийцүүлэн сонгох боломжийг буруу хэрэглэх эрх хариуцагчид байхгүй болно.
19.4. Иймд хариуцагчийг сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаараас хэтрүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж маргаан бүхий захирамжийг гаргасан гэж шүүх дүгнэх хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
20. Маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж шүүх үзсэнээр нэхэмжлэлийн бусад шаардлага болох эгүүлэн томилуулах, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх зэрэг бусад шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
21. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 46 дугаар зүйлийн 46.3, 46.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н*******гаас Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.Н*******г төрийн албанаас чөлөөлөх тухай 341 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН