Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/675

 

 

 

 

   2023            6              29                                          2023/ДШМ/675

 

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/329 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Бт холбогдох эрүүгийн 2211 02206 0101 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Н.Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд барилгын инженер ажилтай ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /РД:..../.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С-Март дэлгүүр дотор байрлах “...” банкны АТМ буюу бэлэн мөнгөний тооцооны машиныг “карт залгилаа” гэх шалтгаанаар хууль бусаар гэмтээж ... банканд 13.877.760 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Б-ийг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-өөс нийт 13.877.760 төгрөгийг гаргуулан, хохирогч “... банк” /РД:..../-т олгож, 8 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Бт холбогдох Эрүүгийн 2211022060101 дугаартай хэргийн хохирогч ... банк ХХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/329 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхээс шийдвэрийнхээ тодорхойлох нь хэсэгтээ: “Бусад асуудлын талаар: Энэ хэргийн улмаас .... банк-нд нийт 13.877.760 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Н.Б-өөс гаргуулж ... банк”-нд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов” гэж дүгнэсэн.

Мөн тогтоох нь хэсгийн 5-т “...Н.Б-өөс 13,877,760 төгрөгийг гаргуулан, хохирогч “... банк”-нд олгож, 8 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож. хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон шийдвэрээ гаргажээ.

Эдгээр удирдлага болгосон заалтуудад зөвхөн хохирол, иргэний нэхэмжлэлийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох талаар заасан. Харин хохирлыг хуваан төлүүлэх талаар зааж зохицуулсан зүйлгүй.

Гэтэл шүүх хуульд заагаагүй буюу эрх хэмжээ олгогдоогүй байтал хохирлыг хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн хохирлын хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах талаар шийдвэрлэх байтал хохирлыг хуваан төлүүлэх талаар шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Мөн шүүхээс тогтоох нь хэсэгтээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хохирол төлбөрийг хуваан төлүүлэхээр тогтоосон боловч баримталсан хуулийн тухайн заалтуудад хохирол төлбөрийг хуваан төлөх талаар зохицуулаагүй байна.

Шүүх хуралдааны явцад хохирогчийн зүгээс хохирол төлбөрийг хуваан гаргуулах боломжгүй талаар тайлбарласаар байтал шүүхээс ийнхүү хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, шүүгч хуульд заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/329 дугаартай шийдвэрийн дээрх хуульд нийцээгүй хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолд тусгах зүйлийг хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж заасны дагуу анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол, төлбөрийг 8 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь үндэслэлтэй бөгөөд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С-Март дэлгүүр дотор байрлах “...” банкны АТМ буюу бэлэн мөнгөний тооцооны машиныг “карт залгилаа” гэх шалтгаанаар хууль бусаар гэмтээж Хаан банканд 13.877.760 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Н.Бийн: “... банкны АТМ-с мөнгө авах гэж байгаад картаа залгиулсан. Дэлгүүр дотор байгаа хүмүүс нь тухайн АТМ дээр ирж засдаг хүмүүсийг мэддэг болохоор нь би дэлгүүрийн худалдагч эмэгтэй дээр очоод “би картаа залгиулчихлаа, та АТМ-ны хүнийг дуудаад өгөө, би маргааш хөдөө явах болохоор карт хэрэгтэй болдог” гэхэд тухайн эмэгтэй “чадахгүй, одоо манайх хаах гэж байна” гэж уурлахаар нь би согтуудаа уурлаад “дуудаад өгч чадсангүй, энийг чинь хагалах юм бол хүмүүс нь хүрээд ирэх юм биш үү” гээд ... банкны АТМ-ны шилэн дэлгэцийг дэлгүүрт байсан модон тавцантай, түшлэгтэй сандлаар хэд хэдэн удаа цохиж хагалсан. Бэлэн мөнгөний тооцооны нүүр, хаалт зэрэг эд анги нь эвдэрсэн, хуванцар материалууд нь хагараад энэ тэндгүй үсэрсэн, шилэн дэлгэц нь хагарсан харагдаж байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Боломжоороо хохирлыг барагдуулна. Бэлэн 13.000.000 төгрөгийг гаргаж өгнө гэдэг миний амьдрал хэцүү байна” гэсэн /хх 68/,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ын: “...Би 2019 оноос хойш “... банк” хариуцлагатай хувьцаат компанийн итгэмжлэлээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... банкны аюулгүй байдал хариуцсан газраас над руу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байх АТМ-д халдаж гэмтээсэн талаар мэйл ирүүлсэн байсан. Тухайн үедээ цагдаа дуудаад цагдаа нар үзлэг хийгээд аваад явсан гэж хэлж байсан. ... банкны автомат теллер машин худалдан авах болон, засвар үйлчилгээний ажлыг “...” хариуцлагатай хувьцаат компани хариуцаж хамтран ажилладаг. Автомат теллер машинд эвдрэл гарсан тохиолдолд “...” хувьцаат компанид мэдэгдэж засвар үйлчилгээ авдаг. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны “С-Март” дэлгүүрт байх автомат теллер машин дээр 2022 оны 12 дугаар сарын 03-ны үед “....” ХХК-ийн ажилчид очиж үзлэг хийж эвдэрсэн зүйлсийн жагсаалтыг гаргаж тодруулаад дараа нь засвар үйлчилгээг хийсэн байсан. Тухайн автомат теллер машины хавхлаг хагарч зам гажсан, дэлгэц мэдрэхгүй, нүүр хагарсан, гарын товчлуурын хаалт хагарсан, мөнгөний машины хүрээ хагарсан, нүүрний суурь хагарсан, cash гэсэн гэрэлтэй бичигтэй хэсэг хагарсан гэмтлүүд тогтоогдож засвар нийтдээ 13,877,760 төгрөг болсон байна. Засвар үйлчилгээг “...” ХХК хийж гүйцэтгэн нэхэмжлэлээ манай компани руу явуулсан байгаа...” гэсэн мэдүүлгүүд /хх 13-14/,

шүүгдэгч Н.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, ял шалгасан хуудас /хх 38/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зургын үзүүлэлтүүд /хх 5-8/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургын үзүүлэлтүүд /хх 21-22/, “...” ХХК-ийн дүгнэлт /хх 27/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тусгана гэж заажээ. Анхан шатны шүүх дээр дурдсанаар шүүгдэгч Н.Б-өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 13.877.760 төгрөгийг гаргуулж, хохирогч “... банк”-нд олгож, хохирлыг 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/329 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ