Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0746

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0746

Улаанбаатар хот

 

 

Х.Д-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0640 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0640 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, 151 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус баримтлан Х.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/27 дугаар тушаалыг гаргахдаа Х.Д-г үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Д-ийн нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцоолон олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Д-г Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцон олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад даалгасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0640 дүгээр шийдвэр гарсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 1. Х.Д нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/225 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр томилохдоо ТЗ-6 дугаар зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинг тогтоож цалинжуулж байсан. /Х.Д-г томилсон Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн Б/225 тоот тушаал нь хэрэгт байгаа/

2. Мөн Х.Д-ийн оронд томилогдон ажиллаж Б.Д-ийн цалин ТЗ-5 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар цалинг тогтоож цалинжуулж байсан. /Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр Б.Д-г томилсон Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаал нь хэрэгт байгаа/

Тус шийдвэрээр Х.Д-д ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож тогтоосон нь, Х.Д-ийн урьд өмнө авч байсан цалин болон түүний оронд ажиллаж байгаа Б.Д нарын авч байсан цалингаас өндөр хэмжээгээр тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0640 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсэг “Х.Д-д ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар “Х.Д-д ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-6 дугаар зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар тооцож” гэж өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Д “Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг гаргахдаа Х.Д-ийн нэрийг оруулаагүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтний ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын холбогдох хэсгийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар “Х.Д-д ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-6 дугаар зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар тооцож” гэж өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээх” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь анх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр томилогджээ. Уг албан тушаал нь “Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төрийн  жинхэнэ албан тушаал байна. Иймд нэхэмжлэгч Х.Д нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5, 4.2.6-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгаагаар хангагдах ёстой.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь татан буугдаж бүртгэлийн чиг үүрэг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт, статистикийн мэдээлэлтэй холбоотой чиг үүрэг Үндэсний статистикийн хороонд тус тус шилжиж, үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын  талаарх арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар статистикийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын нийт орон тоо нь Үндэсний статистикийн хороонд өөрчлөлт оролгүйгээр шилжсэн байна.

Улмаар Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал зэрэглэл батлах тухай” А/17 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн орон тоог хуучин орон тоогоор нь баталжээ. Уг тушаалыг үндэслэн Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг гаргаж, Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн албан хаагчдыг үргэлжлүүлэн томилохдоо Х.Д-ийн оронд Б.Д-г томилсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх Статистикийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны Б/27 дугаар тушаалыг гаргахдаа Х.Д-г үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалыг ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож бодсон нь буруу байна.

Учир нь анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар олгохоор дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгтээ ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар өгөхөөр зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/225 дугаар тушаалын 2 дахь заалтад “Х.Д-ийн албан тушаалын цалинг төрийн захиргааны албан хаагч, дэс түшмэл ангилал, ТЗ-6-1 зэрэглэлд хамруулан....” гэж мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/36 дүгээр тушаалын хавсралтын 49-д Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х.Д-ийн албан тушаалын ангиллыг дэс түшмэл, ТЗ-6 гэж бичсэн байна. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Х.Д-ийн урьд эрхэлж байсан Статистикийн хэлтсийн мэргэжилтний албан тушаал нь төрийн албаны ТЗ-6 зэрэглэлийн 1 дүгээр шатлал байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвхөн ТЗ-5-4 гэснийг ТЗ-6-1 болгуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дээрх тушаалуудад зааснаар ТЗ-6-1 зэрэглэлээр тооцож, нэхэмжлэгчийг ажилд томилоогүй өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0640 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар” гэснийг “..ТЗ-6 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР