Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/705

 

 

 

 

   2023            7              06                                          2023/ДШМ/705

 

 

Б.А, Д.Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Д.Ж,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 2023/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэбатын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 2208030480243 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн Д.Ж, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ... , бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч, ам бүл ..., ... хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух,

-урьд Нийслэлийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 22-ны өдийн 86 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдсэн, 1996 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүх магадлангаар тэнсэж суллагдсан /РД:.../,

2. ... овгийн Б.А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, геодезийн инженер ажилтай, ам бүл ..., ... хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../.

Шүүгдэгч Д.Ж нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.А-тай маргалдаж, “Хуавэй нова 9” маркийн гар утасны арын шил, урд шил хагарч, их бие корпусыг цохиж унагаан, хууль бусаар гэмтээж, 1,020,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Жтай маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-г цагаатгаж, шүүгдэгч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А, Д.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбат би, эрүүгийн 2208030480243 дугаартай Д.Ж, Б.А нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 4 дугаар сарын 02-ны өдөр хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан, шүүгдэгч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хяналаа.

Шүүх шүүгдэгч Б.А-гийн үйлдэлд хохирогчийн зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулсан гэх үйлдлийг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд шалтгаан, нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэжээ. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж хуульчилсан.

Прокуророос яллагдагчийг хохирогчийн биед халдсан гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх уг дүгнэлтээс хальж, шүүгдэгч Б.А-г хохирогчийн зүүн шилбэнд болон биеийнх нь өөр бусад хэсэгт гэмтэл учруулсан гэж хэтрүүлэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг хязгаарласан зөрчил болно.

Хэдийгээр шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримттай маргаагүй боловч шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх учиртай.

Шүүхийн хуралдаанаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хохирогчийн зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтлийг хэн, хэзээ учруулсан болох нь тогтоогдоогүйн зэрэгцээ, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолтой 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, илтэд үндэслэлгүй зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул эс зөвшөөрч байна. Эсэргүүцлийн үндэслэл нь:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ж мэдүүлэхдээ... нэг эмэгтэй, цагаан өнгийн Акуа машин дотор байхаар нь би очтол хаалга онгойлгоод гараад ирсэн, тэгэхээр нь би шатсан гахайн байрлуу явах уу? гэсэн чинь тэр эмэгтэй мөнгө чинь байгаа юм уу гэж хэлсэн тэгэхээр нь би "гэрийнхээ гадаа ирээд эхнэр хүүхдээсээ аваад өгье" гэсэн чинь "За муу архичингууд минь битгий тэнэгтээд бай" гээд гар утсаа бичлэг хийсэн. Тэгээд би утсыг нь цохиход утас нь суудал дээрээ унаж байгаа харагдсан. Тэгсэн тэр эмэгтэй уурлаад миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь за больё гэж бодоод гэрлүүгээ алхсан ба тэр эмэгтэй хойноос дагаад бичлэг хийгээд хэрүүл хийгээд яваад байсан. ...Дараа нь би дээшээ гэрлүүгээ гүйж байгаад манай урд гудамжинд байдаг ацтай шонгийн модны голд би өвсөн дотор хэвтээд нуугдсан чинь тэр эмэгтэй намайг олоод "босооч архичин минь чамайг харахгүй хэн байгаа юм бэ" гээд миний зүүн талын бөөр, зүүн талын өвдөг хэсэгрүү 2-3 удаа өшиглөж байхад доор жалга дагасан зам дээр хэсэг хүмүүс дуугарсан чинь тэр эмэгтэй тэр хүмүүс рүү "Та нар энэ архичинг таних уу? гээд алхаад надаас холдохоор би гэрлүүгээ гүйгээд орсон...” гэх. /хх-ийн 11-р хуудсанд/,

2. Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 12770 дугаартай дүгнэлт: 1 .Д.Ж-ы биед зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй /хх- ийн 30-31-р хуудсанд/,

3. Гэрч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна. Би гудманд самар зарж байсан юм, тэгсэн чинь автобусны буудлын таксины зогсоол дээр зүс таних тэр хавиар таксинд явдаг А гэх эмэгтэй машинтайгаа зогсож байсан ба нэг согтуу бүдүүн залуу эрэгтэй тэр машиных нь хаалгыг онгойлгож юм ярьж байх шиг байсан тэгсэн тэр эрэгтэй гараараа таксины эмэгтэйг цохиод байх шиг харагдсан ба үүний дараа тэр таксинаас тэр эмэгтэй буугаад тэр бүдүүн эрэгтэйн гуя хавьцаа өшиглөж байх шиг харагдсан. Дараа нь дахиад нэг өшиглөхөд оноогүй. Үүнээс цааш би ажлаасаа буух гэж байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд зэргээр /хх-ийн 20-р хуудсанд/, нотлогдсон байхад:

Шинжээчийн дүгнэлтэд Д.Ж-ы биед зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасаар байхад зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах эсэх талаар баримт байхгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хохирогчид 2 буюу түүнээс дээш этгээд биед нь халдаж гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоог тогтоох зорилгоор учруулсан гэмтлүүдийг зааглах үндэслэл байж болох талтай боловч хохирогчид учруулсан гэмтлийг Б.А дангаараа учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул гэмтлийг зааглах шаардлага үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж хуульчилсан байна. Прокуророос яллагдагчийг хохирогчийн биед халдсан гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх уг дүгнэлтээс хальж, шүүгдэгч Б.А-г хохирогчийн зүүн шилбэнд болон биеийнх нь өөр бусад хэсэгт гэмтэл учруулсан гэж хэтрүүлэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг хязгаарласан зөрчил болно гэсэн ойлгомжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.А нь ямар гэмт хэрэгт холбогдсоноо мэдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримттай маргаагүй ба шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авч өөрийн эрхийг хамгаалуулсан нь шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангагдсан, хүний эрхийг хязгаарласан зөрчил гаргасан тохиолдол үгүйсгэгдэж байна.

Б.А-г цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал" гэснийг, шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж биед нь халдсан байхад халдаагүй гэж дүгнэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэснийг хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан "Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Д.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Б.А-г цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие машинаа засуулсан хүнээ Тахилтын эцсийн автобусанд суулгаж өгчхөөд гэр лүүгээ явсан. Гэр лүү явах зам өгсүүр болохоор такси барихаар шийдээд такси дээр очтол тэр хүүхэн байсан. “Таксинд явах уу” гэж асуухад “явна” гэсэн. Хуучин гахайн байр гээд суух гэтэл “мөнгө чинь байгаа юм уу” гэж асуусан “очоод эхнэр, хүүхдээс ороод аваад өгнө” гэтэл “тэнэгт архичин минь, яасан бэ” гээд хэрүүл болсон. Утсаараа бичлэг хийгээд “цагдаад өгнө” гэхээр нь “яасан гэж тэгэх юм бэ” гээд утсыг нь түлхсэн жолоочийн сандал дээр унасан. Утсаа гартаа барилгүй гарч ирж миний зүүн өвдөг рүү 3 удаа өшиглөж, орилж эхэлсэн. Би гэр лүүгээ зугтсан. Би ахин энэ хүнд ойртоогүй. Цааш зугтаад жалганд орж зогссон араас орж ирээд зүүн шилбэнд 1 удаа, бөгс рүү өшиглөсөн. Би жалганаас гараад гэрлүүгээ зугтсан Б.А миний араас утсаараа яриад дагаад байхаар нь ацтай шонгийн модны доор өвсөн дотор орж хэвтсэн. Намайг олж ирээд “архичин минь, чамайг хараагүй гэж бодоо юу” гээд зүүн хөл, өвдөг, гэдэс рүү хэд хэд өшиглөсөн. Б.А намайг зодож гэмтэл учруулсан. Шүүх эмнэлгийн магадлагаа байсаар байтал түүнийг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Ж, Б.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал,

Прокуророос Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.Агийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт Д.Ж-ы “... Тэгсэн тэр эмэгтэй уурлаад миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн ...Дараа нь би дээшээ гэрлүүгээ гүйж байгаад манай урд гудамжинд байдаг ацтай шонгийн модны голд би өвсөн дотор хэвтээд нуугдсан чинь тэр эмэгтэй намайг олоод "босооч архичин минь чамайг харахгүй хэн байгаа юм бэ" гээд миний зүүн талын бөөр, зүүн талын өвдөг хэсэгрүү 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн /хх 11/, гэрч Б.Э-ийн “...үүний дараа тэр таксинаас тэр эмэгтэй буугаад тэр бүдүүн эрэгтэйн гуя хавьцаа өшиглөж байх шиг харагдсан. Дараа нь дахиад нэг өшиглөхөд оноогүй...” гэсэн /хх 20/, Б.А-гийн “...би бууж ирээд баруун хөлөөрөө 1 удаа зүүн гуя хэсэг рүү нь өшиглөхөд тэр хүн гараа далайхаар нь би дахиад хөл хэсэг рүү нь өшиглөх гэхэд миний хөл хүрэлгүй өмд хэсгийг шүргээд, өмд нь шувтарсан...” гэсэн /хх 17-18/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12770 дугаартай “1 .Д.Ж-ы биед зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй” /хх 30-31/ гэсэн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан бөгөөд Б.А нь анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн байна.

 Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир шүүх прокурорын дүгнэлтээс хальж, шүүгдэгч Б.А-г хохирогчийн зүүн шилбэнд болон биеийнх нь өөр бусад хэсэгт гэмтэл учруулсан гэж хэтрүүлэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг хязгаарласан зөрчил болно гэж дүгнэн түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурор Т.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор П.Эрдэнэбатын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 2023/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ