Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/ШШ2024/0040

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

К.Сийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Гомдол гаргагч: К.С

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Иргэдийн төлөөлөгч: А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 221/2024/0038/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч К.С нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Гомдол гаргагч К.С 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “Өмгөөлөгч К.С би Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** тоот тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шуудангийн 40 салбараас хүлээн аваад зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний гомдлыг хүлээн аваад шийдвэрлэхдээ гомдлыг шалгасан дүгнэлт, материалтай намайг танилцуулаагүй. Мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд намайг оролцуулж өөрийгөө өмгөөлөх эрхээр хангаагүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т зааснаар маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэжээ. Гэтэл иргэний 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гомдлыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8 сарын дараа шийдвэрлэхдээ намайг оролцуулалгүй хурлыг хаалттай хийсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

Гомдол гаргагч иргэн Х.Б болон намайг уг хуралд оролцуулах миний хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Болоржаргалаас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч К.Ст холбогдуулан гомдол гаргасан болохыг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 38 дугаартай маргаан үүсгэн шалгасан байна. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн дүгнэлт үйлдэж хуралдаанд оруулсан боловч талууд хүсэлт гаргасан учир хуралдааныг хойшлуулсан байна. Талуудын хүсэлтээр хуралдааныг 2 удаа хойшлуулан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар маргааныг авч хэлэлцэн МТ/2024/** дугаартай тогтоол гарсан байна. Гомдол гаргагч иргэн Х.Б, хариуцагч К.С нарт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн болохыг хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц тэмдэглэл болгон үйлдсэн байна. Хариуцагчийг хуралдаанд оролцох эрхээр бүрэн хангасан боловч өөрөө оролцоогүй болох нь маргааны материалын нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч К.С өөрийн биеэр маргааны материалтай танилцаж зөрчлийн дүгнэлттэй танилцсан байна” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд “Ёс зүйн зөрчил оногдуулах хэрэгтэй байсан юм болов уу. Өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлсэн нь хүнд шийтгэл оногдуулсан гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.

ХЯНАВАЛ:

1. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагч К.Сийн гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Иргэн Х.Б өмгөөлөгч К.Ст холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч К.С гэгч хүн Унгар улс дахь Монголчуудын хамтын холбоо ТББ, мөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нэртэй фэйсбүүкийн группт хүү Х.Т минь зураг мэдээллийг оруулж “Х.Т нь хамт ажиллаж байсан хүнээр ББСБ-аас зээл авах үедээ батлан даалт хийлгэж, Улсын бүртгэлийн газрын ажилтантай хуйвалдан бусдын бичиг баримт хуурамчаар үйлдэж 35 сая төгрөгийг залилж Унгар улс руу оргон зайлж Б хотод К-ийн 98а-*** тоотод орогнож бас нэг эмэгтэйг шимэгчлэн амьдарч байна, наад залилагч эх орон руугаа шүүрдэн буцаацгаая, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж “С” ББСБ-аас зээл авахдаа найзыгаа батлан даагчаар зуруулж явсан залилагч, мөн өмгөөлөгчийн хувьд Унгар улсын цагаачлалын албанд хэлж визийг хүчингүй болгуулах хүсэлт явуулна, 3 хоногийн хугацаанд надтай холбогдох боломж өгч байна” гэсэн утга агуулгатай мэдээллийг олон нийтийн сүлжээг ашиглан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэд хэдэн удаа нийтэлсэн байна. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын шүүр ажиллагааны хүрээнд Унгар улсын цагаачлалын албатай хамтран Монгол улсад авчирч байгаа гэх мэдээллүүдийг өөрийн өмгөөлөгчийн албан бичигт бичиж тамга дарж төрийн байгууллагад өгсөн байна. Миний хүүгийн талаар өнөөдрийн байдлаар хуурамч бичиг баримтыг үйлдэж залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч гэм бурууг хуулийн дагуу тогтоосон нэг ч эрүүгийн хэрэг байхгүй, нэг ч эрүүгийн шүүх хурал болоогүй байна. Тийм байхад өмгөөлөгч К.С гэж хүн хуульч өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм холбогдох хуулиас гажууд бус үйлдэл гаргаж хүүгийн минь нэр төрд бүдүүлгээр халдаж байгаад маш их гомдолтой байна ...” гэсэн гомдол гаргасан байна.

3. Уг гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос маргаан хянан шалгах ажиллагаа явуулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолоор өмгөөлөгч К.Сийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч К.Ст өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

4. Гомдол гаргагч К.Сээс иргэн Х.Б-ын гомдлыг үгүйсгэсэн тайлбартаа “... Х.Т-г гүтгээгүй, доромжлоогүй, дарамтлаагүй ...” гэсэн байх боловч маргааны материалд авагдсан гомдол гаргагчийн тайлбар, цахим сүлжээнд “Хүрэлсүхийн Төрболд залилагчийг Унгараас шүүрдэн гаргая, хохирогч хариуцагчийн өмгөөлөгч би Унгар улсын цагаачлалын албанд гомдлоо гаргаж байна, би энэ залилагчид холбогдох боломж олгосон, энэ нөхөр улсын бүртгэлийн ажилтантай хуйвалдан бусдын байрны ордерийг хуурамчаар үйлдэж залилж 35 сая төгрөг зээлж аваад Унгар улс руу оргон зайлж, Унгар улс руу гэрээгээр ажиллахаар гараад явчихсан залилагч юм байна, дүү нараа Унгарт чинь бас нэг залилагч орогнож байна” гэх агуулга бүхий нийтлэлийг “У ТББ”, мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” нэртэй фэйсбүүк группт нийтэлсэн, мөн өөрийн нэртэй албан бланк дээр “Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж хаяглан “залилсан этгээд Х.Т-ын Унгар улсад орогнож байгаа хаягийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон бөгөөд түүнийг Засгийн газраас хэрэгжиж буй шүүр ажиллагаагаар Унгар улсын цагаачлалын албатай холбогдож Монгол улсад эргүүлж авчрах гэж байна” гэх агуулгатай зүйлийг бичиж, гарын үсгээ зурж тамгаа дарсан бичиг болон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон “Х.Т-ыг иргэний хэргийн хариуцагчийн хувиар эрэн сурвалжилж байгаа” гэх агуулга бүхий бичгийг зураг хэлбэрээр оруулсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

5. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан “Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана”, 31.2-т “Ёс зүйн дүрэм нь өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг агуулсан байна” гэж хуульчилсан бөгөөд дээр дурдсан К.Сийн гаргасан үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-т “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх” гэж тус тус заасныг зөрчсөн байх ба өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчийн хувьд түүний нийтэлсэн аливаа мэдээллийн эх сурвалж нь тодорхой, үнэн зөв байдал нь шалгагдаж, тогтоогдсон байхаас гадна олон нийтэд мэдээлэл хүргэхдээ хууль болон үйл баримтын талаар тогтоогдоогүй мэдээлэл өгөхийг өмгөөлөгчид хориглосон агуулгатай зохицуулалт Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1-д тодорхой заасан бөгөөд зөвхөн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа үйлчлүүлэгчээр хязгаарлахгүйгээр бусад этгээдтэй харилцахдаа ч хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй байж мэргэжлийнхээ нэр хүндийг гутаах аливаа үйлдэл гаргахгүй байх ёстой.

6. Гэтэл гомдол гаргагч К.С нь цахим орчинд дээрх байдлаар баримт бичиг үйлдэж, залилагч хэмээн хүний нэр төрд халдан, үнэн эсэх нь үл мэдэгдэх мэдээлэл оруулж зохисгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон, нөгөө талаар үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн эх сурвалж, үнэн зөв байдлын талаар нягтлалгүй, шалгагдаж тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд цахим хэлбэрээр түгээсэн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хориглосон хэм хэмжээг зөрчсөнд хамаарна.

7. Түүнчлэн гомдол гаргагч К.С нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биеэр маргааны материал, зөрчлийн дүгнэлттэй танилцсан байх бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооноос хурлын тов мэдэгдсэн боловч К.Сээс хурал хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх К.Сийн “...гомдлыг хүлээн аваад шийдвэрлэхдээ гомдлыг шалгасан дүгнэлт, материалтай намайг танилцуулаагүй ...”, “... гомдлыг шийдвэрлэхдээ намайг оролцуулалгүй хурлыг хаалттай хийсэн ...” гэх гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч К.Сийн Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн зөрчилд “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, К.Сийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Нэгэнт өмгөөлөгч К.С нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, хариуцагчийг шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн “... өмгөөлөх эрхийн цуцалсан нь хүндэтсэн” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагч К.Сийн гомдлын шаардлагыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН