| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/06521/И |
| Дугаар | 192/ШШ2025/01053 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01053
2025 02 06 192/ШШ2025/01053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг....... тоот хаяг байрлах “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, …..тоот хаягт байрлах “Х ” ХХК-нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар,
Хариуцагчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э констракшн” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Х ” цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч компани нь “Э констракшн” ХХК болон “Д ” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 04/02 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнэж, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ болон төлбөрийн тооцоог тооцож, үлдэгэл төлбөрийг манай компанид төлж барагдуулах, үлдэгдэл ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Б.Н гэдэг хүн хариуцагч компанийн захирлын хувьд энэ гэрээг байгуулахдаа “Д ” ХХК-тай гэрээ хийснийг мэдэж байгаа, ямар ажил хийсэн гэдгийг нь мэдэж байсан. Зохигч талуудын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ өөрөө Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын хүрээнд нөхцөлөө өөрсдөө тодорхойлж хийсэн гэрээ тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүсэж байгаа юм. Уг гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр байгуулагдаж, Б.Н гарын үсэг гарын зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдсон. Манай компани гэрээний дагуу ахлах, дунд сургуулийн барилга 1 дүгээр давхар, спорт комплекс барилга 2 дугаар давхрыг тус тус дуустал бетон угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчээр барилга бариулж байгаа бол санхүүжилтийг гэрээнд заасны дагуу төлж байж энэ барилгын ажил цаашаа явагдана. 1,2 тэр бум төгрөгийг авалгүйгээр өөрөө хөрөнгөө гаргаад барилгын ажил хийчихсэн гүйцэтгэгч цаашаа төлбөр авахгүйгээр барилга барих боломж байхгүй.
1.2.Хариуцагч компанийн зүгээс их хэмжээний хэлцэл гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд уг татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн, нэг ч төгрөг төлөөгүй, энэ ажлыг огт хүлээж аваагүй, доголдолтой чанаргүй ажил хийлгэсэн юм бол эвлэрлийн асуудлыг хариуцагч тал санал тавих боломж бодит байдалд байгаа юм уу. Эвлэрлийн санал тавьж байна гэдэг чинь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биш юм аа гэхэд тодорхой хувийг нь зөвшөөрч байгаа гэсэн үйлдэл юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд хариуцагч компанийн захиралтай байгуулагдсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар өнөөдрийн байдлаар хариуцагч тал маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбараа гаргах, ямар байр сууриар татгалзаж байгаа үндэслэлээ тодорхойлох, түүнийг нотлох баримтыг өөрсдөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба энэ нь шүүх хуралдаанд талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангах нөхцөл болдог. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ зөвхөн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэх агуулгаар илэрхийлсэн атлаа шүүх хуралдаанд шинээр тайлбарлаж байгаа үндэслэлүүдийг авах боломжгүй.
1.3.2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил хийгддэг, ажил хийсэнтэй холбоотой тодорхой хэмжээний төлбөр төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөхийг хариуцагч компаниас удаа дараа шаардсан боловч бүрэн төлөөгүй. Хавтаст хэрэгт төлбөр төлөхийг шаардсан удаа дараагийн мэдэгдлийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч талаас уг мэдэгдлүүдийг хүлээж авсан эсэх талаар татгалзсан байр суурь илэрхийлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлийн дэвтрээр энэ ажил хийгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хийгддэг ажиллагаа. Энэ улаан дэвтэр хариуцагч байгууллагын өмчлөлд очих ёстой боловч үүнийг ирж авдаггүй. Гүйцэтгэгч солигдсон эсэхээс үл хамаараад барилгын ажлын дэвтэр бол хийсэн ажлаа өдөр тутам цаг агаар, хийсэн ажил, тоо хэмжээ, оролцсон хүн, хянасан, шалгасантайгаа бүгд бичигдэж явах ёстой. Улсын комисс энэ баримтыг үзэж байж барилгыг хүлээж авдаг. Иймд барилгын ажлыг хүлээлгэж өгөөгүй гэдэг агуулга ярьж байгаа нь үндэслэлгүй. Манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 2,780,602,500 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нь 1,554,311,506 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,226,290,994 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч “Х ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Уг гэрээний харилцаатай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа учир зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар үүрэгдэж байгаад мэдүүлэг авчихдаг. Шүүгч захирамж гаргаагүй учраас эрүүгийн хэргийн талаар цааш ярьж чадахгүй болчхоод байгаа юм. Нэхэмжлэгч тал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт оролцоо байгаа эсэх талаар л хянан шалгагдаж байгаа.
2.2.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас сүүлд гаргаж өгсөн нотлох баримтууд нь бүгд шаардлага хангахгүй баримт байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэж байна. Хэзээ нөхөн гүйцэтгэсэн юм, хэн тухайн баримтыг үйлдээд байгаа юм. Эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Хүлээлгэж өгсөн акт гээд хавсралтуудаар өгсөн баримтад гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй. Ажлаа яаж хүлээлгэж өгснөөр шаардах эрх үүснэ. Ажил гүйцэтгэх гэрээний ганц онцлог нь ажлаа хүлээлгэж өгөх. Энэ гэрээгээр ажлаа хүлээлгэж өгөөгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23/04/03 дугаартай “Х цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ”, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Х ” ХХК-нд хаягласан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/29 дугаар баримт бичиг, “Х ” ХХК-ийн захирал Ч.-д хаягласан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/21 дугаар баримт бичиг, “Х ” ХХК-нд хаягласан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 дугаар баримт бичиг, “Х ” ХХК болон “Э констракшн” ХХК-ийн хооронд хийсэн 23/04/03 тоот гэрээт ажлын тооцоо гэх баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл (ахлах сургууль), Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл (спорт зал), Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт (сургуулийн суурь, сургуулийн шал, В1 давхар, зал шал, зал В1 давхар, зал 1 давхар), суурийн нүх ухсан акт, Бетон дүүргэгч, баригын физикийн лаборатори (ахлах сургууль, спорт зал)-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бетон зуурмагийн чанарын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х цогцолбор сургууль, спорт залны чанарын гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагчаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Х цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” (цаашид “23/04/03 дугаар гэрээ” гэх)-г байгуулж гэрээний дагуу ахлах, дунд сургуулийн барилга 1 дүгээр давхар, спорт комплекс барилга 2 дугаар давхрыг тус тус дуустал бетон угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс нийт 2,780,602,500 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нь 1,554,311,506 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,226,290,994 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа, мөн нэхэмжлэгч талаас гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөөгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23/04/03 дугаар “Х цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 3-14 дэх тал)
4.2.2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Э констракшн” ХХК болон “Д ” ХХК-ийн хооронд 04/02 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй.
4.3.“Х ” цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг “Х ” ХХК болон “Э констракшн” ХХК харилцан тооцож, нийт 1,911,977,500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг баталгаажуулсан. (хавтаст хэргийн 8 дахь тал)
4.4.“Х ” ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гүйцэтгэсэн нийт ажлын хөлс болох 1,911,977,500 төгрөгөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн төлөлтөөр 775,311,505.6 төгрөгийг “Д ” ХХК-нд төлж, 1,136,665,994.4 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. (хавтаст хэргийн 10 дахь тал)
5.Нэхэмжлэгч компани нь 23/04/03 дугаар гэрээний дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, захиалагч “Х ” ХХК-нд хүлээлгэж өгөх, “Х ” ХХК нь “Д ” ХХК-нд төлбөл зохих 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болох 1,136,665,994.4 төгрөгийг болон цаашид гүйцэтгэх ажлын хөлс, үнийг нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн[1], мөн хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан “...23/04/03 тоот гэрээт ажлын тооцоо” гэх баримтад “...В1 639,450,000...” гэж дурдсан, 52-100, 125-163 дахь талд авагдсан “Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт”, “Суурийн нүх ухсан акт” гэх баримтуудад “захиалагч “Д ” ХХК, гүйцэтгэгч “Э констракшн” ХХК, захиалагчийн төлөөлөгч Ц.Саньцар гэж гарын үсэг зурсан” зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу “Х ” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс шаардах “Д ” ХХК-ийн эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж зааснаар “Э ” ХХК-нд шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 3 дахь талын ар тал)
Иймд нэхэмжлэгч “Э констракшн” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг болон түүнээс хойш гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
6.Хариуцагч “Х ” ХХК-ийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан, тус хэргийг хянан хэлэлцэхээр 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан, хавтаст хэргийн материалтай хариуцагчийн өмгөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр танилцсан байх (хавтаст хэргийн 25-30, 40, 200 дахь тал) боловч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг няцаасан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товлосон цагт хүрэлцэн ирээгүй байна.
Иймд хариуцагч компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 25.2.3-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж үзнэ.
Нэгэнт хариуцагч компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн тайлбар, татгалзлаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хариуцагч “Х ” ХХК нь нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-нд 23/04/03 дугаар гэрээг байгуулах үеийн үлдэгдэл төлбөр болох 1,136,665,994.4 төгрөг[2], 23/04/03 дугаар гэрээг байгуулснаас хойших хугацаанд шинээр гүйцэтгэсэн ажлын хөлс 868,625,000 (2,780,602,500-639,450,000-756,000,000-504,000,000-4,725,000-3,960,000-3,842,500=868,625,000) төгрөг, нийт 2,005,290,994.4 (1,136,665,994.4₮+868,625,000₮=2,005,290,994.4₮) төгрөгийг төлөх үүрэгтэй, уг төлбөрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн төлөлтөөр төлсөн 779,000,000.4 төгрөгийг “Х ” ХХК нь “Э констракшн” ХХК-нд төлсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч… энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй,… бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож… хэргийг шийдвэрлэнэ” гэж заасанд нийцнэ.
Тодруулбал, хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “…23/04/03 тоот гэрээт ажлын тооцоо” гэх баримтад дурдсан нийт гүйцэтгэсэн ажлын дүн болох 2,780,602,500 төгрөгт “Д ” ХХК-нд төлөх 1,911,977,500 төгрөгийн ажлыг давхцуулан дурдсан байх тул 2,780,602,500 төгрөгийн үнэ бүхий ажлаас 1,911,977,500 төгрөгийн үнэ бүхий ажлыг хасаж, 23/04/03 дугаар гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд шинээр гүйцэтгэсэн ажлыг тооцоолох нь зүйтэй юм.
Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас 1,226,290,994 (2,005,290,994.4₮-79,000,000.4₮=1,226,290,994₮) төгрөгийг шаардах эрхтэй.
7.Хариуцагч компанийн зүгээс 23/04/03 дугаар гэрээг их хэмжээний хэлцэл тул хүчин төгөлдөр бус, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэх 2 агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Өмнө нь дурдсанчлан хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хавтаст хэрэгт хариуцагч компанийн дүрэм, санхүүгийн тайлан зэрэг ач холбогдол бүхий баримт авагдаагүй, хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй байгаа тохиолдолд шүүх их хэмжээний хэлцэл мөн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Мөн 23/04/03 дугаар гэрээний 5.1.2-т “Захиалагч нь ажлын тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт шалган хянаагүй бол 4 дэх өдрөөс эхлэн гүйцэтгэсэн ажлууд хүлээн зөвшөөрөгдсөнд тооцох ба энэ нь төлбөр төлөх үндэслэл болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч компанийн зүгээс ажлын тайланг хүргүүлж байсан тухай баримт бичгийг (хавтаст хэргийн 15-17 дахь тал) шүүхэд гаргаж өгснийг хариуцагч компанийн зүгээс хуульд заасан хугацаанд няцааж тайлбар, татгалзлаа илэрхийлээгүй, баримт гаргаж мэтгэлцээгүй учир уг татгалзлыг шүүх хүлээж авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасанд нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч компанийн зүгээс ажлын тайланг 23/04/03 дугаар гэрээний 5.1.1-т “Гүйцэтгэгч Захиалгат ажлын тайлан, ажил гүйцэтгэсэн актаа захиалагчид хүргүүлэх ба Захиалагч... гүйцэтгэсэн ажлын хэмжээг хянан баталгаажуулан Гүйцэтгэгчид мэдэгдэх ба энэ нь төлбөр төлөх үндэслэл болно” гэж заасны дагуу ажлын тайлан, ажил гүйцэтгэсэн актаар ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэх нь зүйтэй.
8.Нэгэнт хариуцагч компанийн зүгээс 23/04/03 дугаар гэрээгээр хүлээсэн ажлын хөлс, үнийг төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” заасны дагуу биелүүлээгүй байх тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч компани нь гэрээг цуцалж, хүлээлгэж өгсөн ажлын үнэ, хөлсийг шаардах эрхтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Х ” ХХК-аас 1,226,290,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 6,289,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас 1,226,290,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,289,405 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э констракшн” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД