| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0001/з |
| Дугаар | 119/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 119/ШШ2025/0007
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7532 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах”,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/8481 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”,
“**” ХХК болон” **” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь:
1.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ-134-12/7532 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тендерийн үнэлгээний хорооны “**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрээр “**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.3.“**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”,
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага тус тус гаргасан.
1.5. “**” ХХК захиалагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/10301, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/37 дугаар бүхий албан бичгээр хариу хүргүүлсэнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. Манайх “**” ХХК-ийн түншлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын тендерт оролцсон.
2.2.Тендерийн үнэлгээний хорооноос үнэлгээ хийгээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024.11.17-ны өдрийн ТБ-12-4-12/7532 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т зааснаар Төсөлд шаардлагатай инженер техникийн ажилтнуудын иргэний үнэмлэх, зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээг нууцалж ирүүлсэн нь ТШЗ-ын 25.5-д оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил тод болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-т заасан мэдэгдлийг V бүлгийн маягтын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэж заасныг хангаагүй гэж татгалзсан. Тендер нээхэд манайх 2 дахь бага үнийг санал болгосон бөгөөд хамгийн бага үнийн санал өгсөн компани тендерийн баталгаа ирүүлээгүй байсан.
2.3.Тус шийдвэртэй холбогдуулан бид Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 16-ны 03/10301 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д зааснаар захиалагчийн үнэлгээний хорооны зөвлөмжийг хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхийг даалгаж, цахим системд гомдол үндэслэлтэй төлөвт шилжин буцааж шийдвэрлэсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр өмнөх шийдвэрийг дахин гаргаж ирүүлжээ.
2.4.Тендерийн үнэлгээний хороо болон түүний дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь манай түншлэлийн тендерийг шаардлага хангаагүй хэмээн үзэж татгалзсан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ” гэж заасны дагуу бид төсөлд санал болгосон инженер техник, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээг нууцалж хүргүүлсэн бөгөөд мэргэжлийн гэрчилгээнд тухайн ажилтнуудын зураг авагдсан байдаг.
2.5.Учир нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.12-т “Хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл бэлгийн харьцааны талаарх мэдээллийг...”, мөн хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т “Биометрик мэдээлэл гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг” гэж тус тус тодорхойлсон. Манай компанийн инженер техник, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээн дээрх цээж зурагнуудаас нүүр царайг техник хэрэгсэл тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар тухайн инженер, техникийн ажилчдын хэн болохыг тодорхойлох боломжтой тул эмзэг мэдээлэлд хамаарна.
2.6.Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18.2.15-д “мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар мэдээллийн эзэн, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хулээх” гэж заасан. Манай компанийн ажилтнуудтайгаа байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.6-д “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-д заасны дагуу хувийн мэдээлэл болон хувийн эмзэг мэдээллийг нууцлах бөгөөд нийтэд нийтлэхгүй, задруулахгүй байхыг ажил олгогчоос шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Иймээс ажилтнуудын өмнө тэдний хувийн мэдээлэл болон хувийн эмзэг мэдээллийг нууцлах үүрэг хүлээсэн тул хуулийн дээрх заалтын дагуу дээрх мэдээллийг нийтлэхгүй байх задруулахгүй байх үүрэг хүлээдэг.
2.7.Инженер, техникийн мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээ нь хүнийг шууд тодорхойлох боломжтой хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, цээж зураг, боловсрол зэрэг хүний хувийн мэдээллийг өөртөө агуулсан байдаг. Иймд инженер техникийн ажилчдын мэдээлэл авах зөвшөөрлийн дагуу олон нийтэд ил болгохоос татгалзсан. Гэтэл тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерт оролцогчоос хууль зөрчсөн шаардлага тавьж байна.
2.8.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг хууль болон ТШЗ-д заасан шалгуурыг хангаж буй эсэхэд Үнэлгээний хороо хянан шалгалт хийх, үнэлэх, шийдвэр гаргахад саад учруулах нөхцөл байдал болохгүй бөгөөд мөн шаардлага хангаагүй тендер гэж үзэж татгалзах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийг ТШЗ 19.2.1-т заасан шаардлага болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан байдлаар үнэн, зөв, бүрэн байдлаар цахимаар хүргүүлсэн. Тендерт оролцогч хуульд заасан хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлсэн байхад хуульд заагаагүй үндэслэлээр тендерээс татгалзаж, нэхэмжлэгчийн тендерт шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаад гомдолтой байна.
2.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд тендерийн үнэлгээний хороо болон захиалагчид үнэлгээ гаргахад мэдэгдэж харагдаж байгаа мэдээллийг зөвхөн олон нийтэд ил мэдээлэх, задруулах үндэслэлээр тендерээс татгалзсан нь учир зүйн холбогдолгүй бөгөөд хуулийн дээрх зарчим зорилгод нийцэхгүй тул шүүхэд хандаж байна” гэж,
3. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос:
- “…Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь заалтад тендерт оролцогч нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар тодорхойлсон хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээхээр зохицуулсан. “**” ХХК-ийн дээрх нууцалж ирүүлсэн мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй мэдээлэл байсан тул захиалагч болон Үнэлгээний хороо нь тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тус тус маргасан.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс байгууллагын ажилчидтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг байгаа. Би Монгол Улсын хууль болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн дотоод байдлын тухай хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө тендерээс татгалзах шалтгаан болж байгаад гомдолтой байгаа. Хуулийн тайлбарыг өмгөөлөгч хэлнэ” гэв.
5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бичгээр ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг хуулийн этгээд. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйл дээр “тендер шалгаруулах баримт бичиг”-ийг зохицуулсан. Тус хуулийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж заасан. Үүний нь дагуу “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын тендерийг тус хуульд заасны дагуу тендерийн баримт бичгээр Үнэлгээний хороо боловсруулаад захиалагчаар батлуулаад 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цахимаар нийтэд зарласан. Ингээд энэ тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нээхэд гадаад, дотоодын 9 хуулийн этгээд оролцсон. Үүний нэг нь нэхэмжлэгч “**” компани тендер ирүүлсэн байсан. Тус компанийн тендерийг хуулийн дагуу хянан үзэж үнэлсэн. Гэтэл “**” ХХК нь хүний нөөцийн мэдээлэлтэй холбоотой баримт бичгүүдийг нууцалж ирүүлсэн байсан. Тус нууцалсан баримт бичгийг “**” ХХК нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу илгээх ёстой байсан. Хуулийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ”, 22.6-д “Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ”, 22.6.3-т “энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл” гэж тус тус заасан.
Хүний эмзэг мэдээлэлд ямар ч хамаарах мэдээлэл байхгүй байгаа. Хүний хувийн нууцыг хамгаалах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт “хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” хамааруулна гэж заасан байгаа. Гэтэл “**” ХХК-ийн илгээсэн тендерт тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай инженер, техникийн ажилтнуудынхаа иргэний үнэмлэхийн мэдээлэл мөн ямар мэргэжил эзэмшсэнтэй холбоотой сертификатыг нууцалж ирүүлсэн. Энд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ” гэж заасан.
Хэрвээ бизнесийн нууц алдагдах гээд байх юм бол аль ч тендерт орсон саяын үндэслэлээр тендерээс татгалзана. Хэрвээ “**” ХХК-ийг энэ хуулийн дагуу шалгаруулсан тохиолдолд цаашаа явахгүй. Яагаад явахгүй вэ гэхээр “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарууллаа гээд мэдэгдэл явах юм бол бусад 8 оролцогч тухайн компанид гэрээ байгуулах эрх олгосноос хойш танилцах эрхтэй байдаг. Гэтэл нөгөө компаниуд чинь гомдол гаргахдаа “**” ХХК-ийн илгээсэн тендер хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага шалгуурыг хангаж байна уу гэдгийг хянан үзэх боломжийг хуулиар олгосон. Хэрвээ эдний компанид сая хэлсэн гэрээ байгуулах эрх олголоо гэх юм бол хүний нөөцтэй холбоотой мэдээллийг танилцаж чадахгүй. Тэгэхлээр тэдний Сангийн яаманд гомдол гаргах эрхийг нь боомилчихож байгаа. Хоёрдугаарт энэ тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээж аваад бүх тендерээс татгалзсан. Сангийн яам “**” ХХК-иас гаргасан гомдлыг хүлээж аваад хуульд заасан хугацаанд нь шийдвэрээ гаргасан. Мөн захиалагч хяналтаа хий гэсэн. Үүн дээр нь захиалагч хяналтыг өөрийнхөө дотоод мониторингийнхоо албаар хийлгэсэн. Үнэлгээний хорооны шийдвэр үнэн зөв байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлт гарсных дагуу 2024 оны 12 дугаар сарын 31-нд бүх тендерт оролцогч нарт дахин тендер зарлах тухай мэдэгдлийг, шалгараагүй шалтгааныг нь нэгэн зэрэг мэдэгдсэн байгаа. Тендерийн хуулийн 17 зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу захиалагч тендерийн баримт бичигтээ шаардсан. Зураг дээрээс хүний хувийн мэдээлэл алдагдчихна гээд байх шиг байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хүний нүүр царай, гар хурууны хээ гадагш задруулах байгууллага биш. Тийм тоног төхөөрөмж байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хуульч сая бүх тендерээс татгалзсан тухай үндэслэлийг хэллээ. Нэхэмжлэгч эхний тендер шалгаруулалтыг зөвшөөрөхгүй 12 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны гомдлыг хянан үзээд дахин үнэлгээ хий, буруу байсан гэсэн зүйл албан бичигт байдаггүй. Сангийн яамны албан бичгийн хойд талд нь байгаа нууцалсан файлд хүний эмзэг мэдээлэл гээд нэлээн олон юм байгаа, үүний төгсгөлд “...хянан үзэхэд захиалагчийг буруутгах үндэслэлгүй байна. гэж байдаг. Тэгээд цахимаар шалгах боломжтой эсэхийг нь нягтлан үзээрэй гэсэн байдаг. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.2.1-д тухайн ажилд шаардлагатай инженер техникийн болон мэргэжилтэй ажилтнуудыг тусгасан. Үүн дээр инженер, техникийн ажилчдын мэдээллийг Хур системээр дамжиж үзэх боломжтой байдаг. Иргэний үнэмлэх нь мэдээж шаардлагатай.
Иргэний үнэмлэхнийх нь мэдээллийг нь үндэслээд Хур системд үнэн зөв эсэхийг, мөн Үнэлгээний хороо хянан үздэг. Тухайн компаниуд тендер илгээхдээ тус инженер техникийн мэргэжилтэй ажилтны мэдээллийг өөрсдөө оруулж байгаа. Тендер илгээхийн өмнө өөрсдөө инженер техникийн ажилчдыг оруулсан. Мэргэжилтэй ажилтан гэхээр тухайн ажлыг гүйцэтгэх шаардлагатай мэргэжил ур чадвартай мэргэжилтэй ажилтнууд байх шаардлагатай. Гэтэл эд нар энэ хүмүүсийн мэргэжлийн үнэмлэхүүдийг бүхэлд нь нууцлан ирүүлэхээр болохгүй, хууль зөрчөөд байгаа юм. Яагаад гэхээр өмнө нь энэ тендер цаасаар ирдэг тендер байсан. Монгол улс цахим тендерт шилжсэн хугацаанаас хойш оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс тендерт шалгарсан компанийн тендерийг олон нийтэд ил, жишээлбэл: Үнэлгээний хороо зөвлөмжөө өгөөд захиалагч тэрийг зөвшөөрсөн тохиолдолд бид нар тендерт шалгарсан компанийг нийтэлж байгаа.
Тэгэхээр тухайн тендерт оролцсон компаниуд тэр шалгарсан компанийг Үнэлгээний хороо болон захиалагч үнэн зөв үнэлсэн эсэхийг нь бусад тендерт оролцогч орж үздэг. Тэгэхээр яг шаардлагатай 11 мэргэжилтэй ажилтнууд нь тухайн компанид байдаг юм уу? байхгүй юм уу гэдгийг нь бусад оролцогч нар мэдэх боломжгүй юм. Тэгэхээр энэ тендерээс татгалзсан” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тендер техник тоног төхөөрөмжийн шалгуур шаардлагуудыг бүгдийг нь хангасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерт тавигдах шаардлагуудыг хангасан тендер. Гэтэл хариуцагч энэ шаардлагуудыг бүгдийг нь хангасан гэж дүгнэсэн атлаа тендерийг ирүүлэхдээ холбогдох мэдээллийг нууцалж ирүүлсэн нь буруу байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт, тендерт оролцогчдод хүргэх зааварчилгаа хүснэгт дээр тендерт оролцогчид тавигдах шаардлага гээд хүснэгтүүд, тендерийн баримт бичиг дээр тусдаа нэг хэсэг байгаа. Тендерийг ирүүлэх гээд тэр шаардлагуудыг бүгдийг нь хангасан байгаа. Тендерийг ирүүлэх гэдэг дээрээ гурван гол зүйл заасан. Тендерийг ирүүлэх гэдэг нь тусдаа, ирүүлэхдээ тэдэн сарын тэдний өдөр, тэр хаягт ирүүлнэ, тэдний өдөр нээнэ гээд.
Ирүүлэхдээ Хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалах тухай хуульд заасны дагуу хувь хүний эмзэг мэдээллийг нууцалж ирүүлж байгаа бол түүнийхээ үндэслэлийг нэрлэж заана гэсэн, мөн тийм маягтыг бөглөж ирүүлнэ гэсэн аргачлал, зааврыг тусгасан байдаг. Түүнээс үндсэн шалгуур үзүүлэлт бол биш. Гэтэл зааварчилгаандаа үндсэн шалгуур үзүүлэлт юм шиг авч үзээд шаардлага хангаагүй тендер гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тендерийг ирүүлэхдээ мэдээллийг нууцалсан бол тендерээс татгалзана, мэдээллийг нууцлаагүй бол татгалзахгүй гэдгээ тусгаагүй. Ийм эрх хэмжээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар захиалагчид байхгүй. Хоёрдугаарт тэр шалгуур шаардлагыг мэдээлэл нууцлахтай холбоотой аргачилсан заавар ерөөсөө хавтаслаж ирүүлнэ гэдэгтэй л адилхан утга агуулгатай зүйл байгаа юм. Компанийн тухайд бол тэр зааврынх нь дагуу эмзэг мэдээллийг ил болгохгүйгээр илгээсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэлүүдийг дурдсан байгаа юм. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан үндэслэлүүдийг дурдаж ирүүлсэн. Нэгдүгээрт компанийн мэргэжилтэй ажилтан албан хаагчийн хувьд мэргэжилтэй ажилтны гэрчилгээ, иргэний үнэмлэхүүдийг нь цуг ирүүлж байгаа юм. Мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтнуудын гэрчилгээнүүд дээр тухайн хүний зураг, төрсөн он сар, овог, бүтэн нэр болон холбогдох мэдээллүүд байгаа. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.12-т заасан хувь хүний эмзэг мэдээлэлд хамаарч байгаа.
Хувь хүний эмзэг мэдээлэл гэдэг дотор тус хуулийн 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг”, 4.1.1-т "биометрик мэдээлэл" гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг” тус тус тодорхой заасан. Тэгэхээр тус мэргэжилтэй ажилтнуудын мэргэжлийн гэрчилгээн дээр байгаа гэрэл зураг бол хүний нүүр царайг илтгэнэ. Энэ бол хүний биометр мэдээлэл гэсэн үг. Хүний биометр мэдээлэл нь мөн хуулийн 4.1.12-т заасны дагуу хүний эмзэг мэдээлэл. Тэгэхээр энэ мэдээллүүдийг нууцалж хүргүүлсэн. Нууцалж хүргүүлсэн нь Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцсэн. Энэ хуулийг хэрэгжүүлж мэдээллүүдийг хүргүүлсэн. Мөн компанийн тухайд тухайн мэргэжилтэн ажилтнуудыг ажилд авахдаа байгуулсан Хөдөлмөрийн гэрээн дээр ажил олгогчийн үүрэг нь хувь хүний мэдээллийг нийтэд ил болгохгүй байх үүрэгтэй байхаар заасан. Хөдөлмөрийн гэрээн дээр заасан ажил олгогчийн үүрэг. Тэгэхээр Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиараа энэ мэдээллийг хамгаалах хариуцсан хариуцагч болж байгаа юм.
Ажил олгогч нь мэдээлэл хариуцагч. Мэдээлэл хариуцагч нь мэдээллийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тухайн мэдээллийг нийтэд ил болгох эрхгүй. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээгээрээ бол угаасаа ажилтан, албан хаагчид маань бидний мэдээллийг нийтэд битгий ил болгоорой гэдэг зөвшөөрөхгүй төлөвтэй энэ мэдээллийг ажил олгогчдоо өгч байгаа учраас ажил олгогчийн хувьд энэ мэдээллийг нь хамгаалах үүргээ биелүүлсэн. Нөгөө талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тухайн нууцалж байгаа гэдэг утга нь өөрөө олон нийтэд цахим сүлжээгээр дамжаад хүртэж авч болохгүйтэй холбоотой асуудал. Тендерийн Үнэлгээний хороонд энэ мэдээлэл харагдаж байгаа. Тендерийн үнэлгээний хороо манай энэ мэргэжилтэй ажилтан, албан хаагчид тендерийн шалгуур өгөгдөлд заасан мэргэжлийн ажилтан, албан хаагчдын нөхцөл шаардлагуудыг бүгдийг нь хангаж байна гэдэг талаар дүгнэлтээ хийчихсэн байж байгаа. Энэ мэдээлэлтэй танилцаад хуралдаад дүгнэчихсэн. Одоо харин энийг олон нийтэд ил болгож тавих зорилгоор нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаараа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.10 дахь хэсэгт “Дараах тохиолдолд нээлттэй өгөгдлийг нийтлэхийг хориглоно” гэж заасан. Тухайн өгөгдлөөр дамжуулж Төрийн болон албаны нууц, хувь хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой. Тэгэхээр нээлттэйгээр байрлуулах гээд байгаа тэр мэдээллүүд маань хувь хүнийг бүхэлд нь тодорхойлох боломжтой мэдээлэл. Энд бүүр хувь хүнийг шууд болон шууд бус байдлаар тодорхойлох боломжтой мэдээлэл гэж заасан байгаа. Гэтэл шууд тодорхойлох боломжтой мэдээллүүд иргэний үнэмлэхийн хуулбар зурагтай, регистрийн дугаартай, холбогдох бүх хаяг болон мэдээллүүд нь орсон байгаа. Үндэс угсаа, ургийн овог, гэрэл зураг, иргэний үнэмлэх, дипломын мэдээлэл дээр ч байна. Диплом дээрээ ямар мэргэжилтэй, ямар мэдлэг, ур чадварыг олж авсан гэдэг бүх мэдээллүүд нь байгаа учраас тэр хүнийг шууд тодорхойлох мэдээллүүд юм. Тэгэхээр энэ үндэслэлээр тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нэхэмжлэгч компанийн түншлэлээс гаргасан тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль аль альтай нь нийцэхгүй. Компанийн зүгээс анх гаргасан Захиалагчийн шийдвэртэй холбогдуулж Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яаманд гомдол гаргахдаа яг одоо бидний дурдаад байгаа хуулийн заалтыг хүний нөөцөд санал болгосон 20 хүний холбогдох мэдээлэлд нь иргэний үнэмлэх гэрчилгээг нууцалж ирүүлсэн байна. Энэ нь хууль зүйн үндэслэлд нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18.2.15-д заасан болон тус хуулийн 4.1.12-т заасан эмзэг мэдээлэл гэдгийг нэрлэж дурдаад мөн 4.1.1-д заасан биометр мэдээлэл гэж заасан байна. Тэгэхдээ хууль зүйн үндэслэлийг дурдаагүй гэдэг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна гэдэг утгатай тайлбар хэлсэн байгаа. Энэ хууль зүйн үндэслэл байна, тэгэхдээ гомдолдоо дурдагдаагүй байна гээд нөгөө захиалагч, тендерийн Үнэлгээний хороо, Сангийн яам гомдлын хүрээнд хууль зүйн үндэслэл дурдаагүй байна гэдэг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна гэдэг утгатай дүгнэлт хийсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлж гаргасан Сангийн яамны тендер сонгон шалгаруулах болон түүнд гомдол гаргах журмын 5.9-д заасныг хэрэгжүүл гэж буцаасан. 5.9 дээр захиалагч нь тендерийн Үнэлгээний хорооныхоо гаргасан шийдвэр зөвлөмжийг хуульд нийцсэн эсэхийг захиалагчийнхаа хувьд хянах чиг үүргээ хэрэгжүүл гэж буцаасан. Гэтэл захиалагч энэ чиг үүргээ хэрэгжүүлэх биш дахин үнэлгээ хийгээд өмнөх шийдвэрээ тэр хэвээр нь гаргасан. Ийм зөрчил гаргасан. Процессын хувьд тухайн шийдвэрийг тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 01 тоот хурлын тэмдэглэлээр гаргасан байдаг юм байна. Тэгээд үүнтэй холбогдуулж бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр тодорхойлсон байж байгаа. Яг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл гэдгээр тодорхойлсон байгаа. Түүнд үндэслэж гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТБ-134-12/8481 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрээр “**” ХХК болон “**” компанийн түншлэлээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Тухайн татгалзал үндэслэлгүй гэж үзэх юм бол бүх нөхцөлийг хангасан тендерт оролцогчоор манай түншлэл шалгарна. Бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан учраас тендерийн харьцуулах үнэлгээ хийгдээд үнийн харьцуулалт руу орно. Үнийн харьцуулалтад ороход харьцуулах хамгийн бага үнэтэй тендер учраас бүх нөхцөлийг хангах гэсэн хамгийн бага үнэтэй тендерт оролцогчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хамгийн сайн тендер гэж дүгнэж шалгаруулдаг журамтай. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд хамгийн сайн шалгарсан тендерт оролцогч мөн. Үүнийг шүүх энэ байдлаар нь тогтоож, “**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна, хангаж өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
1.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”,
1.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/8481 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”,
1.3. “**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах“,
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр/ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанд тус шаардлагуудаа тодруулж, дэмжин оролцов.
Хоёр. Шүүх дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Маргаан бүхий захиргааны актуудын он, сар, өдөр /огноогоор/-ийн дарааллын дагуу дүгнэлт өгөх нь хэргийн үйл баримт, үргэлжлэн гарч буй захиргааны актуудын уялдаа холбоог дүгнэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Гурав. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
3.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил Багц №1 “220/110/35 кВ-ын 2x200 МВА чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тус тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдсан 01 дугаартай шийдвэрээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар бүх тендерээс татгалзаж, шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судлаж, дахин тендер зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 49-58 дугаар тал/
3.2. Дээрх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдсан 01 дугаартай шийдвэр /зөвлөмж/-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай албан бичгээр “**” ХХК-д мэдэгджээ. /ХХ-ийн 17 дугаар тал/
3.3. Нэхэмжлэгч тал маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай албан бичгийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/10301 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгсөн, тус Сангийн яамны 03/10301 дугаартай албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан ба маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай албан бичгийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна. /ХХ-ийн 72-79 дүгээр тал/
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
3.5.Түүнчлэн, маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай шийдвэр нь тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдсан 01 дугаартай шийдвэрийг “**” ХХК-д мэдэгдсэн албан бичиг бөгөөд тухайн захиргааны актыг дангаар нь хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй гэж дүгнэв.
3.6. Иймд нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дөрөв. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай “Оюут” дэд станцыг барих ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч тал маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7532 дугаартай албан бичгийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/10301 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариуг өгсөн, тус Сангийн яамны 03/10301 дугаартай албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрээр “**” ХХК-ийн тендерийг “төсөлд шаардлагатай инженер техникийн ажилтнуудын иргэний үнэмлэх, зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээг бүхэлд нь нууцалж ирүүлсэн” гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх зааснаар /бүх тендерээс/ татгалзсан байна. /ХХ-ийн 21-22, 25-98 дугаар тал/
4.2. Хэрэгт авагдсан Захиалагчийн болон “**” ХХК-ийн тендерийн баримт бичгүүд, хэрэгт авагдсан “**” ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээний 2.6 /Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-д заасны дагуу хувийн мэдээлэл болон хувийн эмзэг мэдээллийг нууцлах бөгөөд нийтэд нийтлэхгүй, задруулахгүй байхыг ажил олгогчоос шаардах эрхтэй/, хэргийн оролцогчдын тайлбараас тус тус /ХХ-ийн 25-98 дугаар тал/ үзвэл нэхэмжлэгч нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална”, 5.1.1 “хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх”, 5.1.2 “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 5.1.4 “мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” тус тус заасан шаардлагыг хангаж, маргаан бүхий тендерт шаардлагатай инженер техникийн ажилтнуудын иргэний үнэмлэх, зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээг тус тус нууцалж хүргүүлжээ.
4.3. Түүнчлэн, “**” ХХК нь тендерийн баримт бичигтээ Маягт 7, Маягт 2-ыг хөтөлж бүртгэн захиалагчид хүргүүлсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 /Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ/ дахь шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. /ХХ-ийн 99-103 дугаар тал/
4.4. Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-т:
“... иргэний хувийн... халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль /2021.12.17-ны өдрийн/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус хуульчилсан.
4.5. Нэхэмжлэгч “**” ХХК нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т /Мэдээлэл хариуцагч генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана/ зааснаар ажил олгогчийнхоо хувьд мэдээлэл хариуцагч болох бөгөөд маргаан бүхий тендерт шаардлагатай инженер, техникийн ажилчдын биометрик /иргэний үнэмлэх, зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэй ажилтнуудын гэрчилгээ/ мэдээллийг ашиглахдаа тэдгээрийн аюулгүй байдлыг хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг бүрэн гүйцэт, нууцалж хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
4.6. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “биометрик мэдээлэл" гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг”, 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг”, Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хамгаалах тухай хуулийн 12.1-т “Дараах тохиолдолд нээлттэй өгөгдлийг нийтлэхийг хориглоно”, 12.10.1-т “тухайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан төрийн болон албаны нууц, хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бол”, 12.10.4-т “хуульд заасан бусад” тус тус тодорхойлсон ба “**” ХХК-ийн инженер, техникийн мэргэжилтэй ажилтнуудын иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээн дээрх өгөгдөлүүд нь хүний эмзэг мэдээлэлд хамаарч байна.
4.7. Иймд нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, тус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тав. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1. Нэгэнт нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэр хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5.2. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.
5.3. Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр буюу үнэлгээний дүгнэлтийг захиалагчид өгөх бөгөөд захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, дээрх мэдэгдлүүдийг тендерт оролцогч нарт хүргүүлж байгаа шат дараалсан ажиллагааг бүхэлд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж үзэх тул эдгээр шийдвэрүүд нь захиргааны актад хамаарч байна.
5.4. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-12-4-12/7532 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардаж буйгаа зөвтгөж тодруулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Зургаа. Нэхэмжлэгчийн “**” ХХК болон” **” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах” шаардлагын тухайд:
6.1. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “**” ХХК-ийн /** ХХК-ийн түншлэлтэй/ санал болгосон үнэ 83,874,351,093.0 төгрөг бөгөөд тухайн тендерт оролцогчдоос үнийн саналаар эхний 2 дугаарт эрэмбэлэгдсэн, хамгийн бага үнийн саналтай “**” ХХК-ийг цахим тендерийн баталгаа ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерийн Үнэлгээний хороо татгалзаж шийдвэрлэсэн байна. /1 дэх ХХ-ийн 230-239 дүгээр тал/
6.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан.
6.3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерт шалгарч, Захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичигт нийцсэн ажил, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхолтой.
6.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 “тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18 “техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 12 дугаар зүйлийн 12.1 “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 12.2 “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно”, 26 дугаар зүйлийн 26.4.2 “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4 “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж тус тус заасан.
6.5. Дээрх байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн ТБ-134-12/8481 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүд нь хууль бус болох нь тогтоогдсон, “**” ХХК-ийн тендер нь тендерийн тодорхойлолтод нийцсэн, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “**” ХХК болон” **” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023.06.16-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, 12 дугаар зүйлийн 12.10.1, 12.10.4, Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10.1, 12.10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/8481 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “**” ХХК болон “**” ХХК-ийн түншлэлтэй тендерийг хамгийн сайнд үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7532 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ