Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00405

 

 

Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/00040 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б, А.Б нарт холбогдох, эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд Э.Баас 7 718 944 төгрөг, хөдөлмөрлөх үүргээ ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд А.Бас 332 000 төгрөг гаргуулах үндсэн, дутуу олгосон цалин 1 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, хариуцагч нарын өмгөөлөгч С.Ганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд байрлах алтны уурхайд худгийн өрөмдлөгийн ажил хийхээр манай компанийн 36-75 УНК улсын дугаартай автомашиныг хийн компрессорын хамт түрээслэн авч явсан. Тухайн автомашиныг манай компанийн ажилтан А.Б жолоодож түрээслэгч Э.Быг өрөмдлөг хийх газарт нь хүргэж өгсөн ба оператор Ч.Доржрагчаа хийн компрессорыг ажиллуулахаар тохиролцсон. Жолооч А.Б Төв аймагт хүргэж өгөөд Улаанбаатар хот руу буцсан. Манай компанийн жолооч очоогүй байхад автомашиныг дур мэдэн жолоодож хөргөлтийн шингэнгүйгээр явж моторыг халааж эвдсэн. Жолооч А.Б автомашиныг жолоодон 5 км газар явтал мотор нь халсан тул ус нэмж хийж явсан боловч хөдөлгүүр нь зуурч эвдэрсэн. Уг автомашиныг Заамар сумаас Улаанбаатар хот руу автомашинаар чирж ирсэн. Э.Б нь Би эвдээгүй, танай жолооч эвдсэн, хүлээлгэн өгсөн тул хариуцахгүй гэсэн. Жолооч А.Б моторт ус нэмж явсаар бүрмөсөн засварлах боломжгүй болсон. Үнэлгээ хийлгэхэд моторын үнийг 9 000 000 төгрөг, эд анги солих ажлын хөлсийг 500 000 төгрөг, тос тослох материалын үнэ 346 000 төгрөг гарсан. Төв аймгийн Заамар сумаас ачааны автомашиныг тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560 944 төгрөг, тээвэрлэхэд оролцсон ажилчдын хөлс 624 000 төгрөг, зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20 000 төгрөгийн хохирол гарсан. Иймд 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашины моторыг эвдэж шууд хохиролд Э.Баас 5 520 372 төгрөг, А.Бас 5 540 372 төгрөгийн учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч моторын үнийг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Моторыг Э.Б эвдсэн учраас хариуцлага хүлээх ёстой. Төв аймгаас тээвэрлэхэд оролцсон ажилчдын хөлс 624 000 төгрөгийг хариуцагч нар хувааж төлөх үүрэгтэй. Иймд А.Бас 624 000 төгрөгийн 50 хувь болох 312 000 төгрөг, зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20 000 төгрөг, нийт 332 000 төгрөгийг гаргуулж, Э.Баас 624 000 төгрөгийн 50 хувь 312 000 төгрөг, моторын үнэ 6 000 000 төгрөг, эд анги солих ажлын хөлсийг 500 000 төгрөг, тос тослох материалын үнэ 346 000 төгрөг, тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560 944 төгрөг, нийт 7 718 944 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э Т ХХК-ийн захирал Ш.Гтай 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр утсаар холбогдож түүнээс компрессор түрээслэхээр болсон. Түрээсийн хугацаанд компрессорийг оператор Ч.Доржрагчаа ажиллуулах, компрессорыг зөөвөрлөх 36-75 УНК улсын дугаартай Асио Кренто маркийн автомашиныг А.Б жолоодон явах хөлс 1 өдрийн 800 000 төгрөгөөр тохиролцож, нийт 5 600 000 төгрөгийг Хаан банк ХХК дахь Ш.Гын 5031741481 тоот дансанд шилжүүлсэн. Төвийн аймгийн Эрдэнэсант суманд очиж автомашиныг А.Бар жолоодуулж явсан. А.Б захирал Улаанбаатар хотод ажил гарсан ир гэж дуудсан гээд 2019 оны 7 дүгээр сарын 26-ны өдөр явсан. Миний бие Ш.Гтай утсаар холбогдож бид дараагийн худаг гаргах газар руу явахаар боллоо жолооч явуулаарай гэхэд Ш.Г манай жолооч Хэнтий аймаг руу ажиллахаар яваад ирээгүй байна, өөрөө автомашиныг жолоодоод явчих гэсэн тул миний бие автомашиныг жолоодож 7 км явсан. Энэ үед автомашинд ямар нэгэн гэмтэл илэрлээгүй. Ш.Г руу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр утсаар холбогдож жолооч явуулаарай гэж хэлсэн. Гэтэл Ш.Г манай жолооч аймгаас ирж байгаа, чи автомашиныг сумын төв оруулаад үлдээчих, жолоочоо явуулаад сумын төвөөс авна гэсэн. Миний бие автомашиныг аваачих орхисон. Тус газраас хөдлөхөөс өмнө автомашины масло, тог зэргийг үзэхэд бүх зүйл хэвийн байсан. 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг эвдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э Т ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс жолоочоор ажилд орсон. Тус компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавраар, ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, сарын 1 200 000 төгрөгийг цалин хөлсийг тогтмол хугацаанд буюу сард 2 удаа хувааж авч байсан болно. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж байхад захирал Ш.Г утсаар залгаад Э.Б манай компанийн комперссорыг түрээслэхээр болсон. 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг жолоодож түүнтэй хамт яваарай, эндээс оператор Ч.Доржрагчаа очиж компрессийг ажиллуулна, түрээсийн хугацаа дуусгаад Улаанбаатарт ир гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө очиж худаг гаргах газарт тус автомашин, компрессорыг байрлуулан зогсоосон. Заамарын худгийн ажил 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн миний бие тус газарт 2 хоносон ба энэ хугацаанд автомашиныг огт хөдөлгөөгүй. Захирал Ш.Г 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ир гэж дуудаж улмаар Хэнтий аймаг руу 2 хоногийн хугацаатай ажлаар явуулсан бөгөөд Хэнтий аймаг дахь ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирэхэд Э.Бт түрээсэлсэн компрессорыг ажил дууссан, Төв аймгийн Заамар суманд автомашин болон компрессорыг хүргүүлсэн автомашин болон компрессийг авч ир гэсэн. Бид Заамар сумын төвөөс 20 км явахад автомашин халж эхэлсэн тул зогсож зам дээр хоносон. Өглөө явах гэхэд бас халсан тул энэ талаар захирал Ш.Гтай утсаар холбогдож хэлэхэд аргалаад ямар ч байсан хүрээд ир гэсэн. Автомашиныг унтрааж, хөргөж явсаар худагтай газар ирсэн тэгээд маш сайн хөргөж байгаад ус нэмж хийгээд Төв зам руу ороход асахгүй болсон. Миний бие тус компанид 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж мөн оны 8 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа цалин 500 000 төгрөг авсан. Харин үлдэгдэл цалин өгөөгүй тул ажилдаа очоогүй. 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн автомашиныг эвдээгүй болно. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тухайн автомашиныг хүлээлгэн өгөхөд хэвийн байсан. Харин 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас аваад Улаанбаатар хот руу явахад доголдол гарсан. Түүнчлэн тухайн автомашинд эвдрэл учирсан тохиолдолд хариуцахаар тохиролцоогүй. Нөгөөтэйгээр Э Т ХХК нь бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хангах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Торгууль 20 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Э Т ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд ажилласан. Э Т ХХК нь 2019 оны 8 дугаар сарын цалин 1 200 000 төгрөгийг өгөөгүй. Иймд дутуу олгосон цалин 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Б нь манай компанид 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс жолоочоор ажиллахаар болж сарын 1 200 000 төгрөгийн цалинтай авахаар тохиролцсон. А.Б өөрийн бичиг баримтаа өгөөгүй. Захирлын тушаал гарсан талаар түүнд танилцуулж 1 хувийг өгсөн. А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 36-75 УНК улсын дугаартай автомашиныг эвдсэн. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр автомашинаа чирж авчирахын тул А.Б руу удаа дараа залгасан боловч утсаа салгаад алга болсон тул өөр жолоочийг түүний ажлыг нь гүйцэтгүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эхнэрийнхээ 5019199087 тоот дансаар цалин 150 000 төгрөг авсан. Мөн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хонь авсан боловч үнийг нь өгөөгүй. А.Б 2019 оны 8 дугаар сард ажиллаагүй тул цалин олгох үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Бас 20 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх А.Бас 312 000 төгрөг, Э.Баас 7 718 944 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э Т ХХК-аас дутуу олгосон цалин хөлс 1 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Баттулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 922 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг 6 сар гэж үзэж, мөн хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэжээ. Хэрэгт зөв дүгнэлт хийгээгүй. Гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр буюу түрээсийн харилцаа дууссан үед автомашин жолоодох эрхгүйгээр өөрөө дур мэдэн 36-75УНК улсын дугаартай автомашиныг жолоодож эвдсэн талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан. Гэрч Ч.Доржрагчаагийн мэдүүлэгт Нэхэмжлэгч Э.Бт автомашиныг жолоодох талаар ямар нэгэн зааварчилгаа аваагүй, уг автомашинд худгийн хүйтэн ус радиатороор дамжуулан халуун моторт хийсэн. 36-75 УНК улсьн дугаартай автомашиныг жолоодох эрхгүй байсан, эвдрэл гарах нөхцөл байдал үүссэн байгааг сануулсаар байхад бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй эзэмшиж хохироосон. Эвдрэл гарсан үед гэрч Ч.Доржрагчаа компанид мэдэгдэх гэтэл Э.Б танай захирал уурлаад байдаг юм гэж шалтаг гаргаж болсон үйл баримтыг нуусан нь тогтоогдсон. Гэтэл эдгээр үйл баримтуудыг шүүх үнэлээгүй, түрээсийн харилцааны улмаас гэрээ зөрчигдсөнөөс үүссэн маргаан буюу хохирол гэж шүүх буруу дүгнэсэн. Түрээсийн харилцааны улмаас учирсан хохирол биш бөгөөд Э.Бын дур мэдэн бусдын өмчид халдаж улмаар эд зүйлийг эвдсэн гэм хор учруулсан. Иймд Э.Баас 7 718 944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э Т ХХК нь хариуцагч Э.Б, А.Б нарт холбогдуулан 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн автомашины мотор эвдэрсний улмаас учирсан хохиролд Э.Баас тээвэрлэхэд оролцсон ажилчдын цалин 312 000 төгрөг, моторын үнэ 6 000 000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 500 000 төгрөг, тослох материалын үнэ 346 000 төгрөг, шатахууны үнэ 560 944 төгрөг, нийт 7 718 944 төгрөг, А.Бас тээвэрлэхэд оролцсон ажилчдын цалин 312 000 төгрөг, торгууль 20 000 төгрөг, нийт 332 000 төгрөг, бүгд 8 050 944 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Э Т ХХК нь өөрийн жолооч А.Бар автомашиныг жолоодуулахаар тохиролцсон боловч жолоочийг өөр ажилд явуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр автомашиныг Төв аймгийн Заамар суманд орхисон, тухайн үед автомашин эвдрээгүй байсан гэж, хариуцагч А.Б нь автомашины ус халсан явах боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч тэрээр аргалаад ир гэсэн, ажил олгогчтой автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус татгалзаж, А.Б нь дутуу олгосон цалин 1 200 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Э.Б нь Э Т ХХК-ийн 39-75 УНК улсын дугаартай, Асиа Кренто маркийн автомашиныг хийн компрессорын хамт 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт өдрийн 800 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх гэрээний дагуу хөлслүүлэгч нь хөлслөгч Э.Бт Төв аймгийн Заамар сум дахь алтны уурхайд худгийн өрөмдлөгийн ажилд өөрийн компанийн компрессор болон 36-75 УНК улсын дугаартай Асиа Кренто маркийн автомашиныг ашиглуулах, хөлслүүлэгч Э Т ХХК-ийн жолооч А.Б автомашиныг жолоодох, оператор Ч.Доржрагчаа компрессорыг ажиллуулах үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Маргааны зүйл болсон автомашиныг түр хугацаагаар ашиглуулсан болон түүнийг ашигласны хөлсийг төлсөн эсэх талаар талууд маргаагүй, харин хөлсөлсөн эд хөрөнгөд учирсан эвдрэлийг хариуцах эсэх нь маргааны зүйл болсон.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д гэрээнд заасан хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болжээ.

 

Хөлслөгч Э.Б нь гэрээгээр тогтоосон хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд түрээсийн зүйлийг ашиглан хөлслүүлэгч компанийн жолоочид хүлээлгэн өгсөн, жолооч А.Б жолоодон явах үед автомашины мотор эвдэрсэн бөгөөд тухайн үед автомашины ус халаад явах боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хариуцагч А.Баттулгын тайлбар, гэрч Ч.Доржрагчаагийн мэдүүлгээр тогтоогджээ. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-т зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ хөлслөгч зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Талуудын хооронд үүссэн эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болсноор хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгч компанийн жолоочид нь хүлээлгэж өгсөн ба хариуцагч Э.Бын буруутай үйлдлийн улмаас автомашинд эвдрэл гарч хохирол учирсан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Э.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Тодруулбал, хариуцагч буюу хөлслөгч Э.Бын гэрээний үүргийн зөрчлийн улмаас болон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Э Т ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчлийн улмаас хохирол шаардах, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно гэж заасан бөгөөд хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хөлслүүлэгч Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулав.

 

Анхан шатны шүүх хариуцагч А.Бд холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг түүний зөвшөөрсөн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

Автомашины доголдол илэрснийг мэдэгдэх үүргээ А.Б хэрэгжүүлсэн, түүний буруутай үйлдлийн улмаас автомашины моторт эвдрэл учирсан гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж зааснаар Э Т ХХК нь жолооч А.Бтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан биш учир хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад хохирол учруулсныг түүнээс шаардах үндэслэлгүй.

 

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

 

А.Б нь Э Т ХХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19/0620 тоот тушаалаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс жолоочийн албан тушаалд сарын 1 200 000 төгрөгийн цалинтай хугацаагүй томилогдсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан байна. /хх-60/

 

Хариуцагч А.Б нь Э Т ХХК-д холбогдуулан, 2019 оны 8 дугаар сарын цалин 1 200 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд ажилласан үеийн цалин гаргуулах маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэхээр байх боловч тухайн байгууллага хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бол шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэгч цалин гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул А.Баттулгын цалин олгоогүй талаарх 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/00040 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бас 20 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх А.Бас 312 000 төгрөг, Э.Баас 7 718 944 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 138 453 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА