Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/706

 

 

 

 

   2023            7              06                                          2023/ДШМ/706

 

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн өмгөөлөгч А.Содхүү,

шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, шүүгч Б.Байгалмаа, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Мд холбогдох эрүүгийн 2107 00000 0079 дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай, ... , дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

-урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД:.../.

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “...” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт М.М-ийг цээжин тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М гэм хорын хохирол 17.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-т төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй хутга, Э.М-ийн биеэс бэхжүүлж авсан хумс, улаан хүрэн өнгийн куртик, хар өнгийн хүзүүтэй ноосон цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн өмд, бор өнгийн ноосон өмд, хар өнгийн бүс, хос гутал, 2 хос 4 ширхэг оймс, ногоон өнгийн мемори карт, хяналтын камерын бичлэг хадгалах DVR төхөөрөмж, хар өнгийн уншигч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, 4 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахыг тус тус мэдэгдэж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Э.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан би, эрүүгийн 2107000000079 дугаартай Э.М-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон 447 хоногийг түүний эдлэх ялд оруулан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М нь гэм хорын хохиролд 17.000.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-т төлсөн, 250.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж" шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын 33-34-р тал дахь “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсэгт “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан оршуулга, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хохирол гэж 17.155.921 төгрөгийн...шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдуулан гаргажээ...” гэсэн байна.

Гэвч уг шийтгэх тогтоолоор дээрх 17.155.921 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэн, үлдэгдэл 155.921 төгрөгийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байна.

Улмаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 5, 6 дахь заалтад мөн дээрх нөхцөл байдлын хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтуудад заасан Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн шаардлагыг хангаагүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргахдаа мөн хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар хуульчилжээ.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М гэм хорын хохирол 17.155.921 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гт төлсөн болохыг дурдсугай..." гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Давж заалдах гомдлыг үзэхэд хүнийг алах гэмт хэргийг санаатай, санамсаргүй үйлдсэн эсэх талаар гомдлын агуулга харагдаж байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаар тогтоолд “Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна.” гэж тайлбарласан. Хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл шүүгдэгч Э.М нь амь хохирогчийн найзтай маргалдсан маргаанаас үүдэн хутга барин гарч ирсэн. Хутга бол аливаа биет зүйлийг эвдлэх, сүйтгэх, дөрвөлжин зүйлийг гурвалжин болгох, дугуй зүйлийг хуваах, амьтай зүйлийг устгаж гэмтээх буюу зэвсгийн чанартай зүйл юм. Гэтэл шүүгдэгч Э.М нь бусдыг айлган, сүрдүүлэх нэрийдлээр байрлаж байсан гэрээсээ зэвсгийн чанартай зүйл болох хутгыг авч гарч гэрийн гадаа байсан бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл уг маргааныг таслан зогсоохоор ирсэн амь хохирогч Б.М-ийн биед шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдлийг нь болиулах зорилгоор хутгатай гараараа түүнийг цохиж, улмаар амь хохирогчийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Санаатай гэмт хэрэг нь зөвхөн амь хохирогчийг нас барах үед хийсэн үйлдлээс гадна тухайн орчинд бий болсон бүхий л нөхцөл байдалтай хамаатуулж ойлгох нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдэж, ухамсарлаж байсан тул хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан урьд нь давж заалдах шатны шүүхэд заасан магадлалын хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэхдээ тухайн магадлалд заасан хамгийн гол үндэслэл болох “хэрэгт ач холбогдол бүхий 2 нотлох баримтыг нэгийг нь нотлох баримтаар үнэлж, нэгийг нь нотлох баримтаар үнэлэхгүй байгаа үндэслэлийг шүүх тогтоолдоо заагаагүй тул сиди бичлэгтэй холбоотой нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруул” гэсэн ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Болор-Эрдэнэ шинжээчийн зүгээс хэрэгт хавсаргавал зохих нэг ширхэг сидиг дүгнэлтийнхээ хамт өгөлгүйгээр архивласан нөхцөл байдал байдаг. Уг гэмт хэрэг үйлдэгдэх явцад хамгийн ойр байсан гэрчүүд бол М, Б, Н нар байдаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд үүссэн үйлдлийг хамгийн ойроос харсан хүмүүс юм. Гэрчүүдээс дахин мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар хамтран оролцсон оролцоо байхгүй. Уг гэмт хэргийг хэн, ямар нөхцөл байдалтайгаар үйлдсэн, амь хохирогч ямар шаардлага тавьж байсан талаар эргэлзээгүй мэдүүлсэн. Мөн бүх гэрчүүд тухайн хэрүүл маргаан хэнээс үүсэлтэй, гэрээс хэн хутга авч гарсан ирсэн талаар тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.М гэрээс хутга авч гарч амь хохирогчтой тулгарсан цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хохиролтой холбоотой асуудлын талаар прокурорын эсэргүүцэлдээ дурдсан. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар заагаагүй. Хэрэв анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан гэж өөрчлөлт орсон тохиолдолд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх гэм буруугийн дүгнэлтэд ашигласан” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан 3 төрлийн нотлох баримтыг шүүх гэм буруугийн дүгнэлтэд ашиглахыг хориглохоор хуульчилсан. Үүнд, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг дангаараа гэм буруугийн дүгнэлтэд хамаараагүй. Мөн нотлох баримтаар тооцогдоогүй нотлох баримтыг ашигласан, эрүүл шүүлт тулгаж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн шатанд нотлох баримтаар тооцогдоогүй бий болсон нотлох баримт шийтгэх тогтоолд байхгүй. Мөн эрүүл шүүлт тулгаж авсан нотлох баримт байна гэж шүүхээс дүгнээгүй тул дээрх нотлох баримтуудыг шүүх ашиглаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс буруу ойлгож тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Шүүх уг нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан судалж, гэм буруугийн дүгнэлтэд ашигласан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүх хуралдаанд оролцуулах гэрчүүдийн тухайд прокурорын зүгээс яллах дүгнэлтэд нэр бүхий 8 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар санал гаргасан боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө улсын яллагчийн зүгээс уг саналаасаа татгалзсан. Учир нь, тухайн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байсан гэрч Н, Б, Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналаасаа татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, хор уршигтай холбоотой заалтаас бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.” гэв.

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 29-р талд “...Э.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа хэргийн үйл баримтыг шийтгэх тогтоолын 28-р талд “...Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “...” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “....” амралтын газарт А.М-г найз охин Б.Л-тэй зүй бус харьцлаа гэх шалтгаанаар А.М-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар 5 дугаартай гэрээс хар өнгийн хуванцар иштэй хутга барьж гарах явцад энэ маргаан, үйлдлийг таслан зогсоохоор ирсэн М.М-ийн цээжин тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан үйл баримт тогтоогдож байна” гэж тогтоож зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /...яаж үйлдсэн.../, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус хуульчилсан атал анхан шатны шүүх гэмт хэргийг хэн үйлдсэнийг эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй атал шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, гэм буруугийн хэлбэрийг санаатай гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа болно.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “хохирогч М.М-ийг алах санаа зорилготой байсан” мэтээр дүгнэлт хийж, энэ нь хэргийн үйл баримт болох шүүгдэгч нь А.М-тэй хэрүүл маргаан үүсгэсэн, хохирогч маргааныг зогсоох арга хэмжээ авсантай зөрчилтэй дүгнэлт хийж дээр дурдсан хуулийн заалтуудыг биелүүлээгүй.

2. Уг хэрэг нь давж заалдах шатны шүүхээр нэг удаа хянагдсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ДШМ/258 дугаартай магадлалд “...Шүүгдэгч Э.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Амь хохирогч ямар байдлаар хутгалуулсан, энэ хэрэгт бусад этгээдүүдийн оролцоо байсан эсэх зэрэг эргэлзээ бүхий байхад энэ талаарх үндэслэлээ заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Маргаан болсон буюу хохирогч хэрхэн гэмтэл авсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал. ...гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, бусад этгээдүүдийн оролцоо, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг. эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж байсан атал энэхүү магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй, магадлал биелэгдээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн.

Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/144 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргахдаа “...уг маргаан хэдийд болсон, маргаан болсон буюу хохирогч хэрхэн гэмтэл авсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, ...гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, бусад этгээдүүдийн оролцоо, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх юм гэсэн магадлалын заалтыг мөрдөгч, прокурор бүрэн хангаж шүүхэд ирүүлээгүй байна...” дүгнэсэн бөгөөд энэхүү захирамж мөн адил биелэгдээгүй байдаг.

Дээрх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг шүүх, прокурор, мөрдөгч биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн дагуу давж заалдах шатны шүүх өмнө нь энэхүү хэргийг бүхэлд нь хянаж үзээд дээр дурдсан дүгнэлтийг хийж байсан бөгөөд магадлал гарснаас хойш хэргийн материалд магадлалд дурдсан ажиллагааг хийгдээгүй, нэмж нотлох баримт цуглараагүй болно.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйчлэл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг хэн үйлдсэн, зэрэг асуудалтай холбоотойгоор ямарваа нэгэн мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгчөөс огт хийгээгүй, энэхүү асуудалд прокуророос хяналтаа тавиагүй, анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу магадлалын заалт биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

3. Прокуророос 46 дугаартай яллах дүгнэлтийн үндэслэл болгож нийт 28 нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан бөгөөд уг нотлох баримтуудад өмгөөлөгчийн зүгээс дараах дүгнэлт хийж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон. Тодруулбал: Нийт 28 нотлох баримтаас 6 нь буюу Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.Н-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 24 дугаартай дүгнэлт, шинжээчийн 1213 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 2001 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 292 дугаартай дүгнэлт зэрэг нь хэрэгт зайлшгүй хийгдэх ажиллагаа бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг шууд нотолсон нотлох баримт биш бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт дурдах байдлаар дүгнэлт хийгдсэн байдаг.

Бусад 22 нотлох баримтууд нь мэдүүлгүүд байдаг бөгөөд энэхүү мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой баримтууд гэж өмгөөлөгчөөс дүгнэж дүгнэлтээ гаргасан.

Уг 22 мэдүүлгийг дараах байдлаар өмгөөлөгч нарын хувьд дүгнэж байгаа болно.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг: Тухайн үйл явдал болсон цаг хугацаанд байгаагүй.

- Шинжээч Ц.Болор-Эрдэнэ, М.Сандагсүрэн, С.Төгсбуян нарын мэдүүлэг: Тухайн өөрийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг өгсөн бөгөөд гэм буруугийн дүгнэлтэд хамааралтай биш.

- Гэрч А.О, Т.М, Н.С, Б.Б, Б.Б, Н.Ч, Р.Э, Н.Ц, Д.Э, Б.Г, Б.Л, З.М, Т.Т, А.Ц нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох үндэслэл болох баримт огтоос биш байдаг.

Харин уг гэрчүүдийн мэдүүлгээс Н.С-ын “...М бид хоёр салгах гэж очсон...” гэсэн, Б.Б-ын “...тэнд байсан хүмүүсийн нэг нь талийгаачтай зууралдаад зогсож байхаар нь тэр хоёрын дундуур нь орж хоёуланг нь түлхчхээд М-тэй зодолдоод байсан Л-ийн найз залууг салгах гээд явсан. Энэ үед хойно үлдсэн талийгаач М газар унах шиг болохоор нь нээх сүртэй зүйл бодолгүй тоогоогүй юм. Ингээд би М-г Л-ийн найз залуугаас салгачхаад буцаад талийгаачийн үлдсэн газар луу очиход талийгаачийг нөгөө гэрт амарч байсан хүмүүс бөөндөө тойроод зогсчихсон талийгаач өөрөө ухаан алдсан байдалтай ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй газар хэвтэж байсан...” гэсэн, Н.Ч-ын “...Яг зодоон болж байгаа хэсэг рүү М ойртож байхдаа хойшоо саваад уначихсан..." Б.Л-ийн “...М гарч ирэхээр нь чи хутгалсан юм уу гэж асуухад Би бишээ амлаж байна, манай найзууд дундаас хутгалах хүн байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бөгөөд уг мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч нь маргааныг салгах гэж л очсон болох нь, шүүгдэгчтэй маргаж муудалцаагүй, шүүгдэгч хохирогчийг санаатайгаар хутгалах шалтгаан үндэслэл бий болоогүй болох нь, хохирогч нь өөр өөр хүнтэй зууралдаж байсан болох нь, шүүгдэгч тухайн цаг хугацаанд би хутгалаагүй гэж найз охиндоо хэлж байсан болох нь тогтоогддог.

Шүүх эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг гэм буруугийн үндэслэл болгохдоо дээр дурдсан зайлшгүй шалгаж тодруулах мэдүүлгүүдэд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...-г няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт тусгахаар хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа болно.

Гэрч А.Н, А.М, О.Б, Б.Д нар нь шүүгдэгч нь хохирогчийг хутгалж байгааг огт хараагүй, хутгалах үйл явцыг харгаагүй гэдгээ мэдүүлэгтээ хэлдэг.

О.Б-ын тухайд “...М баруун гартаа бид нарын ашиглаж байсан амралтын газрын хутгыг барьчихсан байхаар нь би шууд очоод гялс баруун гарыг нь зүүн сугандаа хавчиж бариад М-ийн гарыг нь бугуйн хэсгээр өчиж дарахад гарт нь байсан хутга газар уначихсан. Тэгэхээр нь би хутгыг бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд “май энийг цаашаа далд хий" гэж хэлээд буцаж М рүү очиж одоо болио гээд тайвшруулаад болиулсан. Тухайн үед Н надтай хамт М-ийг боль гэж хэлээд болиулчхаад би цаашлаад гэрээс жаахан зайтай очиж бие засаж байхад ахиад хүмүүс орилолдоод байсан. Тэгээд очиход хохирогч залуу газар уначихсан байсан.” гэсэн мэдүүлгийг өгдөг. Гэтэл энэхүү мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шийтгэх тогтоолд заагаагүй атлаа гэм буруугийн үндэслэлд О.Б-ын мэдүүлгийг оруулж дүгнэж байгаад гомдолтой байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар
эргэлзээ бүхий олон нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх “шүүгдэгч
гэрээс хутга авч гарсан, түүний гараас гэрч Б хутгыг салгаж авсан,
хохирогч шүүгдэгч хоёул барьцалдан зогсож байсан удалгүй хохирогч газарт
унасан үйл баримтуудыг гэрчүүд мэдүүлсэн” гэх байдлаар дүгнэж энэ хүрээнд
эргэлзээгүй баримтууд цугларсан гэж үзнэ гэж дүгнэж шүүгдэгчийг гэм буруутайд
тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Шийтгэх тогтоолын 33-аас 34-р талд хохирол, хор уршгийн талаар
дүгнэлт хийсэн ингэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн
улмаас учирсан оршуулга, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой хохирол гэж 17.155.921 төгрөг нэхэж байгааг дурдсан боловч энэхүү
хохирлоос хэдийг нь хангаж байгааг шийдвэрлээгүй орхигдуулсан.

Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7
дугаар зүйлийн 2.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь заалтууд биелэгдээгүй гэж
үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
39.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа болно.

Нөгөө талаар энэхүү нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулсан нь шүүгдэгчид
оногдуулах эрүүгийн хариуцлагад хамааралтайгаар хохирол төлбөр төлөгдсөн
талаарх дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал орхигдсон гэж үзэхээр
байгаа болно.

5. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа, мөн 17.000.000 төгрөгийн хохирол төлсөн, дээд боловсролтой, ам бүл 6 зэрэг нөхцөл байдлыг тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа яагаад 13 жилийн хорих ял оногдуулж байгаа үндэслэлээ тайлбарлаагүйд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байгаа болно.

6. Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт шүүгдэгчийн мэдүүлгийг
гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, 16.3 дугаар зүйлийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан бөгөөд хуулийн дээрх заалтуудыг шүүх зөрчиж шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг хэрхэн дүгнэж байгаа талаараа дүгнэлт өгөлгүйгээр, мөн шүүгдэгчийн мэдүүлгийг гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болгож хууль зөрчсөн.

7. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тодруулбал: Шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гэрчүүдийг оролцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно.

Иймд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн амь насанд хүрсэн болох нь эргэлзээгүй байдлаар тогтоогддоггүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Эсхүл хүчин төгөлдөр шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж дуусгаж, эргэлзээг арилгасны дараа анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой байхад анхан шатны шүүх эргэлзээ бүхий баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эсхүл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн өмгөөлөгч А.Содхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлтийг зөрүүтэй хийсэн гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөрүүтэй нөхцөл байдал байдаггүй. Мөн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухай бүрд нь санал хүсэлт, гомдлоо гаргах боломжтой байсан. Уг хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж, урьдчилсан хэлэлцүүлгээс 2 удаа буцсан байдаг. Шүүгдэгч батлан даалтад жил гаруйн хугацаанд байсан бөгөөд нийт 5 өмгөөлөгч сольсон. Уг хэрэг дээр нийт 16-17 гэрч мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд үүнээс 5 гэрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байдаг. Прокурор нэр бүхий 8 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай санал гаргасан боловч нэр бүхий 3 гэрч ирээгүй тул саналаасаа татгалзсан. Шүүгдэгч Э.М нь урьд нь давж заалдах шатны шүүхийн шат хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулж хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлж 9 жилийн хугацаагаар хорих ял авч байсан. Урьд нь давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас уг гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор хамтран оролцогч байгаа эсэх, шүүгдэгчийн оногдуулсан ял хөнгөдсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаж анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлт огт гаргаагүй. Харин прокурорын саналаар шүүх хуралдаанд 5 гэрчийг оролцуулсан байдаг. Мөн эрүү шүүлт тулгасан асуудал байдаггүй бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбаргүй. Хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн. Энэ талаар бид хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийг прокуророос зөв зүйлчилсэн. Уг зүйлчлэлийн хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “...” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт М.М-ийг цээжин тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.М-ийн “...нэг залуу муудалцсан залуу бид хоёрын дундуур орж ирээд “чи найз яагаад ингээд байгаа юм бэ гээд цээж рүү түлхэхээр нь хутгатай гараараа цээж хавьд нь түлхэхэд “пүл” гээд цээж рүү нь хутга орчихсон юм. Би жаахан шоконд орчихсон сууж байхад Н “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Намайг түлхэхээр нь би зөрүүлээд хутгатай гараараа түлхэхэд цээж рүү нь хутга орчихсон. Хутгалъя, гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй. Хүний амь нас хохироосондоо гэмшиж байна...” гэсэн /1хх 154-156/,

гэрч А.Н-ы “...Би М-ийн цамцнаас нь таттал угз татаад гадаа байсан М рүү гүйгээд “хөөе” гээд орилоод гүйж байтал М гэнэт гарч ирээд М-ийг салгах гээд ойртож очтол М, М хоёр зууралдаад авсан. М дээгүүр нь М-г давж хараад “алив чи цаашаа” гээд түлхсэн. Тэгээд тэр хоёр хальт зууралдахад нь Б бид хоёр хоёр талаас нь татаад салгатал, бид хоёрыг цаашаа гэж хэлээд М рүү явж очсон. ...гэр лүү оруулахад хувцас нь сөхөгдөөд жаахан цус харагдахаар нь юун цус вэ гэтэл хутгалуулчихсан байсан. Тэрийг хараад би уйлаад урд гэр лүү орж хутгалсан найз М рүү очоод “чи хүн аллаа шүү дээ, хутгалчихсан байна шүү дээ, эмнэлэг цагдаа дуудъя” гэтэл М “би харин тэгсэн үү яасан, мэдэхгүй байна аа пизда” гэж хэлсэн. ...Гэрт байсан бүгд орж ирээд хоорондоо ярилцаад “цагдаа ирвэл мэдэхгүй гэж хэлнэ шүү” гэж хоорондоо ярилцаад байж байхад М уйлсан. Энэ үед Г “чи уухаараа хүнээ байчих юмаа, чамаас болж зургаан хүн гай болж байна шүү дээ” гээд ярилцаад байсан. Тэр үед Б аймар уурлаад цагдаа ирсэн ч үнэнээрээ байсан дээр, би тэр хутгыг нь яаж салгаж авсан гэж санана, тэгээгүй бол хэдэн хүн хутгалчихсан байх бол” гэж хэлсэн. Намайг М-ээс М-ийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд л мэдсэн юм. М М хоёр зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. ...М-тэй Мэс өөр ойртож очсон хүн байхгүй, М бол М-тэй маргах муудалцах үйлдэл гаргаагүй, халитхан бие биенээ түлхэлцээд зуурсан гэх юм уу болоод л өнгөрсөн, энэ үйл явдал 5-10 секундийн хооронд бужигнаад л өнгөрсөн. Тухайн үед М л хутгатай байсан...” гэсэн /1хх 62-63, 68/,

гэрч Н.М-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...Талийгаач Э.М-ийн 2 гарын бугуйг дээрээс нь доош барьсан байсан. Э.М-ийн гарт хутга байхыг би харсан. ...Талийгаачийн аминд нь хүрсэн хүн Э.М. ...Э.М, талийгаач хоёр барьцалдаж зогсож байснаас хойш минут ч хүрэхгүй хугацаа өнгөрөхөд ирээд намайг мөргөсөн. Тэгээд Н салгах гээд ирэхэд талийгаач аль хэдийн газар унасан байсан...” гэсэн /5хх 170-171/,

гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М М хоёр маргалдаад зогсож байхад анзаарахад М М гэх залуугийн 2 гарын бугуйны дээд хэсгээс барьсан байдалтай байсан. М нь баруун гартаа хутгыг дээш харуулан барьсан харагдсан. ...талийгаачийг гэр лүү өргөж явж байх үед цээж хэсгээс нь цус гарчихсан байсан, тэгээд гэрт оруулаад дээгүүрх хувцсыг нь тайлаад хартал цээжний зүүн талдаа хутгалуулсан юм шиг шархтай, их хэмжээний цус гарчихсан байсан...” гэсэн /1хх 70-71/,

гэрч О.Б-ын “...Тэгээд харсан чинь М баруун гартаа бид нарын ашиглаж байсан амралтын газрын хутгыг барьчихсан байхаар нь би шууд очоод гялс баруун гарыг нь зүүн сугандаа хавчиж бариад М-ийн гарыг нь бугуйн хэсгээр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газар уначихсан. Тэгэхээр нь би хутгыг бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд "Май энийг цаашаа далд хий" гэж хэлээд буцаж М рүү очиж "одоо болио" гээд тайвшруулаад болиулсан...” гэсэн /1хх 110-111/,

гэрч Б.Д-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...М-ийг гартаа хутга барьсан байхыг гэрээс авч гарахад харсан. ...Б хутгыг нь аваад надад өгсөн. Бид нар гэрт ярилцаж байхад Б М-ийн гараас хутгыг нь булааж авсан гэж ярьсан ...Н цагдаа нар ирвэл бүгдээрээ М-ийг өмөөрнө шүү гэж ярьж байсан...” гэсэн /5хх 181-185/,

гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б намайг тосож ирээд энэ хутгыг аваад хурдан далд хий гэхээр нь хутгыг аваад буцаад гэрт ороод гэрэлд хутгыг хартал урд хэсэг нь тал хүртлээ цус болчихсон байхаар нь би хутгыг хурдан нууя дахиад хүмүүс аваад нэгийгээ гэмтээж мэднэ гэж бодоод гэрийн баруун талын 2 дахь орны гудсан завсраар хийгээд буцаад гараад арын гэрийн урд яваад очтол Т ухаангүй хэвтсэн нөгөө эмэгтэй хажууд нь "Т-ээ Т-ээ” гээд сэрээх гээд байгаа бололтой байсан. ...Ингээд юу болов яав гээд хоорондоо ярилцахад М би М л мөргөсөн гэж хэлээд чимээгүй болчихсон. Тэгтэл манай найзуудын нэг нь байсан уралдаж яриад байсан болохоор хэн гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан талийгаач М нь М, М нарыг салгах гэж голоор нь орж ирээд хутгалуулчихлаа гэж ярилцаад байж байтал М уйлаад “би одоо яанаа” гээд байсан...” гэсэн /1хх 133-134/,

гэрч Т.Т-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...тухайн үйл явдал бол ойролцоогоор 7-10 секундийн хооронд маш хурдан болсон. ...Ярьж байгаа зүйлийг нь сайн сонсож чадаагүй. Бага зэрэг зайтай байсан. М М рүү дайраад М ухраад явж байх үед М тэр хоёрыг болиулах гээд дундуур нь орсон. Тэгээд М ухарсан чигээрээ явах үед араас нь М бас явсан. ...Унаж байх үед нилээн ард нь нэг охин байсан санагдаж байна. Унасных нь дараа тэр охин очоод өвдгөө дэрлүүлээд ухаан алдчихлаа гээд хашхирч байсан. ...Зууралдаж байсан тэр гурваас өөр хүнийг мэдэхгүй байна /М, М, М/ гэсэн /5хх 185-187/,

гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би гэрийнхээ урд гадаа зогсож байхад урд 3 метр орчим зайд М М-г зодох гээд хөөгөөд барьцалдаж авах гээд байхад нь М голоор нь орж салгаж М-ийг түлхээд хоромхон хугацаанд зууралдаад салсан. М тойрч М рүү очиж, 2-3 секундийн дараа М газар унасан ч тэрийг ч анзаарах сөхөөгүй М М-тэй зууралдаад байсан. ...М хэнтэй ч муудалцаагүй, М М хоёрыг салгах гэж дундуур нь ороод 2 тийш нь түлхсэн. М-ээс өөр муудалцсан хүн байхгүй...” гэсэн /1хх 148-150/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн мэдүүлэг /1хх 57/,

гэрч А.О-ийн мэдүүлэг /1хх 77/,

гэрч Т.М-ийн мэдүүлэг /1хх 79-80/,

гэрч Н.С-ын мэдүүлэг /1хх 85-86/,

гэрч Н.Ч-ын мэдүүлэг /1хх 99-100/,

гэрч Б.Б-ын мэдүүлэг /1хх 88-89/,

гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх 94-97/,

гэрч Р.Э-ын мэдүүлэг /1хх 105-106/,

гэрч Д.Э-ийн мэдүүлэг /1хх 125/,

гэрч Б.Л-ийн мэдүүлэг /1хх 139-140/,

гэрч З.М-ийн мэдүүлэг /1хх 144-146/,

гэрч Б.Г-ын мэдүүлэг /1хх 135-137/,

гэрч Н.Ц-ын өгсөн мэдүүлэг /1хх 118-119/,

гэрч А.Ц-ийн мэдүүлэг /1хх 157-161/,

шинжээч Ц.Болор-Эрдэнийн мэдүүлэг /4хх 183-186/,

шинжээч М.Сандагсүрэнгийн мэдүүлэг /4хх 188-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /1хх 186-189/,

шинжээч С.Төгсбуянгийн мэдүүлэг /1хх 195-197/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1213 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 236-241/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2001 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 242-244/,

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт /2хх 32-33/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-17/,

гэрч А.Н-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1хх 18-24/,

эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-34/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-43/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.М-ийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын амьд явах эрхэд хууль бусаар халдаж, амь насыг нь хохироосноор төгссөнд тооцдог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт /2хх 32-33/-ээр шүүгдэгч Э.М нь сэтгэцийн ямар өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хянан үзэхэд хэрэг цугларсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, бусад этгээдүүдийн оролцоо, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий байна. Хэдийгээр шүүгдэгч Э.М-ийг амь хохирогчийг хутгалж байхыг нь харсан гэрч байхгүй ч түүний үйлдсэн гэмт хэрэг буюу тухайн үед болсон үйл баримт нь түүний өөрийнх нь мэдүүлэг, гэрч А.Н, Н.М, О.Б, Б.Д, Т.Т нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгчийн хэрэг учрал болох үед хийсэн үйлдэл нь хохирогчийн амь хохирсон цаг хугацаатай тохирсон, энэ нь дээрх гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Урьд давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийхээр буцааж байсан үндэслэлийн хувьд, мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих ажиллагааг хийсэн, энэ ажиллагаа нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт өгөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт санаагийн хувьд, хэрэг учрал болсон тухайн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд шүүгдэгчийн тухайн үед хутга аван гарсан,амь хохирогч нас барсан, гэрчүүд хутгыг өөрөөс нь авсан байдал нь шууд санаатайгаар хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 17.155.921 төгрөгийг төлж барагдуулсан байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 17.000.000 гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр прокурор Г.Баясгалангийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын хохиролтой холбоотой хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дахь заалтад тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М гэм хорын хохирол 17.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гт төлсөн болохыг дурдсугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М гэм хорын хохирол 17.155.921 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гт төлсөн болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Г.Баясгалангийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ